Төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн охин компани­тай хувийн хэвшлийг “групп” гэх юм билээ. Хэвлэл мэдээллийн салбарт гэхэд л “Мээдээ гүрүүп” болж байна гээд FM, телевиз, сонин бас вэб­сайт цуглуулан олон амтай шувуу­ны буурхуу үйл ажиллагаа явуу­лах жишээтэй.

Манай уламжлалт мал аж ахуй үүнтэй их төстэй. “Мянгат” малчин группын Ерөнхийлөгч л гэсэн үг. Түүний мэдэлд хонин сүрэг гэсэн аж ахуй байхад зэрэгцээд 100-гаас доошгүй тэмээ бий. Адуу, үхэр тусдаа. Нарийн яривал мал болгон өөр өөр онцлог, ашиг шим, мал­лагаа бэлчээр шаарддаг. Задаргаа цаашлахаар ноолуурчин, махны ченж, хурдан морины уяач, саалийн фермийнхэн гээд янз бүрийн ажил мэргэж­лийнхэнтэй нэлээд мэргэж­лийн өндөр түвшинд харьцах, тэр талын мэдлэгээ байг гэхэд мэдээ­лэл сайтай байх шаард­лага гарна. Ядаж “Итгэлт баян” гэгчээр гүйлгээ ухаантай, гадаад ертөнцөд нэвтэрч зах зээлээ тэлэх, хэтдээ “Цэмбэний үйлдвэр байгуулах” эдийн засгийн төлөвлөгөөтэй груп­пыг толгойлж яваа гэсэн үг. Энэ бүгдийг том хөөрөг өвөртөлсөн бүдүүн эр нэгт­гэн зангидаж ханхал­зан давхиж явна. Уг нь хийж ядаад байх ажил ч биш л дээ. Дашрамд дурдахад ихэнх мянгат малчин дороо хажуу­даа тийм ч олон туслах малчин хамжаа байдаггүй юм билээ. Хүний нөөцийн хувьд хэдэн малынхаа араас нойр хоолгүй гүйж яваа хормойгоо чирсэн авгай, сургууль завсардуулсан ганц нэг­хэн банди нар нь ар дааж үлддэг.

Хүмүүс малчдыг баяжцарсан гээд л байх юм. Гаднаа унаагүй, гэртээ зурагтгүй айл хөдөөд байх­гүй гээд л бодчих гэцгээнэ. Зарим нь хотод ноолуурын мөнгөөрөө байр авчихсан, хүүхдүүдээ дээд сургуульд явуулчихсан үнэн лагаа. Нүүдлийн мал аж ахуйн хөгжил  энэ хүрээд зогсч байна.  Эндээс цааш явах зам гараагүй. Гэтэл энэ хэм­жээ­ний амьдрал одоо гайхамшиг­тай явдал биш болчихсон. Монгол­чуудын хувьд заавал мал гэх­гүй­гээр маш олон салбар дээр ам­жилт­­тай ажиллаж унаа хөсөг орон байр зэргийг олоод авах боломж нээгдсээр байна. Хөдөө гадаа аж төрж байгаа хүмүүс ингэж ярьдаг. Тэр нь “Би ч яахав дээ сургууль ном төгссөн биш, хотод очоод хийж чадах ажил байхгүй. Харин хэдэн малтайгаа байхад хоосон хонох­гүй. Энийгээ бол хэнээр ч заалгах­гүй” гэцгээдэг. Бид тусгаар улс, нэг үндэстэн, бараг бүгдээрээ малчин удамтай зэрэг олон таатай нөхцөл өнөөдөр малч­дыг “Аборигенчүүд” болохоос авраад байгаа юм. Манай малчид­тай төстэй амьд­ралын хэв маяг бүхий нутгийн индианууд Америк, Австралийн хөдөө нутагт хаягдаж хоцорсон байдаг. Тэд мөн л иймэр­хүү юм ярьдаг бөгөөд бас архи их ууц­гаана. Индианчуудын ойр зуурын хэрэгцээ архи тамхийг нь үнэгүй хангаж өгөөд гадны аялал жуулч­лалынхны нүд хужирлах хэрэгсэл болгож орхисон нь олон­таа. Харин бид малчдаа тийм болгомооргүй байна. Гэвч хүсээд байвал одоо яая гэхэв.



