Үлгэр яриад өгөөч
Эртээ урьдын цагт нэг эмгэн, өвгөн хоёр байжээ. Үлгэр мэдээж ингэж эхлэх учиртай. Амьдрал эндээс эхэлж энд л төгсөх учир зовлонгоор дүүрэн. Өвгөн нь эмгэнээ «Чи хүүхэд гаргасангүй» гэж байнга зодож занчдаг байжээ. Өөрөө үүргээ хэр биелүүлдэг байсан тухай үлгэрт ганц ч өгүүлбэр алга. Өтөлтлөө өвлийн шөнийн уртад юу эсийг хийгээ аж.
Эртээ урьдын цагт нэг эмгэн, өвгөн хоёр байжээ. Үлгэр мэдээж ингэж эхлэх учиртай. Амьдрал эндээс эхэлж энд л төгсөх учир зовлонгоор дүүрэн. Өвгөн нь эмгэнээ «Чи хүүхэд гаргасангүй» гэж байнга зодож занчдаг байжээ. Өөрөө үүргээ хэр биелүүлдэг байсан тухай үлгэрт ганц ч өгүүлбэр алга. Өтөлтлөө өвлийн шөнийн уртад юу эсийг хийгээ аж. Нэгэн өдөр өвгөнийг адуундаа яваад ирэхэд нэг хулганыг нэхийд боож орон дээр нь тавиад байжээ. Аливаа проблем нь ямар нэг шийдлийг шаарддаг ба тэр нь санаанд багтамгүй байх нь элбэг. «Энэ юу вэ?» гэж өвгөнийг асуухад эмгэн «Өнөөдөр надаас хүүхэд гарав» гэхэд өвгөн «Сайн байна» гээд эмгэнийхээ үрчгэр магнайг үнэрлэв. Сайхан харьцаа гэр бүлийн аз жаргалын үүд билээ. Тэгээд хүүгээ авч үзэж байснаа «Чи юунд үстэй хүүхэд гаргав» гэж асуухад эмгэн «Адуу манахад дах нь бэлхэн» гэлээ. Болж байна. «Чи юунд сүүлтэй хүүхэд гаргасан бэ?» удаах асуулт. Эмгэн «Адуундаа явахад уурга нь бэлэн» гэв. «Юунд сахалтай хүүхэд гаргасан бэ?» гэж өвгөнийг сониучирхахад «Мээрэн суухад сахал нь бэлэн» гэж авав. Юун ч бэлэн цэцэн хаиулт билээ цэцэн хариулт билээ дээ. «Юунд шүдтэй хүүхэд гаргасан вэ?” сүүлчийн асуулт. «Бөөр идэхэд шүд нь бэлэн байгаа юм». Аль ч талаараа амьдралд нийцтэй ёстой л бэлэн бор ажээ.
Өвгөний үрчгэр магнай пластик хагалгаанд орчихсон юм шиг толийв. Баярлажээ гэсэн үг. Хүүгээ угаахаар гол руу авч явлаа. Даанч удалгүй өвгөн нь «Хүүгээ усанд алдчихлаа» гэсээр уйлан хайлан орж ирэх нь тэр. Ээ, яалаа. Ийм ч юм болох гэж. Өвөртлөөд унтах нь байтугай өлгийг нь задлав уу, үгүй юу, хүсэн хүлээсэн хүүгээсээ хагацав. «За, одоо би яахав дээ, хүүхэд төрүүлэх нь төрүүлсэн. Чи хүн хийж чадаагүй хойно хохь чинь дээ» гэж эмгэн бах таваа хангаад «Одоо намайг зодох явдалгүй» хэмээн жендерийн асуудлаа шийдлээ. Өвгөнд хэлэх үг олдсонгүй. Хаанаас хайж явах вэ, сөхөө ч алга. Нулимсаа урсгаж, нусаа л татахаас. За ер нь бол үлгэр дуусчихлаа. Үлдсэн ганц өгүүлбэрийг нь та мэдэх хойно доо.
Харин юу ойлгов? Үлгэр сонсоод үлийсэн сохор хэвээр үлдэх үү... Тайлбар. Хамгийн гол нь тухайн субъектийн хэрэгцээнд тохируулах явдал. Тэгж гэмээ нь хулгана хүүхэд болох боломжтой юм. Өвгөний ганц хүүхэд хүйсийн хувьд хүү нь зүй ёсны юм. Эр хүн болсон хойно адуу манах бол үндсэн ажил нь. Уурга шилбүүрийн хувьд яриад ч яахав. Мээрэн болно. Ямар тэнэг нь ганц хүүгээ өөр шигээ насаараа уурга чирээсэй гэж хүсэх билээ. Гэхдээ даврахгүй, хэрээ мэдэхтэйгээ. Тэр зэрэгтэй явахад болноо хүү минь. Өөхөнд боолттой хөөрхөн бөөрийг газар дээрх ганц хүүгээс нь өөр хэн идэх юм. Тэгээд ч хүүхдэд таарсан хоол. Харин еөхий нь аавдаа... Эмгэний тайлбарууд маш оновчтой байлаа. Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй. Ардынхаа мэргэн ухаанд сөгдмүү. Энэ чавганц дээгүүрхэн жаалбал сэтэртэн, энүүхэндээ бол ухаантан. Харин мань өвгөн хэзээ ч өөрийнхөөрөө юм ойлгож чаддаггүй хүн. Ер нь байдаг л хүмүүний нэг. Зөөлхөн хэлэхэд сэтгэж бодохоос төвөгшөөдөг залхуу. Ийм хүмүүст зориулж сэтгэх эрх чөлөөний судрыг харь хэлээр хашгичан уншдаг юм. Өвгөний өрөөсөн дугуйнуудад бусдын тайлбар данга. Хулганаа усанд алдталаа нэлээн үзнээ. Иүсүс муу, яагаад гэвэл гадаадын бурхан. Үнэндээ бол өөрөө энэ соёлын боол. Будда сайн, эцэг өвгөдийн маань шүтээн. Эгээтэй л өвөөгийн гүнгэрваа байгаа болохоор илүү дутуу зардал гарахгүй гэж хэлчих шахна. Гэнэн болоод тэнэг. Исүс ийм хүмүүсийг хоньтой зүйрлэсэн нь их юм. Миний дүү багадаа звэргүй ямааг хонь гэж зүтгээд байж билээ. Майлдаг, эвэргүй, бага малыг хонь гээд ойлгуулчихсан хэрэг. Өмхий билээ гээд хэн ч хошногоо тайрч хаядаггүй. Зарим нэгнийг дууриаж энхрийлэн угаадаггүй юмаа гэхэд ядаж ялаа шавуулаад байхгүй юмсан. Үүр хаяарах хаа ч билээ, үлгэр хэлэлцье. Энгийн болоод хялбар байвал их л дурлана даа. Мэддэг нь ярин баясаж мэддэггүй нь сонсон гэгээрэг. Үлгэр яриад өгөөч. Эртээ урьдын цаг нэг эмгэн өвгөн хоёр байжээ...