Миний гол ажил зохиол. Интернетэд би олны саналыг тэмтрэх дурандаа хөтлөгдөн нийтлэл маягийн юм бичдэг. Олны санал эм л гэсэн үг. Комент бичиж буй багачууд үх хат гэж ажил хэрэгч бусаар дэггүйтэх нь, больчимгүйдэл төдийгүй нүгэл. Интернет гэгч энэ сайхан боломжоор оюунаа харилцан сэлбэцгээ. Ухаанаа уралдуулцгаа. Нэг намын бөгс долоогч, тэр ч байтугай, эрлийз гэж омгоо дарснаас цэвэр логикоор мэтгэлц. Эртний хуваргууд дүйцэлдэхдээ хараалыг цээрлэж байсныг өвлөн ав. Оросын эрлийз дээшээ, хятадын эрлийз зайл гэдгээ тунгаа. Өвөөд нь үхлийн тухай зохиолууд бий. Энэ удаа нэгийг нь толилуулъя. Бурхан та нарыг минь өршөөг.
 


Нэг. Үхэхийн далай

Эмнэлгийн шинжилгээний хариу гарч "Танд эмчилгээгүй өвчин тусчээ. Одоо танд юу ч тус болохгүй. Эмнэлгийн ч хэрэггүй, эмчийн ч хэрэггүй, тэр ч байтугай лам хуваргын ч хэрэггүй, бүр цаашилбал, мянган бурхан хүрээлээд ч туслаж чадахгүй. Одоо танд юу үлдсэн бэ гэвэл үхэх агшныг бие даан туулах л үлдэж. За баяртай, эмнэлгээс гарсугай! Амжилт хүсье!" 

Аймаар. Дэндүү цэвдэг нь, гарцгүй дээ л оршино. Ийм аюумшигт үнэн хөгшин залуу олон хүний толгой дээр буудаг. Тэдэнд ямар ч арга байхгүй. Хий дэмий дотнынхоо хүмүүс рүү горьдсон нүдээ бүлтэгнүүлнэ. Гарцаагүйд унасан хувь заяагүй хөөрхийстэй бид өдөр болгон учирч байна.

Элэгний хорт хавдраар олон сар тарчилсан өвгөн нүднээс бүр гарчихаж. Жаахан тайвширч нүд нь анилдаж эхэлснээ гэнэт яав ийв гэмээр дуу тавин хэдэн цагаар ёолж орилно. Дэргэд нь байхын аргагүй. Аймшигтай өвтгөж буй өвчин нь түүнийг тамлаад зогсохгүй хажуу хавийхныг бүгдийг тамлана. Нүд хальтарч элэг эмтэрмээр иймэрхүү мөчийг бид тэгтлээ нэг их тоодог гэж үү? Өөрийн аминаас тусдаа, бусдын амийг, бид үгүй ядахдаа долларын хэмжээнд авч үздэг билүү? Нийтийг дайрдаг энэ аймшигт аюулыг хөнгөвчлөх хөрөнгө Төр Засаг төсөвлөдөг гэж үү? Мэдэхгүй!

Эрхэм уншигч минь бод доо! Хэн дээр ч гарцаагүй ирэх үхлийн энэ давааг монголчууд "үхэхийн далай" гэж нэрлэсэн нь учиртай. Үхэх хүнд мянган бурхан хүрээлээд ч тус болдоггүйг хүн төрөлхтөн аль эртнээс ойлгосон. Гэсэн хэдий ч нүд нь бүлтгэнээд, ам нь ангалзаад, зүрх нь зогсож өгөхгүй тийчилж буй хүний шаналгааг нимгэлж чадсан нээлт өдгөө нөгөө гайхамшигт шинжлэх ухаанд чинь алга. Үхлийн тариа хийж шууд алахаас өөр ямар ч арга, анагаах ухаан "гуай" одоо хэр нээсэнгүй. Тариа хийж нэг мөсөн унтуулж туслах хуулиар хориотой. Тэгсэн атлаа өвдөлтийг нь нам дарах хоргүй арга олсонгүй. Тийм ээ, өвдөлтийг нь нам дарах хоргүй арга! Өнөөдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж буй бүх хүн иймэрхүү маягаар тарчлан үхэж байна. Даанч харамсалтай!

