Саяхан шатахууны хямрал улсад маань нүүрлэж маш олон сэтгүүлчид, нийтлэлчид, тоймчид энэ олон жил нефт боловсруулах үйлдвэр бариагүй төр засгаа хараан зүхсэн. Олны сэтгэхүй бол ерөөсөө л “Манайд маш их нефт олгойдон гарсаар байгаа ч тэрнийг нь хэдэн гитадууд зөөгөөд аваад явцан” гэсэн ойлголттой. “Нээрээ яг яагаад ийм их нефттэй байж нэрээд нэрээд бэнзин болгочихдоггүй юм бол” гэж гайхсаар яг хэдэн тонныг хэрхэн олборлож, хэдэн тонныг нь бензин болгодог тухай өнөөх олон мундаг шүүмжлэлтэй нийтлэлүүдээс эрээд олсонгүй. Гүүглээс хайж хайж Э.Нордов хэмээх МУИС –ын профессорын ярилцлагыг уншаад 10 литр түүхий нефтээс 1 – 2 литр орчим шатахуун гардаг тухай, Монголын өнөөгийн хэрэгцээ 1 сая орчим тонн шатахуун байх тухай, хэдэн тэрбум нөөц байлаа ч гэсэн үхрийн баас шиг жижигхэн жижигхэн цувчихсан бол олборлоод ямар ч ашиггүй тухай, Монголын олборлож буй нефтийг нэрлээ гэхэд өөрсдийн хэрэгцээнийхээ 5 орчим хувийг л хангах тухай ойлголттой болсон юм. Энэ бол шинжлэх ухаан. Хэн нэг сэтгүүлчийн хийрхсэн хэдэн үг, хэн нэг даргын бөөрөнхий хэрэггүй яриануудаас хавьгүй илүү бодитой, илүү дутуу давсгүй товчхон мэдээллийг дээрхи ярианаас ойлгож билээ. Бодитой зөв мэдээлэл, судалгааг эрдэмтэн профессорууд, шинжлэх ухааны хүрээлэнгүүд л хийдэг. Харин түүнийх нь ганц нэг баримтыг давсалж хачирлаж, өөрийн талд эргүүлж ярих нь улс төрчид болон сэтгүүлчдийн хийдэг ажил. Ногоон гуталтай хүн хаа сайгүй харагдаад эхэлбэл сэтгүүлчид “Монголчууд улнаасаа ногоорч байна”, “Ногоон гутал моод гэж үү”, “Ногоон ба улаан” гэх мэтээр өөрсдийн эргэцүүллийг бичиж улс төрчид нь “Ногоон гутал ногоон дэлхий” аян зохион байгуулна. Зарим нь ногоон гуталтангууд маш их байгаа харуусч, тухай зарим нь харин ч цөөхөн байгаа тухай маргалдана. Харин яг хэдэн хүн ногоон гутал өмсөөд байгаа тухай, тэр нь тод ногоон уу бүдэг ногоон уу, ер нь гутал мөн үү эсэхийг шинжлэх ухаан л судалж үнэн баримттай дүгнэлт өгдөг.

Шинжлэх ухаан гэдэг бол хүн төрөлхтөний харах нүд, чиглэх замыг зааж өгдөг үнэт зүйл. Монголчууд бид Бархасвадь руу пуужин хөөргөж, нано технологиор торго нэхэж мэдээж чадахгүй ч өөрсдийн асуудлуудаа цэгцлэхэд шинжлэн ухаан хамгийн чухал. Хотоор дүүрэн, хөдөө малын бэлчээрээр дүүрэн шарилжнуудыг яг ямар ургамал болох, яагаад ургадаг тухай, хэрхэн устгах тухай шинжлэх ухаан л судална. Улаанбаатар хотын замын гэрлүүдийг маш зөв програмчилбал бөглөрөл хэрхэн багасах тухай шимжлэх ухааны зарчмаар л судална. Дан ганц байгалын ухаан ч биш нийгмийн ухааныхны үүрэг ч асар их. Гэр бүл салалт, архидалт, хүмүүжилгүй эх захгүй байдлыг нийгмийн шинжлэх ухааны салбар дүгнэн судалж, бүр чадвал эмчлэх зарчимтай. Шинжлэх ухааныг эрдэмтэн судлаачид, тэдгээрийг нэгтгэсэн хүрээлэн, их сургуулиуд л хөгжүүлнэ. Химийн үйлдвэрүүд, уул уурхайн салбар гэх мэт найдвартай санхүүжилттэй салбаруудаас бусад ихэнхи салбар зайлшгүй төрөөр халамжлуулахаас өөр гарцгүй. Улс орны хөгжлийг тодорхойлогч үндсэн тулгуур багана болсон шинжлэх ухаанаа төр засаг хир их анхаарч байна вэ?

