Далайн чийглэг салхи үлээж байгаа нь үл мэ­дэгдэвч далдуу модны навчис алгуурхан сэвэл­зэ­нэ. Хөх усан униар ма­нантаж цэлхрээд тийм нэг бүгэг саарал орчинг үүс­гэх ажгуу. Аварга хөлөг онгоц­нууд энд ч нэг, тэнд ч нэг даналзаж алсаас ажи­хуйд тэргүүнээ өндөрт өргөх "төмөр шувуу" мэт л үзэгднэм. Өнгө өнгийн шовх үзүүртэй харандаа зэрэгцүүлээд босгочих­сон юм шиг олон давхар бай­шин барилгууд униар дунд нозоорон дүнсийх аж.

Замын хажуугаар сүг­лийх моддын навчис, янз бүрийн гоёмсог цэцэг­сийн үнэр автобусны цон­­­хоор нэвт шувт хан­халж, хү­мүүсийнх нь ца­райнаас далайн орны чийглэг агаар аяндаа мэд­рэгдээд ирнэ.

Азийн цагаан сувд гэгддэг Хон­кон­гийн нисэх онгоцны буудлаас төв рүү нь довтолгож яваа минь энэ. "МИАТ" компанийн төлөөлөл, урла­гийн болон хэвлэл мэдээл­лийнх­нээр эл удаагийн баг бүрд­сэн байв. Дэлхийн худалдаа, эдийн засгийн томоохон төвүүдийн нэг Хонконг руу "МИАТ"  компани ирэх сарын 2-ноос албан ёсны нис­лэг хийхээр болоод байгаа билээ. Багийн бүрэлдэхүүнийг "МИАТ" компанийн Хонконг дахь төлөө­лөгчид угтан авсан юм. Зочид буудал хүрэх замд хүзүүндээ урт оосортой пайз зүүсэн, түүндээ овог нэр, угсаа гарал, эзэмшсэн боловс­рол, төгссөн сургууль, нас хүйсээ тодорхой бичсэн хөтөч бүсгүй тайлбар хийсэн. Хоёр нүдээ сүрхий эргэлдүүлж байгаад англиар ярьж өгч байна аа. Түүний яриаг анзаа­ра­хуйд тухайн хотын үүсэл, сүүлийн үед хэрхэн эрчимтэйгээр хөгжиж байгаа хийгээд Дэнтун, Циньи зэрэг дэлхийн хамгийн том усан боомтуудын талаар өгүүлсэн.

Хонконг нь Хятадын зүүн өмнөд хэсэгт оршдог, Их Британийн коло­нич­лолд 100 гаруй жил байгаад 1997 онд БНХАУ-ын мэдэлд эргэж ирж, засаг захир­гааны онцгой бүс болсныг манай­хан мэднэ. Албан ёсны хэл нь хятад, англи. Хэд хэдэн усан боом­тын дэргэдүүр өнгөрч, хоёр ч удаа томоохон уулыг нүхэлс­нээр шуу­дарч, замын бөглөөнд басхүү түг­жирч, өнгийн харандаа шиг өнөө өндөр шовх барил­гуу­дынх нь дун­дуур шар автобустай­гаа хатируу­лах­даа хатируулж, сажлуулахдаа сажлуулж сая л нэг хөл газар тавив даа. Уулсын оройд будан татаж, шамрага цас хаялах ахуйд Монго­лоос гарсан хүмүүст хорин долоон хэмийн дулаантай хотод буухад ямархан мэдрэмж төрөх нь мэдээж. Тийм нэг зөөлөн агаар илбээд авах шиг л болсон. Жаахан эв дүй муу­тай жишээ татвал нохойн гөлөг ч юм уу, ямар нэг амьтанд долоол­гуулж байгаа мэт хацар нойт оргиод ч явчих шиг.

