Оршил


Эх орны хишиг сангаас иргэддээ мөнгө хуваарилаж, байгалийн их баялгаасаа хувь хүртээх буянт үйлс эхлэхэд хэзээ мөдгүй бэлэн болсон байна. Монголын төр, засгаас иргэддээ хандуулсан нийгмийн чиглэлийн ийм бодлогыг дэмжиж, бас ч үгүй хүртэж байдаг иргэн хүний хувьд эл бодлогод миний бие баяр хүргэхийн сацуу арай өөр өнцгөөс дэлхийн эдийн засгийн ерөнхий дэвсгэр дээр, Персийн булангийн Арабын зарим улсын жишээн дээр тайлбарлаж, төр, засгийн удирдлагадаа санаа өгөх, бас хүртэх гэж буй иргэддээ мэдээлэл өгөх үүднээс дараахи өгүүллийг бичлээ. Хүлээн авч эргэцүүлнэ үү?


Эх ороны хишгийг байгалийн баялгаасаа бүрдүүлээд ард иргэддээ хуваарилдаг туршлага Персийн булангийн Арабын улсуудад бий. Тэр туршлагаас санаа сургамж авч манайхан туршиж үзэхээр сүүлийн хэдэн жил ярилцаж байна. Үнэхээр байгалиас заяасан хөрсөн доорхи тэр их баялаг бол ард түмний, төр засгийн мэдлийн өмч байх нь зүй. Харин тэр баялаг нь ямар эрдэс баялаг болох, ямар аргаар олборлодог, хэр нөөцтай, хамгийн гол нь ямар дэд бүтцээр дамжин дэлхийн зах зээлд гардаг гээд харьцуулбал манай Монгол ба Персийн булангийн Арабын улсуудын хооронд газар тэнгэр шиг их зөрүү гараад ирнэ.


Тэнд нефть, заримд нь байгалийн хий байна. Олборлох өртөг нь хямд, цооног хоолой хоёр байхад л дэд бүтэц нь босоод ирж байна. Тэнд эх газарт түгжигдсэн улс байхгүй, бүгд далайд гарцтай, энэ нь дэлхийн зах зээлд чөлөөтэй гарах хамгийн том (магадгүй амин чухал нь)  боломж нь. Олборлоход хямд төсөр, байгаль орчныг бужигнуулахгүй, далайгаар шууд тээвэрлэдэг түүхий эд тэнд байна. Олсон ашиг нь хуримтлал болж банкинд байршихдаа илүү дөт, тэгээд ч дэлхийн эрчим хүчний нөөцийн ихэнхи нь тэр хэдхэн улсад байгаа хэрэг шүү дээ.  


Тэгвэл манайд  яг үүний эсрэгээр, хөрсөн дор чулуун нүүрс, зэс, бусад үнэт метал  байна.  Олборлоё гэвэл уурхай зайлшгүй, маш том нүсэр барилга байгууламж, асар их өртөг бүхий дэд бүтэц хэрэгтэй. Байгаль орчны эрсдэл байнга дагаастай.  Магадгүй амин чухал нь гэх тэр боломж (далайд гарц) манайд алга. Хэрэв олборлоод, эсвэл олборлон өөрөө боловсруулаад дэлхийн зах зээлд гаръя гэхэд заавал хоёр хөршөөр дамжиж таарна. Иймд хоёр хөршийн тавих болзол нөхцлүүд амин чухал хүчин зүйл нь болоод явчихна. Өөрөөр хэлбэл Персийн булангийн Арабын улсуудтай харьцуулах аваас олсон ашиг нь хуримтлал болж банкинд байрших үйл явц үлэмж хугацаа шаардах ба тэр хүртлээ багагүй зовлон туулна гэсэн үг.    


Гэлээ гээд тэгэхээс өөр зам байхгүй, ДНБ-ий 40 хувь нь уул уурхайгаас бүрдэж байгаа, хэтдээ нэмэгдэж ч таарна. Харин арабын тэр улсууд олборлож эхэлмэгцээ л өнөөгийн тэр их жаргалд хүрчихээгүйг дараахи баримтууд хэлж байна.    


