Алдагдсан хүүхдийн мөнгө сэргэлээ. Үнэхээр сайхан мэдээ биш гэж үү.

Шинэ Засгийн газрын гаргасан хамгийн гэгээн шийдвэр энэ болов. Үлдэх өгөөж муутай, халамжийн хавтгайрсан нялуун бодлогын дүрээ өөрчилсөн бас нэг хувилбар хэмээн шүүмжлэх хэсэг байгаа ч энэ төслийг бид илүү гэрэл гэгээтэй нүдээр харах ёстой юм. Санхүүчид бол ууртай байна. Тэднийг буруутгах аргагүй. Учир нь энэ ертөнцийн гарлага зарлага хийгээд орлого баялагийг тооцоолон дэнсэлж суудаг хамгийн бодитой улсууд бол тэд  байдаг. Зөвхөн энэ оны байдлаар “хүүхдийн мөнгө” гэх энэ хачин хөтөлбөрт 60 орчим тэрбум төгрөг зарцуулах нь байна шүү дээ. Тэрний оронд сургууль, цэцэрлэг барья л даа гэж бухимдаж байгаа эдийн засагчдийг ойлгож байна.  Гэвч иргэн бүрт  сар бүхэн 21 мянган төгрөг тараах,  оюутнуудад сар бүхэн цалин өгөхтэй жишишгүй өгөөжтэй,  өрхийн амжиргаанд тодорхой хэмжээгээр дэм болж чадах энэ хөтөлбөрийг нийгэм харьцангуй таатай хүлээж авч байна. Иргэдийн гар дээр очих замыг нь ч элдэв хүндрэлгүй зохицуулах бодлогыг давхар хийж өгсөн болохоор бүр ч дэмжиж байгаа бололтой.  Ийнхүү “Хүний хөгжил сан”-гаар дамжуулж 0-18 насны хүүхэд бүхэнд ирэх аравдугаар сарын 1-нээс 20 мянган төгрөг олгохоор болов. Сүүлийн жилүүдэд манай нийгмийг хэт хангалуун, хэт ядуу хэмээсэн хоёрхон ангилалд хуваагдах боллоо гэсэн шүүмжлэл нэлээд өрнөсөн. Хэт тасарсан хэсгийнхний нүдэнд энэ хөтөлбөр харагдахгүй. Харин өрх толгойлсон эмэгтэй, эмзэг бүлэгт хамрагдах  айлуудад энэ шийдвэр баяр хөөр дагуулан очсон гэдэгт маргах хэрэггүй. Мөн сүүлийн жилүүдэд аливаа юм ингээд л дуулиан татуулсаар эхлэдэг. Тэгэсхийгээд л элдэв гачаал, тооцоолшгүй хүндрэл үүслээ гэх шалтаг шалтгаан гаргаж ирээд л зогсоочихдог доо гэсэн итгэж ядсан байр суурь бас иргэдийн дотор байна. Бид итгэх дэмжих юмандаа итгэж, дэмжиж сурмаар байна. Итгэлээ алдчихвал, дэмжих урам зоригоо гээчихвэл манай нийгэм улам л бүүдийнэ шүү дээ. 

Хүүхдийн мөнгөнд шаардагдах хөрөнгийг тухай бүрт нь санхүүжүүлэх, хүүхдийн мөнгө олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахтай холбогдуулан маягт хэвлэх, сургалт, сурталчилгаа хийх, холбогдох программ боловсруулах зардалд зориулан 154.8 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргах болжээ. Үндэсний статистикийн хорооны 2011 оны тайлангаар бол Монгол Улсад 0-18 хүртэлх насны 967.9 мянган хүүхэд байдаг аж. Тиймээс эдгээр хүүхдэд сар бүр 20000 төгрөг олгоход 2012 онд 58.1 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо гараад байгаа юм. 

Хүүхдийн мөнгө хүүхдэдээ авах хүсэлтэй иргэд харьяа хороо дүүргийнхээ засаг захиргаагаар дамжуулан хүсэлтээ гаргана. Авах хүсэлгүй нь авахгүй байх боломжтой. Бүх юм чөлөөтэй. Авах нь авна. Авахгүйг нь албадахгүй.энэ ч гэсэн цоо шинэ бодлого.

