Голда Меир
Давид Бэн-Гурионы араас Голда Меир хэмээх хатагтайг оруулж бичихээс аргагүй юм. Ерөөсөө ХХ зууны Израилийн түүх, ХХ зууны хоёр дахь хагасын Ойрхи Дорнодын олон улсын харилцааны түүхийг бүтээгчдийн нэрсийн жагсаалтад энэ эмэгтэй зайлшгүй хүндтэй, сонирхолтой байр эзэлдэг юм.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд болох Баабар, Баярхүү нар “Манай зууны хөрөг” хэмээх хамтын бүтээлээ 1997 онд уншигчиддаа толилуулсан. Түүнээс хойш олон жил өнгөрч, шинэ зуун гарч, уг номд бичигдсэн улс төрийн зүтгэтнүүдийн үүх түүхийг баяжуулах үйл явдал дэлхийд чамгүй ихээр өрнөжээ. Олон улсын харилцааны агуулга, дүр төрх ч эрчтэй өөрчлөгдөж шинэчлэгдлээ. Шинэ зууны хөргийг бичилцэж буй улс төрчид ч олноороо төрөн гарч ирлээ. Иймд хоёр зохиогч маань хамтын бүтээлээ нэмж баяжуулан “Ертөнцийн шинэхэн түүхийг бүтээгчид” хэмээх шинэ бүтээлээ туурьвиж дуусч байна. Шинэ номд орж буй нэг зүтгэлтнээр төлөөлүүлэн нэг хэсгийг нь уншигчиддаа урьдчилан танилцуулъя – baabar.mn
Давид Бэн-Гурионы араас Голда Меир хэмээх хатагтайг оруулж бичихээс аргагүй юм. Ерөөсөө ХХ зууны Израилийн түүх, ХХ зууны хоёр дахь хагасын Ойрхи Дорнодын олон улсын харилцааны түүхийг бүтээгчдийн нэрсийн жагсаалтад энэ эмэгтэй зайлшгүй хүндтэй, сонирхолтой байр эзэлдэг юм. Жүүдүүд 2000 жилийн түүхэндээ бүсгүй хүнээр төрөө удирдуулж байсангүй, одоо ч удирдуулаагүй байна. Мэдээж 2000 жилийн доторхи 5 жил гэдэг тооцож үзээд байх хугацаа биш. Гэхдээ энд ХХ зууны хоёрдугаар хагаст жүүдүүд төр улсаа сэргээснээс хойшхи 60 гаруй жилээр авч үзэж байна.

Зөвлөлтийн еврей (оросоор еврей гэж нэрлэдэг тул тэр үгээр нь бичлээ–Зох) сэхээтнүүдийг Сталин дэлхийн II дайны дараа дахин хэлмэгдүүлж эхэлсэн тэр үед Голда Меир Москвад суух анхны Элчин сайдаар томилогдож ажилласан. СССР улс Израилийг хүлээн зөвшөөрлөө, анхны Элчин сайдыг нь хүлээн авлаа, тэр нь Киевт төрж өссөн эмэгтэй байна гэдэгт баярлаж бахдсан, уухайлсан мянга мянган еврей түүнийг угтахаар Москвагийн гол синагог Рош-Гашанд цуглаж байсныг Сталин ёстой нэг хариулах шиг болсон доо. Коммунист нам, Зөвлөлт төр, хэрэг дээрээ Сталины өөрийнх нь дэглэмд муусайн еврейчүүд бодит заналхийлэл учруулж эхэллээ гэсэн хардлагаар синагогт цугларагсдын ихэнхийг нь ГУЛАГ-ууд руу цөлж шийтгэсэн. Ер нь еврейтэй холбоотой сонин хэвлэл, олон нийтийн байгууллагуудыг бүгдийг хааж тараасны дотор Эх орны дайнд түүхэн үүргээ гүйцэтгэсэн Антифашист еврейн хороо ордог. Тусгаар тогтнолынхоо төлөө дайны жилүүдэд Чехословак, Югославаар дамжуулан Зөвлөлтөөс зэвсэг–техникийн үлэмж тусламж авч чадсан нь хатагтай Элчин сайдын чармайлтын үр дүн гэж бичсэн нь бий. Тэр Зөвлөлтийн удирдлагынхантай найрсаг харилцааг чадлын хэрээр хадгалж байхыг зорьсон ч Сталин, түүний дотоодыг хамгаалахынхны мөрдлөг хавчлага хэрээс хэтэрсэн учраас Москваг орхин нутагтаа буцсан. Гэхдээ л түүхэндээ Зөвлөлтийн еврейчүүдэд хамгийн их сэтгэгдэл төрүүлж, хамгийн их нөлөөлж чадсан жүүд хүнээр тэр тодорсон юм.

