Хуулийн хэллэгээр үйлдэн гаргасан Ерөнхий сайдын мэдэгдэл өөрийнх нь төөрөгдлийг тодорхой болголоо. Анх АНУ-ын Төрийн департаментын Цөмийн эрчим хүчний албаны дарга Ричард Стратфорд гэгч энэ оны гуравдугаар сард Вашингтонд болсон нэг хурал дээр, Монгол Улсад цөмийн хаягдал булшлах талаар яриа хэлэлцээ хийж байгаа гэж мэдэгдсэнээс үүдэн хорт хаягдлыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөсөн. Харин Ерөнхий сайдын мэдэгдэл гарснаар энэ хөдөлгөөн зөвхөн хог хаягдлыг биш ерөөсөө цөмийн эрчим хүч ашиглахыг эсэргүүцсэн үзэл санаатай болж хувирсныг ил болгож байна. Засгийн газрын зорилтыг илэрхийлж түүний хэрэглэсэн “цацраг идэвхт ашигт малтмалын нөөц баялгаа гүнзгийрүүлэн судлах, түүнийг энхийн зорилгоор олборлогч, боловсруулагч, экспортлогч улс болох” гэх үгс 2009 онд батлагдсан “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт яг энэ хэлбэржлээрээ бий. Өөрөөр хэлбэл манай улс цөмийн эрчим хүчний талаар ийм бодлого баримталдаг гэсэн үг.

Цацраг идэвхт бодисын ашиглалтыг дайны зориулалт нь хаданд гаргасан юм. Энхийн зориулалтаар буюу эрчим хүчний түлш хэлбэрээр ашиглах оролдлогууд XX зууны эхээр чамгүй хийгдэж, 1950-аад онд анхны цахилгаан станцууд байгуулагдаж байсан ч үр ашиг багатай байлаа. 1945 онд АНУ нейтроны зэвсэг хийж Японд туршсаны дараа 1949 онд ЗХУ өөрийн бөмбөгтэй болохдоо ураны тогтоосон ордгүй байсан гэсэн яриа бий. Харин Монголын Дорнод район цацрагийн асар их идэвхи бүхий болох нь түүнээс ч өмнө нэгэн тодорхой болчихсон байж. Энэ мэт баримтад тулгуурлаад зарим хүмүүс Зөвлөлтийн анхны атомын бөмбөгний цэнэгт хошууг Монголын уранаар хийсэн гэж ярьдаг. Гэвч энэ үед манай улс цөмийн энергийн талаар тодорхой бодлогогүй байлаа.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөл буюу одоогийнхоор Засгийн газрын дэргэд 1962 оны долдугаар сард Цөмийн энергийн комисс байгуулагдсан юм. Энэ комисс “цөмийн энергийн эрдэм шинжилгээний ажлыг өрнүүлэн, тус орны үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлын байгууллагад цацраг идэвхт бодис-изотопуудыг хэрэглэх явдалд улсын хяналтыг тогтоох” зорилготой байлаа. Тухайн үед дэлхийн “ураны сектор” бүхэлдээ ийм “эрдэм шинжилгээний ажил өрнүүлэх” зорилго тавьж байсан цаг. 1970-аад оноос уран түлдэг цахилгаан станцууд чухамхүү “борооны дараах мөөг” шиг олширч, Зөвлөлтийнхөн манай улсын нутаг дэвсгэрт хийж байсан ураны эрэл хайгуулаа идэвхжүүлсэн байна. Судалгаанаас үзвэл, өнөөдөр дэлхий даяар ажиллаж байгаа атомын станцуудын ихэнх нь 1970-1990 оны хооронд байгуулагдсан байна. Оросууд Мардайн бүлэг ордын нөөцийг судалж тогтоосныхоо дараа 1980 онд Монголын Засгийн газартай уг ордыг ашиглах тухай нууц гэрээ байгуулав. Мардайн орд, тэнд явуулж байсан үйлдвэрлэл үндсэндээ дайны зориулалттай байсан болохоор хоёр талын аль алиных нь хувьд стратегийн, нууц объект байв. Хэдийгээр Монголын Засгийн газрын дэргэд комисс байсан ч гэлээ манай улсын газар нутагт уран эрж хайх, олборлох үйл явц бүхэлдээ Москвагийн удирдлагад байсан юм. Тэгэхээр Монголын төрд энэ үед ч ураны талаарх бодлого байгаагүй гэхэд хилс болохгүй. 80 оны гэрээ ч манайхны хувьд бодлогоор бус албадлагаар байгуулагдсан худалдааны шинжтэй баримт байв. Тухайн үед станцууд олноор байгуулагдсанаас гадна дайны хэнээ нэмэрлээд, ураны үнэ гаарч, нэг килограмм нь 112,7 ам.долларт хүрч байжээ.

