Хонь шиг өрлүүлэхээ больцгооё
Өрлүүлж байгаа хонь “Эзэн минь надад тэнгэр харуулж байна” гэж боддог учраас эсэргүүцэлгүйгээр амь тавьдаг юм гэсэн.
Өрлүүлж байгаа хонь “Эзэн минь надад тэнгэр харуулж байна” гэж боддог учраас эсэргүүцэлгүйгээр амь тавьдаг юм гэсэн. Хонь үнэхээр ингэж боддог эсэхийг хэн мэд лээ. Ямар ч байсан ямаанаас долоон дор “тэнэг” мал юмдаг. Харин хүн хониноос дор байхын тухайд юу гэхийг ёстой мэдэхгүй юм. Байсхийгээд л бидний өрцөн дээр хутга тулгачих юм даа. Хэн гээч. Хэн дуртай нэг нь.
“Энэ төрд эзэн байна уу” гэж мэргэжил нэгт нэг анд маань аргаа барсан байртай асуусан байх юм. Үнэхээр монголчууд бид эзэнгүй хонин сүрэг шиг ингээд яваад л байх уу? Бид дэндүү номхон, нунж дорой байгаагаасаа болоод төрөөр айл гэр болж тоглосон дурын нэгэнд л дарлуулж, даапаалуулаад л.., ядаж өөрсдийнхөө эрх ашгаа хамгаалахын тухайд ч бодохоо байж өдөр хоногийг аргацаажамьдрах боллоо шүү дээ. Яг хонин сүрэг шиг. Удаа дараагийн парламент, Засгийн газруудад ямагт хулхидуулсаар бүр сүүлдээ биднийгээ өр ширд баригдуулж, өлөн зэлмэн амьдруулдагт нь дасан зохицож, эвлэрч байх шиг байна. Эвлэрээд зогсохгүй хүн амын тодорхой хэсэг бүр төрийн бодлого ийм л байдаг байх гэсэн ойлголттой болчихож. Дэндүү харамсалтай. Монголын ард иргэд тэр чигээрээ төрийнхөө бодлогын золиос болж амьдарч байна. Энэ бүхнийг нотлох түм, буман факт байна. Хамгийн сүүлд гэхэд л хуулиар дархлагдсан “хулгайч” эрхмүүдийн ЖДҮХС-г хоосолсон тэрбум, тэрбумын зээл, авлига, шатахууны үнийн үндэслэлгүй өсөлтөөс шууд хамаарсан ард түмний амьжиргааны эрс доройтол гээд тэвчээр барсан ямар олон асуудал биднийг тарчлааж, цөхрөөж байна вэ?
Монголчуудын тэсвэр, тэвчээрийн хязгаарыг цааш ийнхүү сориод байх нь аюултай биш гэж үү! Хуулиас дээгүүр хальж гарсан энэ олон хүрэл толгойтой, ширмэн зүрхтэй нөхдийн явдал, суудал арайхэтэрлээ. Монгол Улсын өр улам өссөөр. Өртэй улс орон өөдөлдөггүйн жишээг бидний амьдрал харуулсаар л... Эдүгээ манай улсын зайлшгүй төлөх ёстой гадаад өр 26.2 тэрбум ам.долларт хүрсэн гэж байна. Хаашаа шингэж, хэнд наалдаж алга болсон мөнгө, өр билээ!
