Ж.Бямбадорж: Энэ адайр ааштай Нямдоржоос болоод...
Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Бямбадорж “Ярилцъя” булангийн энэ удаагийн зочин боллоо.
Хорвоогийн амьдралд хос мөрөө гарган ижилсч явсан ханиа аймшигт өвчинд алдчихаад урсгасан нулимс нь хатаж амжаагүй, учирсан зовлон нь хагасарч чадаагүй эмзэг үед ажил хэргийн эрхээр хаалгыг нь ийн тогшив. Хал үзэж, халуун чулуу долоож яваа монгол эрийн шийрээр тэр харин урьдынхаараа, цагаан цайлган, халуун дотно угтлаа. Энэ өдөр түүнийг зорих сэтгүүлчид цөөн биш байх нь тодорхой. Харин “Зууны шуудан” эхнийх нь боллоо.
-Ж.Бямбадорж даргатай уулзаагүй их удсан байна. Өөрийг тань хөдөө хээр хэд хоног амрахаар явсан гэж сонссон. Нутагтаа очоо юу?
-Үнэхээр удсан байна. Чамайг ингээд ярилцлага авах гээд ороод ирэхийг харах сайхан байна. Их удаан бичээгүй болохоор үгүйлж байлаа. Бурхнаас сүүлийн үед сайн хүнийг үлдээж байгаач гэж ах нь их гуйдаг болсон. Хүн эрүүл л явах ёстой шүү.
-Баярлалаа.
-УИХ-ын сонгуультай холбоотой элдэв асуудлууд, за тэгээд манайд тасралтгүй ирж байдаг өргөдөл гомдлоос болоод амсхийж чадсангүй энэ хүрчихлээ. Амьдрал хатуу юм даа. Энэ жилжингээ л эмнэлэг домнолгоор явж байна. Бас нэг хүн үзүүлэх гээд Бээжин явж байгаад ирсэн. Ирээд хэд хоног хөдөө явлаа. Энэ жилийн намар яасан ч сайхан болж байх юм. Шаргалтсан, сайхан урт намар болж байна.
-Үндсэн хуулийн Цэцэд ирэхгүй асуудал ч гэж байхгүй юм. Өчигдөр гэхэд дунд суудлын хуралдаан болсон байв уу?
-Ирж байгаа өргөдлийн тоо, тэрэн дээр ажиллаж байгаа цаг хугацаа гэж барагдашгүй шүү дээ. Манайхан яг үүсгэж, хуралдаж, шийдвэрлэсэн асуудлыг нь болохоор л их том авч үзэх юм. Одоо ч хүн болгон шахам өргөдөл бичдэг болж дээ. Цэцийн харъяаллын асуудал мөн бишийг үл харгалзан бичиж л байдаг. Гэхдээ энэ тийм муу юм биш л дээ. Иргэн хүн өөрийн бодсон санаснаа холбогдох газруудад ирүүлж, явуулж байх нь өөрөө юу юунаас чухал. Холбогдох байгууллагууд нь хуульд заасан эрх үүргийнхээ дагуу хуульд заасан харъяалал байвал авч хэлэлцээд ингээд явдаг л даа. Ер нь Үндсэн хуулийн Цэц үүсэн байгуулагдсанаас хойшхи 17 жилийн амьдралыг аваад үзэхэд богино хугацаанд өөрийнхөө байр суурийг эзэлж чадсан ийм төрийн институц. Ийм том, зангарагтай институц болоход үе үеийн Цэцийн гишүүд, ялангуяа манай орчин үеийн хуульчдын эцэг гэж хэлж болно доо, нэрт хуульч Балдангийн Совд гэж сайхан буурал байсныг Монголын ард түмэн мартаагүй байх. Наваанпэрэнлэйн Жанцан гэж манай Цэцийн гишүүн байгаа. Цэцийн орлогч дарга. Энэ хоёр хүн багш шавь хоёр л доо. Багш нь анхны Цэцийн дарга байсан. Зургаан жил хийсэн. Дараа нь Н.Жанцан зургаан жил хийж ирлээ. Энэ хоёр хүний гавьяа их юм билээ.
-Та бол гурав дахь дарга нь?
-Тийм. Би боддог юм. Хурц хутгаар зүйрлэн хэлэх юм бол Цэц хоёр талдаа иртэй хутга. Энийг маш зөв барьж явахгүй бол хоёр ирэнд нь юу ч өртөж мэднэ, төрийг яаж ч самарч мэдэх байхгүй юу. Тийм учраас үе үеийн дарга, гишүүд, өнөөдрийн хамтран зүтгэж яваа Цэцийн гишүүдээрээ үнэхээр бахархаж явдаг. Би чинь олон газар ажиллаж явсан хүн шүү дээ.
