Одоо л нэг юмс үзэгдэл голдрилдоо орж байна. Ялсан нам нь засгаа байгуулж, ялагдсан нь хоорондоо хариуцлага ярьж эхэллээ. Ардчилсан намыг сонгуульд ялагдуулсан Н.Алтанхуягт хариуцлага тооцуулахаар ярьж байсан үг яриа Ардын нам руу шилжиж, С.Батболд, У.Хүрэлсүх нар ажлаа өгөхөөр болж байх шиг. Харин Ардчилсан нам МАХН-МҮАН-ын “шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтарч Засгийн газраа байгуулахаар боллоо. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Одоо Засгийн газрыг байгуулах гэж үүнээс дутахгүй том “дажин” эхэлнэ. Улс төрийн намуудын хувьд хамгийн их хариуцлага шаарддаг, хэл аманд өртдөг ажил бол Засгийн газрыг байгуулах явдал. Нэгэнт Ардчилсан нам дотооддоо яриад Ерөнхий сайдаа зарлачихсан учраас Н.Алтанхуяг одоо өөрийн кабинетаа бүрдүүлэх ёстой. Гэхдээ тэр үүнийг дангаараа шийдэж чадахгүй, нам доторх бүлэг фракциудаасаа тодорхой хэмжээгээр саналыг нь асууж таарна.

Тодорхой болсон тохиролцоонууд

Одоогийн байдлаар Засгийн газрын бүтэц дээр бага сага өөрчлөлт гарч, зарим нэг яамдыг салгах, шинээр байгуулах асуудал яригдаж байна. Угаасаа хамтарсан Засгийн газар байгуулагдах тоолонд нэг иймэрхүү ажил хийдэг. Н.Алтанхуягийн танхим 16 яам, 18 сайдтай байхаар яригдаж байгаагаас одоо тодроод байгаа сайд нарын нэрсийг дурьдвал Шадар сайдын албыг МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэлд өгч байгаа бөгөөд Д.Тэрбишдагва нь байх уу, Ч.Улаан нь очих уу гэдгийг эвслийн нөхдүүд дотооддоо шийдэх бололтой. Дээр нь Сангийн сайдын албан тушаалыг ч бас тус эвсэлд буюу М.Энхсайханд өгч байгаа аж. Харин Эдийн засаг, хөгжлийн яамыг шинээр байгуулж, С.Баярцогт толгойлохоор болсон байна.   
Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамыг одоогийнх нь бүтцээр үлдээж сайдын албыг Х.Тэмүүжин гишүүнд, Гадаад хэргийн сайдыг Лу.Болдод, Хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн яамыг Х.Баттулгад, Зам тээврийн сайдын албыг А.Гансүхэд, Барилга хот байгуулалтын сайдыг “Фортуна” хэмээх Н.Батбаярт, Нийгмийн хамгааллын яамыг С.Эрдэнэд, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын албыг Лу.Гантөмөрт, Хөдөлмөрийн сайдыг Ц.Оюунгэрэлд өгч байгаа бололтой. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг эвслийн гурав дахь нам болох ИЗНН буюу С.Оюунд өгч байгаа гэнэ. Мөн ЗГХЭГ-ын даргын суудлыг Ч.Сайханбилэгт, Эрдэс баялаг, эрчим хүчний яамыг хоёр салгаж, Уул уурхайн сайдын албыг Д.Ганхуягт хариуцуулахаар зэхжээ. Энэ бол ажлын хэсэг дээр хийгдсэн эхнйй тохироо. Тохиролцоог ажил болгохын тулд УИХ-ын гишүүдийн олонхийн санал хэрэгтэй. Цаана нь дахиад Батлан хамгаалахын, Эрчим хүч, Эрүүл мэндийн сайдын суудал эзгүй байгаа. Үүнээс хоёр нь дахиад МАХН-МҮАН-ын эвсэлд очих тохиролцоотой.

Ер нь бол Ерөнхий сайдын хувьд “Би ийм багаар ажиллаж, ийм ийм ажлыг амжуулна” гэж байгаа тохиолдолд УИХ үүн дээр ямар нэг “бойкот” хийх, эсэргүүцэх эрх байхгүй. Үүнийг танхимын зарчим гэдэг, Ерөнхий сайд багаа бүрдүүлж, багтайгаа хамт хариуцлага хүлээдэг учраас тэр. Гэхдээ энэ багийг бүрдүүлсэн зарчмыг иргэд эрхбиш сонирхож байгаа. Яагаад гэвэл үүн дээр улс төрийн намуудын гэхээсээ улс орны эрх ашиг илүү хөндөгдөж байгаа учраас.

