Хэвлэлийн эрх чөлөөний хууль БЭРХ чөлөөнийх болох нь уу даа-2
Сүүлийн үед УИХ-аар хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль хэлэлцэж байгаа нь мэдээллийн хэрэгсэлүүдийн анхаарлыг татаж байгаа. Одоо манай шинэ парламент, төрөөс хэвлэлийн асуудлыг улам сайхан, ардчилсан болгох гэж санаа тавьж байгаа нь талархууштай. Харин сайжруулах гэж байгаад улам дордуулчих вий гэсэн санаа зоволт бий болоод байна.
Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг сонирхоход тухайн салбарын дотоод асуудал руу арай хэтэрхий орсон, бусад хуультайгаа зөрчигдөж ч мэдэхээр сонин заалтуудыг шургуулж мэдэхээр болоод явчихлаа. Дахин хэлэхэд хууль хэлэлцэж байгаа байдлыг харахул бидэнд эрх чөлөө олгох биш бидэнд бэрх чөлөө бий болгох атгаг санаа агуулаад байгаа юм биш үү гэсэн хар төрөөд байгааг нуух юун.
Тийм учраас орчин цагийн хэвлэл мэдээллийн салбарт сайн муу нэрээ дуудуулж яваа сэтгүүлчийнхээ хувьд аль болох бодит үнэнийг хэлье гэж хичээлээ.
Сэтгүүлч сурвалжлагч нар ардаа аймшигт эзэнтэй, тэрнээсээ айгаад үг хэлэх эрх чөлөөгүй явцгаадаг нь үнэн үү? Ингэхэд сэтгүүлч нийгэмд одоо юу хэлэх дутаав гэдэг сонирхолтой асуулт урган гарч байна. Сэтгүүлч ч бай хэн ч тэр угаасаа хууль ёсны бус юм ярьж сурталчлах хориотой. Архи тамхинаас өгсүүлээд фашист, коммунист үзэл санаануудыг өөгшүүлэх, төр, ард түмний эсрэг дураараа үл бурах тухай эрүү иргэний хуулиар хориглосон өчнөөн олон "болохгүй"-нүүд бий. Цаана нь үлдэж байгаа юм гэвэл "Эрх баригчдыг зоригтой шүүмжилж болохгүй" тухай ерөнхий яриа явдаг. Гэтэл өнгөрсөн хорин хэдэн жилийн турш эрх баригчид шүүмжлэлд өртөөгүй сонин хэвлэлээр цоллуулаагүй нэг ч өдөр байгаагүй. Үзэл санааны хувьд Ардчилсан нийгэм, Ардчилсан нам, Ардын нам, улс төр нийгэм зөв буруу тухай хэн дуртай нь яриад л байгаа харагддаг. Одоо бүр дээр нь нэмээд дургүй хүргэсэн хүнээ сэтгүүлч мэргэжилтэн гүтгэж доромжилж болох эрх нэхэж байна. Одоо чинь шууд сэлэм бариад нулилцахаа больж зөвхөн үг хэлээр асуудал шийдэгддэг болсон цаг. Бусдыг зөвхөн үгээр үхүүлж сэхээж болно. Ийм орчинд гүтгэх, доромжлох дархан эрх нь аймшигтай том хутга түрийлж яваагаас өөрцгүй юм. Сурвалжлагч нь Монгол болон бусад хэлний тусгайлан бэлтгэгдсэн дээд мэргэжилтнүүд гэж боддог. Энэ ур чадвараа дээр нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа давуу талтайгаа хослуулаад тэгээд гүтгээд унавал дийлдэшгүй босоо ороолон гараад ирэх юм биш үү. Үүнийг нь хуулиар хамгаалаад өгнө гэж байгаа. Уг нь сайхан л байна. Хэлсэн бичсэнийхээ төлөө мөн ч олон удаа шүүхийн хаалга татаж байлаа. Харамсалтай нь энэ сайхан боломж, эрх чөлөөг хаана эдлэх вэ? Юун түрүүн хэвлэл мэдээллийн хувийн эздийнхээ эсрэг ноц гэж хуулинд тусгах гээд байна. Тэгээд өмчийг нь хураан авч хорин хувиас үл хэтрүүлэн "амьтан" болгож, сурвалжлагчийнхаа өмнөөс ялыг нь даадаг, хэдэн зуун саяар торгуулдаг, харин сэтгүүлч өөрийнхөө дуртай юмыг дураараа бичих бөгөөд тэрнийхээ төлөө ямар ч ял шийтгэл авдаггүй байх тухай тийм нарийвчилсан заалтуудыг төр засгаас хуульчилж өгөх юм байна. Ганц эзэнтэй олон ажилтны дунд энэ асуудлаар "шударга" санал асуулга явуулаад 99,9 хувиар шийдчих юм байна л даа. Яваандаа сэтгүүлзүйд хувийн хэвшил гээч нь устаж "Зөвлөлт засаг" тогтох нөхцөл бүрдлээ. Дээрээ хаангүй Зөвлөлт засгуудын түүхийг дахиж унших хэрэг хэрэг гарах нь дээ. Д.