Хүрэмнийх нь баруун энгэрт алтан соёмбот цоо шинэ тэмдэг гялалзаж байна. Д.Болд энэхүү хүндтэй шагнал, төрийн соёрхлыг хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардаж авсан юм. Харин хүрэмнийх нь доторх цагаан цамцны зүүн энгэр дээр “Bold”  гэсэн дөрвөн үсэг, брэндийн тэмдэглэгээ харагдана. Монголын залуусын даган дууриах хэв маяг болж хэдийнэ амжсан энэ залуу хэзээ ямагт цаг үеийнхээ өмнө гарч сэтгэж, алхаж ирсэн. Монголын орчин үеийн хөгжимд үндэсний хэв маягтай шинэ урсгал бий болгохоор ажиллаж буй түүний хөдөлмөр, санаачилгыг төр үнэллээ. Тэрбээр шинэ урсгалаа олонд тайлагнаж, “Монгол поп” төслийнхөө хүрээнд ийм нэртэй шинэ тоглолтоо саяхан тавьсан. Энэ бүтээлийг нь төр соёрхсон билээ. 

-Шагнал авахаа хэзээ мэдсэн бэ?

-Шагнал гардуулах өглөө над руу Ерөнхийлөгчийн Тамгын  газраас утсаар хэлэхэд л мэдсэн. Төрийн ордонд орсон хойноо ч ямар шагнал авах гэж байгаагаа мэдээгүй. Ямартай ч шагнал авах гэж байна гэдгээ л ойлгож байлаа. Шагнал хүртэх хүмүүстэй нэг эгнээнд зогсож байхдаа, Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулах тэр мөчид л Төрийн соёрхол гэдгийг мэдсэн. Энэ бол миний шинээр хийж байгаа ажил, төсөл, цомог, өөрөөр хэлбэл, уртын дууг орчин үеийн поп урсгалтай хослуулсан “Монгол поп” бүтээлд маань өгч байгаа шагнал гэдгийг мэдээд үнэхээр гайхах, баярлах зэрэгцсэн. Нийт Монголын маань ард түмний өгсөн шагнал гэж ойлгож, үүний цаана хариуцлага, улам илүү ихийг хийх үүрэг даалгавар ирлээ гэж хүлээн авсан. Бид үндэснийхээ урлагийн өв соёлыг хориннэгдүгээр зууны залуусын хэрэгцээ, хэрэглээнд нэвтрүүлэх, үүнийг өөр урсгал чиглэлээр баяжуулах бүрэн бололцоотой. Цаашдаа язгуур урлаг, хөгжмийг, Монгол Улсаа гадаад ертөнцөд таниулан сурталчлах сайн бүтээлүүд хийх хэрэгтэй боллоо гэж өөртөө хэлсэн.

-Хүндхэн үүрэг, хариуцлагаас гадна хүслийн жигүүр ургуулсан гэж бодож байна?


-Тэгэлгүй яахав.Том итгэл найдвар, урам зоригийг төрүүлж байна. Цаашид хийж байгаагаа улам хөгжүүлэх ёстой. Зөвхөн Болдын шагнал биш бидний хамтын ажил, нийт рок попынхонд маань өгч буй үнэлэмж.

-Төрийн соёрхлыг олгодог тогтсон уламжлалт жишгийг энэ удаад эвдэж байгаа болохоор хүмүүс эерэг, сөрөг аль алинаар нь хүлээж авч байна. Шагналын жишгийг эвдсэнээрээ шударга ёсыг эхлүүлж байна гэсэн имижийг Ерөнхийлөгч өөртөө авлаа. Болд төрийн соёрхол хүртсэнээрээ харин рок поп ертөнцийн үнэлэмжийг өөрчиллөө. Рок, попынхноос гавьяатууд олон төрсөөн. Харин бүтээлд төрийн шагнал олгож байсан түүх байхгүй... Та ямар гавьяа байгуулсан гэж өөрийгөө үнэлж байна вэ?

-Гадны рок поп хөгжмийн урсгалууд классик хөгжимд суурилж, үндэс сууриа болгон хөгжсөн байдаг. Рок, поп, жааз, жааз-блюз, тэгээд л R&B, хип хоп гээд дэлхий дахинд сонсч буй урсгалууд бүгд классикаас үндэслэсэн. Монгол бол тэр хэмжээний язгуур хөгжмийн сонгодог урлагтай ард түмэн. Дэлхий дахинд морин хуур, уртын дуу, хөөмий гээд давтагдашгүй гайхамшигтай, содон өвийг үлдээж чадсан ард түмэн. Үүнийгээ орчин үед улам бүр хөгжүүлэх бололцоотой гэж үзэж “Монгол поп” төслийг эхлүүлсэн юм. Монгол гэдэг тодотголтойгоор хийж болно гэж үзсэн. Уртын дуу, язгуур хөгжмийн зэмсгүүдийг орчин үеийн хөгжимтэй хослуулж, пентатоник гармон дээр түшиглэн, поп хөгжмийн гармонуудтай найрсуулж онолын үндсэн дээр хөгжүүлэхийг зорьсон. Энэ чиглэлээр цаашдаа ч бас монгол жаз, монгол хип хоп, монгол R&B ч юм уу, бусад урсгалуудыг хөгжүүлэх боломжтой. Мэргэжлийн төвшинд хөгжих бололцоотой хөгжмийн шинэ урсгал гэж үнэлсэн учраас энэ хүндтэй шагналыг “Монгол поп” төсөлд өгсөн болов уу.

-Монгол поп гэдэг зүйл хөгжмийн шинэ урсгал мөн эсэхийг шагналаар нотлохгүй, нотлох ч албагүй байх. Харин энэ нь үнэхээр онолын үндэстэй шинэ урсгал мөн юм бол өөр бусад ямар ч дуучин бас дуулж чадах ёстой. Хэрэв бусад нь чадахгүй, дагаж дууриахгүй байх юм бол урсгал биш, зөвхөн дуучин Болдын хэв маяг байж таарна аа даа?

