ХҮЛЭЭГДЭЖ БУЙ СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

Сонгуулийн өмнөх жи­лийн Монгол оронд улс төр, нийгмийн бүхий л амьдрал Сонгуулийн тухай хуулийг хүлээн гацагнаж байна.

Хаврын чуулганыг нээг­дэх үед Сонгуулийн тухай хууль дашийн шог болох вий гэсэн айдас байсан. Түүнтэй харьцуу­лахад юутай ч холимог ч гэсэн өөрчлөгдсөн хувил­бараар явах нь тодорхой болчихоод байна. Улс төрийн намуудын удирд­лагуудыг Ерөнхийлөгч хүлээн авч ярилцах үед бүгд өөрчлөлтийг дэм­жиж байгаагаа илэр­хийлж байв. Харин 76 сууд­лын хэд нь пропор­циональ, хэд нь мажо­ри­та­раар явах нь тодор­хой­гүй. Энэ нь зөвхөн МАН-аас шалтгаалж бай­гаа. Чу­хам хэд гэсэн харьцаа­гаар явах вэ гэдэг дээр МАН икс, икрэг гэсэн ха­риул­тыг хэлсэн. X ба Y-ийн хувьд 50:26, 38:38, 24:52 гээд ямраар ч ярьж болох бөгөөд сүүлийн үед 38:38 гэсэн хувилбар хамгийн хүчтэй яригдаж байна.

Хэрэв урьд яригдаж байсан хуулийн төслөөр 50 нь намын нэрээр, 26 нь тойрог дээр өрсөлдөж гарч ирэхээр болбол МАН дотор багагүй дажин үүсэх билээ. УИХ-д бай­гаа 44 гишүүн бүгд л нэг, нэг тойрог ярьж, тойргийг нь өгөхгүй гэвэл зарим нь Н.Энхбаярын МАХН руу гүйж айлгах гээд байсан тул тус намын удирд­ла­гууд эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр асуудлыг шийдэх гарц хайх болсон. Энэ нь 38:38 гэсэн хувилбар болов. Ингэснээр намдаа нэр хүндтэй, хүлээн зөвшөө­рөг­дсөн лидерүүд болох С.Баяр, С.Батболд, Д.Дэм­бэрэл, Ц.Нямдорж нарын хүмүүс намын квотоор, харин луувангаа ч, лаагаа ч идэх хүмүүс нь 38 тойрог дээр нэг, нэг мандатын төлөө хүч үзнэ гэсэн үг юм.

Сүүлийн үед хүчтэй яригдаж байгаа энэ хувилбарт аль, аль нь сэтгэл таатай байгаа сурагтай. АН-ын хувьд ч уг хувилбар дээр реакц үзүүлээд байх шаард­лагагүй. Ямар ч байсан хуучин хэлбэрээсээ өөрч­лөгдөж л байвал эхний шатанд заавал тийм бай­на гэхгүй бололтой юм билээ. ИЗНН-ын хувьд ч пропорциональ гэдгээ ярина гэж байгаа ч бас л өөрчлөгдөж байгааг нь дэвшил хэмээн үзэж байгаа сурагтай.

Ямартай ч энэ хав­рын чуулганаар Сон­гуу­лийн тухай хуулийг бат­лах гэрэл хонгилын үзүүрт харагдаж эхэллээ. Хуулиараа долдугаар са­рын 1-нд чуулган хаагдах ёстой ч уг урт настай хуулийг хэлэлцээд эхэл­бэл 14 хоногоор сунгахыг үгүйсгэхгүй. Үнэндээ энэ хуулийг хүлээсээр Мон­голын улс төр дагаад эдийн засгийн амьдрал ч зогсчихсон байгаа билээ. УИХ-ын гишүүд өргөн барьсан хуулиудаа га­цаа­чих­сан, нэр дэвших сонирхол, хүсэлтэй хү­мүүс хууль хэрхэн батлаг­дахыг хараад түдгэлз­чихсэн, дагаад намууд нь ямар ч санхүүжилтгүй болчихсон, улс төрийн акцууд бүгд хүлээгд­чих­сэн, бас төрийн томилгоо өөрчлөлт нь ч үүнийгээ дагаад унтчихсан байгаа юм.

