Ц.Мянганбаяр: Түүхэнд хэрвээ гэдэг ойлголт байдаггүй юм
-Би хаашаа ч алга болоогүй. Ажлаа хийгээд л явж байна.
“Ярилцъя” буландаа “Монгол газар” компанийн Ерөнхий захирал Ц.Мянганбаярыг урьлаа. Үргэлж олны анхаарлын төвд байж, бас үргэлж хэвлэлийнхэнд элдвээр “зуруулж” байдаг энэ эрхэм үнэхээр сонин хүн. Ойлгож ядмаар, таниж ядмаар сонин хүн. Ингээд түүний ярианд анхаарлыг тань хандуулъя.
-Тантай уулзах гэж олон хоног хөөцөлдлөө. Яагаад алга болчихов оо?
-Би хаашаа ч алга болоогүй. Ажлаа хийгээд л явж байна.
-Үндсэндээ уул уурхайн асуудал л гол сэдэв болоод байна. Энэ салбарын зовлон жаргалыг эдэлж, олон жил тэмцэж, бас тэсч ирсэн компанийн нэг бол “Монгол газар”. Тиймээс Ерөнхий захирлын хувьд тантай уулзаж асууж сохирхох зүйл байна ?
-Гол сэдэв байхаас аргагүй юм. Уг нь аль эртний л гол сэдвээ болгох ёстой байсан. Цаагуур чинь бүгд энэ салбарыг мэддэг болчихсон. Бүгд агуу мэдлэгтнүүд байгаа биз дээ. Би харин тэдэн шиг шоу үзүүлж чадахгүй болов уу. Гэвч та асуу л даа.
-Та нэг л дурамжхан байх шиг. Юунд ингэнэ вэ. Ингэхэд бид чинь монголчууд биз дээ. Үндэснийхээ бизнесменүүдийн дуу хоолойг сонсоё л доо. Гадныхны монголын хөрсийг мэдэхгүй мэргэн үгнээс залхаж гүйцлээ шүү дээ?
-Гадныхан илүү. Монгол хүн монгол эх орондоо хэн ч биш. Тэд биднээс дандаа илүү. Тийм учраас тэднийхээр л бол. Тэднээр ажлаа хийлгэ. Тэдэнд л өндөр цалингаа өг. Ер нь тэдний хорвоод л амьдръя. Зүгээр л нэг гийчин шиг гэх юм уу даа.
-Юу хэлж байгааг тань ойлгож байна аа. Ингэхэд та яг хаагуур байгаад байна вэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бол өнгөрсөн жил олон л газар байж үзэх шиг боллоо?
-Бид ерөөсөө уул уурхай дээр л байгаа. Хуучин ямар ажил хийж байсан, тэрийгээ үргэлжлүүлээд л явж байна. Хүмүүсийн бодолд, хүмүүсийн өнгөцхөн хараанд бид хаана, ямар өнгө төрхтэй байгааг мэдэхгүй юм. Монголчууд чинь юмыг дандаа өнгөцхөнөөр харж,өнгөцхөнөөр дүгнэж байдаг улсууд шүү дээ. Ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол аль ч талаас нь бүх юмыг өнгөцхөн ойлгож цацдаг. Хүмүүс нь ч дагаад тэгж ойлгодог болчихсон гэдэгт би эргэлзэхгүй байна.
-“Монгол газар” хэвийн үйл ажиллагаа явуулж байна гэдгийг л нөгөө талаас нь хэлж байна гэж ойлгох уу?
-Манай компани хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Бүх юм хэвийн. Ирэх долоо хоногт монголд анх удаа алтны “Нуруулдан уусгалт”-ын үйлдвэрийг ашиглалтанд оруулах гэж байна.
-Нуруулдан уусгалтын үйлдвэр ээ. Ашиглалтыг ямар технологиор хийх үйлдвэр юм бэ. Та жаахан дэлгэрэнгүй ярихгүй юу. Сайхан мэдээ байна?
- Монголын үндэсний уул уурхайн компани анх удаа нуруулдан уусгалтын үйлдвэрийг барьж байгуулсан нь их чухал. Энэ технилоги нь хүдрийг нуруулдан овоолж, химийн бодисоор алтыг нь уусгаж урсгаж авдаг технилоги. Хялбар, капитал болон үйл ажиллагааны өртөг зардал багатай, богино хугацаанд барьж байгуулах боломжтой, бас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө харьцангуй бага байдгаараа давуу юм.
-Санхүүгийн хүнд цохилтонд орсон. “Монгол газар” ерөнхийдөө өвдөг сөхөрлөө гэж олон нийт ойлгох шахаж байсан байх. Шинэ үйлдвэр бий болж л байвал сайхан шүү дээ. Баяр хүргэе?
-Манайхан угаасаа нэгнийхээ амжилтад биш уналтад дуртай улсууд биз дээ. Бараг хүсэл нь тийм гээд хэлчихвэл хатуудах байх. Сэтгэлгээндээ үнэхээр өөрчлөлт хийх цаг болсон. Сэтгэлгээний хоцрогдол, гажуудлаас хамааралтай хямрал л ерөөсөө хойш нь чангааж байна шүү дээ.