-Цэцийн дээр хөх тэнгэрээс өөр юу ч үгүй гэж Б.Совд гуайн хэлсэн алдартай үг байдаг. Хожим Цэцийн талаар олон шүүмжлэл өрнөдөг болсон. Тухайлбал Цэцийн дээр улс төрийн захиалга байна. Цэцийн дээр МАХН байнаа гэж бичиж байсан сэтгүүлч таны өмнө сууж байна. Та одоо энд иржээ. Цэцийн дээр яг юу байх юм бэ?
-Цэцийн дээр Үндсэн хууль байна. Үндсэн хууль. Би сая 17 жилийн түүхэнд энэ байгууллага ямар байгууллага болж төлөвшсөнийг товчхоноор танд томъёолж хэлсэн. Би чинь улстөрч байлаа шүү дээ. Харааж, ерөөж л явлаа. Гомдож, уурлаж л явлаа. Хүн л юм болсон хойно сайн муу харьцаа гаргаж л явлаа. Яг үнэнийг хэлье. Өмнөх түүх ч тийм байсан юм шиг байна. Одоо ч тийм байгаа. Ерөөсөө Цэцийн дээр ганцхан Үндсэн хууль л байна. Дээр нь хуульчдын өөрсдийнх нь нэр хүндээ авч явж ирсэн өндөр эрэмбэ байна. Одоо Монголд байгаа төрийн байгууллагууд дотроос Цэц л жинхэнэ хуульд заасан үүргээ биелүүлж чадаж байна гэж би үзэж байгаа.
-Яагаад?
-Янз бүрийн юмнууд байдаг. Хүн л юм болохоор нөлөөлөх гэсэн оролдлогууд тохиолддог юм шиг байгаа юм. Яг зөвлөлдөх танхимд орсон хойно бол тэнд “Би ямар хуульч вэ” гэдгээ л харуулахыг боддог. Цэцийн харъяаллын асуудлууд чинь өөрөө улс төрийн дандаа том асуудлууд байдаг байхгүй юу. Шүүх дээр ялах, ялагдах л байдаг. Ялагдсан нь гомддог, ялсан нь баярладаг. Тэгээд улс төрийн өнгө аяс руу чирч оруулдаг. Өөрөөр хэлбэл, улстөрчидтэй холбоотой, улстөрчдийн гаргасан шийдвэр байдаг учраас. Ялагдсан хэсэг нь янз бүр болдог, хэлэх хэлэхгүй юмаар л хэлдэг шүү дээ. Ер нь манайд нэг бичигдээгүй хууль байна. Ялангуяа УИХ-ын гишүүд юу ч ярьж болдог, юу ч хэлж болдог. Тэр нь туйлын үнэн юм шиг авирладаг. Яахав дээ нэг үеэ бодвол манай ард түмэн тэрийг нь ялгаж салгадаг ухаантай болж. Тэр болгон тэд нартай чинь арсалдаад, маргалдаад байх боломжгүй юм л даа. Яагаад гэвэл бид хамтын шийдвэрээ л гаргана. Ж.Бямбадорж юу бодож, Сарантуяа юу бодож гаргаж байсан гэдэг нь чухал биш.
-Тэгвэл Цэц бол ерөөсөө л Үндсэн хуулийн манаач гээд ойлгочихож болох уу?
-Манаач гэдэг чинь яахав дээ, эд хөрөнгийг л буу бариад яг манаад зогсч байдаг ийм л хүн шүү дээ. Би бол яг үнэндээ манаач гэдэг үгэнд дургүй. Мэргэжлийн талаасаа ч, аль ч талаасаа дургүй. Харин Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийг хамгаалагч цэцэрлэгч. Цэцэрлэгч гэж их гоё мэргэжил байдаг юм шүү дээ. Зүгээр л тэр ургаж байгаа мод, янз бүрийн цэцгийг хараад зогсч байдаг биш. Хаана нь хорт ургамал ургаж байна, хаана нь нэг мөчир нь хугарах гэж байна тэрийг нь эмчилж, усалж, ургуулж, хамгаалж байдаг ариун сэтгэлт цэцэрлэгч байхгүй юу. Би бол Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн цэцэрлэгч нь юмаа л гэж боддог юм.
