Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ТАКҮО КИДОКОРОТОЙ ярилцлаа.

-Ноён Элчин сайд аа, Японд газар хөдөлж олон мянган хүн амь эрсэдсэнд манай сонины хамт олон гүн эмгэнэж байгааг минь хүлээн авна уу. Одоо нөхцөл байдал дээрдэж байна уу?

-Баярлалаа, монголчууд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж их үнэн үг хэлснийг би хүлээн зөвшөөрдөг. Харин энэ үгэндээ монголчууд маань их үнэнч бөгөөд, зовох цагт хүний сайн нөхөр байж чаддагийг би Элчин сайдын хувьд өөрийн биеэр харж мэдэрлээ. Япон бол газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг улс. Гэхдээ саяынх шиг есөн магнитут бол урьд өмнө болж байгаагүй хүчтэй газар хөдлөлт.  Үүнийг манай улсын Ерөнхий сайд Наота Канн “Японд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тохиолдож байгаа хамгийн том гамшиг, гарз хохирол” гэж хэлсэн.

Үнэхээр тийм л дээ, та бид хоё­рыг уулзахаас өмнөх \гуравдугаар сарын 30\ өдрийн 18 цагийн байд­лаар миний авсан албан ёсны мэ­дээ­гээр бол газар хөдлөлт, цунами­гийн улмаас 11258 хүн нас барж,  16344 сураггүй алга болж,   2777 бэр­тэж, гэмтээд байна. Хоргодох бай­ранд 17765 хүн байна. Энэ бол нөхөж баршгүй гарз юм. Олон мянган иргэнээ  алдаж байгаа ч гэсэн, нуран­ги дороос 26685 хүнийг авраад бай­гааг хэлье. Одоогоор ажлууд хэвийн горимдоо орж, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөж, зарим зам харгуйг нээгээд байна.

-Үйл явдал нь Японд болсон ч, үр дүн, хохирол нь дэлхийн хэм­жээнийх учраас олон орон тусалж, дэмжиж байх шиг байна, тийм үү?

-Тусалж дэмжихээ илэрхийлсэн 134 улс, олон улсын 39 байгууллага байна. 23 улс тусгай аврах баг илгээж, 28 улс эд бараа, мате­риа­лаар тусаллаа. Монгол Улсын хувьд мөнгөн тусламж үзүүлж, дулаан хөнжил зэрэг эд бараа явуулж, бас аврагчдаа илгээсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс бүх талаар тусалж, дэм­жиж байна. Хамгийн гол нь тусламж илгээх шийдвэрийг богино хугацаанд гаргаж, шуурхай хэрэгжүүлсэн. Японд газар хөдлөлт гуравдугаар сарын 11-ний өдөр болсон. Энэ үеэр Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж Говь-Алтай аймагт томилолтоор ажиллаж явсан. Тэр даруй Говь-Алтайгаас надтай утсаар ярьж, эмгэнэл илэрхийлсэн. Дараа нь Японд туслах маш хүчтэй санаачилга өрнүүлсэн. Мөн газар хөдөлсөн өдрийн орой Гадаад ха­рилцааны сайд Г.Зандан­шатар над­тай утсаар ярьж бүх талаар туслахаа мэдэгдсэн. Мар­гааш өглөө нь Зас­гийн газар ээлжит бусаар яаралтай хуралдаж нэг сая ам.дол­лар, 2500 ширхэг дулаан хөнжлөөр туслах шийдвэр гаргаж, Япон руу илгээсэн. Ингэж шуурхай ажилласан Монго­лын Засгийн газарт Японы ард түм­ний өмнөөс талархаж буйгаа илэр­хийлье. Бүр чин сэт­гэлээсээ шүү.

-Японд туслах аян зөвхөн Зас­гийн газрын төвшинд гэлтгүй, Монгол даяар өрнөсөн?