Сануулахад сонгуулийн дараа Ардчилсан намынхны дотооддоо ярьсан нэг тохиролцоо бий. Засгийн газарт орох өөрийнхөө багийг аль болох шинэ залуу хүмүүсээр бүрдүүлнэ гэж. Мөн МАН, АН-ын хамтарсан Засгийн газарт орж ажилласан хүмүүсийг засгаас аль болох хол байлгана, том бизнестэй нөхдүүдийг ч мөн адил. Харин тухайн салбарт өөрчлөлт шинэчлэлт авчирах шинэ бодлого, шинэ залуу хүмүүсийг түлхүү оруулна гэж.

Гэхдээ одоо харвал шинэ Засгийн газарт хамтарсан Засгийн газарт ажилласан Ардчилсан намын зургаан сайдын дөрөв нь багтаж байна. Намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэдэг дүрмийн дагуу Н.Алтанхуяг засгаа тэргүүлж таарах ч үлдсэн гурван сайдын тухайд яах аргагүй фракциудын нөлөөлөл түлхүү орж ирлээ. Ерөнхийдөө Ардчилсан намаас томилогдож байгаа арав гаруй сайдын тал хувийг МоАХ фракци бүрдүүлж байх жишээтэй. Алтангадасаас гурав, “Нэг Ардчилал”-аас хоёр сайдын нэг зоогдсон байгаа биз. Үүнийг нэг талаас нам доторх Алтангадас фракцийн хүч суларсны тэмдэг гэж хэлэх хүмүүс байгаа ч нөгөө талаас намыг эв нэгдлийг хангах, хамтарсан Засгийн газрыг хагалж мэдэх дотоодын хүчин зүйлсээс тойрохын тулд өөрсдийн амбицийг тодорхой хэмжээнд дарж чадсаны илрэл гэж хэлж болно. Түүнээс биш ҮЗХ-ны дийлэнхийг бүрдүүлж байгаагийн хувьд “гадасууд” баргийн асуудал дээр бусдын гар хараад байхаар биш.

Ардчилсан намын тавьсан “өр”

Ардчилсан намын хувьд сонгуулийн өмнө тавьж байсан нэг зорилго нь Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн давхар хийдгийг халах тухай асуудал. Парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх, Засгийн газрыг илүү хурдтай ажиллуулах, УИХ-ын гишүүн сайд нарын ажил УИХ дээр цалгарддаг явдлыг халах үүднээс дэвшүүлсэн энэ санаачилга лав ирэх дөрвөн жилд хэрэгжихгүй нь тодорхой болчихлоо. Гэхдээ үүнд гишүүдийн амбиц, албан тушаалын хэнээ гэхээсээ илүү сонгуулийн үр дүн, олон нам хамтарч Засгийн газарт ажиллах шаардлага тулгарсан зэрэг нь тийм боломжгүй болгочихлоо. Хамтарсан, эвслийн Засгийн газруудыг байгуулж ажилласан тохиолдолд заавал хаяагаа манаж явах ёстой гэдгийг өнгөрсөн туршлагууд харуулсан билээ. 1996-2000 онд “Ардчилсан холбоо” эвсэл дөрвөн ч Засгийн газар сольсноос авахуулаад 2004 оны сонгуулийн дараа байгуулагдсан, огцорсон эвслийн болоод эв нэгдлийн засгийн газруудын жишээ харуулсан билээ. Засагт орсон нэг хэсгийн сэтгэл ханамжийн баталгаа 100 хувь байхад үлдсэн 60 шахам гишүүдийн сэтгэл ханамж 100 хувь унасан байдаг тул Засгийн газрууд огцорч, сайд нар солигдоход хүрдэг. Тиймээс л “эхний сайдын шилэн хүзүүн дээр дараагийнх нь сайд исгэрээд зогсч байдаг” гэсэн зүйр үг ч хүртэл гарсан хэрэг.