Бидий амьдрал нийтээрээ дээшилчихээгүй байна. Өмнөх Засгийн газрын үед явуулсан иргэн бүрт олгох 21000 төгрөг яг өрхийн амьдралыг өндийлгөөд ирсэн дэмжлэг болж чадса уу гэвэл үгүй. Эрчүүдийн архины мөнгө, эхнэрүүдийн нулимстай өдрүүд болж хувирсан гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй. 21000 төгрөгийг тараах үеэр архидан согтуурсан, агсан тавьсан, гэмт хэрэг үйлдсэн дуудлага эрс ихэсдэг тухай цагдаагийнхан тодорхой судалгаатай мэдэгддэг.   Харин хүүхдийн мөнгө хар сүүдэр дагуулахгүй. Энэ мөнгө ээжүүдийн гараар дамжина. Эх хүн үр хүүхдээсээ хумслахгүй.

******        *********             *******          *******     

Эдийн засгийн хямрал айлсаад буучихлаа шүү  гээд эдийн засагчид анхааруулаад эхэллээ. Энэ хонх дуугараад эхлэсэн нь бас үнэн. Хоёр хөршийн байдал гэхэд бидний “чагнах” хамгийн бодитой барометр.  Жишээ нь, Хятадын эдийн засгийн байдал дэлхий нийтийн анхааралд байна. Тэдний “Үндэсний нүүрсний ассоциаци” түгшүүртэй мэдэгдлүүд хийж эхэллээ. Хятадын нүүрс олборлогч томоохон  компаниудын орлого эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.8 хувиар буурсан байна. Гангийн үйлдвэрлэл багасаж, нүүрсний импорт нь 82.8 хувиар буурав. Энэ бууралт манай бууралт болж байна. Нүүрсний экспорт маань буурч байгаа нь бидний  хараат байдлын хамийн тод илрэл  болохоор эдийн засагчид уурлах нь зүйн хэрэг.

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж эхлэсэн нь бидний түгшүүр яах аргагүй мөн. Энэ байр байдал уналт  лав хоёр гурван жил үргэлжилнэ гэж эдийн засагчид хэлж байна. Хэрэв тэгвэл уул уурхай дээр түшиглэж хөгжлийнхөө бүх бодлогыг  зурж байгаа манай улс хүндэрнэ.  Хар алтны хаанчлал хазайж, их гүрнүүдийн эдийн засгийг хямраааж байгаа энэ үед бид хэрхэх вэ. Арваад жил хэрэлдэж хэлцэж байж арай гэж баталсан “Оюутолгой”-н гэрээгээ ч буцаана цуцлана болон хашгиралдаж, хөрөнгө оруулагчдыг үргээсэн дүрэмгүй улс төрөө хийсээр байх уу. Шинэ Засгийн газрын төрх төлөвийг шинжсэн ажиглалтын байдалд шилжээд байгаа хөрөнгө оруулагчидтай ийм далан задгай, тархай бутархай, нэгдмэл бус өрөг дээр тоглох уу. Бид дотоодын дажиндаа хичнээн их цаг хугацааг зарцуулж байна вэ. Биднийг ингэж гэрээ нураачих шахан хэрэлдэж байх хооронд дэлхий нийт өөр зүйлд анхаарлаа хандуулж байна.

Бид дотоодын бизнесүүдээ нураах, хавчих бодлого явуулан, барьсан байшинг буулгах, боссон хөрөнгөтнүүдээ баривчлах, шалга хорих тухай л ярьж байна. Ийм сондгой дуу дуулж суух цаг харин биш байдаг.

Халамжийн бодлогуудыг цэгцэлж, “Хүүхдийн мөнгө” зэрэг ганц нэг дорвитой, гэрэл гэгээтэй төслүүдээ явуулъя. Газар тариалангаас авах ашгаа бороонд нүдүүлж, цасанд даруулчихалгүй бүрэн бүтэн авцгаая. Хэрүүл тэмцлээ хойш тавьж, хэлэлцээрийн ширээний ард, дүрэмтэй тоглож сурцгаая. Гадна талд байдал эвгүйтэж эхлэлээ шүү.