Ц.Сандуй: Бид хожигдолтойгоо эвлэрч чадахгүй яваад байна, одоо энэ үнэнийг хүлээж аваад зүтгэцгээе
“Ярилцъя” та бүхэнтэй ямагт шинэ содон зочин уулзуулдаг заншлаараа энэ удаа ч бас улс төрийн хүрээнийхний хамгийн их сонирхож байгаа нэгэн эрхмийг уулзуулж байна.
“Ярилцъя” та бүхэнтэй ямагт шинэ содон зочин уулзуулдаг заншлаараа энэ удаа ч бас улс төрийн хүрээнийхний хамгийн их сонирхож байгаа нэгэн эрхмийг уулзуулж байна. Тэр бол Нийслэлийн МАН-ын даргаар томилогдоод удаагүй байгаа ноён Ц.Сандуй юм. Бидний таньж ядан буй, сонирхож сонжин, итгэж бас үл итгэн байгаа энэ залуугийн яриа уншигч танд таалагдана хэмээн найднам.
-МАН-ын Нийслэлийн намын дарга хэн гэдэг залуу болчихов оо, ямар замаар гарч ирсэн залуу вэ. Яагаад заавал тэр юм бол...гэсэн олон асуултууд өөрийг тань тойрч байна. Улс төрийн утгаараа энэ бол маш том албан тушаал. Өмнө нь танай намын хүчтэй лидерүүд энэ албыг хашиж байсан. Гэтэл та бол улс төрд танигдаагүй хүн. Энэ явдал таны хувьд юу вэ. Урьдаас тооцож, мөрөөдөж явсан зүйлийн тань нэг хэсэг үү, эсвэл биш үү?
-Би бол Цэндсүрэнгийн Сандуй. Улаанбаатарын унаган иргэн. 40 мянгатад төрсөн. Яг өссөн газар маань гэвэл 220 мянгат гэж одоогийн нэгдүгээр сургуулийн урд талын тавдугаар байранд хүүхэд насаа, арван жилийн үеүдээ өнгөрөөсөн. Нэгдүгээр сургуульд элсэн ороод сүүлд 31-р сургууль гэж шинээр байгуулагдахад тийшээ шилжиж, улмаар дунд сургуулиа 1988 онд төгссөн. Хүүхэд нас маань социализмын үед өнгөрсөн болохоор бидний үеийнхний ихэнх залуусын намтарт төстэй зүйлс олон байдаг. Дунд сургуулиа төгсөөд Москвагийн Эдийн засаг, статистикийн дээд сургуульд элсэн орж байлаа. Сургуулиа 1995 онд төгссөн.
-Москвагийн Эдийн засаг, статистикийн дээд сургуулийг манай хуучны томчуудаас нэлээн хэдэн хүн төгссөн байдаг шиг санаж байна. Алдартай сургууль төссөн юм байна?
-Мэдээж төгссөн сургуулиараа бахархалгүй яахав. Энэ сургуулийн хувьд ярих юм бол манай дээр үеийн алдартнууд, томчуудаас нэрлэвэл жишээ нь, П.Жасрай гуай төгссөн байдаг юм. Д.Бямбасүрэн гуай төгссөн байдаг. Дунд үеийнхнээс гэвэл Н.Батбаяр, Г.Үнэнбат, Ц.Баярсайхан нар төгссөн юм байна лээ. Би нэлээн сүүл үеийн төгсөгч байх. Улсын зардлаар сурсан хүүхдүүдийн төгсгөл нь л байсан болов уу. Миний сурч байсан үе зах зээлийн ид бужигнаантай, яг шилжилтийн үе байсан.
-Тийм л дээ. Их олон оюутан буцаж ирж байсан санагдана. Эндээс төлбөр хийгдэхээ больж, тэнд гадаадын оюутнуудыг байтугай өөрсдийгөө яая гэсэн хүндхэн үе байсан ?
-Надад ч бас буцдаг юм билүү гэх хүнд үе тохиолдож л байсан. Орост Эдийн засгийн байдал хүндэрчихсэн, мөнгө төгрөг олдохгүй, хүнс хоолны хомсдол, бараа бүтээгдэхүүний хомсдол гээд олон юм нүүрлэсэн үе байлаа. Тэр хүнд үеийг биеэрээ үзсээн. Гурван төрийн нүүрийг үзнэ гэдэг шиг тэнд ч энд ч төрийн эргэлтийг үзэж байлаа. Шинэ Орос улс байгуулагдаж байхыг, коммунист намыг нь хаагдаж байхыг нь ч харлаа. Яг тэр үеийн оюутан болохоор бүх юм нүдэн дээр өрнөж байсан. Тэр үеийн оюутнуудын одоогийнхоос ялгаатай нэг онцлог нь яг ганзагын наймааны үе байсан. Бид нар ч татагдан орсон. Мэдээж тухайн үед хүн болгоны л хийж байсан ажил. Эх орон руугаа бөөн бөөнөөрөө буцах урсгал өрнөж, надад ч буцах бодол төрж байсан л даа. Тэгээд аавтайгаа ярьж зөвлөлөө. Хориодхон настай хүүхэд байсан болохоор бас хэцүү л байсан. Тэгээд буцах талаар аавтайгаа ярьж үзтэл аав маань “Миний хүү гүрийгээд сургуулиа төгс, дуусга. Ямар ч байсан номоо сурч дуусга. Наадах чинь чиний ирээдүй шүү, тийм учраас наадахаа дуусга. Аав ээж нь эндээс чадахаараа тусалж дэмжинэ гэж хэлсэн. Тэгээд л сурч, хажуугаар нь чөлөөт цагаараа наймаа хийж эхэлсэн. Өөрийгөө авч явах зайлшгүй шаардлага тулгарсан. Бүгдийг нь зэрэгцүүлээд явсан. Зохих хэмжээнд очсон. Дараа нь сургуулиа төгсөөд сургуульдаа аспирантурт элссэн. Тэгээд сэдвээ авах гээд монголд ирсэн юм. Шалгалтандаа тэнцчихээд наашаа ирж байгаа нь тэр. Монголд зах зээлд шилжээд, өмч хувьчлалын асуудал ид явагдаж, цэнхэр ягаан тасалбарууд яригдаж байсан яг тэр үе. Улс төрийн байдал ч өөрчлөгдсөн. Тэгээд 1996 онд сонгууль болдог юмаа. Манай аав Их хуралд дэвшсэн. Сонгинохайрхан дүүрэгт Л.Энэбиш дарга, манай аав Баянхошуунд гээд тал талд дэвшээд бөөн ажил ундарсан.