-Тийм ээ, төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийнхэн цалин­гаа­саа тусалсан. Бүр  таван өдрийн цалингаа хандивласан хүмүүс ч бий.  Улаан загалмайн нийгэмлэгийн 33 салбар, “ХААН” банкныхан хамтран хан­див цуглуулах арга хэмжээ зохион байгуулж, нийт 63 мянган хүний хандив, тусламж дамжуулсан. Дархан хотод гэхэд  асрамжийн газрын хүүхдүүд Японд туслах хөдөлгөөн өрнүүлж зарим хүүхэд “Хүний хөгжил сан”-гаас сар бүр олгодог 21 мянган төгрөгөө бүгдийг нь өгсөн. Нэг малчин айл 36 км замыг мориор туулж сумын төвдөө ирээд банкаар мөнгө гуйвуулсан тухай сонссон. Японд бол 36 км урт замыг мориор туулна гэж бараг байхгүй, хурдан галт тэргээр л явна. Энэ бүхнийг сонсоод заримдаа монгол­чуудын сэтгэлийн өмнө мэхийж ёсолмоор, бүр уйлмаар сэтгэгдэл төрж байснаа хэлье. Монголчуудын энэ их сэтгэлээс гадна бэлэн болон бараа материа­лаар  өгсөн  туслам­жийг мөнгөн дүн­гээр илэрхийлэх боломжгүй. Эцэс­лэж гаргасан тоо ч хараахан алга. Гэхдээ багцаагаар хэлэхэд монгол­чууд маань гурван сая гаруй ам.долларын тусламж үзүүлээд байна.  Үүнээс гадна Японд газар хөдөлснөөс хойш өнөөдрийг хүртэл өдөрт доод тал нь 10-аад  хүн надтай уулзаж, эмгэнэл илэрхийлж байна.  Анхны Ерөнхийлөгч П.Очир­бат, Ерөнхий сайд байсан Д.Содном гуай гээд бараг 700-гаад хүн  ирлээ. Яаман дээрээ тав хоног эмгэнэлийн дэвтэр ажиллуулахад 170 гаруй хүн ирж чин сэтгэлийн үгээ бичсэн байх жишээтэй.

-Японд газар хөдлөлт болсон­той холбоотойгоор олон мон­гол хүн эх орондоо ирсэн.  За­рим нь Япон руу буцах гэж байгаа байх. Тэдэнд Элчин сайдын яамны зүгээс анхаа­руулж хэлэх зүйл бий юү?


-Яг газар хөдлөлтийн үеэр Японд оюутнуудын амралт эхэлсэн байсан. Амралтаа тааруулж, бас газар хөд­лөл­төөс болгоомжилж олон оюутан ир­сэн байх. Тэднийг буцахад ямар ч саад­гүй. Японд сурдгийг нь нотол­сон албан ёсны бичиг баримт нь бай­гаа тохиолдолд Элчин сайдын яамны зүгээс урьдынхаас ч шуурхай үйл­чил­нэ. Манай Консулын газраас тусгай журам гаргаад ажиллаж байгаа.  

-Ер нь танай яамнаас виз хү­сэгчдийн тоонд өөрчлөлт орж байна уу?

-Онцын өөрчлөлт байхгүй ээ. Харин ч виз хүсэгчдийн тоо нэмэгдэж байгаа. Яагаад гэвэл Японд дөрөвдүгээр сард санхүүгийн жил эхэлж, оюутнуудын хичээл эхэлдэг. Тийм учраас Японд суралцагчид явдаг учраас ер нь гурав, дөрөвдү­гээр сард олон хүн виз хүсдэг юм. Энэ үе нь таарчихлаа. Харин миний санааг зовоож байгаа нэг зүйл бий. Монголд аялал жуулчлалын улирал эхэллээ. Энэ жилийн хувьд Японоос Монголд  ирэх жуулчдын тоо газар хөдлөлтөөс болоод багасах байх. Ийм гамшгийн үед гадагшаа аялж, жуулчлахыг японууд нэг их чу­халчлахгүй.

-Жуулчдын урсгалаас өөрөөр ямар нэгэн өөрчлөлт гарах уу, манай хоёр улсын харил­цаанд?