Энгийн нэг наймаачны бизнес улсад ашигтай байх албагүй, тэр хувиа л борлуулж байгаа. Харин засгийн газрын шийдвэр хамгийн түрүүнд эх орондоо ашиг тустай байх ёстой гэж би хувьдаа муйхарлан бодно. Баар, буудал, эрүүлжүүлэхэд хоносон тоо нь хичээлд суусан тооноосоо давсан олон мянган оюутанд хавтгайруулан 500 мянга, дээрээс нь сар бүр 70 мянган төгрөг тараах нь яг ямар үр дүнтэй юм бол, улсад ямар хэрэгтэй юм бол? Оюутан байх хугацаандаа гүрийж сайн мэдлэг чадвар олоод авбал үхсэн баас тэр далан мянга, таван зуун мянга байтугайг олох боломжтой. Оюутан хүнд өгөх ёстой зайлшгүй зүйл нь эрдэм. Биднээс хэт тасархай хөгжилтэй Швед, Финландтай зүйрлэж оюутан бүхэнд цалин олгох шийдвэрээ зөвтгөж буй. Барууны орнуудын оюутан нь оюутан шиг байдаг, бас маш цөөхөн, чанартай. Харин манай зуун далан мянган оюутан бүгд жинхэнэ утгаараа оюутан биш, зүгээр л санаатай эсвэл санамсаргүй нэг сургуулирхуу юманд албатай юм шиг элсээд орчихсон. Нэртэйгээр нь “Европын хөлбөмбөгчид сая саяын орлоготой байдаг, манайх ч гэсэн тийм байх учиртай” гээд тайгэр лигийн тамирчдад цалин олгочихоосой. Профессорууд нь дундаа ганц байдаг проектороо булаалдсан, хулдаасан шал хуучин модон цонхтой, мэргэжлийн лабаротори хомс хамгийн гол нь чанар маруухан багш нараар эрдэм заалгасан оюутнууд хөөрхий. Оюутантайгаа хамт дотуур байранд амьдардаг багш нарыгаа, зах дээрээс хямд гутал эрж буй профессорыгоо хараад оюутнуудад нь ямархуу сэтгэгдэл төрөх бол.

Миний хувьд улсын их сургуульд багшлаад гурван жил боллоо, удахгүй дөрөв дэх жил. Гурван жил ажиллахдаа бүх хүч чадлаа цэвэр сургуулийнхаа, эрдмийн ажилд хандуулж үзсэнгүй. Шалтгаан нь их энгийн, эцэг эхээс тусдаа гараад амьдарч байгаа, авдаг цалин нь байрны лизингийн сарын төлбөртөө хүрэхгүй. Дээрээс нь мөнгө нэмж олохын тулд тархины эд эс болон цаг хугацааныхаа тал хувийг өөр юманд зарцуулах хэрэгтэй болно. Ганц надад ч биш, зөвхөн багш нарт ч биш, ажил дээр дөнгөж гарч буй ихэнхи залууст тулгарч буй асуудал. Дээрээс нь арай гэж олсон хэдэн төгрөгнийх нь тавны нэгийг нийгмийн даатгал болон татвартаа өгнө. Тэр татварыг нь баахан архичин оюутанд тарааж өгөхөөр болжээ. Хөдөөнөөс ирээд, баян хошуунд нэг нийтийн байр түрээсэлж, хичээлээсээ хоцрохгүйн тулд өвлийн хүйтэнд өглөөний зургаа хагаст гарч алхдаг, өөрийн гэсэн мөрөөдөлтэй оюутан зөндөө бий, тэднийг дэмжих хэрэгтэй. Олон улсын програмчлалын олимпиадад түрүүлж буй залууст таван зуун мянга байтугай таван саяыг ч өгсөн яадаг юм. Харин ихэнхи массыг эзлээд буй үл бүтэх хоосон сүгнүүдэд яах гэж сургалтын төлбөрийг нь бэлэглэх гээд байгаа юм бол. Энэ бол шинжлэх ухаан биш улс төрийн ухаан. Тэр зуун далан мянган оюутан нэр зүүгчид дундаас сарын далан мянга биш сайн мэдлэг чадвар, сайн багш илүү хэрэгтэй гэдгийг ойлгочихоор ухаантай нь даанч цөөхөн. Зарим улс төрчид ч бас үүнийг ойлгож байгаа болохоор оюутнуудаасаа “давж” сэтгээд улс төрийн мундаг шийдвэр гаргаж л дээ. Магадгүй зарим нь зүгээр л өөрсдөө хувийн их дээд сургуультай биз.

