Бараг сөрөг хүчингүй гэж болох  парламент түүний Засгийн газарт зориулж Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж ард түмнийг төлөөлж үг хэл­лээ. Эрх баригчдын зүгээс мэ­дээлэл л гарвал магтуулсан, баяр­лаж хөөрсөн улаа бутарсан бум­багар дарга нарыг ёстой улайтал нь авч өглөө дөө, манай Ерөн­хийлөгч.

Эрхийн тэнэг хүүхдүүдээ зад ороолгож байгаа эцгийг "Ёстой больж, золигийг" гэж ярьдаг даа. Тийм л юм боллоо.

2010 оны аравдугаар сарын 20-ны өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Байн­гын ажиллагаатай анхны ардчил­сан парламент үүсэж хөгж­сөний 20 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр  хэлсэн үгнээс эргэн санаж цаашид эрх баригчид яахыг нь цөмөөрөө хамт­даа харцгаая.

Төр засгийг тойрон хүрээ­лэгч­дээс бусад нь Ерөнхийлөгчийн хэлсэнтэй санал нэг байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол төрийн дөрөв дэх тэргүүний хэлсэн санаа­нууд сонгуулийн шоугаа эхэлчи­хээд байгаа улстөрчдийн лоозон­гоос арай л өөр, чин сэтгэлээсээ гэсэн сэтгэгдэл эрхбиш олон хүнд төрсөн болов уу.

Түүний хэлсэн үгнээс ойлгосон санаагаа тоймлох нь хэвлэл мэ­дээллийн нэгэн арга хэлбэр бай­даг. Тэр дагуу бичиж байна.

Хорин жил болж байгаа манай парламентат засаглал түүхэндээ чамгүй их туршлага хуримт­луулс­ныг Ерөнхийлөгч үгийнхээ эхэнд дурдсан юм. Өнөөдрийг хүртэлх сүүлийн найман жил гэхэд л парла­ментад цөөнх суудал авсан нам нь Засгийн газрыг толгойлох, дараа нь түүнийгээ унагах, бөөн будлиа­наар дүүрэн сонгууль хийчихээд бантахдаа дахиад цөөнхийгөө Засгийн газарт оруулж тэрнийг нь "стандарт бус" гэж хүлээн зөв­шөөрөх, стандарт бус нь хүсэл­тээрээ ажлаа өгчихөөд байхад дараагийн энэ засаг нь хуучин бүрэлдэхүүнээрээ цааш ажиллаж буй гэх мэтээр манай парламент улс орнуудын болон өөрсдийн иргэдийн гайхшийг барсан билээ. Эцсийн эцэст ямар зорилгоор сонгууль хийснээ ч ойлгохоо бай­сан уг үйл явдлуудыг "Хоёр арван жилийн өнгөн дээр бидний үзсэн зүйл их. Их юм үзсэн бол их сургамж үлдсэн байх ёстой" гэлээ. Сон­гуулийн хуулийг өөрчлөх талаар ярьсаар л байгаа. Засаглал стан­дартын дагуу болж сөрөг хүчин, хүчтэй хяналттай болох нөхцөлийг хангах тийм хууль гар­гах найдвар энэ парламентын өнгөн дээр тун бүрхэг байгааг хэлэх шиг боллоо.