-Гэхдээ л Үндсэн хуульд засвар хийх цаг нь болсон, гар хүрч засч янзлах ёстой гэж үздэг олон хуульч бий шүү дээ. Зарим нь ингэж бүрээс нь сиймийчихсэн, бороо шороо нэвтлээд байх болчихсон гэх маягаар ханддаг бол зарим нь үгүй шүү, хэн ч хэзээ ч халдашгүй гэж хамгаалдаг?
-Маргаан байдаг. Гэхдээ энэ маргааны өмнө нэг асуудлыг их зөв тавих ёстой юм. Байшингийн суурь фундамент гэж байдаг. Суурь сайн л бол дээр нь юу ч хийж болдог. Сууриныхаа сайн мууг мэдээгүй байж байнга сууриа өөрчлөөд байвал хэзээ ч байшингаа барьж чадахгүй. Америкийг оруулаад сүүлийн 200 шахам жилийн, дэлхий нийтээр ярих юм бол 100 орчим жилийн хүн төрөлхтөний түүхэнд энэ Үндсэн хуульт тогтолцоо гэдэг юм бий болсон. Энэ чинь төрийн тогтолцоот ардчиллыг хамгаалагч гол хэрэгсэл нь байхгүй юу. Тэгээд энд ямар онол явдаг вэ гэхээр зэрэг фундаментаа эхлээд сайн тавь гэдэг. Би бол 1992 онд Монгол Улсын тэр үеийн депутатууд, тэр үеийн хууль боловсруулагчдыг гайгүй фундамент тавьсан гэж боддог. Орчин үеийн байшингаар ярих юм бол хамгийн дээд зэрэглэлийн цемент, арматуруудыг нэгтгэж тавьсан фундамент гэж боддог шүү.
-Та бол Москвагийн Их сургуулийн марк шүү дээ. Хариуцлагатай хэлж байна уу?
-Би яахав ихэвчлэн орос хэлээр л гадаад ертөнцтэй харьцаг хүн л дээ. Ноднин би Москвагийн Их сургууль дээр очиж олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан. Манай Үндсэн хуулийг оросын эрдэмтэд маш олон янзаар жишээ татдаг юм шүү дээ. Би тэнд сонсоод л сууж байсан. Манай Үндсэн хууль бол сайн болсон Үндсэн хууль. Гэхдээ бүх юмыг гарцаагүй төгс төгөлдөр болчихлоо гэж үнэлж дүгнэх хэцүү. Бүх үеийн туршид л энэ хэцүү байсан, тийм үү. Суурийг байнга өөрчлөх шаардлага байхгүй. Арван хэдхэн жил болчихоод л өө, энэ дэмий юм байна, өөрчилье гээд байвал одоо энэ барьсан байшинг нурааж л таарна шүү дээ. Чадан ядан эрх зүйн систем тогтоож байна шүү дээ. Чадан ядан нийгмийн харилцааг бүрэлдүүлж байна шүү дээ. Дахиад л нураах гэж үү. Үндсэн хууль судлалын эрх зүйн ноймор нэг онолын асуудал бол тогтвортой байх зарчим. АНУ-ын Үндсэн хуульд 26 өөрчлөлт орсон. 200 гаруй жил болж байгаа хууль шүү дээ. Уг нь бол фундаментыг ерөнхий хийх ёстой юм билээ. Сүүлийн үед үг үсгээр хөөцөлдөөд болж өгөхгүй байна. Тэгээд л Үндсэн хууль чинь болж өгөхгүй байна гээд л. Тийм биш л дээ.
-Та бол манай нэртэй улстөрчдийн нэг. Улстөрчийн амьдралынхаа үүднээс авч үзвэл та одоо хаана зогсч байгаа бол. Болж буй үйл явдлуудын талаар ямархуу бодлууд тээж яваа бол. Энэ асуултыг олон л хүн танд тавимаар байгаа байх?
-Улстөрч хүн гэж олон түмний дэмжлэгийг авч сонгогдож байдаг, эсвэл намын байгууллагад ажиллаж байдаг ийм хүнийг хэлдэг байх л даа. Би бол улстөрчийн үйл ажиллагаа явуулахаа болиод дөрвөн жил болж байна. Мэдээж улс төрд байсан хүний хувьд ч, төрийн өндөр алба хашиж байгаа хүний хувьд ч улс орныхоо төлөө өөрийн гэсэн шаналал тээж явалгүй яахав. Монголчууд бид олдож байгаа боломжийг ерөөсөө ашиглаж чадахгүй юм даа. Үнэхээр чадахгүй юм. Өнгөрсөн дөрвөн жил ямар их боломжтой дөрвөн жил өнгөрөв өө. Би боддог юм. 2000-2004 оны хооронд би УИХ-ын дэд дарга, МАХН-ын бүлгийн ахлагч байлаа. Тэр үед ийм эдийн засгийн боломж байсан сан бол гэж. Хэрэв ийм боломж байсан бол үнэхээр их юм хийж болох байсан. Зэс, алтны үнэ тэр үед дэлхийн зах зээл дээр ямар байв. Одоо ямар байна. Гэхдээ нөхцөл байдал тийм байсан гэдэг бол эцсийн эцэст шалтаг л байдаг юм даа. Хийе л гэвэл хийж болдог.