-Агуу их ялагдлын сонгууль?
-1996 он. Бөөнөөрөө ороод ялагддаг тэр сонгууль. Тэгж л анх улс төр гэж юу байдаг юм бэ. Улс төрийн сонгууль гэж юу болдог юм гэдгийг нүдээрээ харж байгаа юм л даа. Тухайн үед манай монголчууд улс төрийг сайн сонирхдоггүй, нарийн ширийн мэддэггүй байсан шүү дээ.
-Оросын өөрчлөн байгуулалт хувьд хүнд байтугай нэг системд хамрагдаж явсан улс орнууддаа ч нэлэнхүйдээ үсэрхийлсэн том үзэгдэл. Энэ том үйл явдлын голомтонд сурч байсан залуу яагаад тэр үеийн МАХН руу орсон юм бол доо гэж бодож суусан юм. Нээрээ таны аав МАХН-ын зүтгэлтэн хүн шүү дээ?
-Тийм л дээ. Удирдах бүрэлдэхүүнд нь байсан, хотын намын хороонд.
-Цэндсүрэн гуай яг юуны дарга байлаа?
-Хотын намын хорооны намын хянан шалгах комиссын дарга байсан. Тухайн үед Алтангэрэл даргын үед ажиллаж байсан. Манай аав чинь Мөнхжаргал гуайг хотын дарга байхад орлогч хийж байсан хүн шүү дээ.
-Удам дамжсан хотын зүтгэлтэн юм байна?
-Түүхээрээ бол тийм л дээ. Нөгөө эмчийн хүүхэд эмч, багшийн хүүхэд багш гэдэг шиг хотод ажиллаж, бүх амьдралаараа энэ айлтай холбогдсон хүний хүүхэд болоод тэр үү ирээд хотдоо л ажилласан. Миний ээж бас хотын захиргаанд 20 жил ажиллаад дөрвөн хүүхэд төрүүлсэн гэдгээр тэтгэвэрт гарч байсан.
-Ээж тань юу хийдэг байсан бэ?
-Статистикийн товчоо гэж байсан юм. Тэнд мэргэжилтэн байсан. 20 жил тасралтгүй ажилласан.
-За, тэгээд Монголд хүрээд иртэл сонгууль болж байжээ. Аав дэвшиж байдаг, шууд л дайчлагдсан уу?
-Дөнгөж иртэл сонгууль. Тухайн үед улс төрийг нарийн мэдэхгүй. Аавын хүү юм чинь аавдаа туслах ёстой. Тэгээд л тэр Баянхошуу, Толгойтоор явж өгсөн. Уулзалт хийгээд л явна. Материал энэ тэр тараах нь одооныхыг бодвол харьцангуй гайгүй. Хүмүүс итгэл үнэмшил дээрээ тулгуурлаад л саналаа өгдөг байсан. Гэхдээ ер нь нийгмийн сэтгэл зүй тэр үед эрс шинэ өөрчлөлтийг хүсчихсэн байсан. Яг тэр үед нь манай аав нэр дэвших үүрэг хүлээчихсэн. Сонгууль ч дууслаа. МАХН УИХ-д цөөнх болсон. 25 суудал авсан билүү. Аав маань тэр үед одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгтэй өрсөлдөж байсан. Ч.Сайханбилэг анх тэгж гарч ирж байсан. Аав надад тэр үед “Ер нь миний хүү Монгол улсдаа, тэр дундаа энэ Нийслэл хотдоо зүтгэх ёстой хүн шүү. Аав ээж хоёр нь насаараа энд зүтгэсэн. Ер нь төрийн алба гэж сайхан алба шүү. Миний хүү Төрийн албанд ор, эхлээд чи жаахан ажлын туршлага, дадлагатай болчих. Тэгээд үргэлжлүүлж эрдмийнхээ ажлыг хийж болно шүү дээ” гэж хэлсэн юм. Тухайн үед Төрийн өмчийн хороо гэж байгууллага байгуулагдах тухай сураг сонсогдоод л. Яагаад ч юм би эдийн засагч хүн болохоор өмчийн олон хэлбэрт шилжиж байгаа, өмч хувьчлалын үйл явц эхэлж байгаа тэр цаг үе ч таарсан, санаа бодол энэ бүх үйл явц руу татагдаад, сонирхоод байсан. Тухайн үед орон нутгийн сонгуульд МАН олонх болсон ч Ж.Наранцацралт агсан хотын даргаар томилогдсон. Тэр үед манай нэг нагац ах надад зөвлөөд “Миний дүү, газар гэдэг нэг ийм шинэ ойлголт байна”. Ийм ийм учиртай гээд л баахан шинэ сонин зүйл ярьлаа. Монголчууд бидэнд газрын ойлголт алга. Миний дүү энд ор” гээд л ах маань ятгалаа. Тэгээд санаандгүй нэг өдөр очоод уулзсан. Тухайн үеийн шалгуурт нь тэнцсэн юм уу, газрын албанд анх орчихсон юм. Ингээд ажилласан. Тухайн үедээ газрын олон үйл ажиллагааг хийж байсан. Дөнгөж л бид эхлүүлж байсан. Газрын тухай хууль батлагдаад, тэгээд л анхны газрын бүртгэлийн ажлууд хийгдэж, газрын түрээсийн төлбөр гэх мэт цоо шинэ асуудлууд гарч ирж. Түүнийгээ иргэдэд тайлбарлан таниулахаас эхлээд асар олон үе шаттай ажлуудыг хийж эхэлсэн л дээ. Дөнгөж төгсөөд ирсэн болохоор мэргэжилтнээр ажиллалаа. Үнэндээ би газрын албаны дарга болно гэж ерөөсөө бодоогүй байсан. Ерөнхийдөө ажлаа сайн хийе, эхлээд аавынхаа хэмжээнд хүртэл ажиллая гэсэн бодол байгаагүй биш байсан. Би энийг нуухгүй. Миний аав хотын орлогч дарга байсан юм чинь ямар ч гэсэн аавынхаа хэмжээнд хүрнэ, ямар ч гэсэн хотын орлогч дарга болно гэсэн тийм нэг мөрөөдөл хүүхдэд байна ш дээ. Тийм бахархлаар л би энэ хоттой амьдралаа холбосон юм.