-Та яагаад нэр төрөө хамгаалдаггүй юм бэ. Нэр төр гэдэг ойлголт өөрөө том баялгийн нэг мөн биз дээ. Жишээ нь банкны хямралд буруутгагдсан гол хүний нэг та. Тэр цохилтоосоо гарч чадав уу?
-За даа, хүмүүсийн сайн хэлэхийг ч, муу хэлэхийг ч би нэг их тоодоггүй дээ.
-Анхнаасаа л тийм байсан юм уу. Эсвэл амьдралын явцад ийм болчихов уу?
-Ерөөсөө анхнаасаа л тийм. Хүмүүс намайг ДОХ-той гээд жишээ нь гүжирдэж л байсан биз дээ. Би тоодоггүй.
- ДОХ-ын хадвар тээгч байжээ гээд л шуугихад үнэхээр аймаар байсан шүү. Бүх сенсаациас үүнд л хамгийн их эмзэглэсэн гэж сонссон. Тэр үед та сэтгүүлчдийг цуг яваад шинжлүүлье гэж бүр хэлж байсан юм биш үү?
-Өөр юу гэх юм. Эрүүл байгаа хүнийг тэгж гүтгээд байхаар чинь. (инээв)
- Тэр үнэхээр муухай шуугиан байсан ?
-Бизнест бол нэг ордыг үйлдвэртэй нь зарах, эсвэл худалдаж авах, дахиад хөрөнгө оруулалт хийх энэ тэр бол байдаг л үзэгдэл. Энэ чинь ерөөсөө бизнесийн жирийн л нэг явдал суудал шүү дээ. Худалдааны компани нэг дэлгүүрээ зараад, өөр байршилтай газар дэлгүүр авч шинээр хөрөнгө оруулах асуудал бол байх л асуудал биз дээ. Үүнтэй адилхан л зүйл. Яагаад ч юм хүмүүс маш хөнгөхөн ойлголттой явах юм даа.
-Зээлийн эргэн төлөгдөх хугацаа болоогүй, харилцаанууд хэвийн үргэлжилж байхад хэсэг компанийг буруутгах хоморголсон дуулиан дэгдээчих шиг болсон. Ер нь л санхүүгийн том давалгаа, банкны хямрал болоход далимдуулаад томоохон компаниудынхаа хаалгыг хаах гэж л улайрдаг. Ингэхэд өр зээлийн асуудлаа та өөртөө байсан хамгийн үнэ цэнэтэй ордыг зарж байж цэглэв үү. Эсвэл одоохондоо “Олон овоот”-оо алдчихаагүй байна уу. Яагаад гэвэл энэ асуудал дээр та бодит эх сурвалж. Өөр мэдээлэлд итгэх арга алга байна?
-”Олон овоот”-той адилхан орд манай компанид арав хориороо байгаа. Тэгэхээр тийм нэг ордыг зарах асуудал бол бидний хувьд тийм эмзэг сэдэв биш л дээ.
-Гэхдээ тэнд та нар асар их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийчихсэн байсан. Тэрийгээ бодитойгоор үнэлүүлж, хэн хэн нь харилцан гомдолгүй шударга наймаа хийж чадсан гэж үү. Кампанит ажиллагаа явуулж буланд шахаж байгаад л булаагаад авчихав уу гэж харсан ?
- Шударга наймаа хийгдсэн эсэхийг бол яваандаа цаг хугацаа харуулах байх л даа.
-Тийм үү. Үргэлжлүүлж хөндөх дургүй сэдвийн яриагаа эцэслэх гэхдээ л хүмүүс дандаа “ Хожим цаг хугацаа харуулна” гэх үгийг хэлдэг юм даа. Эсвэл араасаа айдастай, түргэхэн мартахыг хүсч байгаа асуудлын талаар л цаг хугацаанд даатгасан жижүүрийн үг унагадаг юм?
-Одоохондоо хүмүүс юу гэж ойлгоно дураараа л болог. Гагцхүү шударга байсан уу, үгүй юу. Ер нь жинхэнэ нөхцөл байдал ямар байсныг, юу болж өнгөрснийг цаг хугацаа харуулна гэж би хэлсэн шүү дээ.
-Тантай яг жилийн өмнө ярилцлагын ширээний ард сууж байсан байна. Тэр үед “Анод” банкны асуудал яг ид хөндөгдөж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өглөө үдэшгүй таныг балбаж байсан. Дараа нь би “Зоос” банкны захирал асан хатагтай Д.Чуданжитай уулзаж ярилцлага авсан. Тухайн үед тэр хүн “Жаст” бол бидний аврагч гэж хэлж байсан. Судлаад байхад “Жаст” үнэхээр аврагч байсан гэж үү…гэсэн эргэлзээ төрдөг. Харин та юу гэж хариулах бол?
-Д.Чуданжигийн хувьд бол “Жаст” хэн байсныг би мэдэхгүй. Бид нарын хувьд бол “Жаст” биднийг зоосны нүхээр л харна шүү дээ. Энд тийм аврагч, эсвэл авлагч гэсэн сэтгэл хөөрлийн үнэлэлт дүгнэлтүүд ямар ч шаардлагагүй. Зүгээр л арилжаа наймааны асуудал шүү дээ.
