Хөгжил өө гэж... Ёстой ардчилсан эд анги юм аа.  Хүн л ганцаараа хөгжих юм бодоод байсан чинь  гахайны томуу хүртэл өдий зэрэгтэй болчихно гэж байх уу. Бид чинь хэн нэгэн рүүгээ “Чи энэ гахайн томууг хар! Хүний томууны зэрэгт хүрчээд яаж  байна. Гэтэл чи хүний томуу.. биш ээ. Хүн байж...наад байж байгаа царайгаа...даргынхаа эвийг олоод цалингаа нэмүүлчихэж чадахгүй. Чиний оронд цаадахь чинь байсан бол...” гэж ирээд бууж болж байна. Ингээд бодохоор чөтгөр, шулам, ад  албингийн хүрсэн түвшинг би таашгүй. Хүй нэгдлийн үеийнхэн амар байж. Орой хэрд анчид ганзага хоосон ирнэ. Түүдэг гал тойрон өрнөсөн яриа зөвхөн хоолны сэдэвтэй.
-Өнөө орой юугаа иднэ? аан

 -Эртүүдийн гахайнаас үлдсэн юм юусан билээ?

-Жаахан томуу байсныг нь ялгаад орхисон, арай хаячихаагүй болов үү

-Алив аваад ир дээ?.. ашгүй... агуйгаа цэвэрлэдэггүй залхуу авгайчуудын хэрэг гарлаа.

-Үгүй ер дөө... тоос сорогчийг ч мөрөөдөл гээд орхие. Олигтой бургасан шүүр ч алга. Энэ агуйг чинь улаан гараараа  л маажих болж байна...Агуй ч гэж дээ?  Би л арчаа муутайдаа тэсээд байгаагаас биш халуун хүйтэн усгүй, паар аа байг гэхэд пийшингийн зий ч  байхгүй...ерөөсөө ээжийнхээ агуйд очих минь

-За тэр яахав... чамд шүүр авч  өгнө, даанч цалин...гэнээ, зав алга.

-Энэ вирусыг чинь  тэгээд чанах уу, эсвэл халаагаад...

-Яахийн яахийн. Гахайн томуу хүнд халддаг болтол лай ч байна, зай ч байна.  1919 онд мутацлагдах юм гээ биз дээ. Түүхийгээр нь хуснаа....Санасныг бодоход давгүй амттай вирус юм гээч...

Энэ ярианаас хойш мянга, мянган жил өнгөрчээ. Хүн  нь чанарын хувьд сайжирсан боловч яс  нь муудсан, эсвэл гахайн томууны хөгжлийн хувьд  хэт хурдшил акселраци гарсан байна.  Ихэнх тохиолдолд томуу тусагсад эдгэрээд байгааг  иш үндэс болгон “Ялалт манай талд байна” гэж хэлж болох л юм. Яаж ч бодсон  бидэнд тэмцлийн шинэ стратеги хэрэгтэй болжээ.Одоогийн байдлаар манай улс орны хувь заяаг голлон тодорхойлогч болсон эрдэмтэд, улс төрчид, наймаачдын санал хоёрдмол, заримдаа гуравдмал болчихоод байгаа. Зарим эрдэмтэд хүний томууны вирусэнд үржил сэлекци хийх замаар сайн чанарын эцэг вирус гаргахыг санал болгодог. Гаргаж авсан универсал вирусээ гахайнд халдаах замаар  талуудын хүчний балансыг хадгалах тухай тэдний санаа ч бодож үзүүштэй л зүйл юм.

 Улс төрчид тэдний саналыг дэмжихийн сацуу, зөвхөн гахай ч биш, шувуунд давхиж ороод ганц болгож тавих “хүний вирус” зохион бүтээж хариугаа авах цаг болсныг сануулж, энэ талын хууль санаачлах, намынхаа мөрийн хөтөлбөрт  тусгах юм болж байгаа. Хөнгөн мөчид зарим нь  “хүн бүрт сая таван зуун вирус хүртээнэ” гэж түргэдсэн ч удаатай. Харин ногоонтны хөдөлгөөнийхэн үүнийг эрс эсэргүүцэхийн зэрэгцээ, гахайн томууны вируст хүнлэг хандах, тэдний оршин тогтнох, хөгжих, мутацад орох эрхийг хүндэтгэхийг шаардаж байна. Анагаах ухаан, эм зүйн ухааны хөгжлийн өнөөгийн хурдац нь газар дэлхийн вирусмандлын салшгүй хэсэг болсон H1N1 -ын амьдралд дайсагнаж байгааг тэмдэглээд манай цэнхэр гариг нэгэн цагт огт вирусгүй, үхмэл эрхис болох учиргүйг  тэмдэглэж байна.