-Цэлмэг гэдэг даргын дараа тэнд очсон юм уу?
-Намайг байхад Даваабаатар гэдэг дарга байсан юм. Дараа нь МАН сонгуулиар олонх болоод Цэлмэг дарга томилогдож ирсэн. Тэр үед би хэлтсийн даргаар ажиллаж байсан.
-Хэдэн онд намд элссэн юм бэ?
-Би 2000 онд элссэн.
-Намын даргаар Н.Энхбаяр ажиллаж байсан үе биз дээ?
-Тийм, М.Энхболд дарга Хотын намын хорооны дарга байсан. Тэр үед би намд элссэн. Газрын албанд Цэлмэг даргатай дөрвөн жил ажилласан. Тэгэхэд би газрын Ерөнхий төлөвлөгөө, гэрээний хэлтсийн дарга байсан. Дараа нь Төмөрхуяг даргатай хамт ажилласан. Цэлмэг даргын үед чинь Хот байгуулалт газрын харилцаа гэж нэг байгууллага байж байгаад,тэгээд 2003 онд газрын тухай хууль шинээр батлагдаад газрын тухай өмчлөлийн асуудал яригдангуут газрын алба гэж хоёр салаад Төмөрхуяг дарга газрын хэсгээ аваад салсан. Би нэг хэлтсийн даргаар нь томилогдож ажилласан.
-Газартай холбоотой хамгийн алдартай хүмүүсийн нэрс байх шив?
-Төмөрхуяг даргын дараа 2008 оны 06-р сард би Нийслэлийн газрын албаны дарга гэж хариуцлагатай албыг хаших болсон.
-Тэр үед Хотын дарга хэн байсан билээ?
-Т.Билэгт дарга байсан. Алдартай нөхдүүдийн нэр дуулдаж байна гэж та хэллээ. Ний нуугүй хэлэхэд би тэр үед дотроо боддог байсан. Тэртээ тэргүй энэ албан тушаалыг хэн ч хашч байсан хүмүүсийн хүсэлтийг шийдвэрлэх л байсан. Гарын үсэг зурах, шийдвэр гаргах нь гарцаагүй шүү дээ гэж. Газар олгогдож байж л энэ барилга байшингууд баригдана. Газар олгогдож байж л газрын эрэлт хэрэгцээ үүсч, газар гэдэг зүйлийн үнэ цэнийг ойлгох ойлголт өөрөө бий болж явсан биз дээ. Энэ ойлголтыг дагаж эрэлт үүсэнгүүт хардалт гэдэг юм давхар дагана. Энэ бол бараг жам ёсны зүйл биш гэж үү.
-Хотод өөрт нь мөнгө босгож өгдөг бизнес болгож чадаагүй, хотын зүтгэлтнүүдийн хувийн бизнес болгосонд учир нь байдаг юм биш үү. Сүүлдээ газар гэдэг зүйл хэн нэгийгээ харлуулж унагахын тулд дардаг бараан тамга болж хувирлаа шүү дээ?
-Би яг газрын албанд ороод энэ сэтгэл зүйг өөрчлөе гэж бодож ажилласан. Сүүлийн дөрвөн жилд 2008-2012 оны тавдугаар сар хүртэл би таны саяны хөндсөн энэ буруу ойлголтыг өөрчлөе гэдэг тал руу нэлээн анхаарал хандуулж ажилласан л даа. Одоо ч гэсэн би хийсэн ажлаараа бахархдаг. Үнэхээр энэ ажил өөрөө маш их хар дагуулдаг юмаа. Гэхдээ газар олгодог хэсэг дээр нь л хүн харддаг байхгүй юу. Яг газрын албаны үйл ажиллагааны бүтэц гэж маш том үйл ажиллагаа байдаг юм. Газрын бүртгэлийн асуудал, зураглал, төлөвлөлт, төлбөр хураамж гээд асар өргөн бүтэцтэй
-Газраар хөлжсөн гэж зарим хүмүүсийг их чичилдэг. Мэдээж би таниас М.Энхболд даргын тухай асууна, Т.Бадамжунайгийн тухай асууна. “Хотын бүлэг”-ийн тухай яриа зайлшгүй хөндөгдөнө. Хэрвээ би энэ тухай асуухгүй бол хэтэрхий тал зассан сэтгүүлч болж таарна шүү дээ?
-Улс төрд танигдаагүй шинэ хүн гэж та ярианыхаа эхэнд онцолж байсан. Тэр үнэн. Ямар асуулт тавих нь таны эрх шүү дээ. Би байгаагаараа л хариулъя.
-М.Энхболд даргыг жишээ нь газар гэсэн том хардлага дагадаг. М.Энхболд дээшээ явбал сайн сан. Даан ч газар нь татаад унагачихна даа гэж таксины жолооч хүртэл ярьж байдаг. Одоо харж байхад хотын төвийн бүх үнэ цэнэтэй газруудад MCS, Бодь, Жигүүр гранд, Макс зэрэг том компаниуд л гоёмсог барилгууд босгосон байх юм. Улаанбаатарын өнгө төрх асар өөрчлөгдсөн. М.Энхболдын хувьдаа барьсан барилга гэж байхгүй гэдэг ч яагаад гарч ирээд энэ газрыг тэдэн онд ингэж шийдсэн юм, хотод ийм мөнгө орсон юм. Одоо энэн дээр ийм барилга байгуулсан байна. Энэ бол MCS-ийнх гээд зоригтойгоор ярьж чадахгүй загнуулаад суугаад байдаг юм бол?