Монголын их дээд сургуулиуд сургалтын төлбөрөөр л голчлон санхүүждэг. Эрэлт нийлүүлэлтийн зарчмаар төлбөр нэмэгдэж, чанар сайжрах зарчмыг нь нээлттэй байлгамаарсан. Үнэ дагаж чанар гэдэг капитализмын хатуу хууль. “Гэтэл 9.6 хувиас хэтрүүлэн нэмж болохгүй” гэсэн ухаалаг бөгөөд социалист шийдвэрийг эх оронч дарга нар олон мянган танхайчуулдаа таалагдах гэж баталжээ. Жил бүр ердөө инфляцынхаа хэмжээгээр л нэмээд байвал Монголд дэлхийн хэмжээний сургууль хэзээ ч бий болохгүй. “Сур гэж хэн ч албадаагүй үхсэндээ уйлан дуугардаг юм” гэж миний нэг танил их нервтэж билээ, үнэн ч юм шиг. Хэчнээн олон мянган толгойтой залуус зөвхөн өндөр төлбөрөөс нь айж Харвардад элсэж чаддаггүй гэж санана. Үнэхээр бусдаас гойд бол тэр өндөр төлбөрийг зуун хувь тэтгэлэгээр олох боломж харин нээлттэй. Баруунд тогтсон 2:1 гэсэн нэг дүрэм байдаг. Ойролцоогоор хоёр оюутны жилийн төлбөр нэг багшийн жилийн цалинтай тэнцүү байдаг гэсэн утгатай. МУИС –ын дундаж цалин 500 мянга гэж бодоход жилдээ 6 сая төгрөг болно. Үүнийг хоёрт хуваавал барууны жишгээр нэг оюутан 3 сая төгрөгний төлбөр төлөх ёстой гэсэн үг. Оюутнуудаа харж үзэж байна гээд багш нарыг нь хөсөр хаяж болохгүй байлтай. Зуун далан мянган багштай мөртлөө ганц мянган оюутантай байсан бол оюутнуудаа хөсөр хаяад багш нартаа бэлэн мөнгө тараах байсан болов уу, улс төрийн ухаанаараа. Олоон арван жилийн дараа Монголд үндэстний хэмжээний томоохон сургуулиуд нь хуучных шиг навсгар хэвээрэй, бараг хөгжиж дэвшээгүй байвал “төлбөрийг нь нэмэхгүй, оюутнуудынхаа төлөө ажиллаж байна” гэж ганц үгээр өмөөрөөрэй.

Сумод жижиг биетэй бөх аргалж, зайлж хуурч давахыг мууд тооцдоггүй. Түүн шиг хүнд нэгэнт авъяас чадал, ухаан заяагаагүй бол бэртэгчин зангаар л хоолоо олж идэх нь байгалийн хууль, юуг нь буруутгах вэ дээ чааваас. Гэхдээ баахан бэртэгчин, популист амьтад дээшээ гарчих юм бол мянга алт зэс нүүрс байлаа гээд тэр улс лав хөгжихгүй ээ.