- Тийм ээ. Үүнийгээ цаашид хөгжүүлэх талаар олон ажлуудыг хувьдаа төлөвлөсөн.  Одоо “Гурван охин” хамтлагийн шинэ CD монгол поп урсгалаар гарах гэж байна, мөн бусад залуу дуучидтай хамтран ажиллах олон ажлууд эхлээд явж байна. Бид олон бүтээл, олон цомог хийх ёстой. Яагаад гэхээр бид зөвхөн Монголдоо биш дэлхийн зах зээл дээр гарч, өөрсдийн язгуур урлагаа орчин үеийн хөгжимтэй хослуулсан шинэ урсгал чиглэлээрээ Монгол Улсаа сурталчлах хэмжээнд ажиллах ёстой.

-“Монгол поп” гэдгийг тайлбарлана уу гэсэн асуултад та юу гэж хариулдаг вэ?

-Ямар нэг шинэ зүйлийг хийхэд заавал асуулттай тулгардаг. Энэ зүйлийг хэн түрүүлж олж харж, хэн түүнийг ажил болгоод явж байна вэ гэдэг хамгийн чухал асуудал. Олон хүн надтай маргадаг, монгол поп гэдэг чинь урьд нь байсан зүйл юм биш үү гэж. Тэгвэл асуудлын гол нь тэр зүйлийг бүтээл болгон гаргаж ирэхдээ л байгаа юм. Рок поп урлагийн тавцан дээр ажиллаж байгаа хүний хувьд үүнийг гаргаж ирээд дэлхий дахинд сурталчлахын төлөө ажиллах сэтгэл нь надад байсан гэж тайлбарлавал болох байх. Хаа нэгтэй гадны хамтлаг дуучид монгол поп урсгалаар хэзээ нэг өдөр дуулахыг үгүйсгэхгүй. Америкийн гудамжнаас үүссэн хип хопыг дэлхий дахинд дуулж болж байгаа юм чинь тал нутагт гайхамшигтай хөгжмийн өвийг бүтээж чадсан монголчуудаас үүссэн урсгалыг дэлхий дахинд дуулж яагаад болохгүй гэж.    

-Үүнийг тэгвэл яаж бодитой зүйл болгох вэ. Яаж дэлхийн зах зээлд гаргах вэ?

-Тэрний тулд бид бие биенээ дэмжих ёстой. Энэ урсгалаа дэмжих ёстой, үүгээр өвчлөх ёстой. Уран бүтээл хийх хэрэгтэй. Гэхдээ маш сайн бүтээл хийх хэрэгтэй. Зүгээр нэг дээл өмсч дуулахын нэр биш. Үүний цаана маш том хөгжмийн мэргэжлийн баг, маш том яруу найрагчдын баг ажиллаж байж энэ урсгал маань цаашид хөгжинө. Манай “B” продакшны хувьд шинэ залуу дуучидтай хамтарч ажиллахад бүрэн нээлттэй. Энд мэргэжлийн маш том баг ажиллаж байгаа.

-Бүтээлээ өндөр төвшинд хийсний дараа зах зээлд, тэр тусмаа гадаад зах зээлд гаргах ажил л хамгийн хүнд даваа биш үү?

-Мэргэжлийн өндөр төвшинд хийсэн зүйл хүнд хүрэхдээ амархан байдаг. Бүх л талаар, бичлэг, найруулга, үг шүлэг, ая хөгжим гээд бүх талаар өөлөх юмгүй цогц болсон бүтээлүүд ямар ч шалгуурыг давж гарч чаддаг.

-Төслийн багт ямар хүмүүс ажилладаг юм бэ. Ганц Болд биш байх?

-Төслийн багт олон хүн бий. Хөгжмийн студи, дууны үгийн мастерууд, хөгжмийн зохиолчид, имиж мейкерийн мэргэжилтнүүд бүгд нэг баг болж ажилладаг.

-Түрүүн нэг зүйлийг дутуу орхичих шиг боллоо. Монгол поп гэдэг өмнө нь байсан зүйлд та нэр өгчихөв үү, аль эсвэл одоо шинээр бий болгож байгаа зүйл үү?

-Монгол поп урсгал одоо л анхдагчаар гарч ирж буй зүйл. Миний хувьд ингэж л боддог. Урьд нь бол дээр үеийн дуунуудыг рок хөгжим, цахилгаан хөгжимтэй хольсон зүйл зөндөө бий. Энд “Соёл Эрдэнэ” хамтлагийг нэрлэх хэрэгтэй.

-“Соёл эрдэнэ”-ийн хийж байсан оролдлогуудаас монгол поп ямар ялгаатай юм бэ?

-Ямар ялгаатай гэдгийг “Соёл эрдэнэ”-ийнхэн сайн тайлбарлаж чадах байх. Батсайхан ах маань хүртэл энэ хамтлагт ажиллаж байсан. “Монгол поп” гэсэн урсгалын үүсэл хөгжил маань цаашид энэ нэрэн дор хөгжөөд явах учиртай. Ардын язгуур урлагийн төрлийг судлах, орчин үеийн урсгалуудтай холбож баяжуулан шинэ урсгал гаргах ажил дөнгөж эхэлж байна.

-Анх яаж ийм санаа төрсөн юм бэ?

-Өвөөгийнхөө уран бүтээлүүдээс энэ санааг олсон юм. Бүтээлүүдийг нь сонсохын хэрээр энэ санаа маань биетэй бодитой зүйл болно гэдэг итгэл төрж байсан. Радиогийн алтан сан хөмрөгөөс зарим бүтээлүүдийг нь олж цуглуулж, сонсч судалсан. Уртын дуу, хөөмий, язгуур хөгжмийн зэмсгүүдийн дуугаралтууд дэлхийн хаана ч давтагддаггүй онцлогтой. Хориннэгдүгээр зуунд дэлхий нийтээр сонсч буй бүхий л урсгал чиглэл, хэв маягуудыг бид сонсох нь гарцаагүй. Үүний хажуугаар өөрсдийн өв соёлоо гээх хэрэггүй. Хэдийгээр дэлхий дахины, хотын хэв маягийг түгээх ёстой ч гэсэн өв соёлынхоо гайхамшгаас холдож болохгүй л дээ. Өөрсдийн гэсэн зүйлээ хадгалж үлдэх, дэмжих, орчин үеийн урлагаас гадна өөрсдийн гэсэн урлагтай юм гэдгээ гадныханд үзүүлэх ёстой. Тэр урлаг нь “монгол поп” гэдэг тодотголтой юм байна гэдгийг харуулах хэрэгтэй.