-Энэ сэдвээр хардуулж сэрдүүлж амьдарч яваа хүмүүсийн талаар, ташаа тааруу тавигдчихсан энэ ойлголтын тухай зөндөө бодож, олон жил энэ чиглэлээр ажиллах гэж хичээсэн гэж би хэлсэн.
-Ийм зовлонтой нэр хоч зүүдэг замаар дараагийн үе нь ч гэсэн явж байна шүү дээ. Таныг дарга болсны дараа нэг FM-ээр “Газар үнэрлэн гүйж яваа, ганц морийг битгий үргээгээрэй”...гэсэн үгтэй дууг танд зориулж явуулж байсан?
-Тийм үү.
-Та том улс төр лүү пал хийтэл ороод ирлээ. Цэндсүрэн гуайн нэрээр биш, “Хотын бүлэг”-ийн хүн гэх улс төрийн овог таны нэрний өмнө яригдаж байна. “Хотын бүлэг” гэдэг фракцийн тухай таны бодлыг сонирхмоор байна?
-Би улс төрийн халуун амьдралд орж ирлээ. Бүлэглэл фракц гээд улс төрд явж байгаа хүмүүсийг янз бүрээр л ярьдаг. Миний хувьд гэвэл би яг энэ Улаанбаатар хотод төрсөн хүн байхгүй юу. Энэ хот надтай, би энэ хоттой салшгүй холбоотой. Миний аав, ээжийн бүх түүх намтар энэ хоттой холбоотой. “Би хотын хүн” гэсэн үзэл надад гүн бат байдаг. Тийм учраас би хот гэдэг энэ ойлголтоо дагаж, үүний төлөө өөрийн залуу насыг зориулж яваа л хүн. Тэрнээс хэн нэгэн улстөрчийн ч юмуу, хэн нэгэн намын даргын суганд очиж орох ямар ч хүсэл надад үнэндээ байгаагүй. Би өнөөдрийг болтол өөрийн бодлоороо л явсан. Би газрын албанд ажилладаг байхдаа ч гэсэн яг өөрийн бодлоор, өөрийн баримталдаг зарчмаар ажиллаж байсан. Хэн нэгэн даргын, хэн нэгэн хүний шахалтанд би дургүй байдаг байсан. Яг ний нуугүй хэлэхэд. Одоо яая гэхэв. Улс төрийн өнцгөөс “Энэ хотын фракцийн хүн байна даа” гээд харахад гарцаа байхгүй л тэгж харагдах байх. Би хотод ажиллаж байсан, өөр хаана ч ажиллаагүй. Ээж аав маань ч хотод насан турш зүтгэсэн, би өөрөө хот гэдэг юмнаас яагаад ч салж чадахгүй. Хэрэв энэ байр байдлыг маань заавал бүлэглэлд хамаатуулж авч үзнэ гэвэл би илүү тайлбар өгч чадахгүй нь дээ. Би нэг юмыг хэлье. Яг хотод ажилласан хүн ажиллаж, ачаа үүрч сурдаг юм аа. Ямар ч хэцүү ажлыг хийгээд сурчихсан байдаг юм. Гаднаас нь юу ч гэж хэлж байсан ажрах завдалгүй ажиллаж сурдаг. Жингэр нохой хуцаж л байг, жингийн цуваа явж л байна гэдэг шиг элдэв хэл үгийг тоодоггүй. Тийм зав ч байдаггүй. Ажил хийж байгаа хүн урагшаа л хараад зүтгэхээс ардаа ямар хардлагатай, ямар хохиролтой үлдэж байгаагаа харж мэддэггүй. Таны хэлснээр үүн дээр л бид нар алдаж байсан юм байна лээ. Бид ажлаа ойлгуулах, сайн сурталчлах ёстой байсан юм байна лээ. Тэрийгээ хийж чадаагүйгээс маш их хохирол амссан. Энэ жилийн сонгуулийн үр дүнд ч гэсэн бидний энэ хайнга тал нөлөөлсөн байх. Бид буруу ташаа хэлэгдсэн болгоныг зөвтгөх гээд, шүүмжилсэн болгоныг засах гэж яваагүй л юм байна лээ л дээ. Энийг арай өөр өнцгөөс зөв харах ёстой юм байна лээ.
-Намын хорооны дарга болно гэсэн мөрөөдөл байгаагүй гэсэн. Хамгийн анх таньд энэ албыг ав гэж хэн санал тавьсан бэ. Хэрвээ нууц биш бол хэлж болно биз дээ?