-Аль аль талд нь тухтай шийдэх хугацаа олголгүйгээр бөөн сөрөг PR-аар нүдэж байгаад наймаа хийхээс өөр аргагүй байдал руу шахсан юм шиг харагддаг. Та үүнийг зөвшөөрөх үү?
-“Зоос”, “Анод”-ын зээлийн нэг хэсэг нь манай үйлдвэрлэлд зориулсан зээл болохоор манай компани руу халдаж, дайрч давших уур амьсгал давалгаалуулсан байх. Үнэндээ бол бас Иточи корпорацитай ч холбоотой шүү дээ. Хэрвээ Иточи корпораци банкинд баталгаа гаргаж өгөөгүй бол бид техникийн үнэ болох олон сая долларийг шилжүүлэхгүй байсан. Гэх мэтчилэн олон нарийн юм бий. Гэсэн ч манай компанийн хувьд ямар ч байсан төрийн ч бай, хувийн ч бай тэр банкуудыг хохиролгүй болгох арга хэмжээг авсан. Энэ л элдэв буруу ойлголттой хүмүүст хамгийн түрүүнд хэлэх тайлбар юм уу даа.
-Өнгөрсөн он жилүүдэд хамгийн их бичигдсэн, хамгийн их судлагдсан хүний нэг та байх. Тэгсэн мөртлөө таны яг хэн болохыг хүмүүс сайн мэддэггүй. Тэвчээртэй л хүн харагддаг. Өнгөрсөн жилийн турш хоригдож байна, өршөөгдөж байна, байцаагдаж байна гэж цацагдсан. Тэгэхээр нэг жил хууль хүчнийхэнд шалгууллаа гэж ойлгосон. Үнэн үү, эсвэл бас худлаа юу?
-Одоо юу гэдэг юм шүүх, цагдаа, прокурор шалгах ёстой бүх газрууд нь нэг бүрчлэн шалгасан. Монгол улсын нэг иргэнийхээ хувьд би байтугай хэн нь ч шалгуулах л ёстой. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Тэр ёсоор л шалгуулсан. Ямар ч байсан хүмүүсийг хохироогоогүй юм байна гэдгийг шалгалтаар бол тогтоосон. Ийм л асуудал болж өнгөрлөө дөө. Тэгэхээр банкны дампууралд манай компанийг буруутай юм шиг ойлгох нь өнгөцхөн, гэнэн ч гэж хэлж болох ойлголт байх.
-Оюутолгойн гэрээ боловсруулагдаад, батлагдаад галт тэргэндээ суугаад явчихсан. Одоо шүүмжлэгчид араас нь сүүлдээд баахан юм ярьж байна. Би хувьдаа энэ мэргэн жараахайнуудаас залхаж байна. Тэрний оронд дараагийн “толгойн” асуудлаа нухацтай анхаарцгаая л даа. Эсвэл хэтэрхий эх оронч биш асууж байна уу?
-Оюутолгойн гэрээ манай улсад ашиггүй хийгдсэн гэдэг бол илэрхий ойлгогдсон зүйл л дээ. Монголчууд биднээс өөрсдөөс маань болсон л асуудал байхгүй юу. Бид шинэ зах зээлийн нээлттэй нийгмийг байгуулж байгаа улс. Гаднынхныг хаалгаа нээж урьж оруулчихаад тоглоомын дүрмээ зөв зохиож чадаагүй л улс шүү дээ. Тэр хаалгыг бол буцаагаад хааж болдоггүй. Ийм л дүрэмтэй. Тэгэхээр тоглоомын дүрмээ бид зөв зохиож сурмаар байна. Ирээдүйгээ харж.
-Та уул уурхайн салбарт амьдралаа зориулж байгаа бизнесмен хүний хувьд хариулж байна уу, эсвэл нөгөө хатавчны гадаа жийгдээд үлдчихсэн монгол хөвгүүдийн нэг учраас хэлж байна уу?
- Уул уурхайн бизнесмений хувьд ярьж байна. Монголд уул уурхайн бизнес дээр над шиг бэрхшээл үзсэн, над шиг амжилт гаргасан тийм хүн бол байхгүй л дээ.
-Гологдсон монгол хүү бол биш юм байна, тийм ээ?
-Бидэнд дараа дараагийн маш олон орд бий. Тэрэн дээр хууль дүрмээ цэгцэлж зөв болгох хэрэгтэй. Гарцаа байхгүй энэ бол зүй ёсны шаардлага болоод байна шүү дээ.
-“Монгол газар” компани “Монгол 999” нэгдэлд байгаа бил үү?
- Тийм. Би ТУЗ-ын гишүүн л дээ.
-Та нарын дуу хоолой тэгээд хаана хүрч байгаа юм бэ ?
