(MINING MANIA)

Миний “defacto” нэвтрүүлгийн анхны зочин, алдарт улс төр судлаач Параг Ханна анх удаа Монголиа гэдэг улс Майньголиа (Minegolia) болно гэж бичсэн юм. Гэхдээ Майньголиа улсын хүн бүр байгалийн баялгийнхаа хөгжил, шимийг хүртэх эсэх нь засаглал аль хэр тунгалаг байхаас хамаарах тухай Чили улсын жишээ болгож ярьж билээ. (www.jargaldefacto. com-д орж бүтнээр нь харна уу)

Эдүгээ Монгол Улс үнэхээр бүхэлдээ нэгэн том уурхай буюу Minegolia болж, хүн бүрийн амьдрал уул уурхайгаас шууд ба шууд бусаар хамааралтай болчихлоо. Улсын төсвийн орлогын ихэнх хэсэг уул уурхайн компаниудын татвар, хураамжийн төлбөрөөс бүрдэх боллоо. Монгол Улс нүүрсээ зараад анх удаа 40 жилийн турш зэсийн баяжмалаа гаргаснаас илүү орлогыг 2011 оноос олж эхэллээ. (Moncoal-ia)

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны мэдээллээр 2010 оны байдлаар ажил лах хүчний 3.3 хувь буюу 34.1 мянган хүн уул уурхай, олборлолтын салбарт ажиллаж байна. Харин Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл болон Ашигт малтмалын газрын өнгөрсөн оны албан ёсны мэдээллээр манай улсад 73 мянган хүн ашигт малтмалыг гар аргаар олборлож, 100 мянган хүн орлогоо нэмэгдүүлэхийн тулд улирлын чанартай үйл ажиллагаа эрхэлж байна.



Ямар ч гэсэн нийт монголчуудын бараг аравны нэг нь эдүгээ уул уурхайн олборлолт явуулж байгаагийн ихэнх нь бидний хэлдгээр “нинжа” нар ажээ. Тэд бараг бүх аймагт (21-ээс 19-д нь) “ажиллаж” Дундговь, Дорноговь, Хэнтий аймгуудад жоншоор, бусад аймгуудад нь алтаар төрөлжиж, ихэнх нь том компаниудын орхисон газруудад алтны олборлолт явуулж байна. Өнгөрсөн онд Монгол Улс даяар олборлосон 20 гаруй тонн алтны гуравны нэг нь буюу 6.5 тон алтыг нинжа нар (ШХА-гийн мэдээлэл) олборложээ.

Харин том компаниуд нүүрсээ олборлон Хятад руу 130 хүртэл тонн даацтай ачааны машинаар зөөж байна. Тавантолгойгоос олборлож буй бүх нүүрсийг урд хилийн Гашуунсухайт боомтоос дотогшоо 20 км зайд орших Цагаан хад гэдэг газар аваачиж овоолдог. Ганцхан Ухаахудагаас ирэхдээ засмал замаар, бусад нь тус тусын шороон замаар галт тэрэгний тас ралтгүй цуваа мэт ирж нүүр сээ буулгаад буцдаг ажээ. Дараа нь гаалийн шалгалтын дараа дахиж ачаад Гашуунсухайтын цаад талд байгаа Хятадын Ганц модны боомтоор ордог ажээ.

Эдүгээ шороо тоосондоо дарагдсан энэ Цагаан хад гэдэг газар ирдэг олон мянган ачааны машины ачаа буулгаж, хооллож ундлах цэгийг саяхан очсон сэтгүүлчид “гамшгийн бүс” гэж нэрлэжээ. Өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин, аялал жуулчлалын шинэ сайд тэнд очиж асуудлыг ашгүй нэг нэрээр нь нэрлэж, “хавиргаар нь тавьж” байлаа.

Яг үнэндээ Монгол Улсын хамгийн том экспортын “лонхны хүзүү” болон гацааж буй Цагаан хад гадэг газар бол өнөө- гийн УИХ, Засгийн газар, түүний яам, агентлагуудад ажиллагсдын ур чадвар, мэдлэг чадавхи, хоорондын уялдаа холбоо, иргэдэдээ хэрхэн үйлчилж байгаагийн хамгийн амьд, хамгийн “хар тоостой” жишээ юм.

Хэвийн бөгөөд тасралтгүй үйл ажиллагаатай төр засаг бол хамгийн том, хамгийн чухал экспортын асуудлыг шийдэхдээ эхлээд дэд бүтцээ байгуулж, (уг нь эрсдэлээ тооцоод худалдан авагчч ганцхан талын буюу өөрийнх нь хөрөнгөөр бариулж, сүүлд нь борлуулалтын орлогоос төлөх нөхцөлөөр зам бариулах нь оновчтой байсан), байгаль орчин, хүн амын эрүүл ахуйн нөхцөлийг хангахаар тооцож, хил гаалийн холбогдох дэд бүтцийг байгуулаад, экспортолж эхлэх ёстой байсан. Тавантолгойн нүүрсийг одоогоор гурван аж ахуйн нэгж олборлож байгаагаас “Энержи ресурс” л нүүрсээ хилийн үнээр өгдөг учир хил хүртэл 250 гаруй км засмал замыг өөрийн хөрөнгөөр барьж, бусад машинуудаас татвар болгож нэг удаа 500 мянган төгрөг авч байна. Харин суудлын автомашинууд “ӨМӨ” гэсэн дугаартай л биш бол 20 мянган төгрөгийн татварыг “Энержи ресурс” компанид төлдөг аж. “Тавантолгой” ХК нь уурхайн аман дээр нүүрсээ зардаг учир зам болон тээврийн асуудал тэдэнд хамаагүй. Тээврийн гэх компаниуд нь улсаас тусгай зөвшөөрлөө авчихсан учир хувь хүмүүстэй дэд гэрээ хийдэг ажээ. Хувь хүн өндөр төлбөртэй замаар явах сонирхолгүй байдаг.

“Эрдэнэс Тавантолгой” гэж улсын компани яваандаа өөрийн зам барих төлөвлөгөөтэй гэнэ. Тавантолгойг хуваах тутам өөр өөрийн зам, цахилгаан станц гэх мэт дэд бүтэцтэй болох хандлагатай болжээ. Уг нь энэ бүхнийг зохицуулах төрийн байгууллагууд байдаг ч бие бие рүүгээ түлхсээр сууна. Монголчууд олдохоороо өлдөнө гэдэг нь болж байна.

Монголын төр засгийн уул уурхайн удирдлагын бодлогын хэрэгжилт иймэрхүү маягаар явж, уул уурхайн үйл ажиллагааны байгалийн хор хөнөөлийг үл тоож байгаа цөөхөн хэсэг нь уул уурхайгаас баяжиж, ихэнх хэсэг нь хишгийг нь хүртэхгүй байгаатай нийлээд иргэдийн дунд Mining Phobia буюу уул уурхайн айдас бий болж эхэллээ. Төр засгаас уул уурхайн хөгжлийн асуудлаар төсөл бүрээр нь хөөцөлдөхөөс гадна нэгдсэн бодлоготой ажиллах цаг болжээ. Хариуцлагатай уул уурхай, ногоон уул уурхай, компанийн нийгмийн хариуцлагын тухай Канад, Австрали улсуудын Засгийн газруудын тодорхой санаачилга, жишээнээс тусган авч, уул уурхайн холбогдолтой хууль журмуудаа цогц, боловсронгуй болгох шаардлагатай байна.