“Оюутолгой”  ХХК-ийн захирал Камерон МакРейтэй ярилцлаа. 

-Оюутолгойн үйлдвэр яг хэзээ ашиглалтад орох вэ, тодорхой хугацаа хэлэхгүй юү?

-Бид ил уурхайн олборлолтоо аль хэдийнэ эхэлсэн. Баяжуулах үйлдвэрээ бараг бэлэн болгосон. Одоо баяжуулах үйлдвэртээ зориулсан төмрийн хүдрээ бэлдэж байна. Эрчим хүчинд холбогдохоор Хятадын компанитай хийж буй хэлэлцээр маань сүүлийн шатандаа яваа. Удахгүй дуусах байх. Цахилгаан дамжуулах шугамаа Хятадын талтай холбож эрчим хүчээ авч байж үйлдвэрлэлээ эхэлнэ. Ингээд тооцвол үйлдвэрлэл эхлэхэд ойролцоогоор гаруй 50 хоног дутуу байна.

-Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчдыг хэлэлцээрт урьсан. Та нар татгалзсан хариулт өгсөн. Дахиад урьсан сураг байна. Хариу өгсөн үү.

-Энэ жилийн хувьд Засгийн газраас ганц л удаа хүсэлт ирүүлсэн. Түүнд нь бид татгалзсан хариу өгсөн.

-Яагаад . . .

-Яагаад гэвэл энэ гэрээ 30 жилийн хугацаатай. Маргааш, нөгөөдөр гээд өдөр өдрөөр өөрчлөөд явах нэг өдрийн гэрээ биш. Энэ бол бүхэл бүтэн нэг улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагчдын хоорондын гэрээ. Хувь эзэмшигчид бүгдээрээ л энэ гэрээг 30 жилийн хугацаанд хүчинтэй гэж итгэн гарын үсэг зурж, 30 жилийн хугацаанд олон зүйл хийхээр амлалт өгч, үүрэг хүлээж тохиролцсон байгаа.

-Уучлаарай сэтгүүлчид мэдээлэл дамжуулах үүрэгтэй учраас танаас сөргүүлж асууя. Гэрээ битгий хэл, Үндсэн хуулийг хүртэл өөрчилдөг. Гучин жил огт хөндөхгүй гэж тохирсон хатуу заалт Оюутолгойн гэрээнд байхгүй. Засч сайжруулахын тулд Засгийн газар багахан өөрчлөлт оруулах санал тавьсан шүү дээ.

-Багахан өөрчлөлт гэдгийг нь анхаарч үзсэн л дээ. Гэтэл Монголын Засгийн газрын өөрчлөхийг хүссэн хоёр зүйл бол энэ гэрээний хувьд асар том өөрчлөлт болохоор байгаа. Эхнийх нь хөрөнгө оруулагчдын эзэмшиж буй хувиас 16 хувийг нь аваад Монголын талд өгөх, хоёр дахь нь татвар нэмэгдүүлэх. Энэ бол маш том өөрчлөлт. Гэрээнд бүхэлд нь нөлөөлнө. Хэрвээ Монголын Засгийн газар ийм өөрчлөлт оруулахаар санаархахыг олон улсын хөрөнгө оруулагчид мэдэж байсан бол анхнаасаа энэ гэрээнд гарын үсэг зурахгүй байх байсан. Тийм болохоор хөрөнгө оруулагчид хэлэлцээ хийхийг бодохгүй байгаа. Засгийн газрын хүртэх үр ашгийг одоо байгаагаас нэмэгдүүлнэ гэж ярих юм бол мэдээж олон улсын хөрөнгө оруулагчдыг гонсойлгоно.

-Тэгээд баялгийн эзэд нь байж монголчууд бид өөрсдөө гонсгор үлдэж болохгүй биз дээ?

-Монголчууд та бүхэн баялгийн эзэн нь үнэн. Хөрөнгө оруулагчид ч энэ ордыг анх өөрийн хөрөнгөөр нээсэн нь үнэн. Бид танай хууль, хамтарч байгуулсан гэрээнийхээ хүрээнд ажиллаж байгаа нь ч үнэн. Та нар 71 ба 29 гэсэн PR-ыг харсан байх. Баялгийн эзэн гэдэг утгаар нь энэ ордыг дагасан эдийн засгийн үр ашгийн 71 хувь нь монголчуудад очиж байгаа. Тэгэхээр эдийн засгийн талаасаа монголчууд энэ гэрээнээс гонсгор байх ямар ч шалтгаан байхгүй. Хэрвээ одоо гэрээг өөрчилж, роялтийг Засгийн газрын хүсэлтээр нэмэгдүүлэх юм бол талуудын хүртэх үр ашиг ойролцоогоор 90 болон 10-ын харьцаатай болно.

-71 ба 29-ийн тухай дараа асууя. Гэрээг өөрчлөх Засгийн газрын саналын тухайд роялти нэмж төл гэсэн шаардлага тавьсан. Төлбөл та нарт үнэхээр ашиггүй юү?

-Төлөх боломж үнэхээр байхгүй.  Хэрвээ роялтийг нэмэгдүүлэх юм бол гадаадын хөрөнгө оруулагчдад тийм их ашиг үлдэхгүй. Засгийн газрын хүсч буйгаар бол роялти одоогийнхоос дөрөв дахин өндөр болно. Одоо бол борлуулалтын орлогын таван хувиар роялти төлөхөөр байгаа бол хүсэлтийг хүлээж авбал 20 хувь болно. Энэ нь бидний хувьд өмнө нь танай улсад мөрдөж байсан 68 хувийн гэнэтийн ашгийн татвартай л адилхан тусна. Татварын ийм дэглэм тогтоовол зөвхөн Оюутолгойд төдийгүй Монголд сөргөөр нөлөөлнө. Газрын хөрсөн доорхи баялаг хэчнээн гайхалтай сайхан байсан ч мөнгө орж ирэхгүй. Хөрөнгө оруулагчдад ашиг үлдээхгүй, дээр нь бүх эрсдэлийг хөрөнгө оруулагчдад үүрүүлэх ийм татвартай нөхцөлд хэн ч орж ирэхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахгүй, харин үргээнэ. Хэрвээ гэнэтийн ашгийн 68 хувийн татвар хүчинтэй үйлчилж байсан бол хөрөнгө оруулагчид Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурахгүй байсан. Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлснээр Монголд  гадаадын шууд хөрөнгө оруулалт 13 дахин нэмэгдсэн. Оюутолгойн гэрээ байгуулагдсанаар Монголд хөрөнгө оруулж болох нь ээ гэсэн сигналыг олон улсад өгсөн.