-Хамгийн гол нь энэ улс төр, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа хүмүүс маань амьдралаас хэтэрхий тасархай байна. Улс төрийн хүчнүүд маань ард түмний амьдралаас хэтэрхий хол. Монголын ард түмэн энэ цагийн улстөрчдийг үндсэндээ 20 жил тэжээсэн. Энэ бол яах аргагүй үнэн. Тэгсэн ч эцэст нь өнөөдрийн ард түмний амьдрал ядуу зүзүү хэвээрээ л байгаа байхгүй юу. 20 жил гээд бод л доо. Бүхэл бүтэн нэг үе байгаа байхгүй юу. Гарч байгаа хуулиуд нь амьдралд нийцдэггүй. Бизнес, улс орны хөгжил дэвшил, эрх ашигт нь эргэж дандаа харшилсан, дутуу тооцож хийсэн хуулиуд л гарч ирээд байгаа байхгүй юу. Улстөрчдийн дунд уул уурхайд ядаж тав, арван жил ажилласан хүн байхгүй байна ш дээ.
-Соц нийгмийн үед Орост уул уурхайн мэргэжил эзэмшсэн ганц нэг хүн байгаа байх ?
-Тэр улс бол яахав дээ, дандаа улсын хөрөнгөн дээр ажиллаад сурчихсан л улсууд. Түүнээс биш яг нэг долларийг хоёр доллар болгож уул уурхайн бизнесээр үржүүлэх гэдэг бол шал өөр ойлголт л доо.
-Сүүлийн үед урт нэртэй хууль тойрсон багагүй шүүмжлэл өрнөж байгаа. Мэдээж та буруу хууль л гэх байх. Гэхдээ энэ хуулийн цаад агуулгыг байгаль орчныг хэтэрхий их улангассан ашгийн төлөөх дайрлаганаас хамгаалсан хууль гэж улстөрчид тайлбарлаж байгаа юм. Энэ талаар таныг тодорхой байр суурь илэрхийлэх байх гэж бодож байна?
-Зүгээр яг ингээд уул уурхайн амьдрал дээр харж байхад бол бусад оронд уул уурхайн үйл ажиллагаа ойн сав газарт ч юмуу, усны эх газарт ч юмуу үйл ажиллагаа явдгаараа л явдаг. Харин тэд байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангах бодлогоо хамт авч явдаг. Тухайн орон нутаг дээр нөхөн сэргээлтийн ажлуудаа зөв хэрэгжүүлдэг гэсэн үг. Түүнээс биш шууд таслан зогсоож, хааж бооно гэдэг буруу бодлого. Яагаад вэ гэвэл манай орны эдийн засгийн амьдрал бол уул уурхайтай салшгүй холбоотой. Тийм учраас дотоодын компанийн өсөлт бэхжилт, дотоодын үйлдвэрлэгч нарын чадварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх бодлого дээр л гол ач холбогдол нь байх ёстой байхгүй юу. Түүнээс биш гадаадын компаниудын татвараар монгол улс хөгжинө гэж би ерөөсөө боддоггүй. Тийм ч улс орны түүх байхгүй. Тийм учраас энэ урт нэртэй хууль өнгөцхөн харахад байгаль орчноо хамгаалсан харагдавч цаанаа бол олон зуун уурхайчдын гэр бүлийг ажилгүй амьдралгүй болгох, олон зуун компаниудын үйлдвэрлэлийг шууд хаах уршиг дагуулж байгаа юм. Бид байгаль орчны тодорхой хуультай болсон. Бас ашигт малтмалын тодорхой хуультай болсон. Дээр нь байгаль өөрөө өөрийгөө нөхөн сэргээх явцаа байнга хадгалж байдаг. Үргэлж балансаа барьдаг байхгүй юу. Жишээ нь, ямар ч тохиолдолд байгаль чийгийн балансаа үргэлж барьдаг. Мэдээж бид тухайн сав газрын экологийн тэнцвэртэй байдлыг үйл ажиллагаагаараа алдагдуулж болохгүй. Энэ л бүх бололцоог хангасан хууль байх ёстой. Хэрвээ тухайн байгалийн баялгийг ашигласан бол эргээд экологийн тэнцвэртэй байдал дээрээ бүх анхаарлаа тавьж явах ёстой. Олон нийтийн хяналтын дор энэ ажлаа хийх ёстой. За, монголчууд ямар бие биедээ итгэх биш. Гадны эксфертүүдийг авчраад энэ нөхөн сэргээлт болсон байна уу үгүй юу гээд шалгуулах хэрэгтэй.
-Та хамгийн сүүлийн үеийн байдлаар нөхөн сэргээлтэд зарцуулсан өртгийнхөө тооцоог хэлж чадах уу?
-Одоохондоо бид говь нутагт олборлолт явуулж байгаа. Хангайд бол бидний хийсэн нөхөн сэргээлт байгаа. “Нарийн хамар” гээд томоохон хөндийд бид нөхөн сэргээлт хийсэн. Тэр нутгийн оршин суугчид эргээд нөгөө уурхай байсан газраа танихаа байсан. Энд хуучин олборлолт явуулж байсан юм уу гэж гайхаж асуудаг.
- Унаган байгаль юм шиг л хийсэн гэж үү?
-Яг л унаган юм шиг. Нутгийн оршин суугчид өөрсдөө тухайн үед нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд оролцсон. Хамтдаа хийсэн гэсэн үг.
-Тэр нутгийг очиж үзэж болох уу?
-Болно.
-Урт нэртэй хууль дээр таны байр суурь бүрэн гарав уу?