Жирийн ард иргэдийн амьдралд наалдсан үртэс ч үгүй атлаа бид хүүхэд багачуудаасаа эхлээд хөгшин хөвөөгийн ялгаагүйгээр энэхүү өрийг төлөлцөж, ачааны хүндийг нь үүрэх болно. “Чингис” “Самурай” бондын тэр их мөнгө тэрбум, тэрбумаараа хаачив. Дийлэнх нь эрх мэдэлтнүүдийн халаасанд орсныг мэддэг ч амны зугаа шахуу ярихаас хэтрэхгүй. Ярих зүрхтэн ч алга юм аа. Яагаад гэвэл Монголын төр засаглалынхаа бүх шатанд өмхийрч, ялзарч, бүгд ижилдээ ижил, адилдаа адилбохирдсон хүмүүсээр дүүрчихлээ. Бондын өрийг дахин бонд гаргаж дарна. Үүнийгээ эдийн засаг өндийж сэхлээ гэж худал сэвнэ, сурталдана. Сэтгэл, оюунд нь гэрэл тусахаа байж, ямар ч ёс суртахуун, моральгүй болсон нөхдийн өмнө арчаагүйдэн, тэдний цадаж ханадаггүй, хязгааргүй шунал, тачаалын золиосонд хонь шиг өрлүүлэн тийчлэхээ больцгооё л доо! Хуурамч тунхагаас цаашгүй явж ирсэн эрх чөлөө, шударга ёсныхоо төлөө тэмцдэг, ядаж л жагсдаг, дургүй байгаагаа чангаар хэлж чаддаг байхгүй бол цаашдаа ч хонин сүрэг шиг байж, хэн дуртайд нь дээрэлхүүлсээр байх болно!
Ингэхдээ чулуу шидэж, байшин шатааж, хүч хэрэглэж, хэн нэгнийхээ амь насыг золиосолж болохгүй л дээ.
Эргээд үнийн өсөлтийн хав халуунаараа байгаа сэдэв рүү хандъя. Яг энэ асуудал дээр УИХ дүлий дүмбэ царайлж, Засгийн газар ямагт худлаа ярьж байх хооронд
АИ-92 маркийн шатахууны үнэ 2000 төгрөгт хүрчихлээ. Жил гаруйхны дотор шатахууны үнийг зургаа дахь удаагаа нэмж байгаа нь энэ. Ингэснээрээ өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тэр чигт нь хөдөлгөөд, ард иргэдэд дарамт болж буулаа. Гэтэл салбар хариуцсан сайд Д.Сумъяабазархэмээх эрхэм харин ч үнэ харьцангуй хямдарсан гэжмэдэгдээд сууж байдаг. Тэгснээ ам.долларын ханш чангарч байгаагаас боллоо гэсэн тайлбар ч өгч байх шиг. Гэтэл ингэж үнэ нэмэх гадна, дотнын ямар ч шалтгаан байгаагүйг яамны мэргэжилтнүүд нь ярьж байх жишээтэй. Ердөө сарын өмнө нефть импортлогчдыг үндэслэлгүйгээр үнэ нэмж байна гэдгийг УУХҮЯ-наас нийтэд зарлаад асуудлыг шалгах тусгай ажлын хэсэг гаргасан. Хэрэв үндэслэлгүйгээр үнэ нэмсэн нь тогтоогдвол нефть импортлох эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ тун сүртэйгээр мэдэгдэж байгаагүй билүү.
Харин шалгалт ингэс тэгсхийгээд өнгөрсөн. Өдгөө цагт хэлсэндээ хүрч, зангарагтай загнадаг төрийн түшмэл алга болжээ. Хэн хамгийн ихээр худлаа ярьж, хамгийн томоор хулгай хийнэ, тэр хэрээр алдаршин, үйлдэл нь хууль, дүрэмд хамаагүй нэгэн болж хувирдаг. Амь насаа алдсан ч хамаагүй хэмээн аймаар чухал царайлж байгаад амлаад байсан амлалтууд яалаа. Хариуцлага яалаа. Энэ бүхний оронд дүр эсгэсэн “ухаантнууд” ямар олон болоо вэ!