СОНГУУЛИЙН АМЛАЛТЫГ БИЕЛҮҮЛЭХЭЭР "ЭРДЭНЭС МГЛ" МӨНГӨ ЗЭЭЛСЭН ҮҮ?

Монголын улстөрчид сонгуулиар худлаа баа­хан амлачихаад, тэрний­гээ биелүүлэх гэж төр нь шившгээ дэлгэсэн гэх хэ­рэг дэлхийн түүхэнд би­чиг­дэх вий гэсэн эмзэглэл төрөх боллоо. Хүний хөг­жил сангийн мөнгө авна гэсэн итгэл найдварын оч цухуйлгасан хүмүүс энд тэндхийн банкинд ду­гаар үүсгээд удаж бай­на. Үнэхээр амласан ам­лалтыг нь нэхэж, өгсөн мөнгийг нь авах эрхтэй хүмүүс, тэд. Саяхан сан­хүүжилт нь зогсчихоод байсан 21 мянган төгрө­гийн буухиа дахин энэ сарын 15-наас эхэлж, дугаар үүсгээд эхэлсэн нь зээлийн мөнгө байжээ гэх яриа чих дэлсэх боллоо. Үүнийг ихээхэн нууцалж байгаа ч гэсэн баттай эх сурвалжаас харамсалтай ч гэсэн үнэн гэж байна. Өнөө жилийн хувьд сон­гуулийн ам­лалт­даа зо­риулж 805 тэр­бум төгрөгийг төсөв­лөсөн. Гэвч үүний 400 тэрбум төгрөгийн орло­гын эх үүсвэр нь тодор­хойгүй. Тиймээс ирээдүйн "Эрдэнэс Таван толгой"­гоос орно гэж найдаж байгаа мөнгийг олох үүр­гийг "Эрдэнэс МГЛ"-д Засгийн газар өгсөн гэх. Харин уг үүргийг биелүү­лэхээр "Эрдэнэс МГЛ" 20 сая ам.доллар зээлжээ. Зээлийн энэ мөнгө буюу 25 тэрбум төгрөгийг одоо ам таглаж, банкуудаар тараагаад эхэлсэн бай­на. Ёстой сонгуулийн ам­лалт гэж нүглийн нүдийг гурилаар хуурах  их аж­лын эхлэл байдаг юм бай­на гэхээс өөр юу гэхэв.