Он цаг улиран өнгөрөх тутам нүүдлийн мал аж ахуй нь амьдрал биш, сонин хачин үзүүлбэрийн ангилалд хамрагдах боллоо. Гадаа­­дынхан гэлтгүй хотынхон хөдөө гарч “ориг” малчныд очиж үзье гэдэг дээ. “Хэд хоног хөдөө гарсан чинь ёстой сайхан байлаа” гэсээр ирцгээнэ. Энэ үг нь буцаад хөдөө явахаар эгнэгт шийдсэн шийдвэр биш зүгээр л гоё кино үзсэнтэй адил сэтгэгдэл юм шүү. Тийм ч учраас хотынхон хөдөө­гийн­хөнтэй эрээ цээргүй харьцаж “Танайх яг хэдэн малтай, авдран дотор чинь үнэтэй хөөрөг гаанс бий юу, алив үзье” гэхчлэн уйдаагаа гаргадаг.

Малыг нь тоолохоор багтаж ядаад, хүнийг нь харахаар улам эзгүйрээд буй хөдөө нутаг нэг л биш ээ. Ганц данх цай сүлэхийн төлөө хорин үнээ бэлчээх, зочин ирэх тоолонд хонь гаргах ийм  үрэлгэн амьдрал нь тэнэг явдал юм. Мал аж ахуйгаас орчин цагийн эцсийн бүтээгдэхүүн гаргадаггүй юм аа гэхэд уламжлалт аж ахуйч байдал алдагдаж, тэнд амьдрагсад улам залхуу болсоор байна. Тэгсэн мөртлөө хором ч зүгээр суулгахгүй нэргүй ажиллагаанд насан турш­даа чөдөрлөөстэй.

Нэлээд сүүлийн үеийн багцаа тоогоор 160000 малчин өрхтэй юм байх. Малын хувьд бол тоогоо алдсан. Өнөө жилийн хурга ишиг ороод бараг хагас зуун саяас ч давж магадгүй. 160000 малчин айлын 110000 нь 200 хүрэхгүй цөөвтөр малтай эмзэг бүлэг гэнэ. Тэгэхээр тэдэнд 22 сая мал оногдох ба цаана нь байгаа 20-30 сая мал 40000 “мянгат” малчинд явдаг байх нь. Өөр өмчлөлийн гадаадын, нэгдлийн, улсын мал гэж байх биш. Орон нутаг дахь 21 аймаг, 340 суманд таран амьдарч байгаа нийт иргэдийн ихэнх нь мал аж ахуйгаас хамааралтай амьдарч байгаа мэт харагддаг. Харин гурван саяд дөхөж байгаа нийт хүн амтай жишихэд  малаар дагнасан нь цөөнх болж байна. Тэр олон мал­чин өрх гэдгийн цаана авгай, нөхөр хоёр байвал их юм. Бусад нь малынхаа хажууд биш энд Улаан­баатарт сургууль, эмнэлэг, хар зах, уул уурхай дээр яваа. Бүр тодруул­бал мянгаас дээш мал бүхий 20-40 мянган өрх айл л жинхэнээсээ мал дээр яваа. 100 хүрэхгүй хоньтой Дашийнх сумын төв дээр хүүхдээ сургуульд явуулах гээд нүүж ирсэн, мал нь Гэндэнгийнд байдаг. Дашийнх ямар юмных нь малчин өрх байхав. Хэрэв Даш буриад зон байсан бол “Намайг хаартчин гээд тавьчих” гэнэ. (карт. Хөзөр. буриа­дуудаас юу хийдэг вэ гэхэд хариул­сан тухай онигоо. сурв) Тэгэхээр Монгол дахь мал малчин хоёрын тоо итгэхийн аргагүй худлаа юм. Малчид хаана хэдүүлээ яваа нь мэдэгдэхгүйгээс гадна засаг захир­гааны нэгж хүртэл будлиантай. Сонгууль хийх гээд бүртгээд үзэхээр мянга гаран хүн амтай сум, түүний хүн ам нь дансан дээр ийш тийшээ шилжээгүй бай­гаад байдаг. Тэгсэн атлаа Дор­жийнх хаана байна вэ гэхээр аль хэдийнэ хот, эсвэл хангай яваад удаж байна гэх.