Нацагдоржийн "Од" шүлгэнд бичсэнчлэн "Бид эхлээд өөрсөд дээрээ нийгэм журмыг байгуулчихаад дараа нь бусад хувийн хэвшлийнхнийг ийм зам руу оруулъя. Өнгөт Од оо..." Манай хувийн хэвшлийнхэн, хамгийн бага гарын үйлдвэр болох талхны цехийнхэнд дуулгахад энэ нь наргиан биш бөгөөд яг ийм хууль гаргах гэж байгаа юм. Уг нь компанийн тухай энэ тэр гэсэн хууль байдаг л байх. Тэрийг ч гэсэн хувийн мэдээллийн хэрэгслийн эзэдтэй адилтган өөрчлөн найруулах хөдөлгөөн ар араасаа босч ирж таараа. Энэ нь шинэчлэлийн Засгийн газар, Ардчилсан хүчний нэр хүндэд хэр зэрэг эерэгээр тусахыг хэлж мэдэхгүй. Ард түмэн ийм тогтолцоонд шилжих гэж ардчиллын төлөө саналаа өгсөн юм уу.
Мөн түүнчлэн сэтгүүлчид эзэнтэйгээ тэрсэлдээд сүйд болдог гэж би сайн мэдэхгүй байна. Тэгээд ч тэрсэлдээд байх хэрэг байгаа юм уу. Заавал өөрийнхөө дургүй Энхбаярын телевиз дээр гүйж очин ажилд ороод, улмаар Энхбаярыг нь шүүмжлэх билээ гэж авирладаг нь ямар ёс байна аа. Цаана чинь Энхбаярт дургүй зөндөө олон мэдээллийн хэрэгсэл байхад шүү. Ардчилсан намд дургүй бол "Үнэн", Ардын нам нь онцгүй гэвэл "Ардчилал" гээд ямар л үзэл бодол сонирхож байна тэр бүгд бий. Нам улс төрөөс хол явъя гэвэл "Таван цагираг", "Эрүүл мэнд" гээд өчнөөн сонин сэтгүүл вэбсайт, телевиз байна. Амьдрал дээр эзэн, редакц, ажилтан цөмөөрөө ойролцоо үзэл бодолтнуудын олонлог байдаг. Түүнд хааяа нэг ижил буруу бяруу орж ирж л байх. Тэр нь эзэнд хүрч дуулдахаас өмнө гараад явчихдаг.
Хөдөө гадаадад хэд хоногоор томилолт авсан сэтгүүлч авч явсан даргатайгаа ахаа эгчээ болоод ирдэг тал бий. Тэгээд "Би таны тухай уг нь сайхан бичмээр л . Даанч дүүд нь ямар эрх байх биш дээ..." гэсэн хөнгөн санаа алдалтаас энэ хууль төрж байгаа нь нууц биш. Үг хэлэх эрх чөлөө гэдэг нь байн байн төрийн эргэлт гараад байдаг, иргэний дайны байдалтай улс орнуудын төр нийгмийн зүтгэлтнүүдийн хэлдэг үг байх. Харин манай орны хувьд жирийн сэтгүүлч юунд хэрэг болох талаар бодоод олохгүй юм. Таньдаг хүнээ магтах, дургүй хүмүүнээ заналхийлэх зорилгоор эрх чөлөөгөө эдэлж ганц нэг бичиж гэе. Гэтэл монголчууд цөөхүүлээ, айхтар мэдрэмжтэй, хов сайн сонсдог болохоор дорхноо л "Нөгөө муу сэтгүүлч чинь тэрэнд худалдагдчихсан байна" гэж ил далд шуугиад хамаг карьерийг минь нураачихдаг. Яг одоогийн байдлаар уншигчид үзэгчид сэтгүүлч болгоноос үзэл санаа, хаашаа явах зам заагаад аль гэж нэхээд байгаа нь юу л бол. Гол нь хүмүүст өнөө маргааш хэрэг болох чухал мэдээлэл, тэгээд сонин гоё юм уншиж харж чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дөхөж суудаг юм. Мэдээллийн хэрэгслүүд зөвхөн үүнд хамаг талбайгаа зориулдаг. Гэтэл тэнд ямар элэнцэгийнх нь хэвлэлийн эзний цензур байх вэ дээ. Сайхан юм олоод биччихсэн бол баяр хүргээд, дэмий донгосоод байвал хөөгөөд явуулчихдаг биз дээ.
