Мажоритар систем гэгч нь да­хих нь дээ янз нь. Ирэх жилийн сон­гуулийг хэрхэн явуулбал шударга болох бол гэхэд бараг бүгд л пропорциональ хэлбэрийг заадаг юм. Харин цагаа тулахаар шийд­вэр гаргагчид ганц удаа өөрийгөө боддог. Ер нь тувт  өөрийгөө бодож Их хуралд очсон болохоос бусдад сурталчилдаг албаны хуурай үгэн­дээ юу гэж уусах вэ дээ.

2012 оны сонгууль нь нэг айм­гийн хэд хэдэн сум багтсан жижиг тойрогт хэдэн баячууд өр­сөлдөх магадлал улам ихэсч бай­на. Ма­жоритар өрсөлдөөнөөр их мөнгө хаясан нь эрх мэдлийн оройд гарах нь тодорхой. Айсуй сонгуулийг мөнгөний сонгууль болгомооргүй байна гэсэн ерөнхий яриаг бүгд л хэлэх, бичих юм даа. 

Хүмүүс ба намууд эрдэм бо­ловс­ролтой, шударга, нэр цэвэр, нэр хүндтэй, эх оронч нөхдийг Их хуралд суугаасай гэж мөрөөднө.  Тэр нь тэгээд чухам хэн юм бол доо. Лав л баян буюу мөнгөтэй хүн биш бололтой. Мөнгөнд дургүй хүн байдаггүй мөртлөө монгол ардын бүх үлгэр, домогт ядуу нь баянаа баалсан тухай гардаг. Домгийг үнэн болгож хувийн өмчийг устга­сан нийгэм байгуулж үзлээ. Ний­тээр баянг үзэн ядах дэвсгэр суурь манайд хангалттай бий. Тэгвэл ухаантай ноорхой өнчин хүү яагаад одоо сонгуулиар цоройгоод гарч ирэхгүй байна вэ? Өөрийгөө ухаантай гэж боддог хүн Монго­лоор дүүрэн болчихжээ. Насанд хүрч байгаа иргэд бараг цөмөөрөө дээд боловсролын дипломтой болцорсон өнөө цагт тэнэг хүн гэвэл баян, малчин хоёр л шив дээ. Ийм хүнд нөхцөл байдлын дун­даас "тэнэг баячуул" ялалт бай­гуулж, ухаантнууд ялагдаад байд­гийн учрыг амархан тайлбарладаг. Анхны сонгуулийн үедүүдэд сон­гог­чид хуугаараа ядуу байсан. Архи, мөнгө, хоолноос саналаа худалдсан юм гэцгээнэ. Харин архийг нь уугаад, мөнгийг нь хэрэг­лээд саналаа нөгөө талд өгчихөж болоогүй юм уу гэхээр тоймтой хариу хэлж чаддаггүй. Энд эргэлзээ төрөхүйц өөр шалтгаан байна. Мэдээж ард нь байгаа улс төрийн нам чухал нөлөөтэй. Энэ сэдвийг түр орхиод баячуул ба сэхээтнүүд гэгч нь ямаршуу хүмүүс байдгийг эргэж санацгаая.

Янз бүрийн нийгэм байгуулсан, өөр өөр тогтолцоотой засаглал болгон суутнууддаа, ухаантнууд­даа халтай байсан тухай түүх их арвин. Хувийн өмчийг үзэн яддаг социализм хүртэл өөрөө баянаа­саа илүү сэхээтнээсээ хурдан салсан ба дараа нь "сэхээтний төөрөгдөл"-өөсөө ч ангижрахыг байнга зорьсоор ирсэн юм. Уг нь эрх мэдэл тэдэнд л байвал улс орон хөгжчих гээд байдаг. Үгүй юм байна. Яагаад гэхээр үлгэр амар сайхан жаргахдаа өнчин хүү өөрөө баян болоод, өөрөө хаан болоод төгсдөг. Бодит амьдрал ч бас тийм. Тэглээ гээд улс төр явдаг жамаараа явсаар л ирсэн. Харин бүх л төрийн өнгөнд сэхээтнүүд гоншгонохоос хэтрээгүй. Тэдний дийлэнх нь өндөр боловсролтой ч цаад аран­шин нь дэндүү хувиа хичээгч байд­гийг борчуул гадарлаад дургүй байдаг юм байна л даа.

Улсын төдийгүй хувийн томоо­хон байгууллагад хүртэл зохих алба хашдаг сэмбэгнэсэн нөхдүүд байдаг даа. Биед амар, хариуц­лагаас хол, аль дулаан зөөлөн хэвтрийг хэдийнэ олоод эзэлчих­сэн. Тэрэндээ сэтгэл ер ханахгүй, тоглоом шоглоомоор бусдыг байн­га шордон энүүхэндээ их эдүүд. "Хи хи...Манай дарга ч аварга эр дээ. Яаж ч баллаж мэднэ шүү. Намайг хойно аспирантурт сурч байхад наад муу чинь нэг хуулийн сур­гуульд байлуу яалаа. Өчүүхэн амьтан ш дээ...Баруунд бол ингэ­дэггүй л байхгүй юу. Намайг Аме­рикт сурч байхад..." "Дүү хүү ном сур. Сурсан эрдмийг чинь чамаас хэн ч булааж авч чадахгүй???" Эрх мэдэл баригчид ийм шалчганасан юмнуудыг олны хүсэлтийн дагуу нядлахад хэзээд бэлэн байдгийг мэдэрдэггүй. 

