Монголчууд X зууны үед уйгараас бичиг үсэг зээлдэн авсгыг уйгаржин бичиг гэдэг. XIII зууны үед Пагва лам энэтхэг-төвд үсэгт тулгуурласан дөрвөлжин бичиг хэмээх монгол бичиг зохиосон боловч дэлгэрч чадаагүй. XVII зуунд анхдугаар богд Занабазар мөн соёмбо хэмээх үсэг зохиосон боловч нийтэд дэлгэрч чадаагүй. Харин Чойжисэр-Одын уйгар бичгийг шинэчлэн сайжруулсан нь нийт монголчуудад ихэд тархжээ. Үүнээс гадна Ойрдын их гүүш Намхайжамц уйгар бичгийг сайжруулан шинэчлэсэн нь тод бичиг нэрээр ялангуяа Ойрдод нэлээд тархсан байна. 1930 онд монгол хэлийг латинжуулсан боловч мөн л олон нийтэд тархаж чадсангүй, ганц нэг сонин, зурагт хуудасны гарчигаас хэтрээгүй юм. Харин 1942 онд орос кирилл үсгийг монгол бичиг болгон хэрэглэсэн нь тавиад оны үеэс ихэд тархан, орчин цагийн монгол бичиг үсэг болсон ба үүнээ дагасан үсгийн дүрэм буй болж сүүлийн жаран жилд хэрэглэн явцын дунд улам сайжирсаар манай үндэсний бичиг үсэг болсон юм.

Өдгөө ХХ зууны ертөнц аргын цаг тоолол, Христын он тоолол, латин үсэг, араб тоо, метрийн систем, долоон эгшигт ноот зэрэг олон зүйлийг бүх нийтийн болгон авсан билээ. Ухаан нь сарны цаг тоолол, хижрийн он, ханз үсэг, самгард тоо, англи хэмжүүрийн нэгж, таван эгшигт ноотыг орон нутгийн хэмжээнд өөр өөрийнхөөрөө хэрэглэж болох боловч аль ч улс орон дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн жишгийг бүгд дагадаг. Ханз, кирилл, тай, энэтхэг, араб, солонгос зэрэг маш олон төрлийн бичиг үсэг буй боловч хэл болгон өөрийн харгалзсан латин галигтай байна. Латин галигаа хэл бүр өөрөө хүлээн зөвшөөрсөн жишгээр хэрэглэдэг. Тухайлбал хятад япон хоёр нь адилхан ханз бичигтэй мөртөө японы латин галигт Q байдаггүй, харин хятадын латин галигт Q-г “ч” гэх маягтай уншина. Харин арабын латин галигт үүнийг “кх” гэх маягтай дуудана.

Монгол хэл нь өөрийн тогтсон латин галиггүй байгаа дэлхийн цөөхөн хэлний нэг болон хоцорчээ. Монгол хэлэнд гучаад оны үед хэрэглэж байсан нэг латин галиг, монгол хэл судлалд хэрэглэдэг бас нэг латин галиг бий  нь бий. Гэхдээ аль алин нь өргөн хэрэглээний албан ёсны тогтсон галиг болгоно гэвэл өнөөгийн шаардлага хангахгүй. Гучаад оны латин галиг нь тулгуур латин үсэгт байдаггүй дээр доороо янз бүрийн тэмдэглэгээтэй үсэгтэй бол монгол судлалын латин галиг нь герег, латин үсгийн холимог юм.

