АЛТААР ГЯЛАЛЗАХ АЛДАР
Монголын хэвлэлээр “Наранхүү” гэх нэр л гарах болж. Хамгийн сүүлд ийм нэртэй хүн дөрвөн хөлтэй адгуус гэхэд арай хэтэрмээр үнээр морь авсан гэж дуулдсан. Үүнээс арай өмнө бас ийм нэртэй нөхөр өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан хэмээн хэвлэлд гарсан.
Олон улсын сэтгүүлчдийн өдөрт
Монголын хэвлэлээр “Наранхүү” гэх нэр л гарах болж. Хамгийн сүүлд ийм нэртэй хүн дөрвөн хөлтэй адгуус гэхэд арай хэтэрмээр үнээр морь авсан гэж дуулдсан. Үүнээс арай өмнө бас ийм нэртэй нөхөр өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан хэмээн хэвлэлд гарсан. Энэ нэр ер нь улсын баяр наадмаар ихэвчлэн сонсогддог. Бас Хүүхдийн паркийн газар дээр зөвшөөрөлгүй барилга барьсан гэсэн. Түрүүхэн нэг нөхөр бас энэ нэрийг машин дээрээ алтаар бичсэн гэнэ билээ. Ийм нэртэй хүн хэд хичнээн байдгийг Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс олж мэдье гэвэл ажилтанд нь таалагдахаас авахуулаад өч төчнөөн шат дамжлага туулна. Ямартай ч Улсын бүртгэлийн газрын сайт дээрх “Хамгийн түгээмэл нэрс” дотор лав алга. Уул нь сайхан нэр, энэ нэр “Мон-Ураны” гэдэг овогтой байх нь элбэг. Ёроолгүй баян мэтээр ойлгогддог тус компани чухам ямар үйл ажиллагаа эрхэлдгийг Улсын татварын ерөнхий газар мэдэж нэг магадгүй. Сэтгүүлч яваад очвол “байгууллагын нууц” гэдэг үгээр ам таглаад араас бас нэмж амбаардана.
1. Эрх ба уянга
Дэлхийн банк өнгөрсөн сарын 23-ны өдөр сайт дээрээ Зүүн Ази, Номхон далайн орнуудын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай илтгэл нийтэлжээ. Улс орнуудын Ил тод байдлын шалгуур үзүүлэлтийг шинжилсэн уг материалд ардчилалаар 20 жил замнасан Монголыг коммунист Вьетнамтай харьцуулсан нь хачирхалтай бус сонирхолтой юм. Азийн ардчилалын үлгэр дууриал гэж манай улстөрчид өхөөрддөг Монгол коммунист ертөнцийн үлдэгдлээс дээрдэх юмаар бага аж. Тэнд бичсэн дүгнэлт ийм: “...Вьетнам, Монголын мэдээллийн ил тод байдлын журмын өөр нэг дутагдалтай тал нь мэдээллийн ил тод байдлыг хангах үүрэг хариуцлагууд нь салангид, мөн бодит бус буйд байгаа юм. Энэ хоёр улсын алинд нь ч Засгийн газрын агентлагуудад мэдээллийн эрх чөлөөг хангахыг даалгасан хууль эрхзүйн зохицуулалт байхгүй”.
Мэдээлэл авах эрх, тэр тусмаа төр, засгийн байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах боломж нээлттэй байх нь ардчилсан тогтолцооны гол шалгуур. Төр, засгийн байгууллагын үйл ажиллагааг олон түмэнд мэдээлэх нь нэг талаас хариуцлага, нөгөө талаас итгэл үнэмшил бий болоход тулгуур үүрэгтэй. Ямар ч мэдээлэлгүй олон түмэн төр засагтаа хяналт тогтоох, хариуцлага тооцох боломжгүй. Мэдээлэлгүй бол ардчилсан нийгэм цогцлоох талаар ярилтгүй.