-Бид саяхнаас хотожсон хүмүүс. Хотын соёл, өв гэхээр үнэндээ өлгөөд авах юмгүй хэрнээ харин ардын урлагийн хувьд үнэтэй сан хөмрөг арвинтай. Гэхдээ л үүнийг ойлгох, судлахад цаг хугацаа, мэдлэг, мэдээлэл, хамгийн гол нь сэтгэл чухал байх. Таны хувьд өссөн орчин чинь ардын урлагтай холбож өгсөн үү?

-Урьд нь би ч бас энэ өв соёлыг анзаардаггүй, ухаардаггүй байж. Бид хажуудаа байгаа баялгаа баялаг гэж хардаггүй, хайхардаггүй. Гэтэл гадныхан ирэхээрээ олж хараад ямар гайхамшигтай юм бэ гэж гайхдаг. Бид саяхнаас л дэлхийн үнэт өвийн бүртгэлд өөрсдийн юмаа дансалж эхэллээ шүү дээ. Өмнө нь яагаад үүнд анхаарч байгаагүй юм бол гэж гайхмаар. Өнөөдөр баялгаа хадгалж үлдэх ёстой. Зөвхөн урлагаа ч биш дээл хувцас, эд өлгийн зүйлсээ үнэт өвд бүртгүүлэх хэрэгтэй. Бидний ахуйдаа хэрэглэж байсан зүйлс зөвхөн хэрэглээ биш урлагийн бүтээл, оюун санаа, сэтгэлгээний илрэл, гүн ухаан шингэсэн бэлгэдэл байж. Мөнгөн аяга л гэхэд уран дархны,  хөөрөгний даалин гэхэд л уран хамгамлын урлаг бүтээл байх жишээтэй. Бид өв соёлоо эртний үнэт эдлэл, музейн үзмэр л гэж хардаг болсон. Эдгээрийг өнөө үеийн хэрэглээндээ ойртуулах, цаг үедээ нийцүүлэн өөрчлөх замаар улам бүр баяжуулж хөгжүүлэх ёстой. Бид хамгийн тансаг зүйлсийг ахуйдаа хэрэглэж ирсэн ард түмэн. Тэгвэл тэр дундаас урлаг, хөгжмийн өв соёлоо өнөөдөр яаж зөв авч явах вэ гэдэг арга замыг л би өөрийнхөөрөө эрэлхийлж байгаа хэрэг.

-Та зөвхөн уран бүтээлч биш, мундаг менежер. Авьяас байхад түүнийгээ капитал болгох ухаан олон авьяастнуудад дутдаг. Заримд нь авьяасыг баялаг болгох ухаан байхад авьяас нь байхгүй байх жишээтэй. Нэг хүнд аль аль нь байна гэдэг ховор зүйл. Үүнийг магтаал гэж үзвэл та анх удаа надаас сонсч байгаа биш байлгүй дээ?

-Миний өссөн нийгэм үүнийг надад сургаж өгсөн байх аа...Сургуульд орж байхад маань социалист нийгэм байлаа. Тэр үед ээж, аавууд, айл бүрийн амьдрал адилхан төвшинд байсан. Бүгдээрээ адилхан байранд сууна. Адилхан тавилгаар гоёно. Тэр бүү хэл хүмүүс адилхан гутал, хувцас өмсдөг байлаа шүү дээ. Яг л тийм байсан. Өнөөдөр ажлаа хийгээд л явж байвал бүх юм сайхан болно гээд л. Тэгээд удалгүй картын барааны үетэй нүүр тулж, бүх юм байхгүй болсон.  Ээж, аавын ажил, дуурь, сонгодог урлаг бүгдээрээ хүнд байдалд орж, доош унасан даа. Хэн ч театрт юм үзэхээ больж, уран бүтээл үзэгчгүй болсон. “Сайн хөгжимчин болно” гээд сураад явж байсан хүүхдүүд бидний хувьд ч ирээдүй маань тодорхойгүй болоод ирсэн гэсэн үг. Сонгодог урлагийн хүн, сайн хөгжимчин байх гэдэг ойлголтууд тун бүрхэг. Ээж, аавыгаа харахаар сайн хөгжимчин боллоо гээд амьдралаа авч явж чадахгүй юм байна гэдэг бодол төрдөг байсан. Ерээд оны үе бол нэг талаас амьдрал бүрхэг болж байгаа мэт боловч нөгөө талаар хүн бүрт боломжийг нээж өгсөн юм. Хэн ч бай юу чаддагаа хийж болох тийм үе ардчилсан хувьсгалаар бий болсон. Урлагт л гэхэд хэн ч өөр хэв маяг, өөр урсгалаар дуулаад гараад ирж болохоор болсон. Гадаадад чөлөөтэй зорчдог болсон, хүн болгон үүнийг мэдэж байгаа. Тэр үед олон хамтлаг дуучин гарч ирээд л... Урлагийн гэр бүлд төрж өссөн хүнд хамгийн ойр харагдаж байсан ирээдүй маань л тэр юм болов уу даа. Хамтлаг байгуулж, дуулж эхэлсэн. Миний менежмент сэтгэлгээ бол нийгмийн өөрчлөлт, амьдралаа яаж авч явах вэ гэдэг тэмцэл дундаас л бий болсон байх даа. Хэрэв чи зөв юм хийж чадвал чамд боломж үргэлж бий. Өөрөө л амьдралаа авч явж чадахгүй бол чамд хэн ч амьдралыг бүтээж өгч чадахгүй. Ийм л бодлыг цаг үе маань бидэнд өгсөн. Нөгөө талаас манай сургуулийн онцлог орчин ч үүнд нөлөөлсөн байх. Хөгжим, бүжгийн сургууль хүүхдийн биеэ даах чадварыг гойд хөгжүүлдэг юм. Чи хэрвээ давтаж чадахгүй бол чи хэн ч биш болно. Чиний амжилт чамд өөрт чинь байна. Мэргэжлээ сайн давт, чи чад гэдэг шаардлага л тэнд үйлчилдэг. Хүн бүрт өөрт нь өөрийг нь даатгадаг тийм сургалттай орчинд хүмүүжсэн маань нөлөөлсөн байх. Би гэдэг хүн амьдралаа авч явахгүй бол ээж, аав маань чадахгүй боллоо... гэдэг ойлголт тэр үед суусан даа. Тэгээд хамтлагаа байгуулсан. Бид дөрөв дөрвүүлээ Хөгжим бүжигт сурч байсан. Дөрвөн өөр сэтгэхүйтэй дөрвөн хүүхэд нэгдэж явсаар байгаад л өнөөдрийг хүрлээ. Яаж уран бүтээлээ амжилттай болгох вэ, яаж хөлөө олох вэ гээд цаг үе бүрт өмнөх асуудлаа шийдэхийн төлөө явсаар байсан. Монголын жижиг зах зээлд яаж энтейртайментийн бизнес хийх вэ гэж бүх л талаар бодсоор төлөвлөсөөр явсан.