-Харганы ноос түүгээд ч гэсэн эсгий хийж болдог гэдэг шиг үү?
-Тийм. Эвлэвэл бүтнэ, ховловол гутна гэдэг үг байдаг шүү дээ. Тэр л бидний амьдралд их харагдаж байна даа. Заримдаа ч өөрийн эрхгүй дуугарчихмаар байх юм.
-Орон нутгийн сонгууль юу болчихов оо?
-Хамгийн аюултай юм нь одоо орон нутгийн сонгууль дээр гарч ирж байна. Тойрог гэж байгуулж байгаа бол тэнд нь л үр дүнг нь тодотгох ёстой байхгүй юу. Гэтэл нийслэлийн хэд хэдэн тойрог дээр 50-аас дээш хувьтай гараад хэн сонгогдсон, сонгогдоогүй нь тодорхой болох боломж гарчихаад байхад нийслэлийн хэмжээгээрээ 50 хувьд хүрээгүй бол бүгд хүчингүй гээд гол гаргачихсан. Ийм юм байдаггүй байхгүй юу. Дэлхийд байхгүй. Гэтэл өнөөдөр юу болж байна. Ямар байдалтай байж байна вэ. Цаашдаа юу болохыг би мэдэхгүй байна. Би олон удаа энийг өөрчилье гэж хэлж байсан. 1997-2001 онд олон улсын хуралд илтгэл тавьж, 2003 онд докторын зэрэг хамгаалж байхдаа ч би нэг зүйлийг байнга хөндөж ярьж хэлж байсан. “Үндсэн хуульд чинь иргэд чөлөөтэй сонгох эрхтэй гэсэн байна шүү. Энэ чөлөөтэй байдал гэдэг чинь сонгуульд оролцох оролцохгүй нь бас тэр хүний эрхийн асуудал гэсэн үг шүү. Тэгэхээр энэ бүх сонгуулийн хуульд 50 хувийн босго зоож тавьсан байдал чинь яваандаа дэлхийн жишигт хүрээд ирэхээр улс орныг маш хэцүү байдал руу түлхэнэ шүү” гэж. Дэлхийн орнуудад чинь сонгуульд оролцох эсэх нь иргэний өөрийн эрхийн асуудал байдаг юм шүү дээ. Америкт бол үндсэндээ сонгогчдын 31-32 хувь л орон нутгийн сонгуульд оролцдог юм билээ. Тэгээд яах юм. Социализмын үеийнхтэй адилхан сонгогчдоо барьж аваачаад санал өгүүлэх юм уу. Өчигдрөөс их сонин юм сонсогдож байна. Сонгуулийн ерөнхий хороо микроавтобусаар сонгогчдыг зөөх хэрэгтэй гэсэн яриа хүртэл телевизээр цухалзаж байна шүү дээ. Юу гэсэн үг вэ. Энэ одоо нээрээ юу гэсэн үг вэ. Тухайн үед энэ байдлаас сэрэмжлүүлж хэлсээр байхад “УИХ хууль гаргаж сонгогчдын идэвхийг бууруулах уриалга гаргах шаардлагагүй” гээд л мэргэд айлдсаар байгаад тэр үед хуульд өөрчлөлт оруулж өгөөгүй. Гэтэл яав. Тулаад ирлээ шүү дээ. Энэ мэтчилэн мэргэжилтний хувьд дуугармаар юм гараад байна.
-Хамтарсан засгийн талаар ч асуумаар л байна. Улс төрийн сэдвээр та юу ч ярьж болохгүй юу?
-Болохгүй. Яршиг биз дээ.
-Яршиг л гэж байгаа болохоос таныг хэн хязгаарлаж сүйд болох вэ дээ?
-Өө, яршиг яршиг.
-Цэцийн дарга гэдэг энэ албан тушаал хуульчийн хувьд хүрэх мэргэжлийн оргил цэг байх, тийм үү?