“Хуулиар зөвшөөрсөн зүйлийг л хийж болно” гэх нь коммунизмын зарчим, харин “хуулиар хориогүй бүхнийг хийж болно” гэвэл ардчилалын ёс. Гэтэл манай ардчилсан улсад хэвлэл мэдээлэлтэй холбоотой харилцааг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль (1998), Олон нийтийн радио, телевизийн тухай хууль (2005 он), Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 он), Эрүүгийн хууль, 139-р зүйл (2002 он), Иргэний хууль, 498-р зүйл (2002 он), Төрийн нууцын тухай хууль (1995 он), Төрийн нууцын жагсаалтын тухай хууль (2004 он), Байгууллагын нууцын тухай хууль (1995 он), Зар сурталчилгааны тухай хууль (2005он) болон бусад хуулиар зохицуулж байна. Энэ олон хуулийн завсар зайгаар сэтгүүлч хэрэгтэй мэдээллээ олж авна гэдэг гал дундаас цучил авахаас ч хэцүү.
Монголд 17 жил ажилласан Ройтерс агентлагийн сурвалжлагч Иръя Халаш зөвхөн Ирак явсан Монгол цэргийн зардал хэдэн төгрөг болж байгааг мэдэх гэж олон газрын хаалга татжээ. Гэвч тэрбээр мэдээлэл авч чадаагүй гэдгийг “Монгол дахь мэдээллийн эрх чөлөө” судалгааны тайланд жишээ татсан байна. Гадныханд “элэгтэй” монгол уламжлал ч түүнд тус болоогүй гэнэ. Тэгэхээр монгол нь монголдоо, тэр дундаа “нэг муу сэтгүүлч”-д мэдээлэл өгнө гэвэл гонж. Мэдээлэл авах эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө хоёр бол нэг зоосны хоёр тал. Сэтгүүлч мэдээлэл авах эрхгүй болохоор хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай ярих нь тэнэглэл. Ард түмэнд мэдээлэл түгээх, олон түмний санаа бодлыг төр засагт хүргэх замаар сэтгүүлч амьдралаа залгуулдаг. Сэтгүүлчийн мэдээлэл авах эрх хэрэгжиж гэмээнэ хоолоо олж иднэ. Гэтэл түүнд хоол олж идэх боломж алга.
Гэхдээ сэтгүүлч ч гэсэн хүн л болсон хойно амьд явах эрхтэй. Ингээд мань сэтгүүлч турж үхэхгүйн тулд аливаа өгүүлэл нийтлэлээ баримтаар баяжуулахын оронд уран үгийн угалзаар чимдэг. Эсвэл ёс суртахууны торгон заагийг хэмхчин амраг хосын хөнжлийг түмний нүдэн дээр хуулдаг. Нөгөө бол захиалгаар зохион бичлэг хийдэг. Үүнийг Монголын сэтгүүл зүйд 14 жилийг үдсэн Л.Мөнхбаясгалан нотолж байна. Тэрбээр Сэтгүүл зүйд үүр цайгаасай нийтлэлдээ “(сэтгүүлчид) Захиалгат сэтгүүл зүйг хөгжүүлэх үйлст хүчин зүтгэж яваа биш үү. “Эхлээд хууртаж явсан. Дараа нь хууртах ажилд нь оролцсоон, оролцсон” гэдэг шиг захиалгаар юм бичиж үзээгүй сэтгүүлчийг олохгүй. Үүнийг бичигч би ч бас захиалгаар юм бичиж л байсан”. Сэтгүүлч бол “Хариад очиход минь хараад суугаа үртэй хүн билээ...”
2. Нууц биш нууц
Энэ ёстой тэнэг илэрхийлэл. Парадокс ухаантай юм уу даа. Тийм болохоор бас үнэнийг давхар агуулна. Монгол сэтгүүлчид “тэгсэн ингэсэн нь нууц биш” гэдэг хэллэг өргөн ашигладаг. Эхэндээ их л ядуухан хэллэг мэт санагдана. Гэхдээ үүний цаана бас учир бий юм. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг тунхагласан улс орныг гутаадаг нэг зүйл бол гарцаа байхгүй нууцтай холбоотой хууль. Дэлхийн банкны дээрх илтгэлд “Вьетнам, Монголд нууцтай холбоотой хууль түүний хэм хэмжээ ил тод байдлын журамтай зөрчилдөн, түүнийг хэрэгжүүлэхэд саад учруулж байна” гэдгийг цохон дурьджээ. Тэгэхээр дээрх хэллэг төрийн, хувийн, байгууллагын гэх тодотголтой “нууц”-д бичсэн зүйл нь хамаагүй юм шүү гэдэг санааг л гаргадаг.