-Магадгүй та нар өөрсдөө төсөөлж ч байгаагүй амжилтад хүрсэн. Тэр амжилтдаа сэтгэл ханаад “Камертон” “Камертон”-оороо дуусчихвал бас болох л байсан. Гэтэл тэгээгүй. Болд өнөөдөр “Камертон”-ы үргэлжлэл үү, аль эсвэл бие даасан уран бүтээлч үү?

-Камертон хамтлаг маань 1995 онд байгуулагдаад удаагүй ч хүн болгоны танил болсон. Хөөрөх онгирох үе ч бидэнд байсан. Оддын өвчин тусаад бусдад онгирох, маргах, загнуулах үе байсан. Хамгийн гол нь хамтлаг маань тэрийг давж гарсан. Давж гарч чадсан маань нэг тийм сайхан, бахархууштай санагддаг. Бид дөрөв дөрвүүлээ нэг удаа сууж байгаад сайхан ярилцаад “За ингэж болохгүй юм байна. Энэ сайхан өргөж гаргаж ирсэн хүмүүсийн хайр хүндэтгэлийг даах хэрэгтэй. Хэний хүчинд өдий зэрэгтэй болсноо мартаж болохгүй. Өшөө цаашаа юм хийх, зөв явах ёстой юм байна” гэдэг байр суурин дээр маш хатуу зогссон. Тэгээд бид уран бүтээлээ илүү чанартай болгохын төлөө хичээсэн. Бидэнд мөнгө байхгүй ч гэсэн байгаагаа шавхаад бичлэгэнд орох ч юм уу, клип хийлгэхэд зарцуулаад явж байсан үе ч зөндөө. Тэгээд 10 жилийнхээ ойгоор бүгдээрээ ганц ганцаараа уран бүтээл хийе, бид өөр өөрсдийн ертөнцтэй өөр өөр хүмүүс гэдгээ харуулах хэрэгтэй гэж шийдсэн л дээ. Миний ганцаараа хийсэн анхны уран бүтээл “Хайрын хүч” цомог байсан бол Мээдээ “Me amour” гэдэг цомгоо гаргасан. “Хайрын хүч” цомог үнэхээр амжилттай болсон. Мээдээ, Эба, Ганаа бүгдийнх нь бүтээлүүд амжилттай болж, ганц ганцаараа уран бүтээл хийх боломжтой юм байна, үүнийг үргэлжлүүлж болох юм байна гэж ойлгосон. Гэхдээ бид “Камертон” хамтлаг байгуулагдаж байх үеийн 15, 16-тай хөвгүүд биш учир өөр өөрсдийн ажил, амьдралтай болсон. Зарим маань өөр салбарт ажиллах болсон. Миний хувьд ганцаараа уран бүтээл хийгээд явахад болох юм байна гэж үзсэн. Хоёрдугаарт гэвэл би урлагийн гэр бүлд төрж өссөн, төрийн соёрхолт, алдарт Жамьян бол миний өвөө, энэ уламжлалыг би залгамжлах ёстой гэж шийдсэн. Тэр тусмаа одоо цаашид R&B гээд дуулаад явах нь зөв үү, аль эсвэл удам угсаа, өвөөгийнхөө өвлүүлсэн соёлыг хадгалж үлдэх нь зөв үү гэдэг сонголттой тулсан. Өнөөдөр би R&B Болд гэж цоллуулж явах уу, монгол гэж овоглож явах уу? R&B Болд гээд Америкт очлоо гэж бодоход хэн ч намайг танихгүй, R&B-г дагаж дуулдаг, магадгүй муу дууриаж дуулдаг ази залуу байна л гэж хүлээж авна. Гэтэл харин үндэсний хөгжмөө, морин хуураа дуугаргасан орчин үеийн урсгалаар дуулбал жинхэнэ монгол хүн гэж хүлээж авна.

-Поп урлаг гэдэг дэлхий дахинд тархсан, нийтлэг зүйлийг монголчилно гэж яаж санав аа гэдэг шүүмжлэл байдаг. Та шүүмжлэл сонсоод хурцлагддаг уу, эсвэл мохдог уу?


-Тийм ээ, манайхан ерөөсөө ямар ч зүйлийг дандаа шүүмжилдэг. Би үүнийг маш сайн мэддэг, ойлгодог. Тийм болохоор би магтаалаас илүү шүүмжлэлийг сонсч, унших дуртай. Яагаад гэвэл тэр дунд зөв юм хэлсэн хүмүүс маш олон байдаг. Дэндүү буруугаар нэр, зүсээ мэдэгдэхгүйг ашиглан зүгээр доромжлогсод ч байдаг.

-Тэдгээрийг ялгаж сурсан биз дээ?