-Сүүлийн үед Засгийн газрын зүгээс холбогдох газруудыг урьж харилцан зөвшилцөлд орж ярилцах, байр суурь, санаа оноогоо солилцох бодлого явуулж байгаа. Энэ бол хамгийн зөв гарц мөн.
-Төр татвараа хамаад авахаа л мэддэг. Дараа нь бизнесийнхээ ертөнцийн толгой дээгүүр нь л хардаг шүү дээ. Янз бүрийн тэнгэрийн хуулиуд гаргаад л. Ширээ тойроод сууж ярьдаг юм руу орж байгаа нь сайн хэрэг л дээ?
-Монголын улстөрчийн хамгийн том алдаа бол яаж монголчуудыгаа орлоготой болгох вэ, яаж ажлын байртай болгох вэ гэдэг талаасаа бага сэтгэдэг, бага ойлгодог нь гэж би боддог. Ганц хоёрхон улстөрч л энэ сэдвээр дуугардаг. Ийм байвал яаж бид урагшлах юм.
-Лиценз олголт дээр хориг тавьсан байгаа. Гэхдээ л хориг тавьснаас хойш 192 лиценз олгосноосоо болоод салбарын сайд Д.Зоригт огцрох дээрээ тулаад байна. Хориг болоод түүний эргэн тойронд болж байгаа асуудал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Монголын уул уурхайн үйлдвэрлэгч нарын эрх ашгийг хамгаалж чадаагүй сайд бол огцрох л ёстой. Монголчуудын эрх ашгийг хамгаалж ажилласан бол, бидний эрх ашгийн төлөө, уул уурхайн эрх ашгийн төлөө тэр хүн тэмцсэн бол энэ салбар ард нь зогсоод л дэмжинэ. Тэгж чадаагүй учраас огцрох хэрэгтэй. Бүгд л ингэж үзэж байгаа.
-Айл болгоны авдранд нэг нэг лиценз байж байдаг. Энэ даварсан байдлыг цэгцлэх хэрэгтэй. Хятадуудын гарт л бөөн бөөнөөрөө байж байна шүү дээ ?
-Ерөнхийдөө манайд санхүүгийн зах зээл бүрэн цогцоороо хөгжөөгүй байна гэдгийг л харуулаад байгаа юм л даа. Одоо хамгийн чухал юм бол монголын уул уурхайн биржийг байгуулах, хөрөнгийн биржийг уул уурхайн бирж болгох энэ шаардлага нэн хурцаар тавигдаж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл монголын байгалийн баялгийн үр өгөөжийг монгол хүн бүр хүртэж байх тэр асуудлыг шийдэх гарц гэсэн үг. Тийм биш тохиолдолд уул уурхай маань зөв гольдролдоо орж хөгжихгүй юм байна л гэж би ойлгосон. Өөрөөр хэлбэл манай нэг алтны ордны тодорхой хувийг ард түмэн эзэмшдэг, эзэмшдэг хүмүүс хөрөнгө оруулалтаа хийдэг байх юм бол эргээд нөгөө орон нутгийнхны амьдрал дээшлэнэ. Хүмүүс орлоготой болохоороо хуулиа биелүүлдэг болно. Хэзээ хуулиа биелүүлдэг болох вэ гэхээр монголчуудын сарын дундаж орлого 2000 долларт хүрсэн үед болно. Ийм тохиолдолд л Ардчилал жинхэнэ утгаараа хөгжинө. Хууль жинхэнэ утгаараа хэрэгждэг болно. Хүмүүс маань орлоготой учраас хариуцлагатай болно. Бүх юм ил тод болно. Үүний механизм маань нөгөө уул уурхайн биржийг байгуулах. Тавантолгой, Оюутолгойн тодорхой баялгийг ард түмэн хүртэх ёстой. Ийм байхгүйгээр мянган Ардчилал яриад яах юм билээ. Мянган үнэн шударга явна гээд яах ч юм билээ.
-Бас үе үе жижиг жижиг цайны мөнгө тараагаад ч яах юм билээ?
-Сонгуулийн мөнгө амлаад ч яах юм билээ. Хүмүүсийн бодит сарын цалинг 2000 доллар хүргэх. Үүний төлөө ажиллах ёстой. Гэвч улс төрийн хүчин бизнесменүүд хамтарч байж хийх ёстой ажил болохоос дан ганц аль нэг улс төрийн хүчин хийнэ гэдэг худлаа.
-Та сая хоригийн тухай асуултад хариуллаа. Энэ алхам нь өөрөө манайх руу орж ирж байгаа хөрөнгө оруулалтын урсгалд ямар нөлөө үзүүлж байгаа бол?
-Манай гадаад найз нөхдүүд, түншүүд нэг тийм айсан байдалтай байгаа байхгүй юу. Бүгд айчихсан. Яахав дээ, энэ бүх байдлаас болоод хууль эрх зүйн орчин нь тогтворгүй орны тоонд шууд орчихож байгаа юм.
-Дандаа л ийм явлаа шүү дээ. Хөрөнгө оруулагчдийн дунд таагүй дохио дуугарч байгаа бол харамсалтай л юм ?
-Харамсалтайгаар барахав. Нөгөө л монголчуудын хөгжлийн үе шат маань улам хойшлогдох юу нь сайн байх билээ.