-Сонгуулийн үеэр Г.Мөнхбаяр даргатай хамтраад штаб дээр ажиллаж байхад залуучууд бас арай өөрөөр харж байсан байж магадгүй юм. Жишээлбэл, нам ялбал Сандуй нэлээн том байр суурь бүхий орон зайд гарч ирж ажиллах юм байна шүү гэж. Гэхдээ бид нар сонгуульд ялагдсан. Сонгуульд ялагдсаныхаа дараа маш олон хүнтэй уулзсан. Тухайн үед миний толгойд намын дарга марга гэсэн асуудал огт байгаагүй. Бид сонгуульд ялагдлаа. Энэ үнэн. Энэ үнэнийг харин гүйцэт хүлээж авмаар байна. Наадмаар хүртэл манай зарим хүмүүс шокноосоо гараагүй л явж байсан. Бид хожигдолтойгоо эвлэрч чадахгүй яваад байна. Уул нь нэг том эвлэрээд ажилдаа орох л ёстой байхгүй юу. Гэтэл эвлэрэхгүй дотроо ингээд бухимдаад яваад байсан. Би ч гэсэн тийм байсан. Гэтэл манай хэсэг найз нар, миний хамт ажилладаг нөхдүүд надад хэлсэн л дээ. Та газрын албанд ирээд бидэнд аягүй их эрч хүч өгч ажилласан, энэ албыг өөрчлөхийн төлөө зүтгэсэн. Та одоо энэ намд зүтгээч. Яахав төр, улс төр хоёр бол өөр өөр талбар. Та нэг талбарт нь олон жил ажиллалаа. Одоо нөгөө талбарт нь менежмент хийгээд, арай нэг залуу хүний өнцгөөс хараад, энэ намыг шинэчлэгдэхэд хүчин зүтгэж болохгүй юу гэсэн саналыг надад тавьсан. Маш олон хүн, дүүргийн засаг дарга, дүүргийн хүмүүс гээд олон хүмүүс хэлсэн. Та ямар ч байсан намын ажил руу ханцуй шамлан орох ёстой шүү гэж. Манай Удирдах зөвлөл, манай намын удирдлагууд мэдээж олон хүн судалсан л байх. Хотоо мэддэг хүн байсан нь дээр гэж үзсэн байх. Мэдээж хотод ажиллаж байсан хүн бол арай давуу талтай байх гэсэн үүднээс сонгосон байх. Намын удирдлагуудаас намайг анх Г.Мөнхбаяр дарга дуудсан. Хамгийн эхэлж дуудсан. “За ингээд бид бол сонгуульд ялагдла. Би намын даргын хувьд улс төрийн хариуцлагаа хүлээнээ. Чамд хотын намын хороогы дарга гэдэг энэ хариуцлагатай, хүндтэй албыг өгнө өө. Маш хүнд үед чамд шилжүүлж байна гэж хэлсэн. Надад яг тухайн үед халшрах сэтгэл төрсөн. Би өөрөөсөө хотын намын хороог авч явж чадах уу, үгүй юу гэж асууж байсан. Ер нь бол надад цэлийсэн том далайн эрэгт очоод хөлөө дүрээд зогсч байна. За тэртээд нэг сайхан арал байгаа, тийшээ ингээд сэлээрэй гэсэн ийм л даалгавар өгсөн юм шиг санагддаг.
-Намын бүх том лидерүүд хотын намын хорооны гишүүд байх. Тэр утгаараа ч, нийслэлийн намын төв аппарат гэдэг утгаараа ч улс төрийн том орон зай. Тэгээд одоо энэ орон зай руу “нүүх”-д хэр итгэлтэй байна вэ. Дарга болоод нэг сар болчихсон биз дээ?
-Арай болоогүй, 20 л хонож байна даа.
-Итгэл төрж байна уу?
-Хотын намын хороо зангарагтай л байх ёстой. Надтай хамгийн эхэлж ирж уулзсан хүмүүс манай намын ахмадууд байсан. Лантуу дарга, Хоролдаваа дарга гээд миний аавтай хамт яг энэ хотын намын хороонд тухайн үед ажиллаж байсан дарга, нарийн бичгийн дарга нар ирсэн л дээ. Өөрсдөө зорьж ирээд халуун дотноор уулзаж, чин сэтгэлээсээ зөвөлгөө өгч, алдаа оноогоо ярилцсан. Тэд нарын хүлээж авч байгаагаар бол би өөрийн хүн нь юм шиг байгаа юм. Намайг хүүхэд байхад л бид айл хөрш явцгаасан, зусланд хамт гардаг тийм байсан. Өөрөөр хэлбэл хар нялхаас маань тэд намайг мэддэг гэсэн үг. Тэгээд зөв хүн гэж хүлээж авч байх шиг байна. Удам судар нь гайгүй хүн гэж үздэг юм шиг байна. Аав нь бас нуруу алдаагүй явсан хүн учраас энэ хүү аваад явчихаж чадах байх гэж итгэж байгаа юм шиг байна. Бас надад хариуцлага үүрүүлэх гэж энэ хүмүүс маань ирж байна гэж ойлгож байгаа.
-“Хотын бүлэг” бол улс төрийн том бүлэг байна. Олон жил тогтвортой байр сууриа хамгаалж байгаа бүлэг. Энэ бол тийм муу юм биш л дээ. Гэхдээ “Хотын бүлэг”-ийн түүхэнд болж байгаагүй том задрал дунд Ц.Сандуй гэдэг залуу хотын намын хороог “авлаа”. Хуучин Хотын дарга байсан Ц.Батбаяр энэ албан тушаал дээр тантай өрсөлдсөн. Их ойрхон саналын зөрүүтэй ялсан гэсэн. Мэдээж намайг яг юу хэлж байгааг та сайн мэдэрч байгаа байх. Энэ өрсөлдөөн танд яг юу өгсөн бэ. Ц.Батбаяртай дараа нь уулзсан уу. Задрал гэж миний томъёолж байгаа зүйлийг та юу гэж ойлгож байна вэ?