“Монголын вирусын анд нөхөд”  иргэний хөдөлгөөний удирдагч, доктор Хорхой мэдэгдэлдээ “....  Эх орныхоо вирусыг  гадаадын ховдог шунахай вакцинуудын идэш болголгүй, унаган төрхөөр нь хойч үедээ өвлүүлье. Ирээдүй үе маань  бөгшүүлэх ханиадгүй, нус ивэлгэх шуухинаагүй үлдвэл хэн хариуцлагыг нь хүлээх вэ” хэмээн  онцолжээ. Тэрээр сурвалжлагчийн асуултад хариулахдаа  “өвөг дээдсийн үеэс онгон хэвээрээ өвлөгдсөн  цэнхэр хондлойтой монгол гахайны томууг гадаадынхантай, тухайлбал ДЭМБ гэгчтэй хамтран  ашиглах гэж байгаа нь туйлын буруу.  ДЭМБ бол  өмнө нь Канад, Шинэ Зеландын гахайн томууг сайхан ашиглана гэж аваад устгасан осолтой газар. Ийм  газартай хамтраад монголчууд эцсийн дүндээ гахай ч үгүй,  томуу ч үгүй хоцорч мэднэ. Харин гахайн томууныхаа 80-аас доошгүй хувийг монголын тал эзэмшвэл сая ашиг гарна. Түүнчлэн энд хараар амьдарч байгаа хужаа нар монгол гахайн томуу хүртээд байгаатай төр засаг тэмцэх цаг болжээ” хэмээн тэмдэглэсэн байна. Түүнийхээр бол гадаадын иргэд монгол гахайн томуугаар өвдөхийг хүссэн тохиолдолд  ГИХАЭГ-д (бараг л гахай гэж дуудагдаж байгаа боловч Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар гэсэн үг шүү) өргөдөл гаргах учиртай. Зохих зөвшөөрөл авч монгол гахайн томуу авлаа гэхэд манай тал 68 хувийн “гэнэт халуурсны татвар” авах учиртай ажгуу.

Манай эмч нарын үйлдвэрчний эвлэлээс санаачлан гахайн томууг ажил хаялтын өндөр амжилтаар угтах гэснээ больчих шиг боллоо.  Цаашдаа , ургац хураалттай уялдуулан тариаланчдын, хичээлийн шинэ жилийг угтан сурах бичиг борлуулагчдын, цагаан сарын тосгуулан боов хайрагчдын, наадам тохиолдуулан уяачдын үйлдвэрчний эвлэл  ажил хаяулдаг болох юм шиг байна. Энэ үйлдвэрчин гэдэг чинь аль нэг  дархлаа султай салбарт шургалан ороод эгзэгтэй үед нэр хүндийг баллан сүйтгэж хаядаг бас нэг  ажил хэргийг хүрээний N1H1 гарч дээ.

Харин наймаачид вирусыг микроскопын дурангаар бус зоосны нүхээр харж байгаа тул их өөр саналтай байна. Тэд “Гахайн томууны  менежмэнт”-ээр дамжуулан эдийн засгаа сэргээх боломжуудыг хайж байгаа юм. Харцгаа л даа. Төр засгаас  гахайн  томуутай тэмцэхэд хэрэгтэй барааг татвараас чөлөөлнө гэж байгаа.Томууны дэгдэлтийн  үед даарахгүй байх шаардлагатай гэж байна. Даарахгүй байхын тулд дулаан хувцас хэрэгтэй, улмаар дулаан гэр орон хэрэгтэй. Ингээд бодохоор бүх төрлийн хувцас, түлээ түлш, барилгын материалыг татвараас чөлөөлөх хэрэг гарч байна. Дээр нь эрүүл чийрэг хүнд  томуу хөнгөн  тусч байна гэсэн. Иймд чийрэгжүүлэх, ерөөсөө биеийн тамир спортын бүхий  бараа, хувцас хунарыг энд хамруулахаас өөр арга алга. Илүүдэл жинтэй хүнд халгаатай байгаа учраас фитнэсийн бүх хэрэгслэл, тураах бэлдмэлүүдийг татвараас чөлөөлөх хэрэгцээ яалт ч үгүй гарч байна.