-Энэ бол оргил цэг шүү. Н.Жанцан дарга намайг энд ирэхэд хэлж байсан юм. Энэ бол хуульч мэргэжилтний хүрэх дээд цэг шүү гэж. Би бол дээд цэг гэж боддог. Тэр дээд цэгт би хүрсэн. Хэн болгон аавын хүүд тохиолдоод байх ч тавилан биш.
-Тийм байх. Ингэхэд Цэцийн дарга таны аюулгүй байдалд ямар хамгаалалт байна вэ. Таны албан тушаалтны нэр хүнд яагаад ийм дархлаагүй байна вэ. Гэрт чинь хулгай орсон тухай мэдээлэл талын Монголын бүх хот айлд хүрлээ?
-Би Ганчимэг ээ, олондоо, төрдөө тэрсэлсэн үйл ажиллагаа явуулсан, идсэн уусан юм байхгүй ээ. Үнэхээр сая хэд хоног эзгүй хойгуур миний 54 нас хүртэлх хугацаанд ажиллаж амьдарч явахад, амьдралд маань тохиолдсон баярт, тэмдэглэлт мөчүүдэд миний хамгийн ойр дотнын хүмүүсийн дурсгасан 72 мөнгөн аяга байсан юм аа. Монголчууд чинь сайн санасан нэгэндээ мөнгөн аягатай цагаан сүү л барьдаг юм байна шүү дээ. Бүгд нэрээ бичээд надад сайн сайхныг ерөөгөөд дурсгасан. Би их харамсч байгаа. Тэрнийг маань аваад явчихсан байна. Энийг нь хүмүүс баян цатгалан юу юу гэнэв хэлэх хэлэхгүй үгээр л бичиж байна л даа. Ах нь 35 жил ханилсан ханиа энэ онд алдчихлаа. Энэ зовлон шаналангийн минь дэргэд бусад юм юу юм бэ. Яахав би нөхдийнхөө өгсөн дурсгалд харамсч байна л даа. Чиний хэлдэг үнэн. 2003 онд байна уу даа. Би сониныг нь хэлэхээ больё. Чи өөрөө мэдэж байгаа. Хүүхэд цонх руу чулуу шидээд хэд хэдэн удаа хагалаад болохгүй болохоор нь гүйгээд гарсан. Яав ийв гээд бариад автал юу боллоо. Баахан л бичсэн. Тэгэхэд л Бямбадоржийн байр энэ. Цонх нь энэ гээд л зурж өгөөд цацчихсан. Энэ чинь нэг үгээр зааж өгч л байгаа хэлбэр шүү дээ. Өнөөдөр ийм юм тохиолдож л байна. За яахав. Тэгээд л одоо ширээн дээрээ баахан юм, хөөрөг мөөрөг тавьчихаад л энэ бол Бямбадоржийн алдсан юм гээд зурагтаар гаргасан гэсэн. Хүмүүс ярьж байна лээ. Надад тийм юм гэж юу байхав дээ.
-Хэргийг шалгасан цагдаа нар нь тэгж телевизээр гаргаж байгаа хэрэг үү?
-Тийм. Миний бүх юм ил. Миний санаа сэтгэл ч ил. Миний гэрт ч гэсэн бүх юм ил. Тэгээд л цонхоор ороод тэр хэдэн аягыг аваад л явсан байна лээ. Эргэж ирээд ахиад л орсон байна лээ.
-Хоёр удаа ухсан юм уу?
-Тэгсэн шүү дээ. Орой нь ороод л, өглөө нь ороод л. Байхгүйг нь мэдээд л хэлчихгүй юу. Мэдээлэл өгдөг авдаг сүлжээ энэ тэр гэж байна шүү дээ. Олон хүн хэлж байгаа шүү. Наадахь чинь өөр зорилго арай байгаа юм биш биз гэж. Би бол тэгж бодохгүй л байна. Гэхдээ ах нь нэг юм хэлчихье. Надад хамгаалалт хэрэггүй. Хамгаалах шаардлага ч байхгүй. Би өөрөө өөрийгөө хамгаална.
-Яаж?
-Би өөрөө өөрийгөө хамгаалах системтэй. Би талийгаач С.Зориг шиг…Өчигдөр сонин дээр С.Зоригийг нас барснаас хойш буугаа ингэдэг болжээ гээд бас л жаахан дэгс бичсэн л байна лээ. Гэхдээ бас тэрэнд үнэн юм бий. Үнэн юм байгаа юм. Бод доо. Өнөөдөр талийгаач С.Зоригийг алсан хүн илрэхгүй л байна шүү дээ. Тийм ээ. Надад хар буруу санасан хүн байхгүй гэж би боддог. Гэхдээ юмыг яаж мэдэхэв. Би өөрөө үхэхээс айж байгаа юм биш. Иш мухаргүй юманд төрийн байгууллагыг ч оруулчих вий гэж бас эмээдэг хүн. Тийм учраас хэр баргийн хүн намайг байхад миний гэр рүү орж, надад халдаж чадахгүй. Энийг ёстой баталгаатай хэлнэ.