-МАН-ын үнэт зүйлсийн нэг нь манай хотын намын хороо. Нийслэлд хамгийн үнэтэй, хамгийн их жин дарах байгууллага нь нийслэлийн МАН-ын хороо. Энэ байгууллага маш олон мянган гишүүнтэй. Таны хэлж байгаа намын бүх л удирдлагууд, бүх томчууд багтдаг. Би маш том байгууллагыг удирдаж авч явах амаргүй үүрэг хүлээснээ хүлээн зөвшөөрч байгаа. Одоо надад ухрах зам байхгүй. Тийм учраас би урагшаа л явна. Би хуйвалдах юмуу, ямар нэгэн байдлаар үгсэх юманд их дургүй л дээ. Яг чин сэтгэлээсээ хүнтэй ярихыг хүсдэг, хүнтэй ойлголцохыг хүсдэг.Намын ажлыг би ерөөсөө л хүнтэй ажиллах ажил гэж ойлгож ирсэн. Тийм учраас хүнтэй л ажиллах ажил гэж хүлээж авч байгаа. Тэрнээс хэн нэгний эрх ашиг, ямар нэг бүлэглэлийн бодлогыг хамгаалаад яваад байх төсөөлөл надад байхгүй. Би тэгж өөрийнхөө бодож байгаа юмны эсрэг ажиллах юм бол энэ ажил дээр ажиллаад ч хэрэггүй. Сандуй Сандуйгаараа л байх ёстой гэж би ойлгож байгаа. Би өрсөлдөөнд орсон. Ц.Батбаяр гэдэг тэр хотын дарга байсан, УИХ-ын гишүүн байсан хүнтэй өрсөлдөж нэг хүний саналаар ялна гэдэг амаргүй явдал шүү дээ. Нэг санал бол мянган санал гэдэг үг ч байдаг. Би юу гэж ойлгосон бэ гэхээр удирдах зөвлөлөөс нэр дэвшигдэж орж ирээд тэгээд заалнаас дэвшсэн хүнээс нэгхэн саналын илүүгээр ялна гэдэг бол Сандуй чи яг алтан дундаж дээр л зогсч байгаа хүн юм байна. Сандуй чи ерөөсөө өөрийнхөөрөө л ажиллаарай гэсэн үнэлгээ юм болов уу гэж бодсон. Чи өөрийнхөө яваарай л гэж өөртөө хатуу хэлсэн. Тийм учраас хэрэв нэг талаараа задрал юм шиг харагдаж байгаа бол нөгөө нэг талын эхлэл гэж л би ойлгож байгаа.
-Улс төрийн цагийнхаа хувьд бол таны ирсэн цаг үнэ цэнэтэй цаг. Хожим таны түүхэнд хамгийн жинтэй баримтуудын нэгээр үлдэх байх л даа. Ер нь бол ялагдсан үед намд ачаа үүрэхээр ирнэ гэдэг хямдхан шийдвэр биш?
-Баярлалаа.
-Та өнгөрсөн хугацаанд төрийн албан хаагч байсан. Гэхдээ таныг эдийн засгийн хувьд хүний халаасанд орчихоор хүн биш гэж зарим улстөрчид хэлж байхыг сонссон. Хүний эрхшээлд орчихгүй эдийн засгийн тусгаар тогтнолтой явна гэдэг маш том бололцоо. Танайхан удам дамжсан төрийн улс юм байна. Миний тандаад байгаа энэ бололцоог харин яаж босгосон бэ?
-Би түрүүн танд хэлж байсан. Төрийн албанд орохоос өмнө наймаа хийх гэж , хөл дээрээ босох гэж зөндөө л юм үзсэн гэж. Одоо гэрээсээ ганцхан би л төрийн албанд манай эгч багш, нөгөө хоёр нь бизнесийн салбарт ажилладаг. Ер нь хүний амьдрал явж байгаа тохиолдолд хүн өөрийн гэсэн амиа аваад явчих аргацаатай л байх хэрэгтэй. Хэрвээ чи төрд алба хашмаар байгаа бол эхлээд өөрийгөө дараа нь гэрээ засаад тэгээд дараа нь ор гэсэн үг байдаг. Мэдээж би дөнгөж хорин хэдтэй хүн биш, одоо би дөчин хоёртой. Дөчин хоёртой хүн өдий хүртэл өөрийн амьдрах баталгаагаа хийчихсэн байх ёстой биз дээ. Гэр бүлийн маань бизнес гэж бий. Хүний амьдралыг би багаар ажиллах зарчим дээр тулгуурлаж ойлгодог. Тэгэхлээр миний өнөөдрийн байгаа байдал, хэнээс ч хараат бус байж ирсэн маань миний найз нөхөд, хамаатан садан, хамт ажилладаг байсан нөхдийн маань л дэмжлэг гэж ойлгодог.
-Хотын шинэ дарга хоёр гурван удаа энэ хот чинь сүйрчихсэн газар байна, би авилгалаас нь салгана гэсэн үгийг амнаасаа унагалаа. Тэнд таны түүх үлдсэн. Цаашаа ч энэ түүх үргэлжлэх байх. Түүний тэдгээр мэдэгдлүүд та нарын зүрхэнд ямраар тусч байгаа бол?
-Магадгүй ажил хийж байгаа хүмүүс алдаа гаргасан байж болно. Яг тодотгож хэлээд байгаа тэр авилгал гэдэг зүйл бол угаасаа байж болохгүй асуудал. Би тэгж боддог. Харин авилгал гэдэг энэ үгийг зүгээр л нэг хардалтын үүднээс амнаасаа унагаж байгаа бол энэ нь муухай л зүйл. Дур зоргоороо нэг нэгэндээ аваачиж нааж харлуулах хэрэгсэл төдийгөөр энэ ойлголтод ханддаг, энэ үгийг ашигладаг байдлаа бид орхих хэрэгтэй.
-Хотын тууринд нэг тоосго ч тавиагүй, хэний ч мэдэхгүй залуу өнгөрсөн үеүдийг бүхлээр нь харлуулж хашгирах мэт нь бол буруу соёл. Харин хотын дарга хүн зүгээр л амандаа орсноор, эсвэл улс төржих зуршлаа дагаж хамаагүй юм хэлдэггүй байлгүй дээ?
-Сонгуулийн үр дүнгээр засгийн эрх нэг хүчнээс нөгөөд шилжсэн ч төрийн ажил жамаараа л үргэлжлээд явах ёстой. Нэг дарга гарч ирээд л хуучин хийж байсан төрийнхөө ажлыг үгүйсгээд байвал дунд нь иргэд л хохирно. Улс орон маань ухрана. Соёл, ёс суртахууныхаа хувьд ч таатай зүйл биш.
-Танай намын хуучин удирдлагууд улс төийн хариуцлага хүлээж буулаа. С.Батболд, У.Хүрэлсүх, Г.Мөнхбаяр нар хариуцлага хүлээсэн. Урьд нь танай намд ийм жишиг бараг байгаагүй. Та Г.Мөнхбаяраас хотын намын тамгыг хүлээж аваад байна. Таны хамгийн эхний дүн тун удахгүй болох орон нутгийн сонгуулийн дараа тавигдана. Сонгуулийн бэлтгэл ажил ямар байна. Парламентын төвшинд улс төрийн орчин сайнгүй, танайх бүлэггүй байж байдаг?