-Тэр дунд маш үнэтэй зөвлөгөө байдаг. Ялангуяа сайтуудад бичигддэг комментууд их юм бодох, эргэцүүлэх орон зайг бас өгдөг. Гэхдээ сэтгэгдэл, шүүмжүүд чин сэтгэлийнх байгаасай, дотор нь үнэтэй зөвлөгөө байгаасай гэж хүсдэг. Зүгээр нэг зугаагаа гаргах гэж доромжлох бол гомдмоор хэрэг. Харин яг уран бүтээлийг маань харж шүүмжилсэн зүйл огт ондоо. Хэлж байгаа зүйл нь зүрх рүү хүрч очдог. Тийм шүүмжлэлд би дуртай, амьдралд их хэрэг болдог юм.

-Хамгийн үнэтэй шүүмжлэл юу байсан бэ?

-Зөндөө. Ялангуяа одоо төсөл дээр маань шүүмжлэл, зөвлөгөө их ирдэг. Дөнгөж эхэлж буй зүйл алдаа оноо ихтэй, төгс төгөлдөрт хүрэх яагаа ч үгүй байна. Шүүмжлэл, зөвлөгөөг хүлээн авч дор дор нь засаад хичээгээд л явж байна. Өвөө маань хэлдэг байсан юм. “Хүн хэзээ ч төгс төгөлдөр болдоггүй юм аа, үхэн үхтлээ сурахын төлөө явсаар байгаад дуусдаг юм. Харин тэрийгээ  мэдэрч явна гэдэг л үнэхээр хэцүү байдаг юм” гэж хэлдэг байсан. Тэр бүрийг их л сайн тунгааж, ойлгох хэрэгтэй. Ялангуяа өнөөдөр би төрийн шагнал авчихаад өшөө илүү зүйлийг сурахгүй, хийхгүй бол болохоо болилоо доо, илүү сайн ажиллаж, эрдэмтэд, докторуудтай уулзаж зөвлөгөө авахгүй бол болохгүй нь дээ гэж бодож байна. Урлаг, хөгжим гэдэг зөвхөн сонсоод өнгөрөөдөг зүйл биш түүхтэй нягт холбоотой байдаг зүйл. Би түүхчид судлаачидтай уулзаж зөвлөгөө их авсан. Дээлээ л гэхэд Хүннүгийн үеийн олдвороос олдсон загвараас сэдэж, монгол попынхоо имижийг гаргасан. Энэ маань мэдэхгүй зүйлээ мэдэж, мэдсэнээ залуучуудад хүргэж байгаа л хэрэг юм.

-Та шагналаасаа айгаад байгаа бололтой. Энэ бүхнийг зөвхөн өөрийнхөө хүсэл, таашаалаар хийж байсан бол одоо өндөр дээд хэмжээнд хүлээн зөвшөөрөөд ирэхээр өөртөө эргэлзээд, өрөнд орчихож байгаа ч юм шиг мэдрэмж төрөөд байна уу даа гэж бодлоо.

-Хүмүүс монгол поп гэхээр Болд гэж ойлгоод байх юм. R&B гэхээр америкийн хөгжим гэж ойлгодог хэрнээ. Би юу хэлэх гээд байна гэхээр монгол поп гэдэг бол монгол хөгжмийн л урсгал. Үүнийг сайн ойлгоорой. Энэ бол Болд биш, монгол хөгжмийн урсгал байх ёстой. Бид Азийн зах зээл дээр үүнийгээ бас сурталчлах ёстой.

-Болд дэлхийг тойрон аялан тоглолт хийх гэж байгаа гэдэг шинэ мэдээ гарсан байна лээ?


-Тэр бол яг миний санаа биш л дээ. Эхлээд Монголдоо үүнийгээ маш сайн, төгс төгөлдөр болгох хэрэгтэй. Тэгж байж Азийн зах зээл дээр сурталчилгаа хэлбэрээр бүтээлүүдээ тоглох хэрэгтэй. Хийх ажлууд зөндөө бий. Энэ нь эргээд Монголын залууст, үр хүүхдэд маань хэрэгтэй. Монголын язгуур урлаг мэдээж байж л байна. Харин нөгөө талаас орчин үеийн, өөрийн гэх хөгжмийн урсгал заавал байх хэрэгтэй л гэж би бодож байгаа.

-Өнөөдөр мэргэжлийн судлаач, шүүмжлэгч ховор болсон цаг юм даа. Тэдний орон зайг сэтгэгдэлчид л дүүргэж байх шив дээ?

-Яг үнэн, мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид олноор гарч ирээсэй гэж би хүсдэг. Зөв хэлдэг, яг онолын үндсэн дээр тайлбар хийдэг хүмүүс үгүйлэгдэж байна. Зүгээр нэг сэтгэгдлээр доромжилно гэдэг утгагүй. Монгол монголчуудаа доромжилж ханалаа шүү дээ. Одоо бүгдээрээ бие биеээ дэмжие. Хийж чадахгүй байгаадаа тусалья. Чадаж байгаагаа дэмжие. Бидэнд өв соёл үлдээсэн өвгөдийнхөө хүчинд өнөөдрийн урлаг маань оршиж байгаа. Өнөөдөр Шарав  гуай, Жанцанноров гуай, Чойдог гуай ч байдаг юм уу, үе үеийн суутнуудын маань өв соёл бидэнд том суурийг тавьж өгсөн. Үүний нэг адилаар бид ч бас дараа, дараа үеийнхэндээ суурийг тавьж, шатыг нь бий болгох бүтээлийг хийх үүрэгтэй. Энэ бол урлагийн тавцанд яваа хүн бүрийн үүрэг гэж би боддог. Өнөөдөр би янз бүрээр хэлүүлдэг ч бай, тэр бүхнээс айхгүйгээр хойч үедээ үлдээх зүйлийг сайн хийсэн байх ёстой.

-Төрийн шагналыг Мөрдорж гуай 19-тэйдээ төрийн дууллаар хүртсэн гэдэг байхаа. Болд хэдтэйдээ энэ шагналыг авч байна вэ. Өвөө тэнь хэдтэйдээ авч байсан шагнал бол доо? Мэдээж энэ бүхнийг сэтгэл зүрхэндээ хамгийн ойр хүлээж авсан хүмүүс гэрийнхэн чинь байх.

