Тоглож болохгүй салбар, тогтоох ёсгүй хориг
УИХ-аар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй зэрэгцэн зээлийн хүүгийн хэмжээнд дээд хязгаар тогтоох асуудал яригдаж эхэлсэн.
УИХ-аар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй зэрэгцэн зээлийн хүүгийн хэмжээнд дээд хязгаар тогтоох асуудал яригдаж эхэлсэн. Угтаа зохицуулагч байгууллага болох Монголбанкнаас энэ асуудлыг тавиагүй бөгөөд төсөл өргөн барьсан УИХ-ын гишүүдээс “Монголбанкнаас зээлийн хүүгийн хэмжээнд дээд хязгаар тогтоох болох” зохицуулалтыг тусгайлан оруулсан юм байна.
Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн С.Эрдэнээс арилжааны банкуудын зээлийн жилийн хүүг 18 хувь, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн жилийн хүүг 35 хувиас хэтрэхгүй байх агуулгатай “Зээлийн хүүгийн хэмжээнд дээд хязгаар тогтоох тухай” хуулийн төслийг боловсруулж, хуулийн төслийн урьдчилсан хэлэлцүүлэхээр нээлттэй байршуулсан ч саяхан УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хэвлэлийн бага хурал хийхдээ зээлийн хүүгийн хэмжээнд шууд дээд хязгаар тогтоох нь цаанаа эдийн засгийн хувьд сөрөг үр дагавартай, энэ хуулийн асуудлыг дахиж хөндөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Mонголбанкны хувьд “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж, зээлийн хүү буурах орчныг бүрдүүлэх арга хэмжээний саналуудыг албан ёсоор тавих юм байна. Өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Асуудлуудаа бариад ир. Монголбанк, Монголын Банкны Холбоо, тэр ажлын хэсэг бүгдээрээ манай хороон дээр ажлын хэсэг байгуулаад зээлийн хүүг бууруулах арга хэмжээг авъя” гэж мэдэгдлээ.
Ер нь энэ асуудалтай холбоотойгоор мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг сонсох нь чухал юм. Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал С.Ган-Очир “Арилжааны бүх банкны хадгаламж болон зээлийн хүүний дээд, доод хязгаарыг тогтоох нь эдийн засагт маш том сөрөг үр дагавартай. Ийм арга хэмжээ тогтоовол санхүүгийн зуучлал зогсдог. Банкууд эрсдэлтэй зээлдэгчид тухайн тогтоосон хүүгээр зээл өгөх бололцоогүй болдог. Иргэд, аж ахуйн нэгжүүд зээл авч чадахгүй болсноор хөрөнгө оруулалтууд зогсоно. Энэ нь бодит эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөтэй, тухайн нэг салбар, зорилтот бүлгийг дэмжих зээлийн хүүд хязгаар тогтоох эрх зүйн зохицуулалт байх шаардлагатай. Ипотекийн зээлийн наймаас дээш хувийн хүүгээр олгохгүй ч гэдэг юм уу. Ийм өнцгөөс л харж эрх зүйн зохицуулалтыг хийх болов уу. Харин нийтээр нь хавтгайруулж хязгаар тогтоох эдийн засагт сөрөг нөлөөтэй гэдгийг Монголбанк мэдэж байгаа” гэж хэлсэн. Тэгээд ч арилжааны зээл, тусгай хөтөлбөрийн хүрээнд цаад эх үүсвэрийг нь шийдээд зээлийн хүүг тогтоож байгаа зээл хоёрыг ялгаж салгах нь зүйтэй юм.
Зээлийн хүүг бууруулах хэрэгтэй юу гэвэл бүгд “бууруулах шаардлагатай” гэдэгт бүгд дуу нэгдэнэ. Харин зээлийн хүүний хувь хэмжээнд дээд хязгаарыг тогтоохдоо захиргаадалтын аргыг хэрэглэх нь зүйтэй эсэхийг ухаж ойлгох нь бас нэг асуудал гэж харж байна.
Мэдээж энэ бол шинэ содон зүйл биш. Дэлхийн улс орнуудад санхүүгийн системд зээлийн хүүний түвшинд дээд хязгаар тогтоох оролдлого байсаар иржээ. Зорилго нь манай өнөөгийн нөхцөлтэй адил зээлийн хүүг бууруулах замаар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийг өрийн дарамтад орохоос сэргийлэх, мөнгө хүүлэлтээс хамгаалах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Энэ хязгаарлалтын зохицуулалтаа яаж хийдэг тухай 2014 онд хийсэн судалгааг сонирхоход дэлхийн 76 орон ямар нэг байдлаар зээлийн хүүнд тодорхой хязгаарлалт хийснээс 28 улс “Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль”-иар, 24 улс Хүүг зохицуулах тухай хуулиар, 9 улс хуулиар зохицуулаагүй ч де-факто хязгаарын тогтолцоогоор зохицуулж байсан байна. Хүүнд хязгаар тогтоогч институци нь ихэвчлэн төв банк, шүүх, парламент, эсвэл Сангийн яам байх юм.
Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох захиргаадалтын аргыг хэрэглэснээр хүссэн үр дүндээ хүрсэн нь ч ховор байдаг юм байна. Яг хүссэнийхээ эсрэгээр зээлийн бүтээгдэхүүний төрөл, хүртээмж буурах, санхүүгийн зах зээл дээрх өрсөлдөөн хумигдах, том зээлдэгчдийн төвлөрлийн эрсдэл нэмэгдэх, валютын ханшид үндэсний мөнгөн тэмдэгтийн чадавх сулрах, зээлдэгчдийн бодит төлөх зардал нэмэгдэх, жижиг, дунд бизнест зээл олдохгүй болох, үүндээ зэрэгцээд хүү өндөртэй албан бус зээллэг өсөх зэрэг сөрөг үр дагавруудыг “хүлээн авчээ”. Дээрх 76 орноос заримынх нь жишээг сонирхуулъя. Манай урд хөрш БНХАУ олон жилийн турш зохицуулалттай хүүний системтэй явж ирсэн нь албан бус санхүүгийн систем /shadow banking/ тэлэх гол шалтгаан болжээ. Түүнчлэн хүүний тогтолцоогоо захиргааны аргаар барихын тулд мөнгөний бодлогын үр нөлөө, хөрөнгийн чөлөөт урсгал, валютын ханш зэргээ тавиад туучихсан. Нэг ёсондоо захиргаадалтын аргаар хүүг бууруулахад ямар их золиос шаарддагийг харуулж өгсөн. Гол аврал нь улс төрийн хатуу тогтолцоо, их хэмжээний гадаад валютын нөөц нь байсан тулдаа болоод байж. Гэсэн ч сүүлийн жилүүдэд санхүүгийн тогтолцоогоо аажмаар чөлөөт хэлбэрт шилжүүлж байж, 2013 онд зээлийн хүүнд тавьдаг хязгаараа, 2015 онд хугацаатай хадгаламжийн хүүнд тавьдаг хязгаараа цуцалсан юм байна.
Япон улс 2007 онд зээлийн нөхцөлөө чангалж, зээлийн бүх зардлыг агуулсан хүүний дээд хязгаарыг 29 хувиас 20 хувь болгож бууруулсан нь зээлийн нийт нийлүүлэлтийг нь “багалзуурдсан” мэт болгож, харин ч албан бус зээлүүлэг буюу далд аргаар мөнгө хүүлэлтэд хөтөлжээ. Баруун Африкийн эдийн засаг-валютын холбооны орнууд бичил зээлийг дэмжих зорилгоор банкны зээлийн хүүний дээд хязгаарыг нийт зээлд хамгийн ихдээ 15 хувь, бичил зээлд 24 хувь байхаар тогтоосон байна. Үр дүнд нь ядуу, алслагдсан бүс нутгаас нь банк, санхүүгийн байгууллагууд салбараа татчихсан. Бичил зээл олголт ч буурч, төрөлжилт муутай санхүүгийн хүртээмж нь бүр багасчээ. Бусад орнуудын жишээг цөөнгүй хэмжээнд судалж үзсэн ч ерөөсөө захиргааны аргаар хүүний түвшинг хязгаарласан орнууд бусад орнуудтай харьцуулахад зээл ба ДНБ-ий харьцаа бага, зээл авч буй иргэдийн нийт хүн амд эзлэх хувь бага буюу зээлийн хүртээмж муу, санхүүгийн зах зээлд нь төрийн өмчит банк давамгайлсан зэрэг нийтлэг үр дүн харагдлаа.
Тэгвэл Монгол яах вэ. Макро эдийн засгийн нөхцөл байдал, банк, санхүүгийн зах зээлийн төлөв, бүтэц, өрсөлдөөн зэргээс хамаарч санхүүгийн зуучлал нь хөгжингүй орнуудаас харьцангуй өндрөөр тогтсон хөгжиж буй орны “зовлон” манайд ч бас нүүрлэж зээлийн хүү харьцангуй өндөр орны тоонд орж байна. Сүүлийн 10 жил хийсэн судалгаанаас нийтлэг харагдсан шинж нь манайд зээлийн хүү нь хадгаламжийн захын бүтэц, инфляцийн хэлбэлзэл, инфляцийн хүлээлт, банкуудын үйл ажиллагаа, эрсдлийн зардал зэргээс хамаарч байгаа юм.