-Оюутолгой төсөл эхэлснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Харин гаднын хөрөнгө оруулалтыг татах, татварын дэглэмээ яаж тогтоох нь Монгол Улсын бие дааж шийдэх төрийн бодлого. Энэ бодлогынхоо хүрээнд роялти нэмэх саналыг нийтээр хуульчлаагүй зөвхөн Оюутолгойн гэрээний хүрээнд тавьж байгааг та мэдэх байх. Хэрвээ Засгийн газрын саналыг хүлээж авбал яг хэдэн сая долларын татварын нэмэгдэл ирэх юм, та бүхэнд тооцоо байна уу?

-Бид ирэх жил 125 сая ам.долларыг роялтид төлөх төлөвлөгөөтэй байгаа. Гэтэл Монголын Засгийн газар биднийг 400 саяыг төлөхийг шаардаж байгаа. Үнэндээ ингэвэл компанийн бүх чөлөөт мөнгөн урсгалыг аваад явчихна. Роялтиг өсгөх асуудал зөвхөн Оюутолгойг чиглэж байгаа гэлээ. Гэхдээ Оюутолгойн хувьд татварын тогтвортой байдлыг гэрээгээр баталгаажуулсан байгаа. Тиймээс Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурж хэдийнэ баталгаажуулсан, хамгаалагдсан болохоор роялти өсгөх саналыг бид хүлээж авах боломжгүй.

-Засгийн газрын өөр нэг санал нь Монголын талын хувийг 51-д хүргэх. Хэрвээ ингэвэл хөрөнгө оруулагчид Оюутолгойг орхиж гарна гэсэн болгоомжлол ч байна, бас зориудын PR ч байна. Энэ тал дээр хөрөнгө оруулагчид өөрсдөө ямар бодолтой байдаг вэ?

-“Рио Тинто” энэ бүхнийг барьж босгохын тулд бүх хөрөнгө оруулалтыг дангаараа хариуцаад бүх технологи, олон улсын туршлагыг авч ирээд ажиллаж байна. Тэгээд яг үйлдвэр ашиглалтад орж эхлэхийн өмнөхөн гэнэт 16 хувийг чинь авна гэдэг шударга уу. Би та хоёроос буцаагаад асууя. Жишээ нь, би нэг шинэ байшин барья. Тэгээд барилаа. Гэтэл хөрш чинь хөндлөгөөс харж сууж сууж байгаад, бас болоогүй байшин барьж байх үед татвар энэ тэрээр мөнгө авч байснаа гэнэтхэн  “Чи байшингаа барьчихлаа. Одоо би наадхийн чинь талыг авна” гэвэл ямар уу. Ийм л юм болоод байгаа юм. Хэрвээ хөрш маань надаас байшингийн талыг авна гэдгийг хоёр жилийн өмнө мэдэж байсан юм бол би эхлэх ч үгүй, хөрөнгө оруулахгүй байсан. Гадаадын хөрөнгө оруулагчдыг гонсойлгох ийм л зүйл болоод байна. Хамгийн гол нь Засгийн газрын хоёр санал бол Оюутолгой компанийг ашиг олж эхлэхээс өмнө бидний нийтээрээ хүртэх үр ашиг, хүчин чармайлтын дийлэнхийг дангаараа аваад явчих гээд байгаа юм. Ашгаа хүртэж эхлэхээс нь өмнө шүү. Хэрвээ чамаас хэн нэгэн бүх мөнгөн урсгалыг чинь аваад явчихвал чи бизнесээ үргэлжлүүлж чадах уу.

-Хувь сэтгүүлчийнхээ бодлоор нэг зүйл сонирхоё. Хэрвээ монголчууд хэзээ ашиг авах нь тодорхойгүй 34 хувиасаа татгалзаад өнөөдрөөс роялти болон бусад бүх төрлийн татвараа өндөр хэмжээгээр аваад явъя гэвэл та бүхэн зөвшөөрөх үү?


-Миний бодлоор энэ саналыг 2009 онд тавьсан бол бид авч хэлэлцэх байсан байх. Засгийн газар ч татварын хэмжээн дээрээ өөрөөр хандах байсан биз. Та сая Монголын Засгийн газар өөрийн гэсэн бодлоготой гэсэн. Энэ бодлогоороо хувь эзэмших ёстой л гэж үзсэн.Хувь эзэмшсэнээр татварын хэмжээ дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татах уу гэдгийг тооцож үзээд л энэ хувилбар дээр буусан гэж ойлгож байгаа. Би уул уурхайн салбарт ажилласан 30 гаруй жилийн туршлагаасаа харахад энэ хөрөнгө оруулалтын гэрээ Засгийн газар болон хөрөнгө оруулагчид хоорондын үр ашгийн хуваарилалт их өгөөмөр, боломжийн сайн болсон. Монголчууд сайн гэрээ хийж чадсан. Улсдаа ашигтай болсон. Олон улсын төвшний бусад гэрээ ч иймэрхүү л байдаг л даа. Оюутолгойн гэрээ тэдгээрээс илүү дээр болсон гэж бодож байна.

-Гэрээг байгуулахад “Айвенхоу Майнз” компанийнхан хэлэлцээрт орж гарын үсэг зурсан. “Рио Тинто” бол багахан хувийг эзэмшиж, оролцоо багатай явж байсан. Хэрвээ гэрээ байгуулах яг тэр мөчид гол менежментийг нь “Рио Тинто” хийж байсан бол иймэрхүү, таны хэлээд байгаа Монголд ашигтай энэ гэрээг хүлээн зөвшөөрөх байсан болов уу?


-Монголын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцсэн баг ”Айвенхоу Майнз” болон “Рио Тинто”-гоос тэнцүү бүрэлдэхүүнтэй байсан. Аль аль нь өөрийнхөө дуу хоолойг гаргасан.

-Тэгвэл гэрээ байгуулагдсаны дараа “Айвенхоу майнз” явж, “Рио Тинто” орж ирсэн. Энэ нь таны монголчуудад л ашигтай гээд байгаа гэрээ эсрэгээрээ хөрөнгө оруулагчдад ашигтай учраас  “Рио Тинто”-гийнхон орж ирлээ гэж ойлгож байгаа, зөв үү. Олон ч монгол хүн тэгж ойлгож байгаа.