Ордын цаана их юм бий


“Нефтийн Дорно” гэх чихэнд дасаагүй нэр томъёо бүр дэлхийн II дайнаас өмнө гарчээ. Тэр дундаа миний жишээ болгох, очиж үзсэн, биеэр мэдэрсэн, одоо ч албан үүргийнхээ дагуу байнга судалж тандаж байдаг  Персийн булангийн хэсэг улсын хувьд “Нефтийн Дорно” хэмээн нэрлэгдэх түүхэн нөхцөл нь чухам бүрэлдсэн юмсанжээ. Нефть гэх шингэн түүхий эд хамгийн чухлаар тавигдаж ирсэн өөр улс үндэстэн, бүс нутгийг олж заа гэвэл, хэрэв цогцоор нь аваад үзвэл  Персийн булангийн Арабын хэсэг улсаас өөр тэгж нэрлэгдэх улс, бүс нутаг дэлхийд байхгүй.


Тэдгээр улсын эрт эдүгээгийн түүхийг судалж байхад санаандгүй явдлаар энэ нефтийн ид шид эхэлсэн байдаг. Британийн эзэнт гүрний хувьд өөрийн хамгийн том колони Энэтхэгийн ойролцоо усан боомт хайж явтал гэв гэнэт Персийн булан хавиас нефть илэрч, бүс нутгийн нэр хүнд огцом өссөн байна. Ингээд 1930-аад он гэхэд л эндхийн стратегийн ач холбогдлыг их гүрнүүд олон дахин өсгөөд тавьчихаж. Британиас гадна АНУ, Франц, Итали ийшээ сонирхолтой болж, германчууд ч нэвтэрчээ. Холбоотнууд II дайнд ялалт байгуулахад Ойрхи Дорнодын нефть нь эрчим хүчний гол эх сурвалжийн хувьд шийдвэрлэх үүрэгтэй байсан. 1953 онд Иранд Америк, Британийн оролцоотой төрийн эргэлт хийхэд чухам нефть л гол хөдөлгөгч нь болсон, учир нь  Ерөнхий сайд М.Моссадык нь Anglo-Persian (өнөөгийн British Petroleum) компанийг төрийн мэдэлд авч байж үхлээ өөртөө бэлтгэсэн аж.

Хожим нь 1973 онд Саудын  Араб,   Кувейт, Абу-Дабигийн нефтийн ордуудыг европын холбоотнуудтайгаа зөвлөхгүйгээр АНУ дангаар эзэмших гэж байж дэлхийг бужигнуулсан. 1991 онд Кувейтыг Иракаас чөлөөлсөн холбоотны дайн байна. Энэ бол Кувейтын Эмирийн нефтийн нөөцийг аврах, гол нь Саддамыг тийш нь оруулахгүй байх шалтгаанаар нөхцөлдсөн. 2003 оноос өрнөсөн Иракийн эрх чөлөө ажиллагаа мөн л нефтиэр нөхөцөлдсөн гэхчлэн эдгээр жишээ бол нефть тойрсон дэлхийн их бодлогын ердөө салаа сэжүүр нь ажээ.  


Катар


Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан 2007 онд Булангийн гурван  улсад айлчилсан, мөн одоо заримыг нь хавсран суугаагийн хувьд жирийн иргэнээс арай илүүг мэднэ. Түүнээсээ хуваалцая. 2007 онд манай Төрийн тэргүүн айлчилсан гурван улсаас хамгийн жижиг нь гэх утгаар би эхлэн жишээ болгож байна. Энэ жижиг улсад дэлхийн шатдаг хийн нөөцийн 15 гаран хувь нь хадгалагддаг. Тэр утгаараа 1.4 сая хүн амтай (2009 оны НҮБ-ын судалгаа), 11-хэн мянган хавтгай дөрвөлжин км  бүхий элсэн цөлийн энэ жижигхэн улс орчин үеийн ертөнцөд эрчим хүчний томхон гигант болох зорилтыг тавьсан, зорилгоодоо ч хүрсэн байна. Бараг саяхан хүртэл сувд далайгаас шүүрддэг, энэ хавьдаа хамгийн ядуу нь гэх улс байжээ. 1940-өөд оноос нефть хий олборлож эхлээд 1971 онд тусгаар тогтнолоо зарласны дараахнаас бүс нутгийн хамгийн баян улс болж чаджээ. Нефть, хийгээс олсон орлого (нийт орлогын 80 хувь) нь нийгмийн хамгамж руугаа шилжмэгц нийгмээрээ баяжин,  улсаас дааж үнэгүй олгох, эдлүүлэх бараа үйлчилгээ ч эрс олширсон байна. Үндсэн хүн ам нь оршин суугаа гадаадын хөлсний ажилчдаасаа цөөн, яг одоо орон сууцжуулах, барилгажуулах их ажил өрнөж буй тул гадаадын барилгачид маш олноороо ажиллаж байгаа дүр зураг биднийг очиход харагддаг юм.    