Хөдөөний энэ дампуу тогтол­цоо, хяналтаас гарсан дураараа явдал үл үзэгдэх маш их гарлага тарьж байна. Хуурамч тоонд моли­го­дуулан засаг захиргааны бүхэл бүтэн нэгж сум аймгийг хиймлээр бий болгон бөөн ажил ундруулна. Одоо ажиллах хүчин хэмнэх, зар­дал гарах хоёр дээр хотойхоо больчихсон тулдаа л энэ олон аймаг сум түүний төрийн албан хаагчид торж байгаа. Гэхдээ ямар ч утгагүй, гэгээлэг ирээдүй байхгүй ажил хийх нь гунигтай. Өөр нэг гарлага бол мал аж ахуйн төлөө­сөнд байгаль экологи сүйрч буй явдал юм. Орчлонд үнэгүй юм гэж үгүй гэдэг юутай үнэн. Одоо сүүлдээ манай оронд хүн биш мал амьд­раад эхэллээ. Бэлчээрийн даац хэтэрлээ, шинээр худаг гар­гамаар байна, отрын нутаг, өвөл­жөө хавар­­жааг чөлөөл гэсэн шаард­­лагыг “Группын Ерөнхий­лөгч” тавьж байна. Манайхаас их малтай өвөр монголчуудын дэргэд бид дэлхийн чинээ газар нутагтай. Аль үзэс­гэлэнтэй сайхан нутаг, гол мөрөн, нуга дэнж бүгд таван хошуу малын мэдэлд орсон бөгөөд тэнд­хийн уугуул амьтад тарвага буга хүртэл устаад дууссан. Араас нь эмийн болон бусад бэлчээрийн олон төрөл зүйлийн ургамал мөхөж оронд нь лууль шарилж ургалаа. Уг нь малтайгаа хамт бид бас энэ сайхан нуга зүлгэн дээр чинь амьдармаар байна. Мод бут таримаар л байна. Тэгэхэд бүр хотод хүртэл адуугаа тууж орж ирээд гүү бариад суучихаж байна. Энэ тухай хууль журам байхгүй.

Байгаль орчин газар оронд хариу ямар ч төлбөр төлөлгүйгээр дээрмийн шинжтэй бизнес явагд­даг. Тийм болохоороо малаас гарах бүтээгдэхүүнүүд үнэгүй, үрэл­гэн гаралган. Адгийн наад зах нь гэхэд үхрийн тойг Солонгост олдох­гүй үнэт бүтээгдэхүүн бол манайд мөлжилгүй гаргаад чулууд­чихдаг. Хонины тарз нэхийг хэдхэн цент­ний үнээр өгчихдөг. Зуун дол­ларын үнэтэй гутал хийх тийм ч элбэг биш түүхий эд. За энэ том үйлд­вэр гадаад зах зээлээ түр орхиё. Хонь ямаа биш үнээгээ хааяа нэг сааж сүүг нь авч яагаад бол­доггүй юм. Хэрэв арван хонины оронд нэг чоно байсан бол буудаж алаад Эрээн гаргачихвал  зөндөө их зоос болчих тийм л цаг үед амь­дарч байна. Монгол орны эмзэгхэн байгаль орчинг унаган төрхөнд нь оруулж өвс ногоог нь даруй сэр­гээхгүй бол нөгөө мал маань ч өөрөө аяндаа үлийн цагаан оготнын араас мөхөж мэдэх юм.

Мал аж ахуйн бодлогын хам­гийн увайгүй нь бусад монголчууд элэг нэгтнүүдийнхээ ганц хэрэглээ болсон зөвхөн махан дээр нь Оросоос авдаг шатахуунаас ч илүү чангалж боодог. Одоо Улаан­баатарын лангуунууд Монголд мах огт үйлдвэрлэдэггүй юм шиг загнаж хүмүүсийн дургүйг хүргэж байна. Цаана нь мал аж ахуйгаас жаахан сэгсрээд л өгөхөд амьсгаанаас бусад нь үнэ хүрэхээр бүтээг­дэхүүнүүд хог болсоор л.

Нэгж мал нэгж хугацаанд бай­галь дээрээс идэж уусан тэжээлийг экологийн үнэлгээгээр тооцдог болговол асуудал амархан ший­дэг­­дэнэ. Тэгвэл хэн ч гэсэн маши­наа өдөржин шөнөжин асаалттай нь дэмий байлгаад байхгүй биз дээ. Тэгээд бүр мянга мянган машиныг шүү. Малчин өрх нь хүний нөөц, боловсрол, үйлд­вэрийн багаж хэрэгсэл дээрээ тулгуурлан малаас гарах түүхий эд болгоноо мөнгө болгох боломжтой болчихвол олон малны хэрэгцээ өөр утгад шил­жинэ. Малын тоо цөөрвөл байгаль дээрх ургамлыг илүү шилж сонгон идэж махны чанар сайжирна. Өнөөдөр малчдыг дагаж ченж, чоно хоёр л шогшиж явна. Энийг өөрчилж үйлдвэрүүд байгуулагдах ёстой болов уу.