Онцгой байдлын үеийн оюуны ертөнц

“Үндэсний ТОЙМ” сэтгүүл “Эргэлтийн цэг” дугаартаа уламжлал ёсоор өнгөрсөн онд монгол хэлээр бүтээсэн шилдэг номуудыг нэрлэж байна. Цар тахлаас шалтгаалан оюуны бизнес эрхлэгчид, ялангуяа ном, хэвлэлийн үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн газрууд санхүүгийн хувьд хүнд байдалд орсон хоёр дахь жилээ үдэж байна. Гэхдээ агуулга бүтээгчид гар хумхин суусангүй. Ер нь зөвхөн ном, хэвлэл биш агуулга бүтээх бүхий л салбарт гарч буй дэвшил, уран бүтээлчдийн тэмүүллийг төр засаг онцгойлон анхаарч, ганц нэгхэн бүтээл, студид онцгойлсон ивээл хүртээлгүй, салбараар нь хөл дээр нь босгох дорвитой эдийн засгийн хөшүүрэг бий болгох шаардлага тулгарчээ. 

Бид үндэстний уран зохиол, яруу найраг, уран зохиолын бус бүтээл, орчуулгын уран зохиол, уран зохиолын бус орчуулгын бүтээл, хүүхдийн ном гэсэн зургаан төрлөөр тус бүр таван шилдэг номыг онцоллоо. Эдгээр номуудыг тодруулахдаа номын талаар тогтмол бичдэг тоймчид, хэвлэлийн газрын редакторууд болон судлаачдын саналыг харгалзан үзлээ. 


Уран зохиолын орчуулга

Хандлага

Сүүлийн таван жилийн турш ихээхэн эрчтэй байсан уран зохиолын орчуулгын давалгаа энэ жил саарлаа. Томоохон номын дэлгүүрүүдийн орлого эрчтэй буурсан тайлан гарах магадлалтай байгааг эх сурвалжууд нуусангүй. Энэ нь ч шинэ тутам, дуу дуугаа авалцан байгуулагдаж буй хэвлэлийн газруудад нөлөөлсөн нь дамжиггүй. Түүнчлэн хавар намартаа болдог томоохон номын яармаг худалдаа номын зах зээлийн хэвийн эргэлтэнд сөргөөр нөлөөлж эхэллээ гэж үзэх нэг нь ч байна.


Хомер. “Илиада” тууль (Орчуулагч Д.Цахилгаан)

Хэвлэлийн газар: Монсудар

Номын тухай:

Төр нийгмийн зүтгэлтэн Д.Цахилгаан гуай орчуулагчийн хувиар өнгөрсөн онд тун үр бүтээлтэй байв. Он дамнуулан орчуулсан Хомерийн “Илиада” тууль нь хэвлэгдлээ. Түүнчлэн мэндэлснийх нь 200 жилийн ой тохиож буй Ф.М Достоевскийн “Мөрийч” романыг мон монгол хэлнээ орчуулан хэвлүүлсэн юм. 

Монгол туульсын бадаглал, хэмнэл рүү өрнийн их туулийг буулгасан өмнөх туршлага нь Илиада дээр илүү ид хавыг олсныг дурьдах нь зүй. 


Оросын орчин цагийн өгүүллэгүүд (Хамтын эмхэтгэл)

Хэвлэлийн газар: Монголын орчуулагчдын эвлэл

Номын тухай:

Оросын уран зохиол хаана явна вэ? 30 гаруйхан жилийн өмнө оюун санааны чигээ хийж байсан хойд хөршийн утга зохиол, яг одоо бүтээн туурвиж буй зохиолчдын тухай мэдээлэл манай уншигчдад хомс болсон цаг үе. Үүнийг Монголын орчуулагчдын эвлэлийн тэргүүн О.Чингбаяр тэргүүтэй эрхмүүд анзаарчээ. Ийнхүү Оросын орчин цагийн 24 зохиолчийн өгүүллэгийг манай 20 шилдэг орчуулагч хөрвүүлэн хэвлүүлсэн нь энэ ном юм. Орчуулгын төслийг алдарт орчуулагч Хасбаатарын Мэргэний нэрэмжит “Мэргэн зон” ТББ-аас дэмжсэн бөгөөд цаашид монгол өгүүллэгүүдийг ч орос хэл дээр орчуулах төсөл эхэлжээ. 