Н.ЭНХБАЯРТ М.ЭНХСАЙХАН ХЭРЭГГҮЙ, ХАРИН Д.ЭНХБАТЫГ БОЛ БОДОЖ БОЛОХ ЮМ


Сонгуулийн тухай хуу­лийн чигийг хүлээнгээ намууд чухам хэрхэх нь өөрсдөд ашигтай та­лаар бодсоор л. Бас өөр хоорондоо ч ярил­цаад эхэлчихсэн гэж байгаа. Улс төрийн ажиг­лагчдын үзэж байгаагаар МАН хийгээд МАХН эв­сэл болоод орчихвол бас ч гэж хэдэн суудлыг урь­дын адилаар зулгаачих­на гэдэг. Гэвч цугтаа байж байгаад салсан энэ намын удирдлагуудын амбиц, нэгийгээ үзэн ядах сэтгэл нь дараагийн нүүд­лийг харах чадварыг нь үгүй хийж байгаа билээ. МАН-ын удирдлагууд Н.Энх­баяртай бол хэзээ ч үгүй гэсэн үгийг одоо­гийн байдлаар хэлж бай­гаа. Улс төрд мөнхийн дайсан үгүй учраас ту­хайн үед ашиг сонирхол нь хэрхэн нэгдэхийг хэн мэдлээ. ҮШН-ын зүгээс МАХН-тай нэгдэх сана­лыг тавьж, ярилцаад үз­сэн гэх. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр үүнийг боломжгүй гэж тооцоол­сон ажээ. Учир нь МАХН-ын дэмжигчид бол тэр чигээрээ хуучин МАХН гэсэн үзэл баримтла­лаа­раа явж байгаа хүмүүс. Саяхан гарсан "Сант-Марал"-ын судалгаагаар МАХН-ыг дэмждэг гэж гарсан таван хувь бол тэр чигтээ улаан хувьсгалт намынхан. Тэдний хам­гийн дургүй хүмүүсийн жагсаалтын эхэнд л М.Энхсайхан бичигдэнэ. Бас ҮШН-ын дэмжигчид ч МАХН-ын эсрэг үзэл бо­дол­той хүмүүс. Тэгэхээр суурь үзэл бодлынхоо хувьд эсрэг тэсрэг дэм­жигчдийг дээд хоёр дарга нь толгой сээр холбоотой гээд нийлүүлчих боломж­гүй.  Тиймээс Н.Энхбаярт М.Энхсайхан хэрэггүй. Харин МАХН, ИЗНН нийлж магад гэсэн хувил­бар хүчтэй яригдаж бай­гаа­гаас үзвэл Н.Энх­баярт Д.Энхбат нь илүү хэрэгтэй мэт. Хэрэв ИЗНН ирэх сонгуульд үзэл баримт­лал чиг хандлага нэг АН-тайгаа эвсээгүй тохиолдолд Н.Энхбая­рын намтай эвсэхийг үгүйсгэхгүй байна. Тэд нийгэмд байгаа МАХН-ын таван хувийн саналыг өөрсдийнхөө 5.6 хувийн саналтай нийлүүлж чад­вал хоёр том намтай өр­сөлдөх их хүч болно хэ­мээн харж байгаа юм би­лээ. Иргэний зориг нам, Ногоон намынхантай дуу­лиан шуугиан болон нэгдэхдээ Улсын Дээд шүүхийн бүртгэлд гурав­дугаарт бичигддэг Ногоон  намынхан МАХН-тай нэг­дэх эрсдэл байгаа гэдгийг тооцоолж өрссөн билээ. Харин одоо тэд эрх ба­ригч хоёр намтай өрсөл­дөж, сонгуульд амжилт­тай  орохын тулд МАХН-тай нэгдэхийг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ улс төр хэрхэн өрнөхийг таа­варлах боломж алга. Тэр тусмаа Сонгуулийн тухай хууль батлагдаагүй бай­гаа өнөөгийн нөхцөлд. Ямар ч байсан Н.Энх­баяр сард нэг удаа акц хийж, ирэх жилийн өдийг хүртэл 12 том арга хэм­жээг төлөвлөчихсөн бай­гаа гэх юм билээ. Гэхдээ гол бай нь МАН байх аж.

АН НЬ ЗАЛУУЧУУДАД УЛАМ ХААЛТТАЙ, МАН НЬ УЛАМ НЭЭЛТТЭЙ БОЛООД БАЙГАА НЬ ЮУНЫХ ВЭ?

МАН, АН хоёр нэгдэж Хамтарсан Засгийн га­зарт байгаа хэдий ч энэ хоёр нам үргэлж ах дүүс шиг явна гэвэл худлаа. Одоо дарга нар нь, ах нар нь сүрхий байгаа ч за­луус нь урьдын адилаар өрсөлдсөөр байгаа гэх юм билээ. Дээхнэ манай сэтгүүлч Д.Мөнгөндалай "МАН-д дараа үеийн арми жагсч байна, АН-д салаа цэрэг ч алга" гэсэн нийтлэл бичиж байсан билээ. Үнэхээр энэ бай­дал нам дээрээ ч илт байдаг, одоо бүр залуу­чуудын байгууллагын бүтэц нь үүнийг батлах болсон талаар гадуур ихээр ярих болов. Хуучин МАСЗХ-ны залуус гэж тэнгэрийн амьтад байв даа. Жилд нэг удаа тан­саг гэгчийн шинэ жилийн наадам хийж, айл айлын хойморт алтан сарнай барьсан ганган нөхөд зочлоод л. Бас хамгийн түрүүнд албан  тушаалд очдог нэг тийм мундаг­чуудын холбоо байсан. Харин одоо гэр хороо­лолд ч хэвлэлийн бага хурал хийлгэж байх шиг, Монголын залуучуудад тулгарч буй бэрхшээлүүд гэж ирээд судалгаа ч хийж байх шиг тун энгийн байдлаар ажиллаад бай­гаа юм. Л.Оюун-Эрдэнэ гэж Хэнтийн Бэрхийн хөдөөний гар холбооны ерөнхийлөгч болоод нэр хүнд унагаад гэж ярих хүмүүс байсан ч яг үнэндээ энгийн байдал нь залууст таалагдаад бай­гааг үгүйсгэх аргагүй. Лав сүүлийн хагас жилд элссэн гишүүдийн тоо нь хэдэн жилийнхээ нийл­бэр­тэй тэнцсэн гэсэн. Л.Оюун-Эрдэнийг хрис­тийн шашин шүтдэг, "Дэл­хийн зөн" олон улсын байгууллагад ажиллаж байсан гээд НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр томи­лог­дох үед нь хэвлэлээр нэлээд бичиж байсан. Үнэхээр алдаа эндүү нь ямар юм, тэр НАМЗХ-г өөрөөр ажиллуулаад эхэлснийг залуучууд нь яриад эхэлчихсэн байна лээ. Монголын толгой баячуудын хүүхдүүдийг багтаасан холбоо мөрт­лөө олон улсын байгуул­лагын зарчмаар мөнгө босгох төсөл бичицгээж, залуусыг тогтмол урьж нийг­мийн ардчилал үзэл ба­римтлалаа танил­цуул­даг бол­сон тухай сонс­лоо. Бас олон улсын байгуул­лагад ажилладаг чадал­тай за­луу­чуудыг НАМЗХ татах нарийн ар­га олчи­хоод байна, гэтэл бид чадахгүй байна гэж АН-ын залуус халаг­лан ярьж байна.