Нэгэнтээ байгалийн асар их хийн (дэлхийн нөөцийн 15 хувь) дээр суугаагийнх ОПЕК-той төстэй (Нефть экспортолодог орнуудын байгууллага) байгууллага байгуулах замаар дэлхийн ба бүс нутгийн бодлогод жин нөлөөгөө нэмэгдүүлэхийг Катар зорьж байна. ОПЕК нь нефтийн үнийг өсгөж, буулгадаг бол харин тэр шинэ байгууллага нь 20-30 жил байгалийн хийн үнийг тогтвортой барих зорилготой гэж Катарын Эмир ярьж байв.


Кувейт


Энэ улс бол манайханд харьцангуй танил. Нефтийн нөөцөөр дэлхийд дээгүүрт орох  жижиг улс, байршлын хувьд манайтай адил гэж Гадаад хэргийн сайд нь зүйрлүүлэн ярихыг би хоёр ч удаа сонсож байсан. Нөлөө бүх том том хөршүүдтэй, эх газраар Саудын Араб, Ирактай, далайгаар Ирантай хиллэдэг, стратегийн байршилтай.  Экспортын нийт орлогын 90 хувийг ганц нефть нь бүрдүүлдэг. Эдийн засаг нь чухамдаа “Нефтийн эдийн засаг” нэрэндээ яг зохицох, дэлхийн нефтийн нөөцийн 10 хувь тэнд бий, өдөрт 2.5 сая баррелийг олборлодог.


Гурван сая хүн амтай (НҮБ,  2009), гэтэл уугуул иргэн нь нэг сая гаранхан,  17 мянгахан хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэр, ДНБ-ээс хүн ам тутамд ногдох орлого нь 38.420 ам.доллар (Дэлхийн Банкны 2008 оны судалгаа), кувейт нэг иргэний дундаж цалин нь 1000 гаруй динар (3650 ам.доллар), энэ улсын санхүүгийн актив нь 200 гаруй тэрбум ам.доллар.


Манайхны хийж эхлэх гэж буй эх орны хишиг гэдгийг арабын ертөнцөд хамгийн түрүүн туршсан (үндэсний баялгийг хуваарилахад бүх кувейтчууд тэгш эрхтэй гэж хуульчилсан),  ДНБ-ний 75 хувийг улсын секторт бүтээдэг  тийм нэгэн улс байна. Ирээдүйг дэмжих нөөцийн сан, Ерөнхий нөөцийн сан гэж хоёр санд баялгийн экспортын нэлээд хувийг, Ирээдүйг дэмжих сан руугаа газрын тосны экспортын орлогын хэмжээнээс үл хамааран 10 хувийг нь жил бүр заавал хийж нөөцөлдөг гээд манайхны сургамж авах зүйл байна.


Кувейтын жишгээр бол, манайхны Эх орны хишиг санг бий болгохдоо учрах бүх эрсдэлийг урьдчилан тооцох үндсэн дээр хязгааргүй их мөнгөн хуримтлал эхлэн бий болгоод төр нь түүнийгээ хатуу хянаж, түүнээсээ хөрөнгө оруулалтын эх үүсвэр (хөрөнгө оруулалтын орлого) гаргах, үндэсний бизнесийг дэмжих, гадаадад байршуулах, хөрөнгийн бирж босгох хэрэгтэй, харин иргэдэд хүртээх санг хойч үедээ гэдгээр тусгай сан болгож тусад нь, бараа ажил үйлчилгээг төр даах замаар (жишээ нь Кувейтэд ус, цахилгаан, телефон утасны төлбөрийг нь улс даадаг)  тусдаа хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй гэж кувейтын нэг эдийн засагч 2007 онд манай Төрийн тэргүүнд ярьж тайлбарлаж байв. Харин иргэддээ бэлэн мөнгө шууд тараах тухай ганц ч үг тэр ярианд нь цухалзаагүй.  Хожим би Кувейтын Эмирт бараалхаж итгэмжлэх жуух бичгээ барихаар тэнд очихдоо Эмирийн ордонд тэр эдийн засагчтайгаа дахин таарч, яриа хөөрөө өрнүүлж дотно танилцсан юм. Доктор Юсеф Аль-Эбрахим гэж Эмирийн зөвлөх тэр нөхрийг Монголд урьж зөвлөлгөө авах нь зүйтэй юм уу гэж надад бодогдсон шүү.      