-Тийм ээ. Баянзүрх, Сонгинохайрхан гээд хоёр тойрог дээр асуудалтай байна. Энэ хоёрт дахин санал хураалт явагдана. Мэдээж орон нутгийн сонгууль бол том үйл явдал. Энэ бол бидний ажлын эхний даваанууд. Хийх ажил маш их байна. Мэдээж нэг хүн солигдсоноор бүх гацаа арилж, өргөс авсан юм шиг ажил тэгшрээд явчихгүй шү дээ. Үйл ажиллагааны, сэтгэлгээний, арга барилын өөрчлөлт хийх шаардлагатай байна. Мэдээж дүүргүүдийн намын хороод, намын анхан шатны байгууллагууд дээр хоёрхон сарын хугацаанд дорвитой ажил хийнэ гэдэг амаргүй. Би үнэнээ л хэлье. Гэхдээ ялна гэсэн сэтгэлээр ажиллана. Тэгэхдээ энэ сонгуульд манай ард түмэн арай өөр бодолтой оролцох байх.
-Ялагдсан болохоор өрөвдөөд эргэнэ гэж үү?
-Өрөвдөхдөө биш, сүүлийн үед Ардчилсан намын явуулж байгаа хүч хэрэглэсэн, үйл ажиллагаанууд, түрэмгийлсэн шинжтэй шийдвэрүүд зүгээр л нэг энгийн иргэний хувьд хэлэхэд хүмүүст таалагдахгүй байна. Тэгнэ шүү, ингэнэ шүү гэсэн сүрдүүлгийн шинжтэй бодлого шийдвэрүүд нийгэмд айдас төрүүлж байна. Зөвхөн төрийн албан хаагч гэхгүйгээр ерөнхийдөө хүмүүс айдастай байгаа нь мэдрэгдэх юм. Хүмүүстэй уулзаад, ярьж хөөрөөд, зүгээр л санаа бодлыг нь сонсоод явж байхад монголын ард түмэн айхтар ухаантай ард түмэн юм даа гэж бодогддог. Жолоогүй төрд бас нэг хазаар хэрэгтэй болов уу.
-Ер нь бол өнгөрсөн дөрвөн жил хамгийн их ажилласан баг хотын баг байсан. Улаан цайм үгүйсгэх боломжгүй. Гэвч ялагдсан. Ялагдсан шалтгааныг тэнд ажиллаж байсан хүний хувьд яаж харсан бэ. Үнэхээр олон жилийн турш ужигарчихсан, хүмүүсийн сэтгэлд орчихсон юм хагараад ялагдав уу. Эсвэл мөрийн хөтөлбөр тань тааруу байв уу?
-Олон шалтгаан байгаа. Манай монголчууд их уйдамтгай. Тэр нь хамгийн их нөлөөлсөн. Хоёрдугаарт мэдээж удирдаж явсан хүмүүсийн арга барил, менежментэд алдаа байсан. Өөрөөр хэлбэл намын нэр сольсон асуудал том шалтгаан болсон. Энэ бас нөлөөлсөн. Сонгуулийн үр дүнг харахад МАН, МАХН намуудын нийлбэр саналын дүн Ардчилсан намынхаас хамаагүй илүү л байгаа байхгүй юу. Тэнд дөрвийн дөрвөн суудал зөвхөн намын нэрээр авлаа шүү дээ. Тэгээд бодоход найман суудал нь манайх л байсан байхгүй юу, хуучнаараа. Ер нь миний бодлоор энэ намын удирдлагад ажиллаж байсан хүмүүс бүх шатанд намын ажлыг дандаа хоёрдугаарт тавьж байсан юм шиг. Дандаа төрийнхөө ажлыг хийгээд үндсэндээ намын ажил жаахан орхигдсон. Намын анхан шатны гишүүдээсээ тасарсан зэрэг асуудал байгаа байх.
-Таны цалин хэд вэ. Мэдээж одооныхыг тань сонирхож байна?
-Намын дэд даргын цалин 500 гаруй, минийх 600-700 орчмыг л авах юм байна лээ л дээ. Гэхдээ цалингаа аваагүй л байна.
-Танай намын санхүү хүндэрсэн болохоор уу?
-Арай ч тэгтлээ ядрахгүй шүү дээ. Энэ том нам.
-Танай намын өнгийг нэг тийм сонин хувьсгалч, уран сайханч маягийн залуус тодорхойлоод яваад байх шиг харагддаг. Хөөсөрсөн, ах нарын суга бараадсан, эсвэл монголын хөрснөөс тасарчихсан өв залгамжлагч нар. Мөнгөөр зодоод ороод ирчихсэн. Та бол бодлоготон байна. Тийм давхаргатай яаж хэл үгээ ололцох бол?
-Багаараа л ажиллана. Нэг үг байдаг. Муу ард түмэн гэж байдаггүй, муу удирдагч гэж байдаг гэсэн. Би төрийн албанд ажиллалаа. Төрийн алба бол багийн зарчмаар л явдаг. Энэ туршлага дээрээ л суурилж ажиллана даа. Удирдагч хүн бол хүнтэй л ажиллах ажил. Хүнийг л ажиллуулах ажил. Хүн болгонд өөрийн гэсэн ашиг сонирхол, өөрийн гэсэн хүрээлэл байгаа. Тэгэхээр энэ болгоныг л харж зөв арга барил, зөв бодлого гаргаж тавьж ажиллана.. Аль нэг фракцийн, аль нэг хүний эрх ашиг түрүүлээд байх юм бол ажил явдаггүй. Жишээ нь дөрвөн хүүхэдтэй хүн нэг хүүхдээ сугалж авч илүү хайрлаад байвал нөгөө хүүхдүүд нь гомдоно биз дээ. Дөрвөн хүүхэддээ дөрвүүлэнд нь л хайртай байх ёстой биз дээ. Би өөрөө дөрвөн хүүхэдтэй л дээ.