-Аан мөн мөн. Таны л бодол.

-Танайх сүүлийн үед “Төслийн ашгийн 71 хувийг монголчууд, 29 хувийг хөрөнгө оруулагчид хүртэнэ” гэсэн PR хийгээд байгаа. Гэтэл 71 хувь чинь төслийг дагах мөнгөн урсгал байтал яагаад ашиг гэж тайлбарлаад байгаа юм бэ.

-Юуны өмнө энэ судалгааны эх сурвалж нь манайх биш, Олон улсын валютын сан гэдгийг хэлье.  Тэд 2009 онд энэ судалгааг өөрсдийн загвар, аргачлалаар хийж, уурхайн мөнгөн урсгалыг тооцоолсон. Энд компанийн бизнесийн татварын өмнөх мөнгөн урсгалын дүнгийн хэдэн хувь нь хэнд очих вэ гэдгийг тооцож гаргасан. Дөрөв, таван өөр зүйлийг багтааж үзсэн байгаа. Оюутолгойгоос Монголын Засгийн газрын шууд хүртэх үр ашиг, шууд бусаар биш шүү, хувь эзэмшигчдийн хүртэх үр ашиг, татварыг дараахь ашиг буюу дивиденд. Энэ нь 34, 66 гэж хоёр талд хуваагдана.  Монголд орох мөнгөн урсгалд роялтийн төлбөр, импортын татвар, татварын өмнөх ашгаас авах орлогын албан болон бусад татвар, дээр нь мэдээж Засгийн газрын ногдол ашиг багтана. Хэрвээ компани ашиггүй ажиллаад байвал хэн ч ногдол ашиг хүртэхгүй. Олон улсын хөрөнгө оруулагчид ч, Засгийн газар ч ялгаагүй. Ашиг бага, эсвэл үйлдвэрлэл явахгүй, зогссон тохиолдолд орлого орж, ашиг гарахгүй. Харин компани ямар нэгэн байдлаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа л бол ашиггүй байлаа ч Засгийн газарт төлөх татваруудаа төлөөд, ажилчдынхаа цалинг өгөөд, ажилтнуудын цалингаас авах татварууд, нийлүүлэлтийн компаниудын импортын татвар буюу нэмүүөртгийн албан татварыг аваад явна. Ингээд бодохоор энэ төслийн эдийн засгийн үр ашиг асар их.

-Голдуу татвараар төвлөрүүлж буй энэ мөнгөн урсгал нь үнэхээр  71 хувьд хүрч байгаа юу. Хүргэхийн тулд хаа хамаагүй, зүгээр л хамтарч ажилладаг компанийн улсад төлдөг татвар, ажилтнуудынх нь нийгмийн даатгалын шимтгэлийг хүртэл оруулсан байгаа гэсэн шүүмжлэл яваад байгаа.

-Энэ худлаа. Сая ярилаа, татварын өмнөх мөнгөн урсгалаас Монголын Засгийн газар 71 хувийн үр ашиг хүртэхээр байгаа. Энэ 71 хувьд ашгийн татвар, роялти, бусад татварууд, дээр нь 34 хувьдаа ногдох ногдол ашиг багтана. Монголын Засгийн газар 34 хувийг эзэмшиж байгаа мөртлөө нийт мөнгөн урсгалын 71 хувийг хүртэж байгаа. Энэ бол төслөөс Монголын талын шууд хүртэх ашиг. Харин олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд ногдол ашгийн 66 хувь нийт мөнгөн урсгалын 29 хувьтай дүйж байгаа юм. Үүнд ажилчдын цалингаас төлж буй хувь хүний орлогын албан татвар, нэмүүөртгийн албан татвар, ханган нийлүүлэгчид, үйлчилгээний компаниудын орлогыг огт тооцоогүй. Энэ бол бидний биш, ОУВС-гийн гаргасан тооцоо, загвар гэдгийг дахин хэлье. Хэрвээ бидэнтэй хамтран ажилладаг бусад бизнес, хувь хүний орлогын албан татвар зэргийг нэмэх юм бол 71-ээс хавьгүй өндөр тоо гарна. 71 ба 29 гэсэн тооцоог ОУВС биш, бид өөрсдөө гаргасан бол илүүөндөр гаргах байсан. Харин бид өөрсдөө гаргавал  биднийг илүү шүүмжлэх, үл итгэх байдал гарах учраас ОУВС-гийн загварыг ашигласан.

-Яг одоо ажилчдын хэдэн хувь нь монголчууд байгаа вэ. Төслийн шүү, төслийн дагалдах бизнест оролцож байгаа хүмүүсийг тооцохгүйгээр?

-Ойролцоогоор 89 хувь. Өдөр бүр их, бага хэмжээгээр өөрчлөгддөг болохоор нарийн тоо хэлж чадахгүй нь. Бид үйлдвэрлэлээ хараахан эхлээгүй байгаа ч бараг 90 хувьд хүргээд байна. Оюутолгой төслийн ажилтнууд, үүн дээр хүний нөөцийн гэрээт ажилтнууд нийлээд доод тал нь 90 хувь байна гэсэн тоо гарч байгаа. Бид “Аэромонголиа” ч юм уу, жижиг гэрээт компаниуд, “Хаанбанк” болон бусад компаниудын ажилчдыг огт оруулж тоолоогүй.

-Хятад ажилчид олон байдаг гэсэн. Тэд яг Оюутолгойн ажилчид уу, дагалдах бизнесийн гэрээт компаниудынх  уу?


-Манайтай хамтран ажилладаг Хятадын гурван ч компани байдаг. Бүтээн байгуулалтын ажил дээрх монгол болон гадаад ажилчдын харьцаа 60, 40 байгаа. Харин гадаадын ажилчдын олонхи нь хятад гэдэг нь үнэн. Үүнээс гадна бид нийт 40 орноос ажилтан авч төсөл дээр ажиллуулж байгаа. Үүний учир нь Монголд байхгүй онцгой, өөр чадваруудыг цуглуулж нутагшуулах зорилготой.