Буудал маань арван хэдэн давхар юм аа. Монголоос ирсэн зочид төлөөлөгчид есөн давхрын өрөөнүүдэд хоёр, хоёроороо ху­ваа­ри­лагдав. "Regal" буудлын үүдэнд шар автобус зогсохтой зэ­рэг нэгэн ижил улаан таксинууд ар араасаа хуйлран ирэв. Тэдгээ­рээс америк­чууд, энэтхэгчүүд, хар арьст бүс­гүйчүүд гээд зүсэн зүй­лийн хү­мүүс буулаа. Уг буудалд ам­рах нь амарч, амрахаар ирэх нь ирж бай­гаа юм байна. Миний бие 912 тоо­тод "Хөсөгтөн" хамтлагийн хөө­мийч, морин хуурч Чукагийн хамт ор­лоо. Өөдөөс харсан өрөөнд гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, ур­тын дууч Б.Батболд нар орсон байв. 

Эргэн тойрон битүү л өндөр барилгууд, хоолны болон үйлчил­гээний газрууд дүүрэн байх ажээ. Өрөөний ханууд тэр чигээрээ толь. Ер нь гадны гэлтгүй манайхны буудлууд ч тийм байдаг л даа. Хүссэн хүсээгүй өөрийгөө цаг үргэлж тольдчихож байгаа юм. Тэрхэн агшинд шүршүүрт орж байгаа нөхөр хаалгаа үл ялиг нээлттэй орхих аваас бүх зүйл нь харагдах юм даа гэсэн бодол төрөөд явчихлаа.

Дэлхийн урлаг, соёлын нэртэй оддын зарим ярилцлагад "Өөрий­гөө хэдэн талаасаа өдөржин толь­доод, сайхан инээмсэглэж, эрх чөлөөтэйгээр ил задгай гэртээ амрах дуртай" гэсэн байдгийг санаад орхив.

Оройхон гарлаа. Ойр хавийн­хаа үйлчилгээний газруудыг сонир­хохоор тэр. Тэрхүү бүгчим халуунд хоолны газруудаас маш эвгүй үнэр ханхална. Зарим үед амьсгал авахад ч бэрхтэй болж байгаа юм. Бүх зүйл цэвэр цэмцгэр шил толь шиг байна гэж юу байхав. Хог хаягдал хөглөрчихсөн газруу­дын байрны доогуур далавчтай жоом гүйнэ шүү дээ. Бие арзас­хийлгээд гараад ирэх нь бас чиг эвгүй.

Эхний өдрийн орой хотын төв хэсэгт орших томоохон буудалд хүлээн авалт боллоо. Тус хот дахь "МИАТ" компанийн төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Н.Энх­сайхан тэргүүтэй албаны эрхмүүд хүлээж авсан. Уг төлөөлөгчийн газрын менежер Оюунаа гэж даруу­хан бүсгүй мөн хүрэлцэн ирсэн байв. Улаанбаатарт байгаа хоёр хүүхэд, ханиа санаж бэтгэрэх шахаж буйгаа явцын дунд дуулга­сан. Тэрээр жаран давхар байрны дөчин есөн давхарт нь аж төрдөг юм байна. Өглөө үүлэн дунд, униар манан дунд умбасан амьтан л нойрноосоо сэрнэ шүү гэж байлаа.

Хонконгт аж төрдөг монгол­чуудын тоо бусад улс орнуудтай харьцуулахад тун цөөн юм билээ. Хорь, гучин хүн л байдаг гэсэн дам мэдээ байна. 

Уг хот газар нутгийн хэмжээ нь дэндүү бага (1104 хав дөрвөлжин километр) учир байшин барилга нь өргөөшөө биш дээшээ л сунадаг аж. Хамгийн өндөр барилга нь 100 давхар гэсэн байх шүү. Уг барилга дээрээс хичнээн ч хүн нисч амиа алдсан юм бэ дээ. Ихэвчлэн дунд сургуулиа дүүргэж байгаа залуус өндөр байшин дээрээс үсэрч зол­гүйгээр хорвоог орхидог байна. Гол нь хүссэн сургуульдаа орж чадах­гүй гэрээсээ хөөгдөх дээрээ тулах үедээ, алба ажил, ахуй амьдра­лаа­саа болж сэтгэл санааны гүн хям­ралд орох, за тэгээд хайр дурлал нь бүтэлгүйтвэл залуучууд ямар ч сонголтгүйгээр өнөө үхлийн байшинг зорьдог ажээ.