Байгууллагын нууцын тухай хуулийн 5.1 дугаар зүйлд “Байгууллага нь нууцаа хамгаалах журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтоож мөрдөнө” хэмээн заачихсан байдаг. Тэгэхээр “нууц”-ыг үзэмжээрээ тогтооно. “Глоб Интернэшнл” ТББ Байгууллагын нууцын хуультай холбогдуулан төр захиргааны 48 байгууллагад судалгаа хийхэд нууцынх нь жагсаалт ч нууц ангилалд багтдаг 32 байгууллага гарсан аж. “Авдар дотор нугас байгаа, нугасан дотор өндөг байгаа, өндгөн дотор зүү байгаа” гэдэг шиг. Тиймээс авилгачид битүү шигсэн төрийн байгууллага Кашей шиг сэтгүүлчийн үзгэнд өртөлгүй “үхэлгүй мөнхийн хутаг”-ийг олдог юм. Харин албан тушаалтан, эрх мэдэлтнүүд сэтгүүлч нарыг ёс зүйгүй хэмээн зүхнэ. Уул нь өөрсдөө хамгаа “нууц”-ын ангилалд багтааж “ёс зүйн” ай савд багтах өчүүхэн хэсгээ л ил санжигнуулчихсан яваа улс шүү дээ. Түүнээс бус хүний хормой хот татаад явах хэнд л сайхан байв гэж.
“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаа өсвөр насны хүүхдийг садарлалд уруу татсан нэг “Наранхүү” гэгчийн талаар мэдээлэл бичсэнийхээ хариуд одоо эрүүгийн хэрэгтэн болох шахаад байгаа. “Наранхүү”-гийн өмгөөлөгч нь "бидний олж сонссоноор хуулийн байгууллагад дээрх мэдээлэлд дурьдсан хэрэгт өөр Наранхүү гэж хүнд шалгагдаж байгаа гэж дуулсан. Гэхдээ хувь хүний болон мөрдөн байцаалтын нууц учир бид энэ өөр Наранхүүгийн талаарх мэдээллийг мэдэх боломжгүй юм" гэв. Ингээд нэг “Наранхүү”-тэй холбоотой шуугиан нууцын хуулиар халхлагдлаа. Хөөрхий сэтгүүлч бүсгүй Б.Ханддолгор, А.Эрдэнэтуяа нарын араас ял эдлэх нь бараг л “нууц биш” боллоо. Манай Эрүүгийн хуульд зөвхөн сэтгүүлч нарт зориулагдсан “гүтгэх” гэдэг зүйл анги бий. Дэлхийн банк “Ихэнх ардчилсан улс орнуудад олон нийтэд нээлттэй байдаг зарим бүлэг зүйлсийг Монголд нууц байхаар Төрийн нууцын тухай хуульдаа тусгасан байдаг” гэж дүгнэсэн ёсоор алтаар бичигдсэн “Наранхүү” нэр хүртэл түүнд багтаж байна.
Монголд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гэж бий, 1998 онд гарсан эд. Тунхаг шахуу юм даа, сэтгүүлчид нөмөр нөөлөг болохоосоо илүү төрийн мэдэлд байсан хэдэн сониныг хувьд шилжүүлэхэд л хэрэг болсон байх. Уул нь Иргэний болон улстөрийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйл гэж бий. Түүнд мэдээллийн эрх чөлөө гэдгийг “иргэн мэдээллийг хайж, хүлээж аваад, олж эзэмшээд, түүнийгээ түээдэг” бүлэг эрх гэж тайлдаг. Гэвч “Манай Үндсэн хуульд хайдаг, хайж хайж яваад хадтай мөргөлдөөд буцаад явчихдаг, олж эзэмшиж чаддаггүй” болохыг “Глоб Интернэшнл” ТББ-ийн тэргүүн Х.Наранжаргал нотолж байна. Ардчилсан төрийн баганыг түшсэнийхээ хариуд алтаар бичигдэх учиртай монгол сэтгүүлчийн нэр одоохондоо ялын тогтоол дээр л дурайж байна. Эцсийн эцэст маргааш нар зүүнээс мандах нь нууц биш.
Eebii
gb
Зочин
1 l unen bii
Hi
uls
Зочин
зочин
bagi
wow
Зочин
delgermaa
taivan
Зочин
taivan
taivan
chi ogvvlberiin utgig oilgohgvi bn
Зочин
Заяа
Зочин
www.mongolgreencard.com
kkkk
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Хаха
дэмч
Зочин
Зочин
Зочин
Guest
Enkh-Amgalan