Генерал Б.Хурцын мэдэгдэл ба С.Зоригийн аллагын хэргийг буцаах нь
Захиалагчийн хэргийг бүдгэрүүлэх нь МАН-ын эрх ашиг байсан уу, Ц.Нямдоржийн эрх ашиг уу? гэдгийг Л.Оюун-Эрдэнэ одоохондоо мэдэхгүй ч байж магадгүй.
ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц хэвлэлд ярилцлага өгчээ. Түүний энэ ярилцлага хэргийг гогцоог Хууль зүйн сайд асан, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ХЭГ-ын дарга Ц.Нямдорж руу хөтөлсөн байна. Тэр энэ тухай “Ц.Нямдорж бол хувийнхаа эрх ашгийг намын эрх ашиг болгож ирсэн хүн” хэмээн ярьжээ. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдоржийн С.Зоригийн аллагын хэргийг баллуурдахын төлөө бүх хүчээ тавьж ирсэн, одоо шүүхээр ял шийтгүүлсэн хэргийн холбогдогч нартай дотносож, хэргийг задлах гэж улайрч буй явдал нь МАН-ын эрх ашиг байсан уу, эсвэл хувийнх нь эрх ашиг уу гэдгийг ялгаж салгах ёстой гэсэн үг.
Энэ сарын 8-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар хэвлэлийн бага хурал зарлаж, хорих ангид ял эдэлж байсан Т.Чимгээг оролцуулсан билээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Т.Чимгээг мансууруулан хурууны хээ, биен дээрх содон тэмдэг мэт биологийн өгөгдлүүдийг авч буй гүйцэтгэх ажлын нууцад хамаарах бичлэгийг үзүүлж, “Энэ бол хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж буй хэрэг. Ийм үйлдэл хийсэн хүмүүсийг шүүх яллахгүй байна” гэх хэмээн мэдээлсэн билээ. Мөн эрүүдэн шүүх замаар олж авсан нотлох баримтыг хүчингүй болгож, Т.Чимгээг суллах, эрүүдэн шүүсэн явлыг “шинээр илэрсэн нөхцөл байдал" хэмээн үзэж С.Зоригийн хэргийг сэргээн шалгах тухайгаа мэдэгдээд байгаа.
Харин ТЕГ-ын дарга Б.Хурц энэ удаагийн ярилцлагаараа өмнө зах зухаасаа мэдээлэгдсэн боловч олны нүд, чихнээс алсраад байсан бас нэг баримтыг дахин олны анхааралд оруулж ирсэн байна. Тодруулбал, ТЕГ-ын дарга Б.Хурцыг ажлаа өгсний дараа буюу 2017 онд Ц.Нямдоржийн ойрын хүн /мэдээж гэр бүлийн хүн биш/ Б.Содномдаржаагийн ээжтэй утсаар ярьж, “Б.Хурцыг бид зайлуулчихлаа. Одоо та нар сайн гишгээд өгөөрэй” гэх мэтээр зааж зааварласан бичлэг С.Зоригийн хэргийн хэргийн материалтай хамт ҮАБЗ-д танилцуулагдсан тухай ярьжээ. Тэр үеэс Ц.Нямдорж хэргийн холбогдогч нартай холбоо тогтоож, хэргийг буцаахаар гар хөлөө хөдөлгөж эхэлсэн гэсэн үг.
Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу 2019 оны гуравдугаар сард Ц.Нямдорж нар “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн” тухай төрийн ордонд мэдээлэл хийж, Төв аймгийн цагдан хорих төвд хийсэн гүйцэтгэх ажлын бичлэгийг үзүүлсэн билээ. Гэвч уг хэрэгт хяналт тавьж ажилласан прокурор Г.Эрдэнэбат Ц.Нямдоржийн эсрэг өөр нэг баримтыг дэлгэсэн байдаг. Түүний хэлснээр, С.Зоригийн аллагын хэргийг шүүхээр хэлэлцэж эхлэхээс өмнө буюу хэргийг мөрдөн шалгах явцад Ц.Нямдоржийн ойрын хүн цагдан хорих байранд очиж хэргийн холбогдогч нартай уулзсан. Хэргийн мөрдөн шалгалтанд сайд хийх гэж оролдсон. Тэр уулзалтын дараа Ц.Амгаланбаатар нар мэдүүлгээсээ буцаж эхэлсэн. Энэ тухай мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн гүйцэтгэх ажлын буюу тагнуулын нууц материалд бий гэсэн.