Голда Меир Леви Эшколыг залгамжлан 1969 онд Ерөнхий болсон нь түүний хувьд, улс орных нь түүхийн хамгийн сонин онцгой үе байсан юм. Тэрээр Ерөнхий сайд болтлоо хөрш палестины арабчуудын талаар хамгийн хатуу бодлого баримтлагчдын нэг байсан. Эрец-Исраэль буюу палестины араб улс Израильтай зэрэгцэн оршихын эсрэг анхнаасаа Голда тэмцсэн. Жүүдийн өөр нэг шинэ улс Палестинтай зэрэг оршихыг эсэргүүцсэн Арабын хэсэг орон Израиль Улс тусгаар тогтнолоо зарлаад ганц ч хоноогүй байхад хэдэн талаас нь халдан довтолсны улмаас Голдад тийм хатуу үзэл төлөвшсөн болов уу. Энэ дайн жил тойрон үргэлжилж “палестины араб дүрвэгсэд” гэх томхон хамтын нийгэмлэг олон улсын тавцанд бий болсон. Палестины араб улс Израильтай зэрэгцэн орших албагүй, тэднийг СССР-ийн Дундад Ази руу нүүлгэн аваачиж, хагас сая хүн ам бүхий өөртөө засах муж буюу холбооны бүгд найрамдах улс байгуулъя хэмээн Зөвлөлт Украины төлөөлөгч Д.З.Маниульский 1948 оны намар НҮБ-ын индэр дээрээс санал дэвшүүлж байсныг бодохул энэ нь тухайн үеийн Зөвлөлт Засгийн газрын байр суурь байсан байх. Тиймдээ ч Палестины тусдаа улс байгуулахгүй гэсэн Голда Меирын хатуу үзэл анхнаасаа түүнд төлөвшсөн байв уу, Москвагийн нөлөөгөөр үүсэв үү гэдэг нь ялгаж салгахад бэрх асуудал аж. Ямартай ч 1969 онд Ерөнхий сайд болсноосоо хойш Голда Меир тэр үзлээсээ эргэж зөөлөрсөн юм. Араб-Израилийн мөргөлдөөнийг эв зүйгээр, хэлэлцээний замаар зохицуулах, хөрш Египеттэй олон арван жилээр сунжирсан дайны байдалтай байгааг зогсоох талаар чармайлт гаргаж эхэлжээ. Тэгэхдээ энэ дайн мөргөлдөөнд эх хүний сэтгэлээр хандсан. Египетийн цэргүүд алдагдаж байж л энх тайван тогтож байна хэмээн Египетийн Ерөнхийлөгч Гамаль Насер үздэг бол израилийн цэргүүд алагдсаар байх нь түүний хувьд, эх хүний хувьд хамгийн хөндүүр сэдэв нь байсан юм.

“Төмөр хатагтай” хэмээн Британийн Ерөнхий сайд асан танил хатагтайг нийтээрээ шахуу нэрлэдэг. Харин жүүдийн төр улсын энэхүү эмэгтэйг тэгж нэрлэсэн нь ном зохиолд төдийлөн тааралддаггүй. Тэгвэл яалт ч үгүй түүхээр шалгагдсан төмөр хатагтайгаар Израилийн 5 дахь Ерөнхий сайд Голда Меирийг эргэлзээгүй нэрлэмээр байна.
* * *