Ардчилсан нам энэ удаад МАН-аас бусад бүх намыг засагтаа урьсан, нөгөөдүүл нь уригдсан шалтгаан ч бас энэ. Манай нэг нэртэй улс төрчийн ээж нь олон жилийн өмнө хэлж байсан юм. Жижиг хүүхдийн зовлон жижиг л байдаг, том хүүхдийн зовлон том л байдаг шүү дээ гэж. Ардчилсан намд тэгвэл энэ удаа зовлонгийн “том” нь оногдож байна. Энэ ачааг хэрхэн үүрэхээс энэ нам үнэхээр эрийн цээнд хүрсэн эсэх харагдана. Ядахдаа энэ дөрвөн жилдээ Үндсэн хуулийн гол гол өөрчлөлтүүдээс авахуулаад Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийхээ асуудалд шинэчлэл хийх нь чухал. Наад зах нь танхимын 2/3-оос дутуугүй хэсгийг УИХ-ын гаднаас бүрдүүлдэг болох тухай хуулийн өөрчлөлтөө ч гэсэн нэг мөр болгочихвол дараа дараагийнхаа хүмүүст хэрэгтэй.

Сайд нарын томилгоон дээр яалт ч үгүй фракциудын нөлөөлөл түлхүү оржээ гэдгийг дээр хэлсэн. Намын даргын өрөөнд “Би энэ намыг ялалтад хүргэсэн, би их мөнгө хандивласан” гэж цээжээ дэлдэж орж ирэх хүний тоо хэр олон байсан бэ гэдгийг дээрх нэрсээс харж болно. Эндээс “Сайд нарыг томилохдоо бялуу хуваах зарчим барихгүй, ажил хийх хүнийг томилно” гэсэн эхний зарчим дахиад алдагдаж эхэлснийг харж болно. Хэн ямар ажил хийж чадах вэ гэдгээс өмнө “хэн хэний хүн бэ” гэдэг шалгуур гаргаад тавьчихвал ажил явахгүй. Хэрвээ Ардчилсан нам энэ удаа хэн нэгэнд өр төлөх ёстой бол тэр нь нам доторх бүлэг фракциуддаа биш, ард түмэнд өрөө төлөх ёстой. Тэдний өгсөн саналаар өөрсдөө юу хийж чадахаа харуулах, хариулах ёстой гэсэн үг.

Өөрчлөлтийг хэн хийх вэ?

Хараажаар хамгийн том алдсан яам бол Байгаль орчин аялал жуулчлалын яам. Энэ салбарыг бодлогын гадна орхисны нэг жишээ нь тус яамыг ИЗНН хэмээх түр зуурын улс төрийн холбоотондоо найр тавихад ашигласан явдал. Өнгөрсөн дөрвөн жилд энэ салбарт хийгдсэн шинэчлэлийг Ардчилсан нам толгойлж байсан бол энэ удаа эхэлсэн ажлаа дуусгах үүрэг нь ч тус намд байх ёстой. Гэвч байгаль орчны асуудал улам бүр хурцаар тавигдаж байгаа ийм үед намынх нь нэрэнд “ногоон” гэдэг үг орсон гэдэг шалтгаанаар ямар ч боловсон хүчний чадавхигүй, улс төрийн тогтвортой байр суурьгүй намд хаяж өгч байгаа нь хамгийн том алдаа.

Харин нүдээ олсон гэж хэлж болох сонголт бол “Нэг Ардчилал”-ын хослол буюу Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр нар. Ардчилсан намыг 20 жилийн өмнөх хуучин лидерүүдийнхээ өмнө төлөх өрнөөс гэтэлгэж, Ардчилалсан намд шинэ цус сэлбэсэн нь “Нэг Ардчилал”-ынхан. Одоо Ардчилсан намын залуучуудыг АЗХ-гоор биш, “Нэг Ардчилал”-ынхнаар төсөөлдөг болсон нь нууц биш. Ардчилсан намын төв аппарат “Монгол хүн 2020” хэлэлцүүлгээ эхэлсэн хоёр жилийн өмнөөс “Нэг Ардчилал”-ын залуус “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” гэсэн бас нэгэн давалгааг эхлүүлж, орон даяар өрнүүлэхдээ ардчиллын үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөөний мэдрэмж, тэр дундаа иргэдийн эдийн засгийн эрх чөлөө, шударга ёсны үзлийг төлөвшүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан. Энэ мэт оюун санааны хөрөнгө оруулалт нам дагасан бизнесмэнүүдийн тэрбумаар өгч байгаа араасаа нэхэлтэй хандив тусламжаас илүү үнэ цэнэтэй гэдгийг улс төрийн намын удирдлагууд үнэлж цэгнэж байх учиртай юм. Тиймээс томилгоог намдаа хэр их хандив өгснөөр нь бус, хэн юу  хийж чадах вэ гэдгээр нь хийх ёстой эхний зарчим энэ удаагийн томилгоон дээр эцсийн мөч хүртэл яригдах ёстой. Сүүлчийн ганц сайдыг томилж дуусах хүртэл.