-Ээж минь маш их баярласан. Хамгийн түрүүнд ээж баярын нулимс унагасан. Би ээжийгээ баярлуулсандаа л хамгаас их баярлаж байгаа. Тэгээд өвөөдөө би залбирсан. Дээрээс намайг харж байгаа байх гэж бодсон. Тэр үед өөрийнхөө, урлагийнхаа гэр бүлээр, өвөөгөөрөө, аав ээжээрээ, ах дүү, хамаатан садан, ер нь намайг гэсэн хүн бүрээр бахархаж байсан. Тэр дунд ээжийгээ л их хайрлаж байлаа. Ээж, аав хоёроо...ээжийгээ улам их хайрласан.

-Ээжийгээ уйлахад хамт уйлав уу?

-Тэгэлгүй яахав дээ... Би яг 33-тай төрийн соёрхол авч буй юм. Миний хувьд 200 гаруй дуу зохиосон байдаг юм билээ. “Камертон” хамтлагийн дуунуудаас авахуулаад... Ерөнхийдөө тэр дуунуудыг хүмүүс мэддэг болсон. Хамтлагтаа болон өөрөө дуулсан дуунууд, мөн өөр хүмүүс хамтлаг дуучдад өгч байсан дуунууд гээд. За тэгээд “В” продакшны “Арт” студийн бүтээлүүд, хөгжим... гэх мэтчилэн бүтээлүүд байдаг. Цаашид илүү олон бүтээлийг илүү мэргэжлийн төвшинд хийх болно. “Монгол поп” төсөл маань дөнгөж эхэлж байгаа ч сайн, амжилттай явж байна. Одоо удахгүй “Монгол попын тайлал” нэртэй баримтат киногоо хийж дуусгах гэж байгаа. Тэгээд “Монгол поп”-ын дараагийн цомгийн ажил эхэлж байна. Ийм л төлөвлөгөөтэй байна.

-Би их олон удаа ийм сэтгэгдлүүдтэй таарч байсан. Юу гэхээр нийтийн дууны залуу уран бүтээлчид гавьяат цол авахаар л танай фэнүүд барьцаад “Энэ ийм шагнал авч байхад Камертоны Болд авах ёстой ш дээ” гэсэн гомдол их гаргадаг. Болд хэзээ нэгэн цагт гавьяат цол авна гэсэн бодол олон хүнд төрдөг, дээрх сэтгэгдлүүдийг сонссоны дараа надад ч тэгж бодогдсон тохиолдол бий. Харин та ингэж бодож байсан уу, үнэнээ хэлээрэй?

-Би бол ерөөсөө төрийн шагнал авна гэж амьдралдаа зүүдэлж байгаагүй. Гавьяат ч авна гэж бодож байгаагүй дээ.

-Зорьж ч байгаагүй юу?

-Үгүй ээ. Тэрний хойноос хөөцөлдөж ч байгаагүй. Өвөөгийн маань нэг хэлсэн үг байдаг юм аа. “Хүн шагналын төлөө яваад ирэхээр бурууддаг. Зүгээр юмаа хийгээд явж бай, маш сайн хийгээд явж бай. Тэгэхэд гэнэт дуудаад шагнал өгөх шиг сайхан юм байдаггүй юм. Миний хүүхдүүд гавьяа шагнал бодох биш зүгээр юмаа хийгээд явж бай” гэж дээр нэг цагаан сараар хэлж байсан нь санаанаас гардаггүй юм.

-Өвөө тань хэзээ өнгөрсөн бэ. Таныг бас ч гэж юм, юмны захад хүрсэн хойно өнгөрчээ дээ, тийм захиас хэлэхийг бодоход?

- Өвөөгийн маань хэлсэн тэр үг ерөөсөө санаанаас гардаггүй юм. Өвөө маань хэлсэн болохоор сэтгэлийн мухарт үлдсэн. Өвөө маань за, байз... 2008 онд өнгөрсөн дөө. Өвөөгийн маань хэлсэн үг манай гэр бүлийн зарчим. Энэ удаад “Монгол поп” төсөл маань төрийн ордонд анх удаа тоглолт хийсэн нь учиртай.

-Нээрээ Төрийн ордонд тоглолт хийснийг чинь олон хүн амбициллаа, шагнал горьдлоо гэж харсан. Яагаад тэнд тоглолт хийе гэж бодсон юм бэ?

-Хөгжмийнхөө хажуугаар ахуй соёлоо сурталчлах тал дээр бид анхаарсан. Төсөл маань зөвхөн урлагийг дэлгэрүүлэх биш ахуй соёл маань өөрөө урлагийн бүтээл учраас түүнийг сурталчлах, таниулах хүсэл эрмэлзлээс үүдсэн юм. Бид “Монгол поп” ёслолоо цагаан эсгийний ёслол болгоё гэж зорьсон. Урьд нь үргэлж л улаан хивсний ёслол гэж болдог байлаа. Бид өөрсдөө хүндтэй зочиндоо дэвсдэг цагаан эсгийтэй гэдгээ мартчихсан байна гэдгийг сануулахыг хүссэн л дээ. Эсгий ширэх гэдэг маш их хөдөлмөр байдаг юм билээ, гар урлалын. Битүү ширсэн цав цагаан эсгийг хөл дороо дэлгээд, түүн дээгүүр гишгиж явна гэдэг... Үнэхээр хайрлаж гишгэдэг юм билээ. Ёслолын арга хэмжээн дээр цагаан эсгийгээ дэлгэж байя гэдэг санааг л хэлэх гэсэн юм.

-Төрийн ордонд тоглолт хийе, цагаан эсгий дэлгэе гэдэг зүгээр л бусдаас ялгарах гэсэн маркетингийн санаа биш үү. Ингэхэд энэ Болд хэдийнээс ингэтлээ монголжиж орхив оо гэдэг бас л асуулт шүү?