Ер нь ямар ч хүн албан тушаалд дуртай байдаг. Хэрэв НАМЗХ-д элслээ гэхэд бага хуралд нь багтах гэж багагүй шатыг туулах хэрэгтэй болж таарна. Тэгвэл одоо­­­гийн НАМЗХ-ны удирд­лага багаараа, бай­­гууллагаараа буюу 300 хүнтэй баг орж ирвэл бага хуралдаа шууд нэг квот өгнө гээд зарлажээ. Тэгэхээр энд тэндхийн хүчтэй залуус багаараа НАМЗХ-д элсч эхэлсэн гэх. JCI-ийн залуучууд гэхэд тус байгууллага руу "бөөнджээ". Өөрөөр хэл­бэл, МАН-д гэсэн үг л дээ. Харин АН-ын АЗХ бүр эсрэгээрээ байгааг на­мынх нь залуус шүүмж­лээд байгаа юм. Удирдах байгууллагад нь 60 хүн байдаг. Түүнийг ерөнхий­лөгч нь өөрийнхөө хүмүү­сээр тавьж, бодлогоо явуулдаг нь шинэ урсгал, шинэ давалгаа орж ирэх боломжийг хойш татдаг гол хаалт болсон гэх. Өрсөлдөгч тал нь улам бүр нээлттэй бодлого баримтлаад байхад АЗХ улам хаагдаад байгаа нь буруу гэж улс төрийн ажиг­лагчид үзэж байгаа. Учир нь өнөөдрийн НАМЗХ, АЗХ-ны гишүүд бол ирээдүйн намын ги­шүүд. Дээрээс нь НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ ямар нэгэн дэд сайд, төрийн нарийн бич­гийн даргын албан ту­шаалгүй нь АЗХ-ны ерөн­хий­лөгч, Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос давуу тал нь болоод байгаа юм гэж хардах хүмүүс ч бай­на. Ямартай ч коммунист угшилтай МАН-ын залуус өөрчлөлт шинэчлэлтийг хийх гээд саландаа суучи­хаж. Харин шинэ бүгдийн эхлэл гэж сүүлийн 20 жи­лийн хугацаанд бидний ой тойнд хадагдаж ирсэн АН-ын залуус хаана байна вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй төрж байна.

Хаваржаанаасаа нүүж, зусландаа гарсан Монголын улс төрийн амьдралын эрээвэр ху­рааврыг тоймлон хүргэ­хэд ийм байна. Зуны зугаа­тай цаг ирж, хүн бүр их амралтдаа гарах цаг дөхжээ. Гэхдээ их амрал­тын өмнө Сонгуулийн тухай хууль гэж бий, Сон­гуулийн тухай хуулийг хүлээсэн Монголын улс төр, нийгмийн амьдрал гэж бас байна.