Монголчууд гучаад оноос латин үсгийг нилээд сайн мэдэх болсон ба кирилл үсэгт шилжсэнээс хойш ч гэсэн хими, физик, астроном, математик зэрэг хичээлээр дамжин латин үсэгт тайлагдсан юм. Ялангуяа англи хэл маш ихээр тархаж буй өнөө үед залуучууд бүгд латин үсэгтэй болсон төдийгүй, компьютер, гар утас зэрэг техникийн дэвшил нь тэднийг монгол үгийг латин галигаар бичихийг өөрийн эрхгүй шаардаж байгаа юм. Гэвч нэгэнт улсын нэгдсэн стандарт латин галиг байхгүй байгаагаас болж дур дураараа янз бүрээр кирилл үсгийг орлуулан бичиж байгаа тул хоорондоо үл ойлголцох явдал их гарч байгаагаас гадна нэгэнт ахуй амьдрал шаардаад байхад хүмүүсийн дур дураараа хэрэглэж байгаа явдал нь хэтэрхий бүдүүлэг болхи байдлыг ч үүсгэж байна. Ганц жишээ хэлэхэд Chingins, Chindhis,Genghis, Chinggis гэсэн нь Чингис гэсэн нэрийн нэлээд элбэг тохиолддог латин галиг ба үүнээс өөр хувилбараар ч бас бичигдсээр байна. Үүнийг нэгэн нэг мөр болгоогүй болохоор алийг нь ч зөв буюу буруу гэж хэлэх арга байхгүй байгаа юм.

Миний бие латин үсгийн монгол галигийн нэгэн жишиг санал болгож байна. Үүнд хэд хэдэн зарчим баримталсныг тоочвол:

Латин үсгийн үндсэн 26 үсгээс гажихгүй. Учир нь элдэв нэмэлт үсэг буй болговол ялангуяа компьютер, гар утсанд тохиромжгүй болох ба ингэснээр ерөөс латин галиг хэрэглэх маань утга учраар бага болно. Дамдинсүрэнгийн үсгийн дүрмийг баримтлах учир ямар нэг шинэ дүрмийн тухай асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл одоогийн үсгийн дүрмийн дагуу зөвхөн кирилл үсгийг латин үсгээр оруулан хэрэглэх юм.

Латин галиг хэрэглэснээр монгол хэл латин үсэгт шилжиж буй хэрэг огт бус. Орчин үеийн техникийн шаардлагад л зохицож буй хэрэг ба энэ нь нэгэнт ахуйд өргөн хэрэглэж байгаа явдлыг нэг мөр болгоход л чиглэж байгаа юм.

Сүүлийн хэдэн жил хүмүүсийн компьютер, гар утсаар харилцахдаа өргөн хэрэгэж буй галигийн сайн талуудыг нь түүвэрлэх маягаар авсан болно. Англи хэлний үсгийн нийлэмжийг дууддаг жишгийг голлон авсан болно. Буй болгосон латин галигийг хэрэглэх явцад улам сайжрахаар бодож асуудлыг нээлттэй тавин, хэрэглэх тутам ажиглагдах гажгийг сайжруулан улмаар улсын баталгаажсан латин галиг буй болгоход тус болох алхам болгох зорилго агуулж байгаа юм.

За ингээд тун амархан хичээлдээ орцгооё. Одоо хэрэглэгдэж байгаа монгол кирилл үсэг нь 35 үсэгтэй нь: А, Б, В, Г, Д, Е, Ё, Э, З, И, Й, К, Л, М, Н, О, Ө, П, Р, С, Т, У, Ү, Ф, Х, Ц, Ч, Ш, Щ, Ъ, Ы, Ь, Э, Ю, Я  болно.

Латины 26 үсэг нь: A, B, C, D, E, F, G, H, I, J, K, L, M, N, O, P, Q, R, S, T, U, V, W, X, Y, Z  болой. Одоо орлуулга хийе.  

А-А,  Б-B,  В-W,  Г-G,  Д-D,  Е-Ye,  Ё-Yo,  Ж-J,  З-Z,  И-I,  Й-I,  К-К,  Л-L,  М-М,  Н-N,  О-О,  Ө-Q,  П-Р,  Р-R,  С-S,  Т-Т,  У-U,  Ү-V,  Ф-F,  Ы-Yi,  Ъ- ,  Ь-`,   Х-Х,  Ц- Тs,  Ч-Ch,  Ш-Sh,  Щ-Shch,  Э-Е,  Ю-Yu,  Я-Ya

Энд А, Б, Г, Д, З, И, К, Л, М, Н, О, П, Р, С, Т, Ф үсгийн латин орлуулга ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй болов уу гэж бодож байна. Үлдсэн орлуулга латин галигийг тус бүр дээр нь яръя.