Одоо Монголд хамгийн их тулгамдаж байгаа зүйл бол шударга ёсны асуудал, хууль шүүхийн байгууллагын шинэчлэл, боловсролын системийн уналт хоёр. Эрх барьж байх үедээ Монголын номер нэг авлигачаар зарлагдаад байсан хүнийг албан тушаалаа өгчихөөд байхад нь шүүж чадахгүй байгаа шүүхийн тогтолцоо эрх мэдэл, албан тушаал дээрээ байгаа хүмүүсийн хар цагааныг шүүж чадах уу? Боловсролын системийн талаар бол бүр ярилт ч үгүй. Монголд байгалийн баялгийн нөөц улам бүр нэмэгдэж байхад монгол хүний оюуны чадавхи түүнтэй яг урвуу хамааралтайгаар шааригдаж, унаж яваа. Монголд дэлхийд байхгүй их нөөцтэй том ордууд нээгдэж байгаа ч түүнийг ажиллуулж чадах монгол толгой улам бүр ховордсоор байгаа билээ. Үүнийг өөрчлөх ёстой, Монголыг Оюутолгой, Тавантолгой биш, монгол хүний толгой л хөгжүүлнэ гэж хэлсэн хүн бол Лу.Гантөмөр. Одоохондоо Ардчилсан намаас ч, ерөөсөө Монголын улс төрчдөөс “Бид үүнийг хийж чадна аа” гэж хэлсэн хүн нь Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр нар. Өөр бусдад нь бол хараахан энэ талаар бодсон бодлого, боловсруулсан санаа оноо байхгүй. Байдаг байлаа гэхэд түүнийгээ ил гаргаж ярьсан нь алга. Одоо УИХ-ын чуулган, байнгын хороод дээр томилгоо яригдах үед эрх биш хэлж ярих биз.

Үүнийг сануулахын учир нь өөрчлөлт шинэчлэл гэдэг яалт ч үгүй хүнээр дамжиж орж ирдэг зүйл гэдгийг өнгөрсөн дөрвөн жил, өмнөх дөрвөн жилийн парламент харуулсан. “Монголын төр үрэлгэн байна, цамаан байна. Иргэнээсээ баян төртэй болчихлоо, иргэн баян байж төр баян болох Ардчилсан намын анхны зорилго хаачсан бэ” гэдгийг түрүүлж дуугарсан хүн бол Лу.Гантөмөр. Ингэж ярьж байж тэр сайд, дарга нарын унадаг машиныг жижигрүүлсэн, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг гаргаж, төсвийн худалдан авалтыг ил тод болгохоор хууль батлуулсан. Эд нар нь ирэх жилээс хэрэгжиж эхлэх учиртай. Одоо тэр дахиад л “Монголын төр эрхийн балай болжээ, эрхээ эдэлдэг, үүргээж биелүүлдэггүй дарга нарыг төрөөс шахья. Монгол залуу хүн дэлхийн түвшинд хүрсэн боловсрол авч чадахгүй байгаа бол Боловсролын сайд хариуцлага хүлээдэг болох ёстой шүү” гэдгийг хэлж байгаа.

Х.Тэмүүжин байна.  Монголын хууль иргэдээ биш, эрх мэдэлтнүүдийг хамгаалдаг юм байна. Шүүх нь шүүх биш, улстөрчид, албан тушаалтнуудыг хаацайлдаг тогтолцоо болчихсон байна, Хуульчдийг хуульд захирагддаг болгоё, хуулийн хүний төлөө үйлчилдэг болгоё гэж дуугараад үүнийхээ төлө явж байгаа. Үүндээ зөвхөн Ардчилсан намынхан биш, Ардын намын шинэлэг хэсэг, залуучуудыг татан оруулж, дэмжүүлж чадсан. Дахиад илүү цараатай өөрчлөлтийг нийгэм энэ залуусаас, эдэн шиг олон залуусаас хүсэн хүлээж байгаад учир байгаа юм.