-Дөрөв өө, ямар олон хүүхэдтэй юм бэ?
-Намайг оворгүй болохоор хүмүүс харин гайхаад байдаг юм. (инээв)
-Та аавтайгаа их адилхан юм. Танайхан аль аймгийн харъяат улсууд вэ. Шинэ алба хүлээж аваад очиход таны аав юу гэж хэлэв?
-Ер нь бол манай аав ээж хоёр хоёулаа Улаанбаатар хотын нэгдүгээр төрөхөд төрсөн улсууд. Удам судраа хөөх юм бол манай аав Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харъяат гэж явдаг юм байна лээ. Гэхдээ өөрөө хотод төрсөн. Ээж бас хотод төрсөн. Манай ээжийнх Оросын элчингийн суурин дээр байсан хашаанд байсан гэдэг. Тэгээд дараа нь тэр хоёр маань айл гэр болж, манайх их дэлгүүрийн хажуу талын байшинд байхад анх би төрсөн. Дараа нь солонго рестораны 2а байранд байж байгаад дараа нь тавдугаар байранд нүүж очсон. Одоо хүртэл тэндээ байгаа. Аав маань мэдээж надад юм хэлэлгүй яахав. “Миний хүү төрийн албанд нэлээн явлаа, одоо улс төрд орох болсон. Сайн ажиллаарай” гэж хэлсэн. Би 35 дахь дарга нь юм байна лээ. 91 жилийн түүхэнд 34 хүний л хашсан ажил юм байна. Аав маань надад би чамайг ерөөсөө буруу хүмүүжүүлээгүй, зөв яваарай, хүнд дандаа тус болж яваарай, хүнтэй дандаа сайхан харьцаж яваарай гэж захидаг. Аавын өөрийнх нь характер л даа. Тэр юман дотор нь би өөрөө өсч бойжсон учраас надад бас итгэдэг байх.
-Цэндсүрэн гуай харахад шууд л сайн хүн байна даа гэж итгэл төрүүлдэг дулаахан хүн. Гэхдээ яг тулбал бас тийм амархан аясаар өнхөрөөд байхгүй яггүй хүн л дээ. Хүмүүс тань руу шууд халдаж, танд нэвтэрч харьцдаг уу, эсвэл тойрч болгоомжилдог уу?
-Би өөрөө нээлттэй хүн. Хотод ажиллаж байхдаа дугаар хорооны иргэн Дондог, Дорж гуай хэн ч байсан ямар ч хүнтэй өөрөө л нүүр тулж уулздаг байсан. Бүх мэргэжилтнүүдийнхээ нэрийг цээжээрээ мэддэг. Хүнтэй ажилладаг хүний бүх зам хүнтэй хүн шиг байхаас л эхэлдэг. Хүнд хүрдэг зам гэж байдаг. За Очир гуай гээд нэрийг нь хэлээд харьцахад хүн их дуртай байдаг юм шүү дээ. Би өөрийгөө хүнээр хүрээлүүлдэг хүн гэж боддог. Цаашдаа ч тийм байх болно.
-Зарим нэг хүмүүс танд итгэхгүй л байгаа байх. Ардаас тань М.Энхболдыг ч юмуу, Т.Бадамжунайг ч юмуу, эсвэл Г.Мөнхбаярыг хараад л. Магадгүй зарим нь басаж байгаа байх?
-Цаг хугацаа л харуулна шүү дээ. Би Багабанди гуайтай бас уулзсан юм. Цаг үе удирдагчийг төрүүлдэг юмаа гэж надад хэлсэн. Дараа нь Бодлогын хорооныхонтойгоо уулзахад “Ялагч л түүхийг бичдэг юм ш дээ” гэсэн. Нэг саналаар ялна гэдэг чинь чамд түүхийг бичих эрх нь нээгдэж байгаа учраас чи энэ түүхийг бичнэ. Сайн ч бай, муу ч бай чи энэ түүхийг бичнэ. Тийм учраас одоо ямар нэгэн юманд няцахгүйгээр яв л гэсэн захиас.
-Нэг тийм муу хүмүүс байдаг даа. Танай намд ч гэсэн байгаа. Урваж шарваж ирсэн, элдэв арга сиймхийгээр хүнд ойртдог, өөртөө үндсэн чадал, сүр хүч байхгүй атлаа чухал царайлаад л нүдний өмнө гүйгээд байдаг хүмүүсээс болж аягүй их юм эвдэрдэг. Та тийм хүмүүсээс шууд зайгаа барин холдож, түлхэж чаддаг уу?
-Би ер нь шударгадуу хүн л дээ. Шууд л хэлчихдэг.
-Та найз нөхөд олонтой юу?
-Хүнд чинь өөрийн гэсэн найз нөхөд байлгүй яахав дээ.
-Улс төрд найз байдаггүй гэдэг?
-Улс төрд багаараа явна гэдгийг хатуу ойлгосон хүний нэг л дээ, би.
-Ажил хэргээс гадна амьдралыг тань тэжээж тэтгэж байдаг бусад сонирхлыг тань сонирхож болох уу. Эрчүүдийн сонирхол өргөн шүү дээ?
-Эрүүл хүн зөв сэтгэж, зөв ажиллаж зөв шийдвэр гаргадаг. Тийм болохоор би эрүүл байхыг хамгийн их дээдэлдэг. Энэ зорилгынхоо дагуу би фитнесээр байнга хичээллэж, зөв хооллохыг эрхэмлэдэг.
-Таны эгдүүг хамгийн их хүргэдэг зүйл юу вэ?
-Хоёр нүүр гаргадаг, шударга бус занг би хэзээ ч тэвчиж чаддаггүй.
-Нээрээ та архи уудаг уу?
-Үгүй гэж хэлэхгүй ээ. Хааяа найз нөхөд гэр бүлийн хүрээнд тохируулж хэрэглэх үе байлгүй яахав.
-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Орон нутгийн сонгуулийн дараа ахин уулзах болзоо тавьж болох уу?
-Баярлалаа. Дараа дахин уулзъяа.