Эрдсийнхээ, бүр тодруулбал ашигт малтмалынхаа хувьд ураны “сэргэн мандсан” түүх энэ. Харин уруудан доройтсон түүх нь хүйтэн дайн дуусахаас ч өмнө эхэлсэн юм. Тодорхой хэлбэл 1986 оны дөрөвдүгээр сарын 27-нд. Энэ өдөр Чернобылийн станц дэлбэрч, дэлхий нийтийг айлгасан юм. Чернобылийн технологиос бүх улс орнууд татгалзаж, илүү найдвартай, аюулгүй тенологи бий болгоход анхаарч эхлэв. Улмаар 1990-ээд он болж, дэлхийн улс төрийн уур амьсгал ч дулаарлаа. Ингээд уран хэмээх ашигт эрдэс үнэ цэнийн хувьд шалан дээр хэвтсэн. Манай өнөө Цөмийн энергийн комисс 1992 оныг дуустал Засгийн газрын дэргэд ажиллаад, 1993 оноос Шинжлэх ухаан, боловсролын сайдын дэргэд буюу яамны түвшинд очиж “жижгэрсэн” байна.

Жижигрээд зогссонгүй өнөө комисс маань бүр хяналтын байгууллага болж хувирав. 2001 онд батлагдсан “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай” хуулийн дагуу дээрх комиссыг хяналтын чиг үүргээр шинэчлэн зохион байгуулав. Монгол Улсын цөмийн эрчим хүчний бодлого энэ үед үндсэндээ “цацрагаас улс орон, ард түмнийг сахин хамгаалах” гэсэн чиг хандлагатай байлаа. 1962 онд тодорхойлсон “эрдэм шинжилгээний ажлыг өрнүүлэх” чиг зорилго ч алга болсон байв.

Өгүүллийнхээ эхэнд Ерөнхий сайдын мэдэгдлээс эшилсэн бодлогын угтвар 2000-аад оны дунд үеэс эхэлсэн гэж хэлж болно. “Цацрагийн аюул”-аас сэрэмжлэх, түүнээс улс орноо, ард түмнээ хамгаалах үзэл санаа “цөмийн зэвсгээс ангид байх” статусыг бодож олсон төдийгүй 2000 оны эхээр “Цөмийн зэвсгээс ангид байх тухай” Монгол Улсын хууль батлагдаж, цаашлаад НҮБ-аар хүртэл баталгаажуулж авсан юм. Харин цөмийн эрчим хүчийг ашиглах ёстой гэх байр суурь “энхийн зорилгоор” гэсэн тодотголтойгоор идэвхижсэн. Энэ идэвхжлээрээ эрдэмтэд цахилгаан станц, реакторуудын технологи, тоноглолыг судалж эхэлсэн юм. Орчин үеийн технологи ямар ч аюул, осолгүй гэсэн пиар 2005-2006 оны үед газар авч, 2008 оноос “ашиглана” гэсэн бодлогын чиглэл тодорхой болсон байдаг. Энэ бодлогыг тодорхой болгоход голлох үүрэгтэй оролцсон хүн бол Ерөнхий сайд асан С.Баяр. Тэр Засгийн газрын тэргүүний ажлыг авсан даруйдаа энэ талаарх дипломат яриа хэлэлцээг идэвхжүүлж, хамтарсан Засгийн газар байгуулсныхаа дараахан яамны түвшинд оччихсон байсан нөгөө комиссыг Ерөнхий сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд авчирч, тохируулагч агентлаг хэлбэрээр бүхэл бүтэн төрийн институц байгууллаа. Ингээд 2009 онд Монгол Улсын ҮАБЗ-ийн зөвлөмж гарч, атомын эрчим хүч ашиглах талаарх төрийн бодлого, хууль тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдав. Ажлын хэсэг гурван сар эрчимтэй ажиллаж зургадугаар сард бодлого, долдугаар сард Цөмийн энергийн тухай хуулийг тус тус батлуулсан  юм.
Хог хаягдлын тухай яриа хэлэлцээ ч энэхүү төрийн бодлоготой холбоотой явагдсан нь гарцаагүй. Бид “олборлогч, боловсруулагч, экспортлогч” байхын тулд уурхайтай, боловсруулах үйлдвэртэй, худалдаалах агуулахтай байх ёстой. Эдгээрийн аль алинаас нь цацраг идэвхт хаягдал их, бага ямар нэгэн хэмжээгээр гардаг. “Энхийн зорилгоор” гэдэг ашиглалтын тодотгол голчлон “эрчим хүч үйлдвэрлэх”-ийг илэрхийлдэг бөгөөд энэ нь станцтай, реактортой болохыг хэлдэг. Уранаар эрчим хүч үйлдвэрлэхэд бүр ч их хаягдал буюу үнс гарна. Түүнийгээ урт удаан хугацаагаар битүү булах агуулах хэрэгтэй болно. Ерөнхийдөө цөмийн эрчим хүчний талаарх манай улсын өнөөгийн бодлого бүхэлдээ хог хаягдалтай. Хог хаягдалгүй байхын тулд бид энэ бодлогоо хог хаягдал болгохоос аргагүй. Түүнээс бус хог хаягдалдаа асуудал нь байгаа юм биш гэдгийг Ерөнхий сайдын мэдэгдэлд үзүүлж байгаа нийгмийн идэвхийн хариу үйлдэл тодорхой болгож байна.

2011.09.08