“В-W”. Үүнийг “V”-ээр орлуулдаг. Гэвч V үсгийг төстэй байдлаар нь кирилл монголын “Y”-г тэмдэглэхээр авлаа. Үүнээс гадна ерөөс монгол хэлэнд орос хэлний “В”, англи хэлний “V” авиа байдаггүй. Уйгаржин монгол бичигт Б, В үсгийн ялгаа байдаггүй ба кирилл үсэг орж ирсний дараа үүнийг “зөөлөн Б”, “хатуу Б” гэж ялгадаг байжээ. Гэхдээ гадаад үг, нэрийг цаад хэлэндээ яаж тэмдэглэснээр нь шууд хэрэглэнэ.

“Ж-J”. Үүнийг мөн “Zh” гэж ч орлуулдаг. Гэвч энэ нь орос, хятад, франц зэрэг хэлэнд байдаг онцгой зөөлөн “жж” авиа монгол хэлэнд байхгүй. Харин буриад аялагад бий. Жаргал гэхийг “жжаргалъ” гэх маягтай дуудна. Англи хэлний “J” авиа нь монгол хэлний “Ж”-тэй таарах ба аль алинийг нь орос хэлэнд “Дж” гэж (Джаргалант, Джонсон гэх мэт) галигладаг. “J” тэмдгийг уул нь Я,Е,Ё,Ю зэрэг авиаг тэмдэглэхэд авч ашигладаг герман зэрэг хэлний тэмдэглэгээг авбал тун зүгээр боловч үүнийг “ж” гэж уншдаг англи хэлний нөлөө илүүтэй учир ингэж авлаа.

“Х-Х”.  Үүнийг ялангуяа сүүлийн үед компьютер, гар утсанд ингэж их хэрэглэж байгаагаар нь авав. “Х” нь “кс” гэж уншигддаг. Хятадын латин галигт үүнийг бүр “ш” гэж уншина. Монгол хэлэнд “кс” гэж хэрэглэгдэх авиа огтоос үгүй. Үүнээс гадна “Х” авиаг “Кh”, “Н” гэх мэтээр хэрэглэдэг боловч “Н” тэмдэглэгээ нь өөр олон нийлэмж авианд хэрэглэгддэгийг бодоод эндээс чөлөөлөв. Уул нь уйгаржин үсгээр бол “хивс” гэдгийн “х”, “хавар” гэдгийг “х” авиа нь тус тусдаа өөр авиа учир мөн өөрөөр тэмдэглэн хэрэглэдэг. Гэвч энэхүү латин галигт Дамдинсүрэнгийн үсгийн дүрмийг хэрэглэж буй учир дахин ялгаатай бичиж толгой эргүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

“Ө-Q”. Үүнийг “өмлайт” хэмээх герман хэлний дээрх хоёр цэгтэй О-гоор их тэмдэглэдэг. Гэвч энэ нь латин үндсэн 26 үсгээс гараад явчих тул нэмэлт үсэг шаардагдаж хүндрэл үүсгэх юм. “Q” авиа тэртэй тэргүй монгол хэлэнд байхгүй учраас энэ тэмдэг чухам энд хэрэглэгдвэл зүгээр санагдлаа. Ер нь ч “О” үсэгтэй төстэй юм. Гэхдээ жижиг “Q“ нь “q” гэж бичигдэх учир эвгүй ч харагдаж магадгүй. Иймээс “Ө”-г “ou” нийлэмжээр тэмдэглэсэн ч болох юм.