Харамсалтай нь Ц.Нямдорж сайд энэ мэдээллийг няцаагаагүйгээр барахгүй аль болох тойрч зугтсаар өдий хүрсэн билээ. Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар эргэж ирмэгцээ захиалагчийн хэрэг дээр ажиллаж байсан тагнуул, цагдаа, прокурорын хамтарсан ажлын хэсгийг тараасан дотор өөртэй нь холбоотой дээрх баримтууд ч гэсэн устгагдсан байх магадлалтай.
Тэгэхээр Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын хувьд ямар баримтыг нь нууцлаад, ямар баримтыг нь нууцаас гаргаад зарлаад байна вэ? гэдэг ч бас анхаарал татна. Б.Хурц өөрөө хүртэл “Энэ хэргийг нууцаас гаргаж өгөөч ээ” гэсэн байна.
Ц.Нямдоржийг Засгийн газартаа урьж ажиллуулсан Л.Оюун-Эрдэнэ сайд ч гэсэн үүнийг үл хараач, мэдээч болж, Т.Чимгээгийн “улаан хамгаалагч” болсонд ямартай ч өөрийнх нь хувийн эрх ашиг байхгүй байх. Магадгүй “Намын эрх ашиг” гэж харж байгаа байх. Хэрвээ С.Зоригийн хэргийн захиалагч илэрвэл манай намын нэр хүндэд муугаар нөлөөлнө гэж харж байгаа байх.
Гэвч нэг зүйлийг дахиад сануулахад Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг “улс төрийн зүтгэлтний амь насыг бүрэлгэсэн” гэдэг зүйл ангиар яллаагүй. Санаатай хүн амины хэргээр ялласан. Өөрөөр хэлбэл, С.Зоригийг улс төрийн зүтгэлтнийх нь хувьд хөнөөсөн улс төрийн аллага биш юм байна. Магадгүй хувийн сэдэлтэй, санаатай аллага байна гэж ялласан. Тэгэхээр аллагын захиалагчийг хайх чиглэл ч гэсэн өөрчлөгдөнө гэсэн үг. Харин хэргийн захиалагч руу хөтлөх гол хүн нь Т.Чимгээ байж магадгүй.
Магадгүй ийм шалтгаанаар Ц.Нямдорж сайд Т.Чимгээг суллуулахаар улайран хөөцөлдөж байж ч болох юм. Т.Чимгээ захиалагчийн хэргийг задалж магадгүй гэсэн болгоомжлол, магадгүй Т.Чимгээ хэргээ хүлээж магадгүй /өнөөдрийг хүртэл Т.Чимгээ хэргээ хүлээж нэг ч үг дуугараагүй байгаа/ байна гэдэг мэдээллийг авсны үндсэн дээр Т.Чимгээг ямар ч аргаар хамаагүй суллах шаардлага бий болсон байж болох юм.
Харин захиалагчийн хэргийг бүдгэрүүлэх нь МАН-ын эрх ашиг байсан уу, Ц.Нямдоржийн эрх ашиг уу? гэдгийг Л.Оюун-Эрдэнэ одоохондоо мэдэхгүй ч байж магадгүй. Ямартай ч энэ хэргийн үр дүнд Ц.Нямдорж гэдэг хүн Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалд сууж, тэндээсээ зүүлттэй өдий хүрсэн, түүний цаг үед С.Зоригийн аллагын хэргийг илрүүлэх ажил нэг ч алхам урагш ахиагүй нь бол яалт ч үгүй үнэн.
Үргэлжлэл бий...
а
Зочин
Зочин
Зочин
Хабул
Зочин
Сонин юм даа
Сайхан нийтлэл болжээ
Хачин юм
baatar
Таамаг хэрэггүй
Зочин
Зочин
Бодъё.
Зочин
Нүүр нь шир болсон хүн
Зочин
Зочин
Зочин
Олны үг ортой
Мөнхөө
Зочин
Зочин
Зочин
Чөтгөр