Тэгэхээр энэ мундаг хуулиа жаахан хүлээж сайн бодоцгоовол яасан юм бэ? Яагаад заавал сэтгүүлч хүн хүн доромжлох гүтгэх эрхтэй гэж үзээд тэр заалтыг нь хуулиас авч хаях гэж зүтгээд байна аа эрх баригчидаа. Үүнийг авч хаясныхаа хүчинд редакцид эзэн орж болохгүй, эзний хувь редакцид хориос дээгүүр байж болохгүй гэх зэрэг хараа үзээ чинь энэ хэдэн сэтгүүл зүйгээр амьдарч яваа бизнесменүүд, түүний бизнесийг нурааж эхэллээ. Хувийн хэвлэл мэдээлэл устгачихаар ардчилал устаж эхэлж байгаа хэрэг юм. Ардчилсан нэртэй төрийн өнгөн дээр ардчилсан хэвлэл устаж байна гэж бодохоос гуниг төрөх юм даа. Нөгөө бидний ишлэл авах дуртай Жорж Орвелийн "Гахайн ферм" үгүүллэгээс ялгаа байгаа юм уу. Түүн дээр "Бүх амьтан тэгш эрхтэй, Гахай бүүр илүү тэгш эрхтэй" хэмээн гардаг. Түүн шиг сэтгүүлч хүнийг доромжилж болдог бусад хүмүүс бие биенээ доромжилж болдоггүй гэх гэсэн үзэл санаа та бүхний хуулиас үнэртээд байх юм. Бидэнд хүн гүтгэх доромжлох эрх байхгүй шүү дээ. Хэрвээ энэ заалтын ялыг хөнгөрүүлэх гэж байгаа бол сайн байна, түүнийгээ эрүүгийн хуулиар л зохицуулаач. Харин редакцын тухай бол тэртэй тэрэнгүй компанийн тухай хуулиар л зохицуулагдах биш үү. Ингээд эцэст нь эрх баригчид та бүхнээс нэг юм тодруулмаар санагдах юм. Та бүхэн төр барьж байгаагаа алдаа гэж үзэж байна уу, зүй ёсоор бид л төрд гарах ёстой байсан гэж үзэж байна уу. Хэрвээ алдаа гэж үзэж байгаа бол энэ бидний буруу, яагаад гэвэл хэвлэл мэдээлэл л та бүхнийг төрд гаргаж ирсэн. Хэрвээ зүй ёсны ардчиллын дагуу бид сонгогдон төрд гарч ирсэн гэж үзэж байгаа бол энэ бидний гавьяа, яагаад гэвэл хэвлэл мэдээлэл л та бүхнийг тал талаас нь ард түмэнд таниулж өгсөн. Тэгэхлээр эрх баригч та бүхэнд энэ хэвлэл мэдээлэл хэрээс хэтэрч улс төржиж улс эх орныхоо эрх ашгийн эсрэг явлаа гэх зэрэг явдал байхгүй л баймаар санагдах юм. Эрх баригчдаа, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажил амьдралд саад тотгор болж ардчилсан хэвлэлийн хөгжлөөс хойш чангаахаар заналхийлж байгаа энэ хуулиа түр хойш нь тавьж эргэж нэг сайн бодож болгооно уу. Бидэнд чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг Улсын баатар Э.Бат-Үүлийн "хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль" л байхад хангалттай гэдгийг амьдрал баталсаар ирлээ. Үүнийг та бүхэндээ хичээнгүйлэн хүргэе гэсэн юм.
Зочин