Шатахууны үнийг зохицуулж чадахгүй гэдгээ манай улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсоор мэдэгдсэн. Зохицуулж чадахгүй байгаагаас нь болоод Монголд бүх юмны үнэ зохицуулагдахгүйгээр бас нэмэгдээд эхэлсэн. Шатахууны хувьд манай улс 100 хувь хараат байдаг хойт хөрш маань экспортынүнээ нэг центээр ч нэмээгүй байхад манайхан үнэ нэмээд байгаа шалтгааныг ойлгохгүй юм. Тэр ч байтугай ОХУ-ын Засгийн газар энэ сарын 1-ний өдөр нефтийн үнийг тогтворжуулах талаар нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бүх компанитайгаа ярилцан тохирч, 2018 оныг дуустал үнэ нэмэхгүй байх гэрээг байгууллаа. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Роснефть компани гэрээгээ үзэглэсэн байна.Тэрхүү гэрээгээр хэрэв 2019 он гараад нефтийн бүтээгдэхүүний үнийг нэмэх шаардлага гарвал инфляцын жилийн дундаж өсөлтийн хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэдгийг тодорхой тусгажээ. Засгийн газар ард иргэддээ учирч болох дарамтын эсрэг ингэж л зохицуулалт хийж ажилладаг юм байна. Ганц хойд хөрш маань ч биш, Энэтхэг улс гэхэд л өнгөрсөн есдүгээр сард газрын тос, нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн. Мэдээж энэ шийдвэрийг олон нийт нь эсэргүүцэн, хүлээж авсангүй. Эрх ашиг нь зөрчигдөхөд энэтхэгчүүд тэмцэж чадсан байна. Тиймээс Засгийн газар нь гаргасан шийдвэрээ цуцлан улмаар шатахууны үнийг нэмэгдэхийн өмнөх үнээс нь ч хямдруулчихаад байна. Өмнөд Солонгосын Засгийн газар ч ялгаагүй, удаашраад байгаа эдийн засгийн хөгжлөө дэмжихийн тулд газрын тос, нефтийн бүтээгдэхүүнд ногдуулдаг онцгой татвараа тэглэсэн. Үнийг тогтвортой байлгах хөтөлбөрөө баталсан. Зохицуулалт хийж чадахгүй байгаа манай Засгийн газарт энэ бүхэн ядаж жишээ болж болох юм. Үнэндээ бодлого, зохицуулалт ярих нь бүү хэл үүрэг, зорилгоо мэддэггүй, төрийн олон байгууллага манайд бий. Хамгийн ойрын жишээ татахад л тэдний нэгээр “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар” хэмээх нэрнийхээ яг эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг нэрлэж болох байна. Төрийн алба үнэндээ тэр чигээрээ л “амьгүй албат”-уудаар дүүрчихсэн л дээ. Ийм “амьтад” алба залгуулж байгаа хойно, Монголд энэ байтугай “тэнэг үзэгдэл”-ийг цааш улам олонтаа дэглэсээр байх биз.
Харин Монгол Улсын төр, засгийн газрыг ард иргэдээ энэрдэг бусад улсын засгийн газар шиг ажиллуулдаг болгохын тулд тэдэнд хариуцлага тооцохгүйгээр, иргэдийн зохион байгуулалттай шахалтгүйгээр ямарч үр дүн гардаггүй болохыг одоо л нийгмээрээ ухаарч байх шиг байна. Хий дэмий харааж, бухимдаж, багтарч байхаар эрх ашгаа хамгаалж ядаж л ШТС-уудаас бензин, түлш авахаа болиод жагсцгаая л даа. Хэн нэгэн худалч, хулхи нэгнийг улс төрд гаргахын төлөөнөө нохойд барьдаг мод нь болоод утга учиргүй жагсдаг шигээ, өөрсдийнхөө төлөө нэг өдөр ч болтугай бүгд ажлаа хаяад яагаад жагсаж чаддаггүй юм бэ, бид. Ард түмэн хүчтэй атлаа ийм арчаагүй байх аваас өнөөгийн улстөрч хэргэмтэй наймаачид дураараа даварч, дарлаад байх нь аргагүй ээ!