-Таны амь насанд уу?
-Тийм. Чадахгүй.
-Монгол хүний л үг байна. Та бадрангуй, цагаан цайлган хүн болохоор л ингэж хэлж байна. Та хуулийн салбарын оройд сууж байгаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга хүн. Мэргэжлийн ёс зүйн үүднээс ч таны хувийн аюулгүй байдалтай холбоотой асуудалд цагдаагийнхан хүндэтгэлтэй хандаж болохгүй юу. Эзгүйд нь гэрийг нь ухчихаж ч байх шиг. Ирээд шалгаж байгаа төлөөлөгч нь буу шийдмээр нь оролдож байгаад буу алдчихаж ч байх шиг. Тэгээд тэрийгээ хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдчихэж ч байх шиг. Хамгийн эхлээд хэргийн газар хэн очдог юм бэ. Хэвлэлийнхэн биш шүү?
-Биш биш. Тэр аяганууд чинь Ганчимэг ээ, одооны энэ улсуудын айхтар үнэтэй аяганууд биш шүү дээ. Дэлгүүрт л байдаг аяганууд байхгүй юу. Гол нь миний нөхдийн нэрээ бичээд, ерөөлөө бичээд дурсгасан эд байхгүй юу. Тэр нь л надад үнэтэй. Жишээ нь, үе үеийн Ерөнхийлөгч нарын өгсөн аяга байна. Яагаад гэвэл би докторын зэрэг хамгаалсан, 50 нас хүрсэн, гавьяат хуульч болсон. Албан тушаалд очиход өгдөггүй юм аа. Миний амьдралын тэмдэглэлт үе, баярт мөчүүдэд л өгсөн байхгүй юу. Анд нөхөд, миний эрхэмлэж явдаг хүмүүсийн мутрын үсэгтэй дурсгал шүү дээ. Тийм юман дээр л тоглоод байх юм даа.
-Гэртээ хүн үлдээдэггүй юм уу?
-Миний жолооч надтай найман жил явж байна. Миний гэрийн хаана юу байгааг манай талийгаач энэ хоёр л мэддэг байсан. Жолоочид маань миний бүх түлхүүрийн нэг хувь явдаг. Намайг явсан орой гэрт очиж юм янзалчихаад үүдний жижүүрт хэлээд явсан юм билээ. Ингээд дарга байхгүй байгаа шүү. Ус мус алдах юм гарах вий. Над руу холбогдоорой гээд. Тэгээд манай жолоочийг явснаас цагийн дараа л тэр хулгайч орсон юм билээ. Маргааш нь ороод ирэхэд л хамаг юм байхгүй болохоор сандраад л манай охин руу ярьж дуулгаад, цагдаа дуудсан байгаа юм. Тэр шөнөжин л цагдаа нар гарын хээ энэ тэр авсан юм билээ. Одоо гэрт юунд л хүрнэ, хар юм гарт наалдаад. Баахан юм л цацсан байна лээ. Баахан л худлаа үнэн юм… Гэхдээ яахав ээ, цагдаад баярлаж байгаа.
-Цагдаад яагаад баярласан гэж?
-Хурдан шуурхай ажиллаж хэргийг илрүүлсэн гэж.
-Тэр бол үүрэг нь шүү дээ. Та өөрөө нэг салбарын хүн болохоор нэр хүндийг нь хайрлаад байх шиг байна. Тэд мэдээллээ хамгаалахгүй, харин ч бүр зориудаар ийш тийш нь шидэж тоглож байгаа бол бид хамгаалахгүй шүү дээ. Бид бол мэдээллийн хойноос шиншилж явдаг үнэрч “нохойнууд” л гэсэн үг?
-Тийм ш дээ. Би тэнд өвчтэй хүн аваад хол явж байдаг. Манай муу жолооч шөнө болгон манайд очиж хонож байлаа шүү дээ. Ямар сайн байх вэ дээ. Хүний амьдралыг хүртэл ингэж алдуулж байгаа юм.
-Ирээд шалгаж байхдаа зайлуул бас буу алдаад нэг нэгийгээ алах шахаж байдаг. Та чинь юмаа алдаад, дээр нь тэр буу алдсан явдлаас болж цагдаад мэдүүлэг өгсөн юм билээ ш дээ. Тэр чинь яагаад сонинд гарах ёстой юм бэ?