-Өнөөдрийн сэдэв бол Тавантолгой байгаа. Гэвч Тавантолгой дээр Засгийн газар УИХ-аас гөжөөд явж байна л даа. Тавантолгойг яагаад хэсэгчилж зарах гээд байна вэ. Тэд байхгүй мөнгөө баталчихсан. Тэгээд бантсандаа тэрийгээ босгох гэж улайрч байна гэж ажиглагчид харж байгаа. Харин та яаж харж байна вэ?
-Үндсээрээ бол энэ буруу. Монголын ард түмний эдийн засгийн эрх ашгийн үүднээс Тавантолгойг хэсэгчилнэ гэдэг асуудал бол туйлын буруу. Сүүлд монголын ард түмэн энэ улстөрчидтэй хариуцлага тооцох өдөр ирнэ шүү дээ. Гарцаа байхгүй ирнэ. Яагаад гэвэл буруу зүйл хийсэн учраас. Зүгээр өнөө маргаашдаа хэсэгчилж зараад тодорхой хэмжээгээр урьдчилгаа мөнгө аваад сонгууль энэ тэрийн амлалтаа биелүүлэх бол цаг зуурын л асуудал. Өөрийгөө л хуурсан асуудал. Энэ улстөрчид монголд ахиад 20-30 жил амьдрахгүй юм шиг ийм зан гаргаж болохгүй л дээ. Зоригтойхон шиг шийдээд монголын ард түмэнд Тавантолгойг өмч болгоод өгөх хэрэгтэй. Угаасаа л бүх нийтийн л өмч байсан юм чинь.
-Тэгээд ?
-Зөвхөн менежментийн л асуудал ш дээ. Тийм учраас л бид нар “Монгол 999” гэсэн үндэсний нэгдлийг байгуулсан. Хэн нь ч давуу эрхтэй биш Samsung гэдэг шиг тийм олон нийтийн компани байгуулъя гэсэн. Энэ бол улс эх орныхоо хөгжлийн төлөөх мөрөөдлийн үүднээс гаргасан л компани шүү дээ. Улс төрийн ч шаардлага байсан. Мөн эдийн засгийн ч, нийгмийн ч шаардлага байсан. Энэ шаардлагын үүднээс үүссэн үндэсний компаниудын нэгдэл.
-Гэвч төр авч хэлэлцсэнгүй. Одоо тэгээд яах вэ. Үргэлжлүүлээд мөрөөдөх үү?
-Мөрөөдөх л ёстой ш дээ. Үргэлжлүүлээд бид хийдгээ л хийнэ л дээ. Тэр бол ойлгомжтой. Гэхдээ яваандаа ард түмний амьдралыг дээшлүүлж чадахгүй л юм чинь тэр улс төрийн хүчин хэзээ нэгэн цагт хариуцлага үүрнэ ш дээ. Ийм л асуудал байна. Хичнээн их алдаа гарахыг хэн ч хэлж мэдэхгүй. Түүхэнд хэрвээ гэдэг ойлголт байдаггүй шүү дээ. Тэгэхдээ Тавантолгойгоос өөр Тавантолгойтой дүйцэхүйц ордууд монголд бий. Үүн дээр бид гадаадын хөрөнгө оруулалтыг маш зөв уян хатан бодлоготойгоор зохицуулалт хийхгүй бол болохгүй байна л даа. Сүүлийн үед лицензийн наймаа цэцэглэчихсэн байна гэдэг үнэн. Хөрөнгийн биржээр дамжуулж, уул уурхайн биржээр дамжуулж л лиценз зарагддаг байх ёстой. Түүгээр дамжуулж манай ард түмэн бас хөрөнгө оруулах эрхтэй байх ёстой. Тэндээс гарах үр ашгаас нь төр татвараа авах ёстой. Ийм ийм юмыг яаралтай хийх ёстой байхгүй юу. Жишээлбэл : Монгол улс, хятад улсын гадаад харилцааны томоохон түнш болох нь бол хэнд ч ойлгомжтой. Яваандаа Хятадын эдийн засаг дэлхийн нэг номерын эдийн засаг болох нь ойлгомжтой. Манай баялаг бол гурав дөрвөн сая хүнд хангалттай хүрэлцэхүйц баялаг. Хамгийн гол нь зөв зохион байгуулалт, зөв менежмент, ил тод байдал, ялангуяа сахилга бат дэг журам хэрэгтэй байна. Монголчуудад хамгийн хэрэгтэй юм сахилга бат, дэг журам , ил тод байдал. Энэ гурав бол үнэхээр өнөөдрийн нийгэмд байхгүй байна л даа. Тэгэхээр эдийн засгийн үүднээс монгол улсад ашиггүй хөрөнгө оруулалт бол байж болохгүй. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтын хувьд. Энэ бүх урсгал зөвхөн биржээр дамжиж явагддаг байх ёстой. Сүүлийн 20 жилд манай эдийн засаг ямар ч төлөвлөлт байхгүй, төрийн зүгээс зохицуулалт байхгүй ёстой нэг шугуйн хуулиар, зэрлэгүүдийн хуулиар явж ирлээ л дээ. Харин азаар өвөг дээдсээс монголчууд бидэнд үнэхээр төв азийн хамгийн сайхан баян газар өвлөгдөн үлдсэн. Үүний төлөө бурханд, өвөг дээдэстээ баярлахаас яахав. Тавантолгой шиг тав зургаан орд бид нарт байна. Зүгээр энгийн нэг жишээ хэлэхэд ойрын 50 жилд бид Хятад улсын зэс, никель, уран, нүүрсний хамгийн том ханган нийлүүлэгч байна. Энэ нь дээр бид босч авах ёстой.