-Монголчууд бид анхны хөрөнгө оруулалтад мөнгөө гаргаж  оролцоогүй ч, бид баялгийн эзэд, бас  компанийн 34 хувийг эзэмшдэг. Тийм учраас Оюутолгойн удирдлагын багт монгол хүн ажиллаж хяналтаа тавиад явж болохгүй юү. Та нар баялгийн эздийг тоглоомонд оролцуулж, сагсан бөмбөгөөр бол гарааны тавд багтааж талбайд гаргаж болохгүй юу. Одоо бол бид сэлгээнд л суугаад байна ш дээ.?

-Одоо бол “Рио Тинто” уурхайг удирдаж байгаа. Удирдлагын гэрээг манайх хийсэн. “Рио Тинто”-гийн хүсч байгаа нэг чухал зүйл бол Оюутолгойн уурхайг дэлхийн зиндааных болгох. Бид Оюутолгойг дэлхий даяар тархан байдаг “Рио Тинто” гэх нэгэн том гэр бүлийн нэг хэсэг болгож чадсанаараа маш их үр ашиг хүртэж байгаа. Бид үр ашгийг “Рио Тинто” болон Монголд тэнцвэртэй, шударга байлгахаар хичээж байна. Монгол ажилчдын тоог 90 хувиар хязгаарлахгүй, цаашид өсгөнө гэж бодож байгаа. Харин өндөр төвшний, ахлах, гүйцэтгэх төвшний албан тушаалуудад монголчуудын оролцоог нэмэгдүүлнэ ээ. Тэр цаг удахгүй байх. Би одоо 53 настай. 30 настайдаа энэ албан тушаалд суугаагүй. “Рио Тинто”-гийнхон бизнесийн нарийн түвэгтэй асуудлуудаас болоод залуу хүмүүсийг өндөр албан тушаалд томилдоггүй. Энэ бизнесийг сайн удирдаж явахад өндөр чадвар, туршлагатай гүйцэтгэх албан тушаалтан хэрэгтэй. Ер нь хэтдээ бол энэ бизнесийг удирдах төвшинд авч явах Монголын оролцоо, нөлөөг гарцаагүй нэмэгдүүлнэ. Одоо аль хэдийнэ манай салбар нэгжүүдийн 50-иас дээш хувь нь 100 хувь монголчууд болсон. Монголчууд маш богино хугацаанд талбайд гарсан шүү. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын хэчнээн хувь нь монголчууд гэдгийг мэдэх үү?

-Бараг 100 хувь байх?

-Үгүй. 95 хувь нь. 32 жилийн дараа шүү дээ.

-Та “Эрдэнэт” үйлдвэрт очиж үзсэн юм байна, тийм үү. Эрдэнэт хоттой нь танилцсан уу.

-Очсон. ТУЗ-д Монголыг төлөөлдөг гурван гишүүний хамт очиж байсан. Хоёр өдөр болсон.

-Эрдэнэт хотыг “Эрдэнэт” үйлдвэр нь байгуулсан юм. Оюутолгойг “Эрдэнэт”-ээс тав дахин том гэж судлаачид хэлдэг. Тэгэхээр Оюутолгойн төслийг дагаж Өмнөговьд Эрдэнэтээс тав дахин том биш юм аа гэхэд одоогийн Эрдэнэтийн дайтай хот сүндэрлэнэ гэж хүлээж, ойлгож болох уу?

-Энэ асуултад дэлгэрэнгүй хариулж болох ч товч ярья. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад нисэх зурвас байгуулах, Хятад руу зам тавих, Хятадаас эрчим хүч авах цахилгааны шугам татах, усан хангамжийн болон бусад дэд бүтэц байгуулах гээд олон үүрэг амлалт авсан. Дээр нь бүсийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар үүрэг авч, үүнийхээ хүрээнд Монголын боловсролыг дэмжихэд 125 сая ам.доллар зарцуулаад байна. Бид Монголд асар их бүтээн байгуулалт хийж байгаа. Бид ТУЗ-ын хурал дээрээ Ханбогдыг цаашид хэрхэн хөгжүүлж чадах, ямар боломж байгаа талаар байнга ярилцдаг. Одоохондоо ийм хөгжлийн талаар ямар нэгэн үүрэг амлалт аваагүй байна. Бид мастер төлөвлөгөөн дээр ажиллаж, баг, сум, аймаг, Засгийн газрын төвшинд хэлэлцэж байгаа.

-Манай улсын экспортод зэс, нүүрс хоёр голлодог. Дэлхийн болон Хятадын эдийн засгийн нөлөөгөөр нүүрсний экспорт бараг зогслоо. Харин зэсийн үнэ харьцангуй гайгүй байна. Нүүрсний экспортын зогсолт болон зэсийн үнийн тогтвортой байдал таныхаар хэр удаан үргэлжлэх бол?


-Дэлхийн эдийн засгийн одоогийн тогтворгүй байдал, Европын хямрал 2008, 2009 оны хямралаас үүдэлтэй. Тухайн үед бараг бүх улсын Засгийн газар эдийн засгаа аварч үлдэхээр зардлаа өсгөсөн. Орлогоосоо илүүг зарсан. Европын орнууд өрөнд дарагдсан. Энэ нь нийгмийн халамжийг хавтгайруулсантай мөн холбоотой. Яг л Монголд хүүхдүүд, оюутнуудад бэлэн мөнгө тарааж байгаа шиг. Дэлхийн эдийн засгийн энэ байдал мэдээж Хятадад зарим талаар нөлөөлсөн. Миний бодлоор Хятадын хувьд боож хаах гэсэндээ ч бус хэрэглэх хүчин чадал байхгүй болсны улмаас Монголоос нүүрс авахаа зогсоогоод байгаа байх. Нийлүүлэлт эрэлтээсээ давсан нь коксжих нүүрсний үнэ унахад хүргэсэн. Үүнээс болж Монгол хоёр талаар хохирол амсч байна. Нэгдүгээрт, урьдынх шигээ олон тонноор нь нүүрс гаргаж чадахаа больсон. Энэ нь өнгөрсөн зургаа, долоо, наймдугаар сард хилээр гаргасан нүүрсний хэмжээг харьцуулахад тодорхой харагдаж байгаа. Хоёрдугаарт, нүүрсний үнэ огцом унасан. Нүүрснээс Монголд орж ирдэг орлогын хэмжээ эрс буурсан. Зөвхөн төсвийн орлого тасалдаад зогсохгүй нүүрсний компаниуд маш их хохирол амсч байгаа. Тэд маш их мөнгө алдаж байгаа. Тэд орлогоо алдах хэрээр мөн төсөвт төвлөрөх мөнгө багасч байгаа юм. Нэг таагүй мэдээ нь гэвэл миний бодлоор нүүрсний хувьд одоо үүсээд буй нөхцөл байдал ойрын хэдэн саруудад ч үргэлжилнэ. Харин зэсийн хувьд нөхцөл байдал арай өөр. Төмрийн хүдэр, коксжих нүүрстэй харьцуулахад дэлхий даяар зэсийн эрэлт нь нийлүүлэлтээсээ хавьгүй өндөр. Уурхайн олборлолт, хүдрийн нийлүүлэлт нь хайлуулах хүчин чадлаа гүйцдэггүй. Энэ нь мэдээж зэсийн уурхайнуудын хувьд сайн зүйл. Дээр нь, зэсийн эрэлт хэрэгцээ улам олон төрөл зүйл болж өргөжиж байгаа нь үнэ тогтвортой, өндөр байх нэг шалтгаан. Одоо пунт нь дунджаар 3.5 ам.доллар байгаа. Энэ бол эрүүл төвшин. Миний таамгаар 4.5 хүрч өсөх байх. Алтны үнэ ч өндөр байгаа. Унци нь 1700 ам.доллар. Одоогоор энэ хоёр металл аюулгүй байгаа ч энэ нь жилийн турш өдөр бүр өндөр байх баталгаа болж чадахгүй л дээ.