Арилжааны банкуудад 2008-2016 онд бодитой төлөгдсөн зээлийн хүүг судаллаа. Ер нь зээлийн хүүгийн бүтэц 14 орчим хувь байж. Үүний 8.5 хувийг хадгаламжийн дундаж хүү, 5.2 хувийг үйл ажиллагааны зардал, 1.8 хувийг эрсдэлийн сангийн зардал, 3 орчим хувийг банкны ашигт ажиллагаатай холбоотой нэмэгдэл хэсэг бүрдүүлжээ. Товчхондоо зээлийн хүүний бүтцэд хамгийн өндөр жин дарж байгаа хадгаламжийн хүү нь зээлийн хүү өндөр тогтдог гол шалтгаан гэдэг нь батлагдаж байна. Тэгэхээр банкуудын эрсдэлийн сангийн зардал, үйл ажиллагааны зардлыг хэмнэх боломжууд нь зээлийн хүүг бууруулах үндсэн нөхцөл болж таарч байгаа юм. Хадгаламжийн хүүгийн өндөр тогтоод байгаа зүй тогтлоосхарахад манай санхүүгийн зах зээл олон улсад өрсөлдөж чаддаггүй, иргэд, ААН-үүдийн хадгаламжаасгол эх үүсвэрээ татан төвлөрүүлдэг учраасхадгаламжийн хүүгээрээ зайлшгүй өрсөлддөг. Тиймээс зах зээлд байхгүй өндөр хүү амлаад ч атугай өндөр хүү амлаж эх үүсвэр татаад хурдан томрохын тулд өндөр хүүтэйгээр зээлдүүлэх нь элбэг харагддаг. Мөн банкууд хүүгээ тогтоохдоо макро эдийн засгийн суурь үзүүлэлтээ голлон анхаарч байна. Өмнөх дөрвөн жилд төв банк “шинэ тэнцвэр”-ийн тухай баахан ярив даа. Үнэндээ макро эдийн засгийн гадаад дотоод тэнцвэр хангагдаагүй үед зээлийн хүүг захиргааны аргаар бууруулах гэж оролдвол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг сулруулах бөгөөд нийт эдийн засаг, санхүүгийн салбар, урт хугацааны тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Тийм ч учраас “зээлийн хүүг бууруулах тухай” гэх нэмэлт заалтыг УИХ-аас өмнөх таван жилд баталсан тогтоолуудын агуулгатай давхардуулж хууль, тогтоолд батлах шаардлагагүй бололтой.
Хууль тогтоогчдын зүгээс урт хугацаанд тогтвортой макро эдийн засгийн орчин, оновчтой хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлснээр зээлийн хүү буурах гол нөхцөлийг бий болгох бүрэн боломжтой. Тухайлбал санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, банкуудын олж ирж буй гадаадын хөрөнгө оруулалтаас татвар авахаа болих, энэ зардал дахиад зээлийн хүүгийн хэмжээнд нөлөөлж байна. Зээлийн эх үүсвэрийн зардалд нөлөөлж байгаа асуудлуудыг шийдвэрлэчихвэл зээлийн нөхцөл, зээлийн хүү уян хатан тогтоод ирнэ. Мөн зээлдэгчдийн эрхийг хамгаалах механизм бүрдүүлэх замаар мөнгө хүүлэх үйл явцыг хязгаарлах, орлого багатай, эрсдэлтэй, банкны шалгуурыг хангах боломжгүй зээлдэгчид ихэвчлэн албан бус эх сурвалж буюу хүүлэгчдээс өндөр хүүтэй зээл авдаг тэр том эрэлтийн хүрээнд анхааралтай судалж “хэвийн бус зээлдэгчдэд” зориулсан бичил зээлийн бүтээгдэхүүний төрөл нийлүүлэлтийг нэмбэл УИХ-ийн гишүүдээс тавиад байгаа зорилтод яг нийцэхээр байгаа биз.
Дээр нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй төрийн өмчит гадаадын банк, түүний салбарыг оролцуулахгүйгээр сайн хууль батлаад гадаадын хөрөнгө оруулагч нарт хаалгаа нээх эр зоригийн арга хэрэглэхэд ч буруудах юун. Зээлийн хүүнд нөлөөлж буй банкны ажиллагааны үйл ажиллагааны болон эрсдэлийн зардлыг бууруулах ажлыг Монголбанкинд даалгах нь зүйтэй байна. Үүний зэрэгцээ төсвийн зардлыг дотоодын бондоор санхүүжүүлдэг учраас сүүлийн үед банкууд зээл олгохоо болиод Засгийн газрын бонд худалдаж аваад байгааг анзаарч ЗГҮЦ-ны хүүнд анхаарах нь орхиж болшгүй сэдэв болоод байна. Өөрөөр хэлбэл төсвийн хэт тэлэлттэй байгаа өнөөгийн нөхцөлд эрсдэлгүй санхүүгийн хэрэгсэл болох ЗГҮЦ-ыг худалдаж аваад суудаг үзэгдэл цөөнгүй гардаг боллоо.
Энэ бол эдийн засагт зохицуулалт, эмчилгээ шаардлагатай байна гэсэн үг. Үүн дээр хөрөнгийн зах зээл сул, урт хугацаатай хямд эх үүсвэр татах санхүүгийн хэрэсгэл цөөн, зээлийн захын өрсөлдөөн сул, банкны системийн давамгайлал их байгаа учраас энэ бүхнийг УИХ-ын гишүүд тал талаас нь харж зөв шийдвэр гаргахгүй бол тоглож болохгүй салбарт төрөх ёсгүй хууль дуншаад байгааг тайван харж сууж тэвчишгүй нь.