-Гамшгийн улмаас Японд онцгой нөхцөлд байдал үүссэн. Тэглээ гээд энэ нь манай хоёр улсын харил­цаанд нөлөөлөхгүй. Оюутнуудын тоо буурахгүй, худалдаа эдийн засгийн харилцаанд өөрчлөлт орохгүй. Ха­рин Элчин сайдын яамнаас төлөв­лөөд байсан соёлын арга хэмжээ­нүүд цуцлагдана. 

-Жишээ нь, манай хоёр улс иж бүрэн түншлэлийн харилцаа­тай болно, энэ гэрээндээ 2011 онд гарын үсэг зурна, Японы Ерөнхий сайд Монголд айл­чил­на гэж байсан?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Японд айлчилж, хоёр орны хооронд  иж бүрэн түншлэлийн харилцаа бай­гуу­лах болсон. Хоёр тал энэ чиглэлд сайн ажиллаж байгаа. Энэ  ажлын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэлийн судалгаа явуулж өнгөрсөн долоо хоногт дууссан. Дараагийн шат нь удахгүй эхэлнэ. Энэ нь иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулах  хамтын ажиллагаа маань хэвийн үргэлжилж байна гэсэн үг. Харин ч ийм харилцаа тогтоох бол­сон шийдвэртээ улам бүр итгэл­тэй боллоо. Яагаад гэвэл монгол­чууд маань халуун сэтгэлээр бидэнд тусаллаа, үүнд нь Японы ард түмэн ихэд талархаж байгаагаа манай яамны цахим шуудангаар илэр­хийлж байна. Ерөнхий сайд С.Бат­болдын хэлсэнчлэн газар хөдлөлт болсноор манай хоёр орны харилцаа улам гүнзгийрлээ. Айлчла­лын хувьд манай Ерөнхий сайдыг урьсан урилгыг би мэднэ. Гэхдээ Японд орон гэргүй хүмүүс олон болж, асар их хохирол гарсан учраас ма­най төр, засгийн удирдлагууд өнөө жилдээ гадаадад айлчлах уу, үгүй юү гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй юм.

-Бас Тавантолгойн тендерт Японы “Марубени”, “Мицуи бу­сан”, “Сүмитомо” зэрэг компа­ниуд орж байгаа. Тэдний тен­де­рийн санал нь өөрчлөг­дөхгүй биз дээ?

-Японд болсон газар хөдлөлт нь Тавантолгойн тендерт орж байгаа манай улсын компаниудад ямар нэгэн давуу болон сөрөг тал болох­гүй гэж бодож байна. Саяын нэрлэ­дэг компаниуд бол Японых боловч, санхүүгийн чадавхи, нэр хүндээрээ дэлхийн компаниуд. Тийм учраас тэдний үйл ажиллагаа, санхүүгийн чадавхид  газар хөдлөлтийн гамшиг сөрөг нөлөө үзүүлэхгүй. Манай улс бол байгальд хоргүй, байгальд ээлтэй хамгийн өндөр технологитой. Японд нүүрс шатаасан ч, төмөр боловсруулсан ч утаа гаргадаггүй. Байгальд ээлтэй ийм технологи ашиглах нь Монгол Улсад, монгол­чуудад л хэрэгтэй.

-Та их, бага олон удаагийн  газар хөдлөлтийн тухай мэдэх байх. Ер нь энэ удаагийн газар хөдлөлтийн хохирлыг хэдий хугацаанд даван туулах бол?


-Миний бодлоор зургаа юм уу, хамгийн уртдаа 8-10 жил болох байх. 1995 оны Кобэгийн газар хөдлөлтийн хохирлыг давахад 2-3 жил зарцуулж байсан.  Үүнээс 2-3 дахин урт хуга­цаа зарцуулах болов уу. Одоогоор дэд бүтцийн зарим бүтээн байгуу­лалт хэвийн болж л байна. Харин цу­намигийн давалгаанаас  хамгаалах даланг шинээр байгуулахад жаахан удна. Бас сэтгэлзүйн хохирлыг даван туулахад цаг хугацаа хэрэгтэй.