Их олон хүн өөртөө зориулж боловсрол эзэмших явцдаа бусдад үл таалагдах амьдралын хэвшилд орсноо анзаардаггүй. Үйлээ үзэж эмч мэргэжил эзэмшсэний дараа өөр олон хүн эмчилгээ хийдэг болчихвий гэсэн түгшүүр төрнө. "Жор мэдэхгүй ч зовлон үзсэн чавганцыг" сайн шоолоход хамаг ухамсарт амьдралаа зориулах жишээтэй. Сурсан эрдмээ төрсөн хүүхдэдээ ч өвлүүлэлгүй үхдэг хужаагийн намтартай их адилхан. Жаахан ном уншсан гэгдэх нөхдүүд улс орон байтугай ар гэр, авгай хүүхдээ зөнд нь хаяж тэрүүхэндээ л сэтгэлийн цэнгэл эдлээд явчих­даг. Ийм нөхдүүдэд борчуул яаж дуртай байх юм. Өөрийг нь алдар­шуулсан бүтээл туурвил сүндэр­лээд байхаас өрөөлд нялзах хаял­гагүй "ухаантнууд" олшроод бай­на. Ядаж байхад дээд боловсрол үнэ хүндгүй болчихлоо. Дагаад номтой номгүй нийт сэхээтнүүд новш шиг хөглөрч байна. Тэднийг хэлмэг­дүүл­дэггүй юм гэхэд тоох янз алга. Олон хүн гадаадын том сургууль төгсөж, шат дамжлагуудыг цугийг нь дүүргэсэн атлаа өөрий­гөө болон тухайн шинжлэх ухаа­наа илэрхий­лэх үгийн баялаг эзэм­шээгүй нь эргэлзээ төрүүлдэг. Ухаантай ч юм шиг, солиотой ч юм шиг.

Гэтэл эрх мэдлийн төлөө өр­сөл­дөгч баячуул нь олон түмэн сонгогчдын нүдэн дээр ядаж бу­лааг­дах юмтай харагддаг. Ихээхэн хулхидаад байвал цөмөөрөө дайрч ороод эдлэн газарт нь малаа ч болохноо бэлчээх юм хуна. Баян хорвоогоос буцахдаа юу ч авч явахгүй. Өв хөрөнгө нь хэн нэгэнд үлдэж л таараа. Түүгээрээ эрдэмт­нээс илүү нийгэмлэг харагдаад байдаг.

Социализм нурж байх үед за­римд нь санамсаргүй тохиолдлоор алтны уурхай, бүхэл бүтэн уулын ам, хаяад эзгүйрсэн нүсэр обьект энэ тэр хямдхан, эзэнгүй ороод ирсэн байдаг. Бусад "ухаантнууд" нь шоолоод л. Төд удалгүй тэндээс л өнөөдрийн тэрбумтнуудын нэ­лээд нь төрөн гарсан юм. Дандаа  луйвар хийж, бохир гараар хөрөн­гөжсөн нь ч бий. Аль нь ч байлаа гээд одоо нэгэнт өнгөрсөн. Хүссэн бол, "тэнэгтсэн" бол хэнд ч суусан газраасаа сувд түүчих боломж байсан юм билээ. Ядахнаа хотын төвд хог хаядаг байсан газрыг тэврээд хэвтэж байсан бол өдийд арван давхар барилга бариулаад сууж байх байж.  

Хэт нь луг баян болохыг дотроо санаархаж том хөдөлсөн, зээл авсан,  шатсан энэ тэр гээд манай баячуудын балаг бишгүй. Харин  хэн нэгнээс Монте Кристо гүн шиг үлэмж хөрөнгө өвлөж авсан то­хиолдол байхгүй. Тийм боломж одоо л гарах байх. Баяжихын сацуу сайн муу хэлүүлээд дор хаяж ах дүү нутаг усныхнаа чирч явдгаараа монгол баячууд гадаадын капи­талистуудаас ялгаатай. Энэ нь нэг талаас олуулаа идсэн оготно мэт харагддаг. "Мажоритар мандту­гай", "Баячуудын төлөө саналаа өгөгтүн" гэж уриалж байгаа юм биш. Өнөөд­рийн манай нийгэм сэхээтний унхиагүй үр дүн, араншингаас болж мөнгөтэй хүнд эрх мэдэл очих боломж гарсныг л хэлж байна.

Далбагар баян, далдганасан их мэдэгч хоёроор Их Хурал дүүрчих вий гэсэн зовнил монгол хүн бүрт хамаатай. Сонгуулийн сайн муу тогтолцоо, баян ба сэхээтэн, улс төрийн хоёр гол намын амьдрал зэрэг нь нэг л мэдэхэд тойруу замаар бидний амьдралд орж ирж ноцтой нөлөөлдөг. Ямар нэр хаяг­тай нь яахав. Нэг тийм зөв хүн байдаг даа. Сонгуулийн хуулийг  хэний тал нь ялж ямраар явуу­лахыг хүлээж байснаас олон түмэн өөрсдөө зөв хүний загвар сэтгэлдээ ургуулж суувал яасан юм. Эцсийн эцэст бид л хэн нэгнийг сонгох болохоос тэдний зоргоор ч болдог юм биш.