Ард түмэн хорин настай ардчиллыг ерэн настай эмгэний өврөөс гаргаж, аврах цаг болжээ
”Сэтгэл нь сайхан юм, даанч бүтэлгүйтээд байх юм” гэж тэнгэр нь хаячихсан бүтэлгүй хүнийг хэлдэг дээ. Үүнтэй адил ардчиллыг хаа холоос авч ирэхдээ өлсөж цангаж, хөлдөж үхэхдээ тулж байсан сайхан сэтгэлийг нь бодох гэхээр даанч бүтэлгүй нь дэндсэн, толгой нь эргэсэн Ардчилсан намыг тэнгэр нь хаясан гэлтэй байх юм.
Орох орон болсон намын байрыг нь шатаалаа гээд иргэдээ хорьж, цагдаж, өшөө авч зөнөглөсөн эмгэн нам цэл залуухан АН-ыгаа өвөртөө хийгээд "Орох орон минь ордон, оочдог аяга минь Засгийн газар, уудаг цай минь нь татварын мөнгө шүү" гэж уруу татаад амар сайхандаа жаргах юм гэнэ. Ертэй эмээд толгойгоо мэдүүлдэг идэр залуу хорь настныг ор хөнжлөөс нь суга татаж гаргаад аврах цаг болжээ. Дулаан хөнжилд дугжраад ардчиллаа алдахдаа тулсан Ардчилсан намыг ард түмэн л аварч чадна. Тэгэхгүй бол энэ нам ардчилалтайгаа хамт олон ялагдлын ая даахгүй сийчүүлж дуусах нь. Ардчилсан нам бол анх удаа Монголын түүхэнд ард түмнээс төрсөн нам юм. Яалт ч үгүй ардчиллыг хамгаалж, манаач нь байх ёстой. Энэ нам байхгүй болбол Монголын ардчилалд, тусгаар тогтнолд аюул нүүрлэхдээ тулах вий.
Ардчилсан нам үгүй бол аюул өөрөө салхин хамхуул шиг ирээд наалдаж л таарна. Тулхтай улс төрийн хүчин байхгүй болсон тохиолдолд олигархиуд, гадныхны тоглоомын хүүхэлдэйнүүд Монголын төр болон тоглож, манай тусгаар тогтнол ганхаж мэдэх аюул байна. Нөгөө харийн дарлал гэдэг чинь өнгөрсөн үед төдийгүй өнөө үед ч өнгөлзөж л байгаа.
Ашигт малтмалаасаа хувь мувь хүртэх ч бүр лөөлөө боллоо. Хоёр нам нэг хөнжилд жаргаад, гэрийн гадаа торойгоод үлдсэн ард түмнээ хохироогоод байхаар, цөөнх нь олонхио хянах нь үгүй болчихоор төрөө хэнээр бариулах вэ, хэндээ итгэж найдах вэ гэж цөхрөхдөө дэмий л хувь заяандаа найдаад суух уу. Тэгээд гарц нь гуравдагч хүчин гэж үү?
Сая гаруйхан сонгуулийн үнэмлэх хэвлэгддэг ард түмнээс хэн нь тэр гуравдагч энэ тэр лүү очих вэ дээ. Насаараа дарлуулсан хэрнээ саналаа өгөөд салж чадахгүй сэтгэлгээтэй улс юун өөр хүчинг хүлээн зөвшөөрөх. Сүүлийн хорин жилд хоёр намтай байх гээд барахгүй байхад элэнцэг баланцгийн гуравдагч байх вэ дээ. Тэгээд ч гуравдагч хүчинг дэмжих, элсэх хүн хүрэлцэхгүй. Бид ийм цөөхүүлээ гэдгээ бас үргэлж санаж байгууштай юм.
Муусайн наманцрууд бол зөндөө бий. Тэд Ардчилсан намын саналаас зулгааж ардчилалд гай тарьсан уу гэхээс гавьяа байгуулдаггүй. С.Оюуны залуу насаа үрж байж зүтгүүлээд явдаггүй Иргэний зориг нам гэж бий. Буянгийн Жаргалсайханы өөрөө өөрийгөө дэвшүүлдэг "нам" байна. "Эрэл"-ийн гэх Б.Эрдэнэбатын эзэнтэйгээ хамт бүгсэн хувийн компанийн нам байна. Сонгуулиар эзнээ даллахаар ил гарч, бусад үед нуувчинд орчихоод бас болоогүй улс төрийн ашиг хонжоонд нугасгүй гээч. Дээрх наманцрууд улс төрийн шимэгчийн үүргийг сайн гүйцэтгэж ирлээ. Тэд бас бусадтай хамтарч хамгийн их сайд хийсэн гэж байгаа. Яаж ийгээд наманцруудаас ганц нэг нь улс төрд шургалаад, бас төр барьж байгаатай нь сүжирч, ардчиллын буянаар гарч ирснээ мартчихдаг. Сонгууль болохоор Ардчилсан намын саналаас хумсалж, хамгийн их хорлосон "гавьяа"-тай. Дээр нь нэмэр хачир болж ивж өгсөн наманцраас дор зиндааныхан нь олон бий. Ард түмний өмнө зогсохоороо ардчиллыг бамбай болгох хэрнээ ачир дээрээ МАХН-ын улаан сарнайн дэлбээн дор нуугдаж амьдарсаар ирлээ. Тийм л сүрхий юм бол АН-д дагаар ороод ардчиллын төлөө нэг зүгт явахгүй яагаав.
Төр нь төр шиг байхгүй болохоор ард түмэн нь итгэл алдрах нь яалт ч үгүй. Өөрсдөө хулхидуулж сонгочихоод араас нь амаа барьж, өвдгөө тэврэхээ больж, ардчиллын энэ хэдэд боломж олгоё.
Энэ дэлхий дээр намууд л төр засгийн эрх барьж байна. Иймээс төрөө хэнээр бариулахав, толгойдоо хэнийг залахав гэдгээ ард түмэн анхаарах хэрэгтэй болжээ. Ялангуяа яс махны тасархай Ардчилсан намыгаа эмгэний өврөөс салгахад бидний санал л хэрэгтэй байна. Алийн болгон ардчиллыг авдар манасан эмгэний өвөрт хийх вэ дээ.
Тэгэхгүй бол өвөрт нь дагаар ордог хувь тавилантайгаа АН бүр эвлэрч дууслаа. Сэтгэлийг нь бодоод энэ удаа ялуулж, тэр эмгэний өврөөс суга татаад гаргахсан.
Чоно "махн"-аас гарч өвс иддэггүй л юм бол алийн болгон эмгэнд хууртаж, гэнэн ишиг шиг амьдрах ёстой гэж. МАХН-ын гоё үг хэлсэн костюмтай чоно л биш бол АН-ын бор халзан хонь ч байсан яахав гэж аргаа барахдаа хэлмээр болох юм.