-Оюутолгойн үйлдвэрлэл эхэлсний дараа ч тогтвортой байна гэж найдаж болох нь ээ?

-Мэдээж нийлүүлэлт шинээр нэмэгдэхээр үнэ бага зэрэг доошлох нь хэвийн үзэгдэл. Гэхдээ сууриараа баттай байгаа болохоор санаа зовохгүй байна. Оюутолгой, Монголын хувьд зэсийн үнэ тогтвортой өндөр байна гэж итгэж байгаа.

-Яагаад ингэж асуув гэхээр таны бодлоор дэлхийн эдийн засгийн хямрал, манай улс төрийн байдал хоёрын аль нь Оюутолгойн үйл ажиллагаа, ашиг орлогод илүү сөргөөр нөлөөлөх бол?

-Яг одоо бол улс төрийн тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулагчдын санааг илүү зовоож байгаа. Улс төрийн тогтворгүй байдал гэдэгт би бодлогын тогтворгүй байдлыг хэлмээр байна. Хийсэн гэрээндээ үнэнч байж, түүнийгээ хамгаалан тогтвортой мөрдөх,  гадаадын хөрөнгө оруулалтын талаархи хуулийн тодорхойгүй, ойлгомжгүй зүйл заалтуудаа засч сайжруулбал Монголд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэднийг олноор орж ирэх таатай орчныг бүрдүүлж чадна гэж бодож байна. Улс төрийн утгаар асуудалд хандаж, өндөр дуугаар ярьж гадаадын хөрөнгө оруулалтын гэрээг өөрчил гэж чангаар хашгирцгаах нь  Монголын эдийн засгийн өсөлтөд сайн суурь болж чадахгүй. Гэхдээ би нөхцөл байдлыг эдийн засгийн утгаар нь эрүүлээр харж чаддаг хэсэг нь олон  байх гэж найдаж байгаа.

-Монгол бол ардчилсан орон. Иргэд нь боловсрол өндөртэй, басхүү улстөрийн идэвхтэй. Хэдийгээр гэрээг тойрч янз бүрийн байдлаар байр сууриа илэрхийлдэг ч монголчууд бидний зүгээс өнөөдрийг хүртэл төслийг зогсоох, саад болох алхмууд хийгээгүй. Тийм бодитой нөлөөлөл байгаагүй байх?

-Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилнө гэдэг төсөл рүү хийж буй хамгийн ноцтой дайралт. Засгийн газар үр ашгийн 71 хувийг биш 95 хувийг авмаар байна гэж байгааг юу гэх вэ. Анх 1996 онд Оюутолгойг нээж, 2001 онд л сонирхол татахуйц хүдрийн нөөцийг олсон. Түүнээс хойш 2009 он хүртэл хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаагүй. 2004, 2005 оноос 2009 он хүртэл хөрөнгө оруулалтын гэрээний талаар мэтгэлцээн үргэлжилж, уурхайн үйл ажиллагаа эхлэх хугацаа хойшилсон. Тэгэхээр уурхай улс төрийн мэтгэлцээн, амжилтгүй хэлэлцээрүүдээс болж бараг таван жил зогссон гэсэн үг. Гэрээнд гарын үсэг зурснаас хойшхи хамгийн анхны дайралт бол 2011 оны аравдугаар сард Ерөнхий сайд С.Батболд хоёр сайддаа хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар надтай хэлэлцээ хийхийг үүрэгдсэн явдал. 57 дугаар тогтоолыг тойрсон 19 гишүүний өргөдлөөс эхтэйгээр.

-Ерөнхий сайд С.Батболдын үүрэгдсэн тэрхүүөөрчлөлтөөр харин ч гэрээ сайжирсан гэж би хувьдаа боддог. Зээлийн хүүг бууруулсан, ордын лицензийг гадаадын аль нэгэн улсын төрийн өмч давамгайлсан компанид шилжүүлэх болбол заавал Монголын Засгийн газраас зөвшөөрөл авах тухай тусгасан санагдана. Монголчууд бол азтай амны хишигтэй ард түмэн. Оюутолгойн гэрээг олон жилээр сунжруулсан ч гэсэн гуравдагч ертөнцийн сайн хөрөнгө оруулагчийг сонгож чадсан. Одоо маргаж мэтгэлцэж байгаа нь гэрээг сайжруулах, Монголдоо илүү ашигтай болгох л гэснийх. Энэ бүхний эцсийн дүнд сайн хөрөнгө оруулагчийг сонгож чадсантайгаа адилхан гэрээгээ Монголдоо ашигтай, зөв хувилбараар нь шийдэж түүнийгээ ч, Оюутолгойгоо тойрч нэгдэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Монголчуудын нэгдэж чаддаг энэ шинжийг та ажиллах хугацаандаа олж харсан уу, ер нь манайхантай ажиллахад хэр гар нийлж байна вэ?

