Манай зуслангийн хашаанд шарилж сэгсийтлээ ургадаг байлаа. Шарилж ургуулахын оронд цэцэг, мод таривал  яадаг юм  бол гэж нэг өдөр бодлоо. Тэгээд бороо орсны дараа нойтон байхад нь нүүрээ битүү боож байгаад үндсээр нь зулгааж гарлаа.  Шарилжийг үрээ цацахаас өмнө нойтон дээр нь зулгаахад харшил өгдөггүй юм билээ. Бороо орохгүй бол ус цацаж байгаад  түүгээд байлаа. Энэ мэтчилэн яг гурван жил дараалан түүхэд  манай хашаа шарилжнаасаа бүр­мөсөн ангижирч оронд нь өнгө өнгийн цэцэг ургадаг болов. Шарилжны, ургамлын харшилтай хэн­бугай ч манайд ирсэн харшил нь намдана уу гэхээс сэдрэхээ больсон юм. Харин бусад айлын хашааны булан, зам дагуу ургасан шарилж харшил өгч хамар ам ирвэгнүүлээд байгаа нь анзаарагдах болов. Зундаа хотод орж ирэхэд  шарилж үнэртээд тогтохын аргагүй. Ялангуяа гадны улс оронд аялаад буцаад ирэхэд “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас эхлээд шарилж сэнхийтэл үнэртэх нь содон байдаг.  Уншигч та анзаарсан бол олон улсын нисэх онгоцны буудлаасаа л шарилж нь сэгсийтлээ ургасан улс орон манайхаас өөр байхгүй дээ...

Сүүлийн жилүүдэд харшилтай хүний тоо олширч, эмнэлгүүд элдэв эм тан гаднаас импортлох болов.  Харшлаас болж аргаа барсан хүмүүс эмнэлэг бараадаж, элдэв дом хэрэглээд ч тусыг эс олов. Голио сорох нь сорж, тарваганы тос уух нь ууж, зөгийд хатгуулах нь хат­гуулж...  “Монос” фармын  үйлдвэрлэдэг тайвшруулах үйлчил­гээтэй жижигхэн ногоон эм лав бор­луулалтаараа тэргүүлнэ. Тэглээ гээд эд­гэсэн нь хэд бол.   Хавар болж  амьд байгаль сэрдэг хамгийн сайхан цагаас эхлээд намар болж ус, газар хөлдтөл харшил нь хөдөлж хамар ам нь памбайтал хавддаг иргэдээ хэрхэн эрүүлжүүлэх талаар бодсон, бодлого хэрэгжүүлсэн  Эрүүл мэндийн яам лав байсангүй.  За тэд ч яахав  манийг бодохтой манатай улс. Хүн амын тал хувь нь туссан  байх магадлалтай ( тоон үзүүлэлтийг харахад шүү... )ДОХ-оос сэргийлэх талаар ганц үг ганхийдэггүй юм чинь юун харшил, юун шарилж. Жижиг юмаар хөөцөлдөх цаг зав байдаггүй л байлгүй. Тэгвэл бид өөрөө өөрсдийнхөө эрүүл мэндийн талаар ганцхан алхам хийвэл ямар вэ. Шарилжаа түүцгээе. Улаанбаатарчууд тийм аян өрнүүлж болно шүү дээ. Хамар амаа боогоод  маск баг зүүж байгаад ч хамаагүй харшил өгдөг муусайн шарилжнуудыг үндсээр нь суга татаад хаячихъя. Өөрийгөө бодож үр хүүхдээ шарилжны харшил тусахаас өмнө  тэр муу хогийн ургамлыг  түүгээд  хаячихъя. Монголчууд өөрсөө бусдад хайртай, өрөөл бусдад  туслах гайхалтай сэтгэлгээтэй хүмүүс. Хэн нэгэн танихгүй хүн өвдөж зовбол хандив цуглуулах аянд нэгдэнэ. Мазаалай гэж баавгай устах нь гэвэл бас л хэдэн бор юмнаасаа илүүчилнэ. Цуглаан зохионо. Уралдаад л хандив өргөнө. Ээж модоо аварна. Ус мөрнөө бодож хог түүнэ. Ерөнхийлөгчөө дэмжиж мод тарина. Н.Энхбаяраа бодож   өлсөнө...  Тэгвэл энэ удаа зөвхөн өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө шарилж түүцгээе.        

Хотын гудмаар сэгсийтлээ ургасан шарилжтайгаа мөн ч олон жил эв түнжинтэй  амьдарлаа. Үүрийн таван жингээс үдший бүрий болтол хотоо цэвэрлэдэг хүмүүс шарилжаа тойруулаад цэмбийтэл цэвэрлэсээр хэдэн ч оныг үдсэн юм бүү мэд. Он удаан жил хамтдаа амьдарсан “ургамал”-аасаа салж хагацахад үнэхээр хэцүү. Яг л нөгөө коммунизмаас салж ардчилалд хөл тавихад 20 гаруй жил “үхэлдэн”  тэмцсэн мэт санагдаж байгаа биз.  Гэхдээ шарилжнаасаа олон хүнтэй манай хотод бол хүний нэг шарилж зулгаахад болоод л явчихна. Ямар хүн бүр нэг цэцэг тариадах гэсэн биш хүн бүр нэг шарилж  үндсээр нь зулгаагаад хая гэхэд мөн ч амархан бүтнэ дээ. Энэ санаачилгыг Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өөрийн командтайгаа дэмжвэл бүр ч сайн. Бүгдээрээ нийлж байгаад хотоо шарилжгүй болгочихвол ирэх жил харшлаар өвдөх хүний тоо багасдаггүй юм гэхэд нэмэгдэхгүй нь лав. Эх оронч биш, төр засгийн төлөө ч биш  зөвхөн өөрийгөө, үр хүүхдээ бодсон амин хувийн энэ  санаачилгыг минь дэмжиж “Шарилжгүй Улаанбаатар” аянг эхлүүлцгээе, найзууд аа.