-Яг наадахыг чинь би их гайхаад байгаа юм. Гэхдээ үүнд нэг юм байгаа юм. Тэгж манайд шалгаж байхдаа манайд цагдаа буу алдсан байна лээ. Яагаад гэхээр хоёр бууг зэрэг хулгай хийхэд бэлэн болгоод бэлдээд тавьчихсан байсан гэсэн. Миний буу яг журмын дагуу сейфэнд байдаг.
-Хэдэн буу юм?
-Хоёр. Шувууны буу, винтов хоёр.
-Зөвшөөрөлгүй буу хэрэглэдэг байсан гэсэн байв уу?
-Үгүй ээ, үгүй. Тэгээгүй. Бүгд зөвшөөрөлтэй, тэр татвар матвар ямар л ёс журам байна. Тэр дагуу.
-Сейфийг чинь яаж онгойлгодог билээ?
-Бууны сейф гэж тусгай сейф байдаг юм шүү дээ. Бүр харанхуй өрөөнд. Хоёр том түлхүүр байдаг учраас би тэрнийг хажууд нь тавьчихсан байсан юм. Тэрнийг олоод л онгойлгочихсон байна лээ. Тэгээд цагдаа ирээд үзлэг хийсэн байгаа юм. Замгийг нь татаад… яатал буу алдчихгүй юу. Тэр цагдаатай би уулзсан. Үнэхээр мэргэжлийнхээ төлөө зүтгэдэг хүн байна лээ. Сайн ч цагдаа байна лээ. Би бүр ирснийхээ маргааш тэр залуугийн төлөө зөндөө гүйсэн. Үүргээ гүйцэтгэсний төлөө энэ залууг янз бүрээр хэрэгт хийхээ больж өгөөчээ гэж Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар энэ тэрээр ярьсан. Тэгж хөөцөлдөж байж арай гэж тэр хэргийг хаалгасан. Хамгийн эмзэг юм надад тэр байсан. Адилхан л төрийн албан хаагч шүү дээ. Тэрэнд ямар буруу байхав. Тэр хулгайч ч сум хийчихсэн юм билүү, хэн мэдлээ. Би бол харин журамнаас нэг юмыг зөрчдөг. Шударга л хэлчихье. Би ганцаараа амьдардаг. Надад өмнө нь буу битгий хэл томхон хутга ч байгаагүй хүн шүү дээ. Талийгаач С.Зоригийг нас барснаас хойш ангийн хоёр гурван буутай болсон хүн. Хоосон буунаас хорин хүн айна гэж монголчууд ярьдаг. Би цэнэгтэй биш харин магазинд нь сумтай байлгадаг. Би тэр байцаагчид хэлсэн. За яахав ээ, сум буу хоёр тусдаа газар байх ёстой. Энийг ах нь зөрчжээ. Үүндээ би хариуцлага хүлээхэд бэлээн. Тэглээ гээд энэ буу сум хоёр чинь хоёр тийшээ явахгүй л байхаа даа гэж. Үнэхээр та нар бод л доо. Өнөөдөр талийгаач С.Зориг ямар хүн байсан. Яагаад өнөөдрийг болтол тэр хүнийг хороосон хэрэг илрэхгүй байна. Ойлгомжтой шүү дээ. Өөрийгөө хамгаалах систем дэлхийд байдаг. Тэр системээр өөрийгөө л хамгаална. Ийм л юм болсон. Тэгтэл сонин дээр нэмэр хачиртайгаар гарсан байна. Би бол сонин хэвлэлтэй хөөцөлдөж янз бүр болдоггүйг чи мэднэ. Тухайн үед нэг мурчиганаад л өнгөрнө. “Ну погоди” дээр гардаг ш дээ. Усны үхэр нэг юмнууд өрчихөөд маатаг цохих гээд байж байхад нөгөө чоно давхиж ирээд тараагаад хаячихдаг биз дээ. Хөөрхий усны үхэр тэрүүхэн тэндээ мурчиганаад л хоцордог биз дээ. Тэрэн шиг л амьтан ш дээ.
-Баярлалаа. Цаг гаргаж ярилцлага өгсөнд. Одоо нэг асуулт л үлдсэн. Шинэ УИХ сонгогдоод удаагүй байна. Та туршлагатай улстөрчийн хувьд энэ их хурлыг потенциалын нь хувьд хэрхэн дүгнэж байгаа бол?
-Би энийг дүгнэхгүй ээ. Би чамд хэлсэн шүү дээ.