“Y-V”. Үүнийг мөн “өмлайт” хэмээх герман зэрэг хэлэнд хэрэглэгддэг дээрээ хоёр цэгтэй U-гаар их тэмдэглэдэг. Мөн л латин 26 үсгээс гажих тул авч хэрэглэсэнгүй. Харин сүүлийн үед компьютер, гар утасны харилцаанд “Y” гэсэн латин үсэг нь Я, Е, Ё, Ю үсгийг тэмдэглэхэд англи хэлний нөлөөгөөр их авч хэрэглэдэг учир нэгэнт чөлөөлөгдсөн “V” тэмдэглэгээг энд авч хэрэглэх санал гаргаж байна. “V” нь “Ү”-тэй төстэй ч юм.  Гэхдээ “Ү”-г “uo” нийлэмжээр тэмдэглэсэн ч болох юм.

“Ц-Ts”. Үүнийг “С”, “Ts” гэх мэтээр тэмдэглэдэг ёс бий. Мөн л англи хэлний нөлөөгөөр “С” гэж бичихээс татгалзлаа. Учир нь “С”-ийн араас эр эгшиг орохоор олон хэлэнд “К” гэж дуудагддаг учир самуун будлиан их үүсгэх юм. Түүнийг “Ts” хэмээх нийлэмж үсгээр авахаар “хатсан”, “шатсан” гэх мэт “т”-ийн дараа орох монгол хэлний тохиолдол их учир мөн будлиан үүсгэх аюултай юм. Гэхдээ үүнийг нэгэнт дассанаараа “Ts” гэж явуулах саналтай байна.



“Ч-Ch”. Үүнийг англи хэлэнд тэмдэглэдэг журмаар нь авав. Нэгэнт дан “С” тэмдэглэгээг чөлөөлчихсөн учир ингэж хосолж орсноор будлиан тарихгүй.

“Ш-Sh”. Үүнийг мөн англи хэлний журмыг ашиглав.

“Щ-Shch”. “Щ” хэмээх авиа угаасаа монгол хэлэнд огт байхгүй. Гэвч шаардлагатай бол ингэж тэмдэглэж болох юм.

“Я-Ya”. Англи хэлний “Y”, герман хэлний “J” нь ардаа ямар үсэг байгаагаас хамаарч я,е,ё,ю гэж дуудагддаг. Уйгаржин монгол бичигт ч тусдаа я,е,ё,ю үсэг байдаггүй ба англи германтай адилхан үсгийн нийлэмжээр тэмдэглэдэг юм. Үгийн эцэст орсон Ё,Е,Ю,Я нь гагцхүү “Y”-ээр тэмдэглэгдэнэ. Сая-say, харъя-хаrаy, бие-biy г.м.

“Е-Ye”, эсвэл “Yg”. Зарчим нь “Я”-ийн тэмдэглэгээтэй адил. Үүнээс гадна чухам ийм нийлэмж хийснээр орос хэлэнд байдаггүй боловч монгол хэлэнд байдаг мөртөө өдий хүртэл тэмдэглэх боломжгүй байсан зүйлийг дахин шинээр буй болгож байна. Юу гэвэл 90 гэсэн тооны “ер” , ерөөсөө гэдгийн “ер” хоёр шал өөр дуудлагатай, өөр утгатай боловч кирилл монгол үсгээр адил бичсээр ирсэн. Тэгвэл энд 90-ийн тоог “үеr” гэж, ерөөсөө гэдгийн ерийг “үqr” гэж өөрөөр бичих нь байна.

“Ё-о”. Зарчим нь “Я”-ын тэмдэглэгээтэй адил.