-Оюутолгойгоо тойрч нэгдэж чадна гэдэг сайхан үг байна, баярлалаа. Харин гар нийлэх тухайд үнэнийг хэлэхэд заримтай нь  хамтарч ажиллахад хэцүү шүү. Ерөнхийд нь ярихад нийт монголчуудтай, компанидаа ажиллаж байгаа монголчуудынхаа тухайд гайхалтай гэж хэлнэ. Би монголчуудыг ухаантай, өндөр боловсролтой, шинэ зүйл сурах маш их эрмэлзэлтэй гэж боддог. Энд туршлагаа хуваалцахаас гадна, суралцах гэж ирсэн гадаадын ажилтнуудад их хүндэтгэлтэй ханддаг. Энэ бол сайн зүйл. Танай улс ардчиллын хөгжлийн их эмзэг үе шатанд явж байгаа болоод ч тэр үү парламенттай ажиллахад л их хэцүү байгаа. Үнэндээ ийм нөхцөл байдалд хэрхэн ажиллахаа ч ойлгоход хэцүү байна. Ажлаас гадуур, Засгийн газраас гадна бол монголчуудтай уулзах, ажиллах их сонирхолтой, ялангуяа говийн сум, суурингуудаар явсан аялалдаа их сэтгэл хангалуун байгаа. Би бас Монголын Урлагийн зөвлөлд ажилладаг.Тэндээс олон янзын урлаг, хөгжим, гар урлалд суралцаж, надад их таалагдаж байгаа.

-Одоо танаас төслийн явц болон гэрээнд байдаг зарим эргэлзээтэй заалтын тухай асууя. Хятадаас эрчим хүч авах хэлэлцээр сүүлийн шатандаа яваа гэж түрүүн хэлсэн. Сонирхоод асуухад Хятадын тал баяжмалаа бүгдийг өгвөл цахилгаан нийлүүлнэ гэсэн шаардлагыг тавьж байгаа гэсэн. Үнэн үү?

-Хятадаас эрчим хүч авах хэлэлцээрт удахгүй гарын үсэг зурчих байх. Талууд сүүлийн саналуудаа хэлж, өнгөрсөн хоёр долоо хоногт бид маш эрчимтэй хэлэлцээ хийсэн. Яг одоогоор Монголд Владивостокоор дамжуулаад Япон, Солонгос руу бүтээгдэхүүнээ гаргах хойд болон баруун зүгт чиглэсэн төмөр зам байхгүй. Тэгэхээр бүтээгдэхүүнээ Хятадад, эсвэл Хятадаар дамжуулж л гаргах боломж байна. Тэгээд ч Хятадад зэсийн баяжмалын хомсдол нүүрлээд байгаа. Тиймээс зах зээл нь цаанаасаа биднийг бүтээгдэхүүнээ Хятадад борлуулахыг шаардаж байгаа. Хятадад худалдахгүй байх ганц шалтгаан бол Хятадын талаас  шударга бус үнэ санал болгох тохиолдол. Бид одоогоор гэрээнийхээ 75 хувийг олон улсын дүрэм журмын дагуу хийгээд байгаа болохоор бүтээгдэхүүнээ бага үнээр өгнө гэж айх зүйл байхгүй. Юу гэсэн үг вэ гэхээр бүтээгдэхүүнийхээ 75 хувийг өндөр зэрэглэлийн олон улсын уурхайнуудын үнээр худалдана гэсэн үг. Гэрээнд гарын үсэг зурснаар сүүлийн 25 хувийг ч бас адил үнээр борлуулах нь баттай болно гэсэн үг. Ингэснээр бид таван өөр гаалийн боомтоор Хятад руу бүтээгдэхүүнээ гаргана. Хятадын талаас бол биднийг заавал өөрсдөд нь бүтээгдэхүүнээ худалдах ёстой гэсэн шаардлага тавиагүй. Гэхдээ тэд хамгийн ойрын зах зээл, дээр нь өндөр үнэ төлөх юм чинь тэдэнд худалдахгүй гэх өөр шалтгаан байхгүй гэж бодож байна.   

-Монголоос эрчим хүчээ авах бололцоо үнэхээр байгаагүй юу?

-Хөрөнгө оруулалтын гэрээнд гадаадын хөрөнгө оруулагчид эрчим хүчний эх үүсвэрээ дөрвөн жилийн дотор Монголоос авна гэж хэлэлцэж, тохиролцсон. Энэ бол бидний гэрээгээр хүлээсэн үүрэг. Бидэнд Оюутолгойн ордын орчимд нүүрсний цахилгаан станц барьж, Оюутолгойнхон удирдаж ашиглах нэг сонголт байгаа. Бид гэрээнд зааснаар дөрвөн жилийн дараа гэхэд Монголоос эрчим хүчний эх үүсвэртэй болсон байх үүргээ биелүүлнэ гэж төлөвлөж байгаа.

-Дэлхийн банк тэргүүтэй олон улсын банкуудаас нэмэлт санхүүжилт авах гэж байгаа. Дөрвөн тэрбум, долоон тэрбум гэсэн зөрүүтэй тоонууд яваад байгаа. Яг хэчнээн ам.долларын зээлийг, хэзээ, ямар хугацаатай, ямар хүүтэй авах вэ?

-Энэ асуултад бүхлээр нь тодорхой хариулт өгч чадахгүй нь. Учир нь, одоо хэр нь энэ санхүүжилтийн асуудал хэлэлцээрийн төвшинд явж байгаа. Сүүлийн үед дэлхийн уул уурхайн салбарынхан хамгийн ихдээ л 2.2-2.3 тэрбум ам.долларын санхүүжилт босгож байгаа. Бидний хувьд дөрвөн тэрбум жаахан гаргаад авах бодолтой байгаа. Ерөнхийдөө дэлхийн бусад уул уурхайн компаниудын санхүүжилтээс хоёр дахин илүүг босгохоор зорьж байгаа гэсэн үг. Ийм том хэмжээний зээлийн түүхгүй Монгол шиг орнуудын хувьд энэ мэдээж их хэцүү байх болно. Учир нь, банкууд бүгд л тухайн улсын зээлийн түүх, Засгийн газар, бодлогын тогтвортой байдлыг судалж, зээл олгосноор үүсч болох эрсдэлүүдийг судалдаг. Энэ удаагийн зээл олголтыг удирдаж байгаа банк буюу синдикат нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк. Тус банкны хувьд Монголд маш их зээл олгодог. Ямар хэмжээний зээлийг ямар хүүтэйгээр хэдий хугацаанд  олгохыг тэд л  мэднэ. Бид саналаа тавьсан ч, урьдчилан таамаглаж, баттай хэлж чадахгүй. Гэхдээ энэ зээлийг авахад урьдчилан тооцоолоогүй хүндрэл гарсан.

