НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР
Спортын тухай ярихаар хэдэн дарга нар нь нийтийн биеийн тамир гээд л эхэлнэ. Нийтийн биеийн тамир гэж хэзээ байдаггүй юм. Байсан ч тэр нь амьдралд хэрэгжихгүй байгааг бид бие дээрээ туршсан улс. Ухаантай хүн алдаан дээрээсээ суралцдаг бол бидний суралцаж байгаа байдал харагдахгүй байна. Ардчилал ялж 20 жил өнгөрсөн ч нөгөө л бахь байдгаараа нийтийн биеийн тамир гэж яриад л.
Нийтийн биеийн тамир гэж ярьдаг хүмүүсийг ярьж байгаа зүйлээ сайхан тодорхойлоод хэлчих гэж гуймаар байдаг юм. Телевиз ашиглаж байгаа гэсэн чинь “Одод” телевизээр ажлын байрандаа хийх гимнастикийн хичээл орж байгаа юм гэнэ. Хөх инээд хүрмээр юм, тэрийг хүмүүс дагаад хийнэ тэ.
Гурван жилийн өмнө Ийгл телевизийн “Нээлттэй хэлэлцүүлэг”-т Улаанбаатар хотын хамгийн том спорт талбай 15-р хорооллын талбайд (хөлбөмбөг, сагсанбөмбөг, газрын теннисний талбайтай) БНХАУ-ын хөрөнгө оруулалттай (заавал Хятадтай холбох хэрэггүй, хөрөнгө оруулагч нь хаанаас гэдэг нь байх ёстой учраас дурдсан болно) “Эрин” компанийн барилга баригдахаар болсон байлаа. Уг нь энэ талбай “нийтийн сайн сайхны төлөө” явдаг “Үйлдвэрчний эвлэл”-ийн мэдэлд байдаг. Харамсалтай нь “нийтийн сайн сайхны төлөө” энрйиг урдаа барьж зарж орхисон нь энэ байж. Ингээд Засгийн газар болон БТСГ-ийн төлөөлөгчид, “Эрин” компаний захирал ирж спортын сэтгүүлчидтэй хэлэлцэж эхлэв. Уг нь бол сэтгүүлчид байгаа байдлаар нь мэдээлэл хүргэх ёстой боловч энэ удаа өстөн дайснуудаас улс орноо хамгаалж буй тэмцэл мэт боллоо. “Яагаад энэ талбайг хувийн байгууллагад барилга бариулахаар өгчихөв, спортын талбай чигээр нь ашиглаж болдоггүй юм уу? гэдэг асуултанд Засгийн газар төлөөлж ирсэн хүмүүс “Бидний мэдэх ажил биш, нэгэнт өнгөрсөн юмыг одоо яалтай ч билээ” гэж хариулж байх юм. Уг нь тэдний хамгийн түрүүнд хийх ёстой ажил юмсан. Нийтийн сайн сайхан гэж ярьдаг хүмүүс хамгийн хөгийн бодолтой байдаг гэдэг үнэн юм. Нийтийн өмнөөс хувь хүн хариуцлага үүрдэггүй бөгөөд үргэлж бултсан, өөрийгөө өмгөөлсөн, бурууг өөрөөсөө холдуулдаг зантай болдог нь дээрх хариулт баталж өгнө. Өнөөдөр ч гэсэн 90 оноос өмнөх хариуцлага хүлээх чадваргүй байдлын хор яваад л байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хариуцлага хүлээхгүй бол хэн хүлээх юм. Манай улсын систем, тогтолцооны хямрал гэдэг чинь энэ. БТСГ-аас өөрийнх нь хариуцах ёстой талбайг нь, сэтгүүлчид хамгаалж байгаа нь үнэхээр инээдтэй. Хөлбөмбөгөө, хөлбөмбөгийн холбооноос авръя гэдэгтэй яг адил.
Хэлэлцүүлэг нэг цаг гаран үргэлжилж талууд “зөвшилцөж” чадсангүй. Сэтгүүлчид талбайг хамгаалж, засгийн газрын төлөөлөгчид хувийн компаний захиралтай нийлчихсэн сууж байв. Одоог хүртэл тэр том талбай хэн хүний арааны шүлс гоожуулаад байж л байна. Барилга барьвал спортын сэтгүүлчид нь хэлэлцүүлэг хийх гээд хэцүү байгаа сурагтай. Сэтгүүлчид дуугарахгүй бол БТСГ, Үйлдвэрчний эвлэл, Олимпын хороо гэх мэт байгууллагууд тоохгүй ч үгүй. Тэдний “зорилго” өөр.” Өөрсдийн юм”-аа хамгаалах биш, яаж зарахаа бодож суудаг улс. Эсвэл өөрсдийн юм аа олж хардаггүй байх.