“Ю-Yu” эсвэл “Yv”. Зарчим нь “Я”-ын тэмдэглэгээтэй адил. Орос хэлэнд “ү” байдаггүй тул (Яг үнэндээ “у” авиа байдаггүй. Үүнийг кирилл үсэг авч байхдаа эндүүрчээ. Клуб гэж бичсэнийг “клүүб” гэж хэлдгээс харагдана. Пушкин хэмээн хоолойн “у” авиа хэрэглэхгүй “пүшкинь” гэж хэлдэг. Хоолойн “у” авиа англи хэлэнд ч байхгүй) юм хум гэдгийн “Ю”-г “у”-тайгаар уншаад байх мөртөө “юүдэн” болохоор мөнөөх “ю” маань өөрөөр уншигддаг. Энэ байдал энд засрана.

“Ы-Yi”. Үнэндээ монгол хэлэнд орос хэлний нэгэн адил “Ы” гэсэн тусдаа авиа байхгүй. “Ы”-ийг үгийн эр эмийг ялгахын тулд хэрэглэдэг болохоос ердийн “и” авиа юм. Нэгэнт энд Дамдинсүрэнгийн үсгийн дүрмийг ашиглаж байгаа тул эр үгийн “и” буюу “жаран нэгийн “и”тэй” газар ингэж тэмдэглэхээр бодож авлаа.

“Й-I”. Монгол хэлэнд “хагас и” нь зөвхөн эгшгийн ард орж байж дуудагддаг авиа юм. “Й”-ээр эхэлсэн үг монгол хэлэнд байхгүй боловч орос хэлэнд үүнийг герман хэлний “J”, англи хэлний “Y”-ийн орноос хэрэглэдэг тул Йокагама, Йорк гэсэн бичлэг монгол бичигт орж иржээ. Үүнийг нь манай латин галигт “Y”-аар орлуулах тул энэ үүрэг нь алга болно. Монгол хэлний “хагас и” нь ердийн “и” дуудлагаас өөр боловч зөвхөн эгшигтэй хавсарч байж дуудагддаг тул “I” тэмдэглэгээгээр орлуулахад алдах юм ер үгүй. Изриаль гэдгийг “изра-и-ль” гэж дуудах ёстой боловч монголчууд “израйль” гэж л хэлдэг, үүнд аль алинд нь буруу ч юу  байхав.

“Ь-`”. Уйгаржин бичигт “зөөлний тэмдэг” огтоос байдаггүй, гийгүүлэгч зөөлөрсөн тохиолдолд “и” авиаг хэрэглэнэ (мори, ханилаху гэх маягтай). Кирилл бичигт тусгай тэмдэглэгээ хэрэглэх болсон нь ихээхэн дэвшил болсон ба үүнийг эргүүлж уйгаржин маяг уруу нь оруулснаас латин галигт орлуулсан нь зүгээр санагдав. “`” гэсэн тэмдэглэгээг апостроф (apostrophe) гэдэг ба англи хэлэнд өөр зориулалттай. Гэхдээ компьютерт энэ тэмдэглэгээ үргэлж байдаг учир үүнийг монголын латин галигт гийгүүлэгч зөөллөхөд ашиглаж болохгүй нь юу байхав. Иймээс хонь-хоn`, ханьсах-хan`sax, ярья-yar`ya гэх мэтээр хэрэглэх санал тавьж байна.

“Ъ”. Хамгийн сүүлд ганцаараа үлдлээ. Ямар ч гийгүүлэгч монгол хэлэнд хатуурч дуудагддаггүй, байгаагаараа л хэлэгдэнэ. Орос хэлэнд гийгүүлэгч хатууруулахаас гадна мөнөөх ю, я, е-г тусгаарлахын тулд ашигладаг. Дамдинсүрэнгийн үсгийн дүрэм ёсоор мөн эдгээр авиаг тусгаарлахын тулд хэрэглэдэг боловч нэгэнт латин галигаар “Y” хэрэглэх болохоор энэ үүрэг нь хар аяндаа хэрэгцээгүй болж байгаа юм. Иймээс “хатуугийн тэмдгийг” орлуулах латин үсгийг зориуд буй болгосонгүй.
 
2001.Х.02