-Тэр нь юу вэ?


-Гэрээг өөрчлөх Монголын Засгийн газрын хүсэлт. Төслийн бараг бүх мөнгийг Засгийн газар роялти болгоод авчихаар банкны өр төлөх мөнгөүлдэхгүй гэж банкныхан бодож байгаа. Тэгэхээр гэрээг өөрчлөх эсэхийг шийдэгдэх хүртэл бид төслийн хоёр дахь санхүүжилтийн мөнгийг босгох боломжгүй боллоо гэсэн үг.Үүнээс үүдэх жинхэнэ эмгэнэл нь юу вэ гэвэл энэ ордын үнэ цэнийн 80 хувь нь төслийн хоёр дахь шат буюу далд уурхайгаас гарах ёстой. Тэгэхээр бид хүнд байдалд орсон гэсэн үг. Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилнө гэж хэлж байгаа нь “Уучлаарай уурхайн санхүүжилтийг, уурхайн өргөтгөлийг зогсоож, Оюутолгойн нийт үнэ цэнийг 80 хувийг хүртэх боломжийг хааж байна” гэж хэлж байгаагаас өөрцгүй.

-Манай эдийн засагчид бүх тооцоог хийсэн учраас л Засгийн газар та бүхэнд санал тавьсан байх. Саналыг хүлээж авах боломжгүй тухайгаа та түрүүн ярьсан. Тэгээд ч гэрээнд  өөрчлөлт оруулах, үгүйг ганц талын саналаар юм уу, ямар нэгэн зээлийн барьцаагаар шийдэхгүй. Талуудын хэлэлцээр зөвшилцлөөр шийдэх байх л даа. Одоо асуултаа үргэлжлүүлье. Хэрвээ хоёр дахь санхүүжилтийн зээлийг авлаа гэхэд түүнийг 34 хувь манай эзэмших 34 хувьд ирж буй нэмэлт ачаалал болох уу?


-Бүх л санхүүжилт Оюутолгой компани дээр ачаалал болж ирнэ. Оюутолгой компани санхүүжилтийн зээлүүдийг эргүүлэн төлөх ёстой гэсэн үг. Төслийн бүтээн байгуулалтын хоёрдугаар үе шат туйлын хариуцлагатай. Хөрөнгө оруулагчид Оюутолгой төслийн нийт үр ашгийн 80 хувийг агуулж буй гүний уурхайг ашиглалтад оруулах санхүүжилтийг л олон улсын санхүүгийн байгууллагуудаас босгох гэж байгаа юм. Энэ нь Монгол Улсын талд санхүүгийн ачаалал үүсгэхгүй. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар үе шатны санхүүжилтийг олон улсын санхүүгийн байгууллагуудаас зээлж, эргүүлэн төлөх хариуцлага, эрсдэлийг хөрөнгө оруулагчид бүрэн даана. Монголын тал төслөөс олох зуун ам.доллар бүрийн 71 хүртэлх ам.доллар бүрийг ногдол ашиг, рояалти, татвар болон бусад хураамж хэлбэрээр авах нь хэвээрээ үргэлжилнэ.

-Манай 34 хувьд ногдох хувьцаанууд энгийн. Гэтэл зээлтэй компани энгийн хувьцаанд ногдол ашиг хуваарилдаггүй гэх олон улсын дүрэм байдаг гэх юм.


-Тийм дүрэм журам байдаг. Эхлээд Оюутолгойг эхлүүлэхэд “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-аас оруулсан зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг олон улсын хөрөнгө оруулагчдад төлж дуусгах хэрэгтэй. Дараа нь төслийн санхүүжилтийг төлөх хэрэгтэй болно.

-Анхны хөрөнгө оруулалт хэд хэдэн удаа нэмэгдлээ. Одоо хэд болоод байгаа вэ?

-Бид анхны хөрөнгө оруулалтыг 6.2 тэрбум ам.доллар болно гэж харж байгаа. Нэг зүйлийг энд тайлбарлахад дэлхий даяар олон улсын төслүүдийн анхны хөрөнгө оруулалт сүүлийн арван жилд маш их өсч байгаа. Тэдгээртэй харьцуулахад энэ төслийн анхны хөрөнгө оруулалтын өсөлт харьцангуй бага. Хамгийн ойроос жишээ татахад Таван толгой төслийн ТЭЗҮ-ийн зардал 2009 оны “Дискавер Монголиа”-гийн үеэр 850 сая ам.доллар гэж байсан ч сүүлийн гурван жилд таван тэрбум ам.доллар болж өссөн байгаа. Тэгэхээр Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтыг судлахдаа дэлхийн бусад олон төсөлтэй харьцуулж харах хэрэгтэй.

-Анхны хөрөнгө оруулалт хэзээ дуусах вэ. Үйлдвэр ашиглалтад орсноор уу, баяжмал гаргаж эхэлснээр үү?


-Анхны хөрөнгө оруулалтыг баяжмал гаргаж эхэлтэл тооцдог.

-Одоо авах гэж буй санхүүжилт анхны хөрөнгө оруулалт дээр нэмэгдэх үү?

-Үгүй. Энэ бол тусдаа асуудал.

-Анхны хөрөнгө оруулалтыг нэмэх бүртээ хувь эзэмшигчийн хувьд Монголын талтай яагаад зөвшилцдөггүй юм бэ. Эсвэл тэгэх шаардлагагүй юу?

-Засгийн газар бол хувь эзэмшигч. Тэгээд ч Оюутолгойн ТУЗ-д гурван төлөөлөлтэй. Бид улирал бүр бүх тайлан тооцоогоо ТУЗ-ийн хурал дээр танилцуулдаг. Төслийн зардал, үйл ажиллагааны төлөвлөгөө гээд төсөлтэй холбоотой аливаа асуудлыг хэлэлцэх бүрт ТУЗ-д сууж буй төлөөлөл төслийн зардлын чиг хандлага болон бусад асуудлыг тухай бүрт нь Засгийн газарт мэдээлж, зөвшилцөж байдаг.