Намайг 1999 онд анх улсын аваргад ирэхэд хөлбөмбөгийн холбооны дарга нийтийн хөлбөмбөг гэж ярьдаг байсан. Жил бүрийн улсын аваргын нээлтэнд ингэж ярьхад, хүүхдүүд удахгүй гоё болох байх даа гэж боддог байсан. Гэтэл одоо байгаа байдлыг хүн болгон харж байна. Нийт гэдэг харанхуй массыг хэдэн үгээр жонглёрдож авч явсаар өдийг хүрлээ.
Нийтийн биеийн тамир гэж ярьж байгаа хүмүүсээс яг юу болохыг нь асуувал хэзээ ч тодорхой зүйл ярьж чадахгүй бөгөөд ярьсан ч нийтээрээ гимнастик хийх мэтийн зүйл л ярина. Хэрэгжүүлж байгаа юм нь хэдэн медаль авсанаа ярьж, ахлах сургууль, хөдөө орон нутгийн багш нарт семинар явуулсан гэхээс өөр зүйл хийхгүй. Манай засгийн газар медалийн төлөө хэдэн семинарын араас хөөцөлдмөөргүй баймаар байна. Долоо хоногийн семинар ямар үр дүнтэй гэдгийг мэдэх үү? Юу ч мэдэхгүй хүнд анхан шатны мэдэгдэхүүн олгодог. Аргогийн богино хугацаанд Англи хэл сургахтай адилхан байгаа биз. Арилжааны рекламнаас ялгаа алга. Одоо тэгээд цаашдаа анхан шатны мэдлэгээс хэтрэхгүй яваад л байх уу? Тэр хөдөө орон нутагт спорт хөгжиж сүйд болов уу?
Угтаа спортын холбоодуудтай идэвхитэй үйл ажиллагаа явуулж, хийх ажил эрх зүйн орчиныг нь төр (Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг) бий болгож өгөөд хүн бүр хүссэн чиглэлээрээ дуртай спортоороо хичээллээд бие бялдараа хөгжүүлэх ёстой. Байшингийн гадна нэг шийд зоохоор өдөр шөнөгүй хүнтэй байдаг даа яг тэр чинь. Хүн бол бусдын эрхээр биш, өөрийн эрхээр амьдардаг учраас нийтийн гимнастик хий гэсэн ч, хийхгүй. Хүчээр хийлгэдэггүй юм бол. Нийслэл хот, хөдөө орон нутагт спортын задгай, дотор талбай ахиухан бариад өгчихвөл хүмүүс жинхэнээсээ “нийтийн биеийн тамир”-аар хичээллэнэ. Хүний өөрийн инстикт тийм. Тоглоомонд дуртай учраас, тоглох орчиныг нь бүрдүүлэх. Дуртай зүйлээ өөрөө сонгоод явна. Тэгэхээс бүгдийг бөх, боксчин болгох зам руу хөтөлж болохгүй.
Багадаа зусланд амарч байхад хүүхэд болгон өглөөний гимнастикт дургуйд гайхдаг байсан юм. Одоо бодоод байхад хүн эрүүл амьдрахын тулд хөдлөх ёстой болохоос, эрүүл байхын тулд заавал гимнастикаар хичээллэх албагүй. Дуртай спортоороо хичээлэл. Тэр чинь “гимнастик” болно. Дээр нь өглөө болгон хүчээр хийлгэдэг байсан учраас бултах, нуугдах гээд муу үр дагаварууд эхнээс гарна. Зусланг томруулаад үзээрэй. Манай улсын спортын бодлогтой яв цав тохирно.
Иргэний нийгмийн эрүүл тогтолцоотой болохын тулд хүн бүр хүссэн чиглэлээрээ дуртай спортоороо хичээллэж бие бялдараа хөгжүүлж, клубууд нь спортын холбоодуудтайгаа хамтарч, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг нь эрх зүйн орчиныг нь бүрдүүлж өгөх ёстой юм. Спорт гэхээр зөвхөн амжилтын араас явдаг гэсэн ойлголттой байж болохгүй. Тийм ч учраас медалийг бурханчилж байна.
Коммунизм тоо цуглуулдаг, капитилизм чанар дагуулдаг гэдэгдээ. Бид Олимпт орсоноосоо хойш одоог хүртэл тоо цуглуулж байна. Үнэндээ Монголын спортын чанар дээшилсэн юм уу? Үгүй, нийтийнх болгох гэж байгаа учраас ямарч чанаргүй.