Өмөн үүгээр олон сар тарчилж, цөхрөнгөө барсан нөгөө өвгөн,

-Үхэхээс ч айхгүй байна аа, харин өвдөхөөс л маш их айх юм даа гээд нүдэндээ харагдсан хүн бүхнээс аврал горьдон бүлтгэнэж хэвтсэн, тэр л агшны аймшигт "зураг" миний тархины бор хальсанд хадагджээ.

Тэр өвгөний гуйлт ганцхан: "Өвчнийг минь ялимгүй ч болохноо намдаагаад, ганц удаа ч болохноо сэгхийлгээд өгөөч хүн төрөлхтөн минь!" гэж гуйснаас бус “үхлээс авраад аль!” гэж гуйгаагүй. Гэвч хэн ч түүнд тус хүргэж чадахгүй, хий дэмий л хүн яаж үхдэгийг сонирхох гэсэн мэт тал талаас нь арчаагүй ширтсээр тонилгодог. Тэгээд үхэхэд нь би дэргэдээс нь хором ч холдоогүй гэсэн үгээр нүүрээ тахлана. Өөр яах ч билээ дээ. Хүн төрөлхтөний нөгөө дэвшил хаачсан бэ? Нөгөө шинжлэх ухааны үсрэнгүй хөгжил яасан бэ? Гайхамшигт оюун ухаантай "хүн" болж төрсөндөө онгирч явдаг биднийг ийм л төгсгөл отож буй.

Эдгэрэхгүй өвчин туссан идэр залуус болоод эмгэд өвгөд зөндөөн. Тэднийг эмчилгээгүй болсоон гээд эмнэлгээс гаргаад хаяж байна. Тийм ээ, хаяж байна. Хэлж биш хийсэж ирдэг ийм аюулын суманд оногдсон хүмүүний үр өнөөдөр бидний дунд өч төчнөөн. Тэднийг үхүүлэхгүй байж чадахгүй л дээ, гагцхүү яагаад тэсэхийн аргагүй өвдөж буй шаналгааг нь улсаас бодлоготойгоор хөнгөвчилж болдоггүй юм бэ? Яагаад үүнд хөрөнгө зардаггүй юм бэ? Эцсийн замдаа орсон хөөрхий хүний тэр их тарчилгааг хөнгөвчлөх тухай аль нэг намын мөрийн хөтөлбөрт байна уу? Эрхэм гишүүдийн хэзээ ч биелдэггүй, нөгөө айхтар худал амлалт дотор нь хүртэл энэ талаар нэг ч үг, нэг ч өгүүлбэр байхгүй гээд бодчих.

Үхлийн далай! Үхлийг далайтай зүйрэлжээ. Эрхэм гишүүн Та ч гэсэн мөнх бус!

Телевизээр Эрүүл мэндийн орлогч сайд Удвалын амнаас үхэх хүнд "хөнгөвчлөх эмчилгээ" чухал гэсэн бүлээн үг гарч билээ. Хүн болсоор би тийм дулаахан үг сонсоогүй. Энэ үг надад "мөсөн хотхон" гэснээс хавьгүй бүлээн сонсогдсон шүү.
                                                    
Хоёр. Зөнөг халтар

Насан өндөр ганц бие эмгэн Солийн хамаг бие тэсэхийн аргагүй шархирч, өвчин намдаах элдвийн эм, өвс ургамал уугаад нэмэр болсонгүй. Ядаж гадаа гэрийн хаяанд зөнөг халтар нохой нь бас өөр шиг нь шөнө дөл гасалж орилоод дуу тасарсангүй.