Ким Ионгха “Эх орон чинь дуудаж байна” роман (Орчуулагч Б.Дэлгэрмаа)

Хэвлэлийн газар: Тагтаа

Номын тухай:

Солонгосын зохиолч Ким Ионгхагийн “Эх орон чинь дуудаж байна” роман зохиолчийн хамгийн чухал бүтээлд тооцогдох бөгөөд нэг ард түмэн хоёр хэсэг хуваагдаж, хэлээр биш ч хилээр харьшсан явдлаас ургуулан жир хүний хувь заяа хийгээд, ерөөс хүмүүний мөн чанарыг нийгэм, сэтгэлзүй, ёс суртахууны олон талаас шүүн тунгаасан тун сонирхолтой бүтээл юм.

Номын орчуулагч Б.Дэлгэрмаа


Кавабата Ясүнари “Мянган тогоруу” роман (Орчуулагч П.Наранбаяр)

Хэвлэлийн газар: Итгэл Марал

Номын тухай:

Японы суут зохиолч Кавабат Ясунарид шагнал өгөх тодорхойлолтондоо Нобелийн хороо, “Цасны Орон”, “Мянган Тогоруу”, “Хуучин Нийслэл” хэмээх гурван зохиолыг нь цохон тэмдэглэж, хүүрнэхүйн торгон мэдрэмжийг нь онцолсон байдаг. 

“Шинэ монгол” дээд сургуулийн удирдлагаас улс төрд орсон П.Наранбаярт Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр агсан орчуулахыг зөвлөж байжээ. Орчуулгын чанарын хувьд дундаж бөгөөд, ахин хэвлэхэд хүрвэл монгол хэл найруулга дээр анхаарах хэрэгтэй юм. 


Жулиан Барнс “Төгсгөлийн мэдрэмж” роман (Орчуулагч Д.Мөнххишиг)

Хэвлэлийн газар: Тагтаа

Номын тухай:

Танд өөрийн гэсэн амьдралын дурсамж дуртгал бий, амьдрал тань хэрхэн өрнөсөн талаар гол төлөв өөртөө л хүүрнэдэг түүхүүд гэж бий. Тэгтэл өнөө түүхдээ үе үе эргэлзэхээс аргагүйддэг. Ямар нэг зүйл тохионо, хорь гучин жилийн тэртээх явдлыг хэн нэгэн сөхнө, ярьсан нь харин таны бодож итгэж явсантай зөрж орхидог. Би энэ тухай л бичих гэсэн юм. Харьцангуй богинохон зохиолд хэр өргөн сэдэв багтаасан тухай яривал - 150 хуудас ном шүү дээ - зохиолчийн ур ухаан тэгшрээд ирэхээр цаг хугацааны эвийг олохдоо арай дөмөг болдог шиг байгаа юм. 

Зохиолч Жулиан Барнс


Дурдууштай бүтээлүүд:

Ф.М. Достоевский “Карамазовын хөвүүд”, “Мөрийч”, Юкио Мишима “Багт хүний наманчлал”, Майкл Онтадже “Англи өвчтөн” (Монсудар), Габриэль Гарсиа Маркес “Эзэнтний намар”, Александр Солженицын “Тамын диваажинд” (Болорсудар), Андрей Белый “Петербург” (Шилдэг ном), Хироми Каваками “Токиогийн жинтэй агаар” (Sayan), Мин Жин Ли “Пачинко” (Balj and Purev)