Хонконгт барууны болон зүүний соёл урлагийн нөлөө их байдаг. Ялангуяа хоол, кино, хөгж­мийн урлагт тэдгээр нь илүүтэй мэдрэгдэнэ.

Өнөө хүндтэй хүлээн авалтад нь мэдэх мэдэхгүй янз бүрийн хоол идэж, орж гарсан орон орны иргэ­дийг анзаарч суух ахуйд хүмүүс бөөгнөрөөд л нэг зүйл болоо­дох­лоо. Тэгтэл нэг нөхөр томоохон тавганд зуурсан дөнгөж эвлэж ядаж байгаа гурилыг дээш доош нь шидээд л байх юм. Удалгүй нарийн савхан гоймон шиг болгоод ирсэн зочдод өгч байгаа юм. Өнөөдүүл нь түүхийгээр нь идчихэж байгаа харагдана. Иймэрхүү шоу газар сайгүй болдог юм билээ.

Манай багийнхны залуучууд шөнийн Хонконгоор аяллаа. Хоёр давхар автобусанд сууж далай хүрээд тэндээсээ усан онгоцоор зугаалав. Автобусны дээд давхарт морилбол таван хонконг доллар, нэг давхарт нь суух бол хоёр дол­лар тавин мөнгө. Доллараа жолоо­чийн дэргэдэх мөнгөний машинд хийнэ. Хэрвээ арван доллар хийвэл шууд л автоматаар таван доллар нь гарч ирнэ. Ганц доллар юм уу, таван мөнгө хийвэл өнөө машин нь илүүг нэхдэггүй юм билээ. Манайхан л болсон авто­бусанд ганцхан суугаад муу аргыг нь мэдчихэж байгаа хэрэг. Бүгд л дутуу мөнгө хийгээд хоёр давхарт нь, ичих ч үгүй гараад суучихлаа даа. Гэхдээ хамт явсан охид бүсгүй­чүүд маань бол санаа зовоод мөнгөө үнэнээр нь тушаанам билээ.

Далайн захаас усан онгоцоор нөгөө талд гарахад бас л таван доллар. Хоёр давхарт нь суувал илүү үнэтэй. Усан онгоцны модон сандал дээр суугаад далай дун­дуур давхих сайхан байх нь мэдээж. Далайн нөгөө хэсэгт гарах тэрхэн агшинд онгоцон дээр юм, юм л болоод авч байгаа юм. Америк бололтой залуу найз бүсгүйгээ ихэд гомдоожээ. Тэр нь энэтхэг бүсгүй. Мань эр учир зүггүй уйлаад, далай руу үсрэх гэж зүт­гээд. Найзыгаа байтугай зорчигч­дыг сандаргав. Далайн нөгөө хэсэгт гарсан манай багийнхан гэнэт л буудалдаа яаж очих тухай бодол болов. Арал дээр хаягдсан хэсэг жуулчид шиг л хоорондоо шивэр авир хийцгээв.

Далайн эрэг дээрээс шөнийн Хонконг битүү гэрэлдээ дуниа­раад бас л гоё харагдах аж. Гэхдээ тэнд арлын Япон зэрэг орон шиг од, сар харахын гайхамшгийг огтхон ч мэдрэхгүй нь гунигтай.

Буудлын нэр хаяг, ойр хавийнх нь томоохон газруудын зураг, хаяг, чиглэлтэй жижиг цаасыг таксины жолоочид үзүүлээд л ямар ч айх аюул байхгүй болж байгаа юм. Харин такси үнэтэй. Нэг их хол­гүй­хэн газар явахад тавин доллар. Монгол мөнгөөр найман мянга орчим төгрөг. Энэ мэт олон сонин содон зүйлийг дараагийн дугаарт бичиглэх буюу.

Үргэлжлэл бий