Хөгшин нохойгоо өрөвдөж шөнийг барсан Соль эмгэн үүрээр харанхуй гэрт хаалга үүдээ тэмтэчсээр таягаа тожигнуулан гарвал бор гэрийнхээ хаяанд хөгшин халтар нохой нь хээрээс баахан хөсрий яс зөөж авчраад овоочихож. Хөсрий яс идэх юм гэнэ чааваас. Эмгэн халтар нохойндоо хярамцаг жижиглэж чанаж өгнө. Зөнөг халтар нь зөөлөн хоолоо идэхгүй. Тэгсэн атлаа хазганаж, оцгонож, хяр хамраар гойгорч, хөсрий яс хайна. Яс олохоороо мэдээ нь муудсан шүдгүй амнаасаа унахааргүй чанга зууж, шалбархай ягаан буйлаа хөндөж, хэнд гомдож буй юм бэ, байдаг тэнхээгээрээ сөөнгөтөн гасалж гангинан, дойдгоносоор хатавчиндаа арай гэж авчирч нөөцлөнө. Дотор санаа нь өлсөж үхэж магадгүй гэж хоол зоорилж буй нь тэр. Ямар хөөрхөн ааштай, ямар ухаантай сэргэлэн гөлөг байлаа гэж эмгэн дурсахдаа нулимс унагав. 

Зөнөг халтрын аманд араа, соёо, ер юу ч байхгүй, улаан махан тулам. Шүлсээ тогтоохгүй үргэлж цувуулна. Тэр хаа нэг газар хэсэг хэвтсэнээ биеэ байж ядтал өвдөхөд гаслан босож, аргаа барсандаа яахаа мэдэхгүй орилно. Тэгснээ хэвтэх аятайхан өөр газар шиншлэн хайж, дороо дугуйран эргэж гарна. Өвчнийг нь зүв зүгээр болгочих, тийм ачтай, ариун дагшин бурхны хэвтэр олдох юм шиг горьдож, газар шиншлэн эргэсээр. Яг хэвтэх гэхээр яс арьс  болж үжирсэн бие нь хар аяндаа янгинана. Хэвтэж чадахгүй, ингэж халшран дунгуйрч эргэцэхэд нь газраар чирэгдэх урт годон сүүлний нь цагаан үзүүр их содон гялалзана. Цагаан огтоно зөнөг халтрыг тойроод гүйгээд байгаа ч юм шиг. Ямар ч гэсэн зөнөг халтрын зовлонг мэдэхгүй, түүнийг үргэлж ноолж, зовоож байдаг нялх гөлгөнд тэгж үзэгдэнэ. Томоогүй гөлөг хөгшин халтрын сүүлний цагаан үзүүртэй ноцолдож, түүний үйлийг барна. Нялх гөлөгний энэ тохуурхалд үхэтлээ туйлдсан зөнөг халтар сүүлдээ уцаарлаж, нэг ч шүдгүй улаан буйлаараа ярдаглан, байдаг тэнхээгээрээ хазах авч, гөлгийг хий л шүлсдэхээс хэтрэхгүй. Харин дүрсгүй гөлгийг шоглох гэж хазахчаа аядсан буйл, эрүү, хоншоор нь, тэсэхийн аргагүй янгинаж, өөрөө бүдүүн дуугаар орилно. Ингэж удаан орилж гинших нь хуурамч хорвоод гомдсон аятай. Доргиотой аргил атлаа харимал дуу нь доройтсоор доройтсоор тэгсгээд тасарна. Хотонд хуцаж, боохой цочоодог сүрлэг дуу нь ердөө тийм доог тохуу болжээ. Түүнийг залгамжлагч хөөрхөн банхар гөлөг зөнөг халтрыг ноолсоор, зовоосоор,..

Үхлийн далай болох энэ их шаналгааг өөрийн биеэр нохойтойгоо ав адилхан туулж яваа эмгэн Соль зөнөг халтрыг бусдаас хамаагүй илүү өрөвдөх авч, чадахаас хий дэмий л уйлна. Өөр хэн ч тэр хоёрын зовлонд тэгтлээ үл эмзэглэнэ.

Тэгтэл сүүлийн хэд хоног зөнөг халтар өдөр шөнөгүй орь дуу тавин гасалж, эцэстээ хэвтсэн газраасаа хөндийрч чадахаа болив. Шөнө Соль эмгэний дүлийрсэн чихэнд хөгшин нохойны нь гаслах бүдэгхэн авиа үл тасарна. Өглөө босоод очиж үзэхэд нохой нь үхээгүй, тэлчилсээр хэвтэнэ. Зөнөг халтар үе үе татганаж байснаа хүчтэй тийчилж, дөрвөн хөлөөрөө газар малтаж, шороо манаргана. Тэгснээ үхчихэв үү гэлтэй нам жим болно. Эмгэний чадах тусламж, тарчилж буй нохойныхоо ангалзах аманд бүлээн сүү дусаана.