Эмират


Нефть олборлолтын оргил үеийг далимдуулан гадаадаас хөлсний ажилчин авсаар хүн амынхаа 80 хувийг гадаадынхан болгочихсон улс Персийн буланд ганц Эмират (нийт хүн ам нь НҮБ-ын 2009 оны судалгаагаар 4.6 сая, нутаг дэвсгэр нь 77 700 хавтгай дөрвөлжин км) юм билээ. Хотуудын гудамжаар явгаар зорчих, эсвэл мөргөлийн цагаар гудамжинд үзэгдэх нь зөвхөн гадаадынхан,  тэр утгаар энэ хавьдаа хамгийн  либерал улс, бусад шашин шүтлэгийг зөвшөөрдөг, эрх баригчдаа өөрсдөө шууд сонгодог цорын ганц  улс нь 2006 он хүртэл Эмират байв.  


Анхандаа загас агнуур, сувд шүүрддэг явуувтар улс байснаа 1950-иад онд нефть нээгдэж, олборлон баяжсаар хосгүй хөгжлийг бүтээж, нефтийн экспортыг эрүүлийг хамгаалах, боловсрол, үндэсний дэд бүтцийн хөгжил рүү шууд чиглүүлж чадсанаараа алдаршжээ. Хүн амын амьдралын чанар булангийн орнууд дотроо хамгийн дээгүүр нь, Дэлхийн Банкны  судалгаагаар ДНБ-ээс хүн ам тутамд ногдох орлого нь 44.103 ам.доллар. Бусад улсаасаа ялгарах нэг онцлог нь тэнгэр баганадсан сүрлэг барилга, тансаг зочид буудал, жуулчны баазуудыг байгуулах замаар үзүүлэнгийн эдийн засгийг буй болгосон, эдийн засаг нь 4 гол онцлогтой: төрийн маш гүнзгий оролцоо, нефтийн орлогын хэт хамаарал, баялаг тансаг амьдралаа илтгэх их эрмэлзэл, холбооны улсын гишүүн – эмирт улсуудынхаа эдийн засгийн бодлогыг хооронд нь зохицуулдаггүй,  чөлөөтэй тавьсан зэрэг нь ийм их амжилтад хүргэсэн хэмээн бидэнд ярьж байв. Эмирт улс дотроо хамгийн нөлөө бүхий Абу Дабигийн сангийн талаар сонирхоход, төсвийн орлогын илүүдлийн 70 хувийг Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын хэрэг эрхлэх газарт,  үлдсэн 30 хувийг Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын зөвлөлд шилжүүлж хадгалдаг ба тэр хоёр нь Сангийн үүрэгтэй ажиллаж, илүүдэл тэр их мөнгөө  гадаадад урт хугацааны хөрөнгө оруулалт болгон байршуулах хэлбэрээр өсгөдөг гэж бидэнд ярьж байв.


Энэ бүхнээс уншигч Та дүгнэлт хий. Нэгдүгээрт дахин сэргээгдэхгүй ашигт малтмалын экспортоор төсвийн ихэнхи хэсгийг бүрдүүлдэг Булангийн эдгээр  орнууд тусгай хуримтлалын сан байгуулжээ. Эдгээр сан нь ашигт малтмалын нөөц дуусcан үед ирээдүй хойч үеэ дэмжих, эдийн засгийн хямрал үүсвэл улс орны эдийн засгийг тогтворжуулах, эцэст нь нийгмийн нэн чухал асуудлыг шийдвэлэхэд ашиглах хөрөнгө болгон нөөцөлдөг байна. Хоёрдугаарт олборлоход хямд төсөр, байгаль орчныг бужигнуулахгүй, далайгаар шууд тээвэрлэдэг, тэр утгаар олсон ашиг нь хуримтлал болж банкинд байршихдаа илүү дөт арабын улсуудын туршлагыг Монгол Улс шууд буулгах бус, Эх орны хишиг санг бий болгоод үйл ажиллагааг нь эхлүүлэхдээ Кувейтын жишгээр (эхлээд нөөцлөх, байнга нөөцлөх)  явбал ямар бол гэх бодол надад төрж байсан, судалж үзэхэд илүүдэхгүй шүү!

 

“Эх орны хишиг – Эдийн засгийн зарим тайлбар” гарчгаар                                         
“Үнэн”сонины  2008.02.15  № 030 /21004/ дугаарт анх хэвлэгджээ