Архи л үлдэж байна гэж бодно уу ? Үгүй ээ. Спирт бол маш чухал ариутгалын бодис. Түүгээр гараа гаднаас  нь ариусгахаас гадна биеэ дотроос  ариутгаж болдог. Дөнгөж залгисан H1N1-ийг архиар л алж болдог гэсэн. Их сонин вирус. Согтохоороо агсам тавих гээд гараад ирдэг гэж байгаа. Тэхээр нь шүдний чиглүүрт хатгаад  гаргаж хаяад байж болдог гэсэн. Эндээс үүдээд архийг онцгой албан татвараас чөлөөлөх хэрэгцээ  байна. Томууны мэнэжмэнтийн  үндсийн үндэс нь импортын барааны татварыг тэглэх бөгөөд энэ нь гахай хүн хоёрын төдийгүй, эдийн засгийн томуугаас ч аврах нигууртай...

 Наад зах нь аарц үнэд орж байна. Ингэхээр  зарах үнээгээ ”жилд төдөн кило аарц өгдөг” хэмээн рекламдах нь худалдан авагчийн сонирхлыг гойд татах нигууртай. Мэдээж маскны зах зээл ирээдүйтэй болж байна. Удахгүй зурагтаар манай дэлгүүрүүд “Пэр Кардин” , “Жоржио Армани”  болон  “панасоник” брэндийн  ориг маскаа сурталчлах боломж гараад ирлээ. Цаашлаад хувцасны  дизайнерүүд нэгийг бодууштай.  Үүнийг “Гоёл” наадмын гол шалгуур болгож болж байна. Хүрмийг шилэндээ юүдэнтэй хийж болсон юм чинь , энгэртээ масктай хийж яагаад болохгүй гэж.  Наадмаар манай  бөхчүүд  гучин хоёр юм уу, жаран дөрвөн угалзтай, монгол үндэсний масктай барилдаж таарна. Нарийн яривал маш олон хүн маскаа хамартаа гэхээсээ эрүүндээ зүүх сонирхолтой байдаг нь харагдаж байна. Иймд янз бүрийн дизайнтай эрүүвч хийх, түүнийгээ томуугүй үед ч хэрэглүүлж сургах, зах зээлийг нь хадгалах  том төсөл босгож болж байна.

Янз бүрийн жимсний шүүс, нохойн хошуу мэт нь хүний биеийг чийрэгжүүлэх ач нөлөөтэйгээс үүдээд үнэд орж, ховордож байна.  Энэ сэдвээр “Атарын З дугаар аян”-ыг өргөжүүлж болохгүй нь юусан.  Нохойн хошуу, аньсны навч тариалах үйл хэргийг “Атрын 3-ын “б” аян” гэж нэрлээд арилжааны зээл олгож яагаад болохгүй билээ.  Сонин, хэвлэлд “Нохойн хушууны ургац хяруунд цохиулах  уу” , “Ерөнхий сайд  халгай болон таван салааны үрслэгээтэй танилцав”  гэсэн мэдээ цувраад л эхэлнэ дээ...Ингээд харахаар наймаачдын толгой л хамаагүй сайн ажиллаад байх юм. Харин нэг юмны учрыг яагаад ч олдоггүй ээ.  Гадаадын улс орнууд “Гахайн томуу” гээд байхад, манайхан “хүний томуу” гэж албан ёсоор нэрлээд байгааг нэг ойлгож өгөхгүй байна. Гадаад гахай, дотоод хүн хоёрын хооронд нэг сонин уялдаа байна аа? ... учрыг нь наймаачид л мэдэж байдаг байх даа.