Парламентат засаглалын хо­рин жилд МАХН-ынхан Монголын ардчилалд том гавьяа байгууллаа гэж бүгд шахуу өнөөдөр ярьцгаах болжээ. Зүй нь бол энэ хэдэн жилд МАХН өөрөө л ардчилалд арай ядан суралцаж болохоос тэд нийг­мийн хөгжлөөс тувтан чаргуулд­саар ирээ биз дээ. Гэвч хувьсгалыг байгуулаагүй ч үр дүнг нь дүүрэн эдлэх хувь заяа бол илүү байсаан. Хорин жилийн өмнө ардчиллыг ад үзэж байсан улс төрийн хүчин өнөөдөр ардчиллыг битгий өмчил гэж  булаалдах хэмжээнд хүртлээ "засарсан" нь өнөө ичгэвэртэй ч яахын аргагүй дэвшил ажээ. Пар­ламентад цөөнх мөртлөө Засгийн газарт орсон АН-ынхныг байнга элдвээр хэлж тавладаг МАХН-ын архаг лидерүүд энэ өдөр ардчил­сан нийгэмд МАХН, түүний засаг нь байх суух газаргүй болтлоо шахаг­дан зад шүүмжлүүлсэн. Иргэдийн олонхи нь одоогийн засаглалын шударга бус алхмуудад бухимдаж байхад мөнгө хайрлахгүй өөрс­дийгөө магтан дуулж байгааг Ерөн­хийлөгч шууд хэлсэн юм. "Иргэ­дийн үйлчилгээнд очих мөнгө эр­хэм гишүүний нэр төрийн үйл­чил­гээнд зарцуулагдаж..." байна гэв. Ер нь сүүлийн үед бүх шатны төрийн алба, түүний үйлчилгээний байгууллагууд ард түмнээ олж харахаа больсон. Тэд зөвхөн өөрс­дийнхөө цалинг гучин хувь нэмс­нийгээ ард түмнийхээ төлөө гэж ярих болтлоо маниусаа мартаж хаяад байгаад бид яасан гэж баярлах ёстой вэ.

Магтаад байгаа, цалин нь нэмэгдээд байгаа тэр төрд нь очоод үйлчилгээ авах гэхээр бүх шатандаа авлига хээл хахууль, танил талгүй бол юу ч бүтэхгүй. Авлигын санал сонсож үзээгүй жирийн иргэн байтугай шоронгийн хулгайч ч байхгүй байхад АТГ-ыг шудрага гээд буй нь зүгээр л иргэ­дээрээ даажин тохуу хийж байгаа явдал юм. Шударга төрийн албан хаагчид хүртэл АТГ-ын дарамтад өртөж, ямар аймаар газар гэдгийг ам амандаа ярьж байхад УИХ, Засгийн газар "ширэн нүүрлэж" байгаа нь тэд барьцаанд орсоноос гарцаагүй. Эрх баригчид авлига аваагүй тийм л шударга юм бол уур хүрсэн дээрээ гарч ирээд л одоохон АТГ-ыг шалгуулчихаач дээ. 

Монголын нийгэмд үнэн зөвөө­рөө явж болдоггүй юм гэдгийг эрх баригчид үйл хэргээрээ үзүүлээд байна. 2012 онд ийм балагтай эрхэм гишүүдийн төлөө дахиад саналаа өгсөн байдалтай байвал шударга хүн энэ оронд амьдрах аргагүй болно.

Орон нутгийн эрх мэдлийн талаар Ерөнхийлөгч олон удаа үгээ хэлж байгаа. Сая бас л энэ сэдвийг дэлгэрэнгүй сөхсөн. Мөн­гөний эрх мэдлийг төвөөс шийддэг бүр нарийн яривал тойргийн ги­шүүн нь ямар нэг эмнэлгийн маши­ны дугуйг нөхөх тухай энд ярьж суудаг шог үзэгдэл байсаар л байна. "Төсвийг төвлөрүүлж төлөв­лөж байгаа, хуваарилж байгаа нэрээр ил далд төсвөөс, ард түм­нээ­сээ хулгай хийхээ Их Хурлын гишүүд өөрсдөөсөө эхэлж зогсоо. Тэр ярих, хуваарилах, зарцуулах, хянах эрхийг нь иргэддээ өг, орон нутагт өг" гэлээ. Гишүүн болгон тэрбум, одоо ханш нь бүр хоёр хагас болоод байгаа их мөнгөний эрх мэдлийг өөртөө баталж, түү­ний­гээ өөрөөсөө өгч буй мэт жүжиг­лэдэг явдалд тэдний хань хамсаа­тан садан төрлөөс бусад нь бүгд дур­гүйцдэг. Татвар төлөгчдийн толгой эргэм их мөнгө төгрөг дарга болох хэнээтэй нэгний гарын салаа­гаар савирч, зөвхөн тэдний сандал ширээндээ үлдэх ганц зорилгыг хангахад зарцуулагддаг. Мөнгөн дээрээ өөртөө "сожоом" авч үлдэх зэргээр бүр увайгүй загнадаг гээд бод доо. Одоо хэлэл­цэж байгаа 2011 оны төсөв дээр орон нутагт ба өөрсдөдөө хэрхэн ямар замаар мөнгө хөрөнгө тусга­хыг нь анхаа­ралтай харцгаая.