-Хэрэгжүүлж байгаа төсөл маань уламжлалт язгуур урлаг, хөгжмийг орчин үетэй хослуулаад энэ зуунд амьдарч байгаа шинэ залуу үедээ өвлүүлэн үлдээх төсөл л дөө. Энэ төслийг төр засаг маш сайн дэмжсэн. Төслийн багт манай язгуур урлагийн, бүжгийн дандаа нэрт мастерууд ажиллаж байгаа. Бид хийсэн зүйлээ та бүхэнд төр засаг, урлаг соёлын төлөөлөгч, сонин хэвлэл, телевиз гээд бүх л урлагийн салбарынхандаа тайлагная гэдэг санал тавьсан л даа. Болд гэдэг хүн ийм зүйл хийж байгаа юм аа гэдгээ үзүүлье гэж санасан. Үүнийг төр засгийнхан сайхан хүлээж авч,Төрийн ордонд хийсэн тоглолтыг маань бүгд ирж үзсэн. Үүний дараа олон клип болон цомгоо гаргасан, үзэгчдэд амжилттай хүрсэн. Сая тэгээд тоглолтоо UB паласт гурван хоног хийлээ. Улс тунхагласныхаа ойг тохиолдуулан зориуд сонгож “Монгол поп”-оо тунхаглая гэж бодсон юм.

-Монголчуудын уламжлалт урлаг, ахуй соёл бол дэлхийн соёлын нэг содон өнгө яах аргагүй мөн байх. Гэвч өнгөрсөн түүх, өв соёлын дурсгалаараа бахархахаас гадна өнөө цаг үеийнхээ чухам юугаар та бахархдаг вэ. Тийм бахархал бидэнд байгаа юу?


-Одоо бид өөрсдийн оюуны үнэт капитал, оюуны хүч чадлаар бахархах ёстой. Дээр үед бид Чингисийн үед дайлаар мордож, эр чадлаараа эзлэн түрэмгийлж явсан бол одоо оюуны хөдөлмөр, хүч чадлаар бахархах учиртай цаг үе гэж би ойлгодог. Зүгээр нь машин тэрэг, байшин сав зэргээр бахархах биш салбар салбарын оюуны бүтээлүүдээ үнэлэх ёстой. Шинжлэх ухаан, урлаг гээд бүх салбарт оюуны бүтээлүүдээр бахархах ёстой. Урлагийн салбарт гэхэд олон авьяастнууд төрж гарч байна. Спортын салбарт л гэхэд олон алдартнууд дэлхийд өндөр амжилт үзүүлж байна.

-Дуу хуур бол таны амьдрал, мэргэжил. Үүнээс өөр сонирхдог зүйл танд юу байдаг бол. Өөр мэргэжлийнхэнд ийм асуулт тавихад ихэнх нь дуу хөгжим гэж хэлдэг юм л даа. Тэгэхээр таны хобби?

-Би барилга, архитектур маягийн салбарт их дуртай. Манай аав Эрдэнэт хотын анхны депутатуудын нэг, анхны архитекторчдын нэг. Эрдэнэтийн анхны хот төлөвлөлт, архитектурт гар бие оролцсон эрдэмтэн, доктор хүн л дээ. Хэрвээ хөгжмийн хүн болоогүй байсан бол аав маань намайг архитекторч болгох байсан гэдэг юм. Барилга дизайн, интерьер, засал урлалд их дуртай, хоббитой.

-Дууны зарим шүлгээ өөрөө бичдэг байх аа. Уран зохиол, яруу найраг сонирхог биз дээ?

-Дууны шүлгэн дээр би их анхаарал тавьдаг, хамаагүй бичихийг хүсдэггүй юм. Тийм учраас шүлэг найраг бичдэг хүмүүстэй хамтарч ажиллах дуртай. Ш.Гүрбазар ах, манай Ган-Очир байна. Мэргэжлийн улсуудтай ажиллах илүү. Яруу найргийг мэддэг хүмүүстэй гэсэн үг. Гэхдээ “Монгол поп”-ын дараагийн цомогт орж байгаа нэг дууныхаа үгийг өөрөө бичсэн. Шүлэг дуунд их чухал зүйл шүү дээ. Манай ардын уран зохиол, ялангуяа дууны, уртын дууны үг маш гүн утгатай, философитой. “Уяхан замбуутивийн наран”-г сонсоод анзаараарай. Хүн байгаль дэлхийг дуулаад байгаа мэт боловч цаанаа хайр сэтгэл, бие биеэ үгүйлэх хүсэл, ганцаардал ч байдаг юм уу дотоод сэтгэлийн үйл хөдлөл, өнгө будгийг нээж илчилж байдаг. Монголын дууны яруу найраг өөрөө гүн философи, арга барил язгуур үндэстэй зүйл. Монгол ардын дуунд хэзээ ч “Би чамд хайртай”, “Би чамайг хүсч байна” ч гэдэг юм уу тийм үг байдаггүй. Гэсэн хэрнээ тэр санаагаа байгалийн үзэгдэл, сар нар, од, уул толгодоор зүйрлүүлж хэлдэг. Тэгэхээр монгол поп урсгалд энэ уламжлалыг ч тусгах ёстой гэж үзсэн. “Гуа амраг” дууны үгээ гэхэд монгол уртын дууны уламжлалаар бүтэх ёстой юм шүү гэж Ган-Очирт захисан. 
Монгол поп урсгал дууны шүлгээ ч уламжлалт арга барилаар хийх ёстой л гэж бодсон. Хэрэв тэгж бодоогүй бол “Хөөрхөн хүүхэн” гэдэг дуу хийх байсан байх л даа. Далд утгаар мөртлөө их тансаг хэлбэрээр утга санаагаа илэрхийлэх ёстой.

-Ярихад, харахад амархан. Гэхдээ танд бэрхшээл олон тохиолдож байгаа байх. Тухайлбал, та дууны шүлгээ бичүүлсэн уран бүтээлчдэдээ мөнгө төлдөг үү. Аль эсвэл тэд тантай хамт шинэ урсгал бий болгохын төлөө сэтгэлээсээ үнэгүй ажиллаж өгдөг юм уу?