-Монголчуудад ирэх хамгийн том боломжуудын тухай сайн ярих хэрэгтэй байна. Тэгж байж үндэстний нэгдсэн мөрөөдөл төвлөрнө шүү дээ?
-Хамгийн гол нь аливаа юм бодит эдийн засгийн боломжин дээр тулгуурласан байх ёстой л доо. Монголчуудын хувьд бол ирээдүйд гурван том боломж бий. Нэгдүгээрт, эрчим хүчний чиглэлээ бид Казахстантай хамтарч ураны банк байгуулж ажиллах боломжтой. Энэ ирээдүйд зайлшгүй хэрэгжинэ л дээ. Нөгөө талаар гэвэл манайх бол газрын ховор элементийн хувьд дэлхийд Хятадтай өрсөлдөхүйц хэмжээний нөөцтэй. Бид дэлхийн бүх оронд газрын ховор элемент экспортолж, хэрэглээг нь 50 жил тогтвортой хангачихна. Энэ маань юу гэсэн утгатай үг вэ гэхээр жижиг дунд үйлдвэрийг технологийн түвшинд хийх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл бидэнд Samsung-ын гар утас, Sony-гийн дэлгэц, Toyota-ын моторыг монголд үйлдвэрлэх тийм боломж гарч ирнэ гэсэн үг. Одоо улстөрчдийн яриад байгаа сэргээгдэх эрчим хүч байна. Нарны батерей байна. Энэ бүгдийг монголд үйлдвэрлэх боломжийг газрын ховор элемент маань олгож байгаа байхгүй юу. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өндөр өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэнхээтэй болно гэсэн үг. Монголд шууд тэргүүний технологитой орнуудтай хамтарч монгол нутагтаа үйлдвэрлэл явуулах тэр боломж нээгдэнэ гэсэн үг. Тэр үндсэн дээрээс жишээлбэл, Toyota-тай бид 50 жилийн гэрээ хийж болно. Танайхыг бид газрын ховор элементээр хангая гэж. Нэг машинд 22 килограмм газрын ховор элемент ордог. 17 элементээс 12 нь жишээ нь манайд байна. Сүүлийн үеийн цахилгаан машиныг бид Toyota-тай хамтарч хийх боломжтой. Тэгэхийн бол 50-60 жилд газрын ховор элементээрээ бид цахилгаан машин үйлдвэрлэлээ. Эд ангиудыг нь монголын залуучууд хийж сураг л дээ. Тэгэхэд манай хүмүүсийн цалин 2000 доллар болно . Энэ маань нөгөө талаасаа уул уурхайтай уялдаагүй асуудал байхгүй юу. Шинэ технологи эзэмших, шинэ үйлдвэрлэл явуулах тухай яриа юм. Эцсийн бүтээгдэхүүн хийдэг улс орны тухай яриа юм. Нөгөө салбар нь бол биотехнологийн салбар. Сүүлийн үед Сингапурчууд бол эмийн бизнес рүү орж байна л даа. Биотехнологийн салбар бол патенттай салбар байхгүй юу. Өөрөөр хэлбэл жижиг улс патентаар үйлдвэрлэл явуулдаг. Бид нарт тийм массаараа үйлдвэрлэл хийх боломж алга байна шүү дээ. Хятад шиг, ядаж Өмнөд Солонгос шиг 50 сая хүн алга байна. Тийм учраас оюун ухааны патентын бизнес бол манай бас үндсэн гол чиглэл болж болно. Хорт хавдрын эсрэг эмийн бизнес байна, хөгшрөлтийн эсрэг эмийн бизнес байна. Энэ чинь нөгөө нэг хүмүүсийн яриад байгаа Голланд өвчний эсрэг гаргаж тавих эдийн засгийн бодлого байхгүй юу. Монгол орны бодит бололцоо боломж ийм л байгаа. Монголчууд бид бол ямар ч орноос оюун ухааны хувьд дутаад байх юм байхгүй.
-Та итгэлтэй хэлж байна уу?
-Итгэлтэй. Дэлхийн технологитой, дэлхийн бизнестэй холбогдоход ийм л чиглэлээр холбогдох байхгүй юу. Мэдээж бид тэртэй тэргүй нөхөн сэргээдгээрээ л байгалиа сэргээнэ. Бас Хятад улсыг эрчим хүч, өнгөт болон бусад материалаар хангана.
-Тийм ээ, дэлхийтэй адилхан л хийдгээ хийнэ. Өөрөөр яах гэж ?
-Тийм. Бид зах зээлийн хууль дүрмээрээ л амьдрах ёстой.