Ингэж хичнээн төчнөөн хонолоо. Хөгшин нохой нь үхдэггүй, гал нь бөхөж буй нүд нь эмгэнээс, "Өвчнийг минь, жаахан ч гэсэн нимгэлээд өгөөч. Би үхэхээс айхгүй байна, ганцхан өвдөх нь даанч хэцүү юм" гэж тасралтгүй шална. Соль эмгэн нохойнхоо гуйлтыг ойлгон сандарч, арга хайна. Олохгүй. Эмгэнд ямар ч арга алга. Хорвоо ийм ажээ. Эмгэн нохойныхоо аманд сүү дусаахаа болив. Тэглээ гээд хөгшин нохойны нь гол тасарсангүй. Өдөр шөнөгүй гаслана. Тэгснээ хэсэг чимээгүй болно. Эмгэн ашгүй өнгөрчихөв үү дээ гэж горьдтол дахин орь дуу тавина.

Эмгэн сэтгэлээ барьж чадалгүй дэргэд нь очлоо. Зөнөг халтар үнэхээр өрөвдөм, харахын аргагүй болжээ. Тэгэхдээ амьсгал хураах өдий янзтай. Түүнд олон хоногийн зовлон байх шиг. Яасан лайтай бөх голтой амьтан бэ. Дэндүү эртэй амьтан явсан сан. Унтарч буй аймаар хоосон нүд нь эзнээсээ тусламж гуйсаар. Эцэстээ “тусалсангүй” хэмээн эмгэнийг үзэн ядаж, занасан аймаар харц нь хорсолтой гялалзаж байна. Эмгэн хөөрхий хөгшин нохойндоо хэрхэн тусалж чадах сан билээ.

Чингэтэл эмгэний нүдэнд том хар сүх туслаа.  Ээ бурхан минь, эмгэн өөрт төрсөн бодлоосоо үнхэлцгээ хагартал цочиж, дотор нь харанхуйлж, хөл нь гуйвсан боловч гол нь тасарч өгөхгүй тарчилсан хайртай нохойгоо өрөвдөхдөө маани мэгзэм дүнгэнүүлсээр том хар сүхийг шүүрэн авч зөнөг халтрынхаа цохилуур дээр, өөрт үлдсэн бүхий л тамираараа буулгаж орхив.

Зөнөг халтрын сүүлний цагаан үзүүр ч хөдөлсөнгүй нам үхжээ. Харамсалтай нь зөнөг халтрыгаа үүрд амарсныг эмгэн мэдсэнгүй, өөрөө зузаан хөх өтгө рүү нүүрээрээ гудраад ухаан алджээ.

Хэдий болсныг бүү мэд. Соль эмгэн сэргэлээ. Сүхнийхээ ишийг тулан өндийгөөд яс амарсан зөнөг халтрынхаа толгойг илбэн зөндөөн уйлав. Уйлж уйлж эцэст нь зөнөг халтрынхаа сүүлнээс газрын уруу жаахан чирээд нэг аятайхан дэвсэгт толгойгий нь баруун Зуу өөд хандуулж, арслан хэвтрээр хэвтүүлэв. Тэгээд сүүлий нь том хар сүхээрээ тас цавчаад тэргүүнээс нь алд хэр хол тавиад ерөөл уншлаа. Ерөөлийн нь утга зөнөг халтрыгаа хойт насандаа хүн болж төрөөрэй гэсэн гуйлт байв.

Зөнөг халтарт нь ямар ч зовиур алга, ямар ч мэдээ алга. Соль эмгэний цээжин дотроос маш том бөөн хар юм аваад хаячихсан ч юм шиг. Дотор нь онгойчихсон ч юм шиг. Сэтгэл нь амарчихсан ч юм шиг. Гэвч эмгэн энэ тайвширлаасаа гэнэт жигтэйхэн их айв.                
                                                                                                                           2003