Ноднин төрийн байгууллагыг цомхон чадварлаг болгох талаар Их Хурал дээр яригдсан. Яамд түүний дэд сайдууд, Засгийн газ­рын агентлагуудыг нэгтгэн заримыг нь татан буулгах замаар дэлхийн эдийн засгийн хямралаас гарах гэсэн удаатай. Монголоос бусад орнууд ч ийм замыг сонгосон. Гэтэл манай Засгийн газар огт хөдлөө­гүйгээр барахгүй одоо төрийн албыг улам данхайлгах мянга мянган орон тоо нэмээд сууж бай­на. Тэр нь "Монгол мал" хөтөлбөр нэрээр орон нутагт бас нэг татвар төлөгчөөр тэжээлгэгч гараад ирлээ.

Цэрэг, цагдаа, тагнуулаас бусад төрийн агентлагуудын бүтэц сан­хүү­жилтийг орвонгоор нь өөрчилж, мэрэгжлийн холбоод, нийгэмд үйлчилдэг иргэдийн байгуул­ла­гуудтай өрсөлдүүлэн байгуулах. Төртэй гэрээ байгуулж  санхүүгийн хувьд бие даах, хувийн хэвшлээр ажил үүрэг гүйцэлдүүлэх чиглэлд даруй орох, хэрэв амжихгүй бол сонгуулийн дараа эхлүүлэх бэлт­гэлийг хангахыг Ерөнхийлөгч дурд­лаа. Төртэй гэрээтэй ажилла­даг хувийн шорон хүртэл олон зуун жил болоод байхад манайх л гэж социализмаараа явж байгаа. Соёл боловсрол, эрүүл мэнд, мэргэж­лийн хяналт гэх зэрэг олон салбарт хувийн хэвшлийнхэн аж ахуйн тооцоотой , дээр нь төртэй гэрээтэй ажиллавал ядаж л тэр авлига утгагүй болоод эхэлнэ.

Хэрэв хувьд байсан бол одоо байгаагаасаа хэд нугалж ашиг олох, иргэдэд тэр дагуу үйлчилгээ нь түргэн, хямдхан байх учиртай МИАТ, Хөрөнгийн бирж хоёрыг хурдан шийдээч ээ гэв. Тав дахь цахилгаан станц баригдах явц хэрэглэгчдэд хүлээгдэж эхэлснийг сануулав.

Уул уурхайгаас орж ирэх их баялгийн өрмийг нь эрх баригчид компаниуд хамж хусмыг нь ядарсан ард түмэн долоох тогтолцоо бий болголоо гэж шүүмжилсэн. Монгол орон урьдынх шигээ зээл тусламж гуй­сан ядуу орон байхаа больж, гадны тус дэмгүйгээр өөрийгөө аваад явах чадамжтай орны эг­нээнд шилжиж эхлээд байгааг тэрээр мэдэгдсэн юм. Мөн үүнийгээ дагаад Монголын ард түмэн ялан­гуяа өсвөр үеийнхэн авьяас мэдлэг, оюун ухаанаараа хэнээс ч дутахаа больсон. Тухайлбал урлаг спорт бизнесийн салбарт тасралтгүй гарч байгаа шинэ үеийхний шинэ дээд амжилтууд үүнийг хангалттай илтгэж байна. Ийм хийморлог ард түмэнд өнөө­гийн Засгийн газар, төрийн эрх баригчид мугуйд заг­наж, хүнд сур­тал гарган үйлдэл бүртээ гологдоод байгааг анхаа­руул­лаа.

Үнэнийг ард түмэнд мэдээ­лэхийг зорилгоо болгосон цөөн боловч зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд Монгол Улсын дө­рөвдэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдор­жийн хэлсэн үгийг бүрэн дэмжиж, Их хурал, Засгийн газар үүний мөрөөр ажиллаж чадах эсэхийг нь анхаарч эхэллээ.