-Бизнесийнхэн бол ямагт төр засагт сэтгэл дундуур байдаг хүмүүс л дээ. Эрх ашгаа хамгийн их хайчлуулж байдаг болохоор. Тэгээд арга буюу хамгийн их тэсвэртэй нь 15-20 жил яваад л за, болъё бодлого хийдэг тэр төвшинд нь очъё гээд улс төр лүү явцгаадаг. Танд ч гэсэн ийм бодол орж байгаа юу?
-Бурханд итгэдэг болохоор тэр үү. Бурхан яаж зурсан түүгээр л явна. 2012 оны сонгуульд оролцох бодол бол байна.
-Хөөх, хаанаас нэр дэвшихээ төлөвлөсөн үү?
-Тэр төвшинд хараахан шийдвэр гаргаагүй байна. Манайх шинээр баригдсан үйлдвэртээ химийн бодисын зөвшөөрөл авах гэж зургаан сар хөөцөлдөж байна. Тэнд 17 төрийн хүмүүсийн, өөрөөр хэлбэл дарга нарын гарын үсэг авах ёстой.
-17 гарын үсэг, 17 хаалга, 17 хүнд суртал…Үнэхээр хэцүү байна шүү?
-Ярих юм биш. Инээдтэй нь мэргэжлийн улсуудын дүгнэлт гарчихаад байхад дараа нь тэр хүмүүс хуралддаг.
-Хамгийн гол нь асуудлаа мэддэг хүмүүс хуралдаж байна уу. Суудлын бөглөөнүүд байна уу?
-Асуудлаа өнгөцхөн мэддэг улсууд.
-Гоё хариулт байна. Та хүн гутаах дургүй хүн юм шиг байна ?
-Зургаан сарын дараа үйлдвэрлэл эхлэх гэж байхад л ийм тээг болоод байдаг. Яахав химийн хортой бодис улс орны аюулгүй байдалтай холбоотой нь үнэн боловч тийм л хүнд сурталтай. Мэдээж нөгөө химийн бодисны зөвшөөрөл гарсны дараагаар Хятад улс захиалгаар хийдэг байхгүй юу. Тэгэхээр зөвшөөрөл гараагүй болохоор үйлдвэрийг нээчихэж болдоггүй.
-Тэгээд та яагаад энэ хүнд суртал, дургүй хүргэсэн хүчин зүйлүүдтэй үзэлцдэггүй юм бэ. Танд бүх хүч чадал нь байгаа шүү дээ?
-Хүмүүстэй хэрэлдэж явахын оронд хийх ёстой ажлуудаа хийж явах нь илүү. Шинэ технологи судлах, шинээр орд эрж хайх зэрэг надад хийх маш олон ажил байна шүү дээ. Бас хувь хүнийхээ хувьд би хэрүүлч, заргач биш.
-Нэг юмыг асуухсан гэж боддог байлаа. Та бол улсад олон жил татвар төлсөн. Үнэхээр их юм хийсэн хүний нэг л дээ. Нөгөө утгаараа их ч мөнгө босгосон, түүгээрээ их ч “тоглосон”. Гэхдээ та яагаад Женко шиг нүд булаасан, нүүр тахласан ганц гоё цогцолбор барьчихдаггүй юм бэ. Ганц сайхан театр ч юм уу яагаад бариад өгөөгүй юм бэ. Таны мөнгө рок попын хэлээ хазсан хүүхдүүдэд зориулагдаад л урсаж байдаг. Энэ бүдүүлэг асуулт байж магадгүй. Гэхдээ та хариулчих?
-Энэ бол залуучуудын төлөө, урлагийн нөлөөг тэлж нийгмийн сэтгэл зүйд гэрэл гэгээ нэмэхийн төлөө хийсэн бас нэг томоохон хөрөнгө оруулалт шүү дээ. Нөгөө талаас бид хэнээс ч хамааралгүйгээр ордыг өөрсдөө хийж чаддаг, хэнээс ч хамааралгүйгээр бас баяжуулах үйлдвэрийг хийж чаддаг. Улсдаа татвараа өгдөг. Юуг дэмжих, яахаа өөрсдөө мэдэх эрхтэй болов уу гэж бодож байна. Тэртэй тэргүй бид хөгжлийн төлөө л эцсийн эцэст явж байгаа байхгүй юу. Нэг л юмны тал талаас мэрж яваа гэсэн үг. Улсдаа хэдэн зуун тэрбумаар нь татвараа өгнө. Тэгээд дээр нь муу хэлүүлнэ, доромжлуулна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нь гүтгүүлнэ. Хангалттай олон өнгө төрхтэй амьдрал юм биш үү.
-Таны урлаг поп хөгжим юм уу?
-Өө, яалаа гэж. Би рокынхныг ч тэр, зохиолын дуучдыг ч тэр бүгдийг нь л дэмждэг. Тэрэн дээр бол заавал нэг их нэг урсгалыг дэмжсэн ч юм уу , тийм юм байхгүй л дээ. Ялангуяа монгол бөхийг ч тэр маш их дэмждэг.
-Цолны найраанд нь уу?
-Бэлтгэл сургууль хийхэд нь дэмждэг. Тэгтэл мушгих хэрэггүй дээ.
-Баярлалаа. Цаг гаргаж ярилцсанд. Танд амжилт хүсье ?
-Танд ч гэсэн баярлалаа.