-Ганцхан энэ асуултад л хариулчих?
-Ганцхан зүйлийг л хэлье. Хуульчгүй болсон, энэ парламент.
-Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан эд байж л байна шүү дээ. Яагаад?
-Тэр хоёр маань хоёулаа дарга болчихсон шүү дээ. Энэ их хурал яг гардаж хууль дээр ажилладаг, нухдаг хуульчгүй болсон. Дарга нар чинь тэр болгон юмандаа орохгүй юм байна ш дээ. Ц.Нямдорж бол бүр хөндийрчихлөө. Засгийн газрын гишүүн хүн чинь бас тэр болгон юм руу ороод байж чадахгүй шүү дээ.
-Ц.Нямдорж гэснээс би нэг асуулт тавьчих уу. Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Ж.Бямбадорж гээд бас л олон жил монгол төрийн төлөө хамтдаа зүтгэж явсан улсууд. Жаахан уран сайхны хэлээр ярих юм бол нэг завин дээр суугаад гол гаталж явсан нөхөд. Ц.Нямдоржийг УИХ-ын даргаас огцруулах үед та хоёрын дунд нэлээн том ан цав гарсан, нөхөрлөлд тань тэр явдал цэг хатгасан гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Амьдрал баян учраас зовлон жаргалын хаа нэгтэй эр улс эргэж уулздаг, сэтгэлийн буртгаа арилгадаг шүү дээ. Харин та хоёрын хувьд яасан бол?
-Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Ж.Бямбадорж гэдэг гурван хүн хувийн асуудлаараа биш монгол төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйлсэд хамтдаа зүтгэж явсан, одоо ч яваа улсууд. Найз гэж хэлж болно. Нөхөд гэж хэлж болно. Хошин ч гэх юм уу, эсвэл үнэн бодит байдлаар нь би нэг зүйлийг хариулъя. Энэ адайр ааштай Нямдоржоос болоод би найман сар нэг юмны орлого алдсан. Нэг юмны орлого. Тэр юу гэхээр бид хоёр зэрэг шатар тоглоод, ганц хоёр мянган төгрөг нааш цааш нь нэг нэг рүүгээ явуулдаг байхгүй юу. Би бол мэдээж хэрэг Нямдоржид хожигдохгүй ш дээ. Тэгэхээр зэрэг бүтэн найман сар миний орлого Нямдоржийн аашнаас болж хаагдсан. Ааш гэдэг үгийг би хашилтад хэлж байна шүү.
-Та хоёр хоорондоо л тоглоод байдаг байсан юм уу?
-Тийм. Гэхдээ яахав, Ө.Энхтүвшин энэ тэр гээд хааяа орж ирнэ л дээ. Тэр дунд чинь. Тэгээд нэгэнт бид хоёр байхгүй болохоор тэр явдал байхгүй л болчихож байгаа байхгүй юу. Би очихоо байчихаар. Гэхдээ миний “орлого” нээгдээд тав зургаан сар болж байна.
-Сайхан мэдээ байна?
-Ажил төрлийн хоорондын маргаан яахав дээ. Гэхдээ хүн юм болохоор гомдох барих юм гардаг. Мэдээж шүү дээ. Чи бод л доо. Тэр үед надад сайхан байсан уу. Нөхрийгөө огцруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж өгөөд, тэрийгээ уншаад, тайлбарлаад сууж байхад надад амар байсан гэж бодож байна уу. Үгүй. Хүнд л байсан. Гэхдээ л тэгэхээс өөр арга байгаагүй. Гэхдээ манай Нямдорж ухаантай хүн. Тэр ухаан гарч өгөхгүй бид хоёрын хооронд шаналгаатай үе байсан л даа. Одоо бол хуучин бүх нөхөрлөл маань хэвээрээ. Амьдрал баян шүү.
-Сэтгэлийн ямар ч сэв байхгүй болсон уу?
-Ямар ч сэв байхгүй. Бид хоёрыг нэг удаа шатар тоглоод сууж байтал нэг улстөрч хаалга татаж харснаа зогтуссан. Тэгснээ хөөх, энэ чинь нэлээн хуучны зураг байх чинь вэ гэж хэлж бид инээлдсэн. Нөгөө л бие биенээ үгээр идээд, нөгөө л янзаараа бие биенээ доромжлоод, толгойгоо маажлаад, шатраа гөлрөөд сууж байхаар гайхахгүй юу. Хүний амьдрал ийм л сайхан. Эр улсын нөхөрлөл ийм л гоё. За, баярлалаа. Чи хамаг цагийг минь авчихлаа.
SKYLITE