- Мөнгө төлөх нь зөв гэж би ойлгож байгаа. Одоо оюуны бүтээл маш өндрөөр үнэлэгдэх ёстой эд. Дэлхий дахинд энтертайментын бизнест ч энэ зарчим үйлчилдэг. Манайд ч бас оюуны бүтээлд хүндэтгэлтэй ханддаг, хууль эрх зүйн зохицуулалт сайн хийдэг болсон. Тэр утгаараа л оюуны бүтээлд хандаж, хамтарч ажиллах дуртай. Дараа хэн хэндээ амар байдаг юм, асуудал үүсэхгүй. Гэхдээ 100 хувь бэлэглэж болно, оюуны өмчийн олон төрлийн гэрээ байдаг, тэр дагуу л ажилладаг.

-Төслийн ивээн тэтгэгч, санхүүжүүлэгчид хэн байна вэ?

-Байлгүй яахав. Гадныхан шиг биш шүү дээ бид. Том зах зээлд дуу нь, цомог нь хит болсон уран бүтээлчид бүгд саятан болдог бол Монголд тийм биш. Маш жижиг зах зээлд урлагаа авч явахын тулд бид бизнесийнхэнтэй хамтарч ажилладаг. “Монгол поп” төслийг дэмжсэн олон хүмүүс дотор “Жигүүр гранд” групп, үндэсний үйлдвэрлэгч “АПУ” компани,олон жилийн түүхтэй даатгалын компани “Монгол даатгал” компани байна. Үүрэн телефоны оператор “Скайтел” компани. Бүгдээрээ хүч тавин, бидэнд монгол поп урсгал байх ёстой, бий болгох ёстой гэдэг байр суурин дээр нэгдэж ажилласан даа.

-Дуугаа тоолоход 200 гарч байна гэсэн үг үү. Арай ч ийм их тоо гарна гэж би бодоогүй юм байна. Энэ их хөдөлмөр шүү. Хөдөлмөрлөх эрч хүчээ хаанаас яаж сэлбэж авдаг юм бэ?


-Янз бүрээр л дуу төрдөг. Ганцаардсан үедээ ч юм уу, гунихарсан үедээ, баярласан үедээ, дурласан үедээ... Хүний сэтгэлийн бүхий л хөдөлгөөнөөс дуу төрдөг. Тэр бүх догдлол, мэдрэмж хүний зүрхэнд шууд очдог, хүмүүс үүнийг онгод гэж нэрлэсэн байдаг. Сэтгэлийн бүхий л хөдлөл дуугаар илэрхийлэгддэг.

-Тэр бүрт дуу төрүүлнэ гэдэг л хөдөлмөр шүү дээ. Цаг зав гаргах болно. Хүч энергиэ зарцуулах болно...

-Тийм ээ, дуугаа зохиочихно. Дараа нь түүнийгээ бүтээл болгоно гэдэг олон цагийн хөдөлмөр. Дууны найруулгаа хийнэ, бичлэгийн цаг гаргана. Яаж илүү амжилттай болгох вэ, хүмүүст ямар мессеж өгөх вэ, хүмүүс сонсоод ямар таашаал авах ёстой вэ гээд бүхий л талаас нь бодох болдог.

-Гэр бүлдээ хангалттай цаг гаргадаг уу?

-Болж өгвөл цаг гаргах ёстой. Одоо залуу байгаа учраас бас сайн ажиллах хэрэгтэй. Хүн мөнх амьдрах биш аль алийг амжуулж, зохицуулж явах дуртай.

-Бодибилдингээр хичээллэдэг хэвээрээ юү?

-Хүн эрүүл мэнддээ цаг гаргах их чухал. Миний явдаг фитнесс их сайн, бүр онцолж хэлмээр байна. Хүнтэй тулж ажилладаг. Чи ямар ажил хийдэг, хэдэн цаг яаж ажилладаг вэ гэдгийг судалж, тохирсон дасгал хийлгэдэг. Хүн  эрүүл байгаа бол бүх юм түүнд байна аа л гэсэн үг. Хэчнээн их ажиллаад ч эрүүл мэнд муу, бие чинь сөхрөөд унавал бүх зүйл хамт унана.

-Зөвхөн спортод ч биш бүх салбарт “сайн дасгалжуулагч” амжилтын үндэс байдаг. Амьдрал дээр таны дасгалжуулагч хэн бэ, эсвэл өөрөө өөрийгөө дасгалжуулж явж ирсэн үү? 

-Сайн дасгалжуулагч... Хүн ер нь өөртөө хамгийн их итгэх хэрэгтэй. Би чадна, би хийх ёстой, ингэж хийх ёстой гэж итгэх хэрэгтэй. Тэрний дараа маш сайн багтай байх ёстой. Тэгж байж л хүн амжилтад хүрнэ. Хүн ганцаараа яваад байвал амжилтад хүрэхгүй.

-Шагналыг хамтлагийнхан чинь яаж хүлээж авсан бэ?

-Өө, маш их баярласан. Мээдээ уйлаад. Мээдээ бид хоёр зургаан настай хөгжим бүжигт нэг ангид орсноосоо хойш цуг явсан хоёр. Тэгэхээр илүү орйхон хүлээж авсан байх. Эба маань гадаадад байсан, бас охинтой болсон. Тэгээд ирж амжаагүй, утсаар ярьж баяр хүргэсэн.

-Та дуулдаг, би бичдэг хүн. Үзэл бодлоо, сэтгэл доторхоо өөр өөрийнхөөрөө дэлгээд тавьчихдаг онцлогтой салбарт ажилладаг. Гэтэл үзэл бодлоо, дотоод сэтгэлээ уудлаад гаргах хэрэгцээ хэнд ч байдаг боловч хүн бүрт боломж нь байдаггүй. Та ярилцлагын араас залгах сайн муу сэтгэгдлүүдэд эмзэглэхгүй биз дээ?


-Хүн бүрт өөрийгөө илэрхийлэх, баяр бахдалаа, эсвэл атаа хорслоо илэрхийлэх хэрэгцээ байдаг байх аа. Би ойлгож байна, зүгээр ээ.