-Ер нь танай тооцоогоор анхны хөрөнгө оруулалтаа хэзээ нөхөж дуусах вэ. Гэрээнд анхны хөрөнгө оруулалтаа нөхөж дууссаны дараа монголчууд ногдол ашиг хүртэж эхэлнэ гэсэн байгаа. Бид 34 хувьд тооцогдох ногдол ашгаа яг хэдэн оноос авч эхлэх бол?


-Анхны хөрөнгө оруулалтыг нөхөж дуусах, талууд ногдол ашгаа авч эхлэх хугацаа нь хамгийн түрүүнд зэс, алтны дэлхийн зах зээлийн үнийн хандлага, мөн хамгийн нарийн, төвөгтэй, техникийн хүнд нөхцөл, ур чадвар, хариуцлага шаардсан гүний уурхайн бүтээн байгуулалтаас ихээхэн шалтгаална. Та нар бодоод үз дээ, газрын гүнд 250 км урт буюу Улаанбаатараас Дархан орсонтой дүйцэхүйц урт газрыг хамарсан гүний барилга, байгууламж, хоолойг барьж байгуулах ажлыг хийж байж Оюутолгой төсөл жинхэнэ утгаараа ашгаа өгч эхэлнэ. Тийм учраас л 10 гаруй жилийн хугацаа шаардлагатай гэж үзэж байна. Гэсэн ч энэ  хугацаанд бид үйлдвэрлэл явуулж, Монгол Улсын төсвийн орлогод хувь нэмрээ оруулсаар л байх юм. Ер нь хөрөнгө оруулагчид анхны хөрөнгө оруулалтаа нөхөж дуусаад, дөнгөж анхныхаа ашгийг олох тэр үед Монголын тал аль хэдийнэ 7-8 тэрбум ам.долларыг Оюутолгойгоос олсон байх тооцоо бий. Хөрөнгө оруулагчид анхны оруулсан хөрөнгө оруулалтаа буцааж олоход нийт 25 жил зарцуулах тооцоо бий. Оюутолгойн ордыг нээсэн 1996 оноос хойшхи хугацааг тооцож үзэхэд шүү дээ. Анхны хөрөнгө оруулалтыг нөхөхөд зэс, алтны үнэ маш чухал. Бидний хамгийн сүүлийн тооцоогоор Оюутолгой төсөлд оруулсан нийт хөрөнгө оруулалтыг 2021 он гэхэд нөхөх юм.

-Тэгвэл бид 2021 оноос л одоо их бага гэж маргаад байгаа 34 хувьдаа тэнцэх ногдол ашиг авна гэж ойлгож болох нь ээ?


-Мөнгөн урсгал хэрхэн эргэлддэг, ногдол ашгийг хэрхэн хуваарилах талаар жаахан мэдлэг хэрэгтэй байх. Монголын Засгийн газар эхлээд өөрийн эзэмшиж буй 34 хувьд ногдох зээлээ төлсний дараа ногдол ашгаа авна. Гэхдээ ногдол ашиг авч эхлэх хүртлээ бүх төрлийн татварууд болон шууд бус үр ашгийг Монголын Засгийн газар хүртсээр байх болно гэдгийг мартаж болохгүй.

-Энэ бүхнийг ТЭЗҮ-д нарийн тусгасан уу. ТЭЗҮ-гийн анхны хувилбар нэлээд өөрчлөгдсөн, хоёр дахийг нь бэлэн болгоогүй гэдэг шүүмжлэл байдаг. Яг одоо та бүхэнд бэлэн ТЭЗҮ байна уу?

-Мэдээж, ТЭЗҮ дээр үндэслэж гэрээг байгуулсан. ТЭЗҮ-д анхных, хоёр дахь гэсэн ойлголт байхгүй. Анхны хөрөнгө оруулалтын нэмэгдлийг дагаад өөрчлөлт орсон тал бий байх. ТЭЗҮ-гийн талаар би нарийн хариулах боломжгүй.

-Оюутолгой төслийн хувьд ус бол маш том асуудал гэж ярьж байгаа. Усаа яаж шийдэх вэ. 2020 оноос хойшхи усны эх үүсвэр нь тодорхойгүй, Орхон, Сэлэнгийн бэлчирээс татах талаар яригдаж болзошгүй гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?


-Манайх уг нь энэ талаар маш тодорхой мэдээлэл өгч байгаа. Манайх бүх усны эх үүсвэрээ Гүний хоолойгоос авна. Уурхай үйл ажиллагаагаа явуулах 28 жилийн хугацаанд Гүний хоолойн ус 20 хувиар л дундарна. Томоохон голуудаас ус татах тухайд үгүй гэж хариулъя.

-Дэлхийн банк болон бусад олон улсын банкуудаас зээл авахад Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (БОННҮ)-г олон нийтээр хэлэлцүүлж гаргаж өг гэсэн шаардлага тавьсан гэсэн. Ер нь манай  иргэдээс хэр олон санал ирсэн бэ. Нөхөн сэргээлтэд хэр их мөнгө зарцуулахаар тусгасан бэ.

-Яг Дэлхийн банкнаас биш л дээ. Гэхдээ тус банкны салбар байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорац зээл олгохоор төлөвлөж байгаа юм. БОННҮ-ний хувьд дөнгөж сая хийж байгаа ажил биш. Харин өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд олон улсын болон Монголын судлаачдын бие даан хийж гүйцэтгэсэн судалгаа, үйл ажиллагаа юм. Өнгөрсөн хугацаанд оролцогч талуудаас гарах саналыг тухай бүрт нь тусгаж байсан. Оюутолгой төслөөс байгаль орчин түүний дотор биологийн төрөл зүйл, нийгэмд үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлсэн энэ цогц судалгаан дээрард иргэдээс санал авах бололцоог энэ оны наймдугаар  сараас нээж өгсөн. Орон нутаг болон оролцогч талуудаас одоогийн байдлаар нэлээд олон санал ирээд байна. Санал авах үйл ажиллагаа ирэх арваннэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ. Санал өгөхийг хүсэлтэй хэн бүхэн, та ч бас манай вэбсайтаас тодорхой мэдээлэл авах, эсвэл Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад суман дахь манай салбараар дамжуулан бидэнтэй харилцах боломж нь нээлттэй.