Нэг сая хүн шингээх бэлээхэн том талбар СЭЛЭНГЭ-ДАРХАН
УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд Ж.Энхбаяртай хуучилснаа болон миний өөрийн байр суурийг дор буулгая.
Нэг сая хүн шингээх бэлээхэн том талбар
СЭЛЭНГЭ-ДАРХАН
- Яагаад болохгүй гэж?
УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд Ж.Энхбаяртай хуучилснаа болон миний өөрийн байр суурийг дор буулгая.
Нийслэлийг задлах, тараах хэрэгтэй гэдэг дээр миний саналыг 100% дэмжсэн яриа бидний дунд өрнөв. Бүр уригдав. Хэсэг нөхдийн хамт Дархан явахаар тохиров. Одоогийн Улаанбаатар өөр ямар ч гарц байхгүй болчихсон, жил ирэх тусам хүндэрнэ гэдгээ ч би барин тавин нотлохыг хичээв.
Түр зуур аргацааж, болж өгвөл хөлдөөчихгүй, осгоочихгүй, тог цахилгааныг нь олон цагаар таслуулчихгүйн тулд л энэ төр-засаг ажиллаж байна. Эрчим хүчний бодлого ба чармайлт нь ердөө энэ. Утаа ба түгжрэл дээр Монголын Засаг-төр цагаан тугаа өргөөд буугаад өгчихсөн. Эрхбиш ингэж аргацааж байгаад Цагаан сартай золгоод дараа нь хавар залгачихаар зовлонгоо мартаад дараагийн өвөл хүргэнэ. Нийтээрээ. Ийм л тамын тогооны үлгэртэй, өвөлжилтийн ажил нь ийм л циклтэй яваад ирсэн, явж ч байна–миний байр суурь.
Зураг-бид хоёр
Эрхэм Ж.Энхбаяр дүүгийн зүтгэл чармайлт надад таалагддаг юм аа. Нийслэлийн хэт төвлөрлийг задлах анхны алхмууд хийгдэж байгаад Төр ташуур өгч нэгдсэн бодлогоор дэмжих л хэрэгтэй. Ж.Энхбаярын санаачилга–ганц аймгийг төрөлжүүлэх бодлогыг нь хоёр гараа өргөн дэмжиж байнаа. Нийслэлийг задлах анхны алхам гэж түүхэнд орог л дээ.
- Нийслэлдээ бүтэлгүй аж төрж буй, олон жил арчаагаа алдсан улны иргэдэд уриалах нь!
- Эсвэл тэтгэвэртээ суусан сэхээтнүүдэд уриалах нь!
- Нийслэлд ажилгүй гиюүрч суугаа хөдөлмөрийн насны бүх иргэдэд уриалах нь!
Гэж онцолж байгаад сонорт нь хүргэе. Нийгмийн халамжийн ба ажлаар хангах бүх шатны байгууллага анхааралдаа авна уу гэе.
Дархан-Сэлэнгэ бэлээхэн дэргэд чинь, төмөр замын дагуу хөгжлийн шинэ хаалгаа нээж байна шүү. Сэлэнгэ аймгийг тэр чигт нь фермерийн аймаг болгоод газар тариалан–мал аж ахуйн эрчимжсэн ганц аймаг гэж цоллоод тусад нь гаргая. Яагаад болохгүй гэж? Газар тариалангаа дагалдаад ХААИС-ийг харьяа бүх сургууль, хүрээлэн, эрдэмтдийнх нь хамт Дарханд төвлөрүүлээд онцгойруулъя. Тусгай хангамж эдлүүлье. Яагаад болохгүй гэж?
Би эрхэм дүү Ж.Энхбаярт хэлж байлаа. Юу гэвэл Дархандаа олон улсын аэрпорт байгуулуул гэж. Олон улсын аэрпорт байгуулчихсан 42 мянгахан хүн амтай Маотай хотын (Хятадын Гуйжоу муж) туршлагыг би ярьж өглөө.
Ийм супер нэг аймаг гараад ирвэл нийслэлдээ тарчлан буй, ядуурч үхэх гэж байгаа иргэд Та нар минь нийслэлээ нулимаад, нийслэлчүүд биднийгээ нулимаад Дархан-Сэлэнгэ рүү арилж өг л дөө. Бид гомдохгүй. Нулимахыг чинь тэснэ. Гол нь Та нар минь тэр нэг жижиг аймгийг “Хоёрдугаар Монгол” болгоод өгнө үү! Биднийгээ атаархаж үхтэл нь амьдраад өгөөч! Яагаад болохгүй гэж?
Ийм супер аймгийг МОНГОЛ ХҮН Та өөрийнхөө хөдөлмөрөөр босгож, түүнийхээ үр шимийг үзэж, Улаанбаатарынхан атаархаж үхтэл нь амьдрах хэрэгтэй. Газар тариалан-эрчимжсэн мал аж ахуй хослуулсан тэр аймаг гэхэд л лав нэг сая МОНГОЛ ХҮН-ийг шингээх орон зай хүрэлцээтэй байна. Бэлэн дэргэд чинь байна, Улаанбаатарчууд аа! Яагаад болохгүй гэж?
Жорлон руу цутгаж байгаа мэт асгаруулан буй тэр их нийслэлийн халамжийн мөнгө, халамжийн бодлогоо 21 аймагт шилжүүлээд төвлөрүүлэх гэдэг нь нэгэн зэрэг амаргүй л дээ. Хэцүү. Эхний ээлжинд Дархан ба Сэлэнгэ, дараагийн ээлжинд аж үйлдвэрийн парк хот буй болгох гэж байгаа Сайншанд руугаа төвлөрүүлэе. Яагаад болохгүй гэж? Төмөр замаа дагаад хөгжинө гэсэн үг. Яагаад болохгүй гэж?
Хэнтий аймгийг үлгэр жишээ, жишиг аймаг болгоё гэж би дээхнэ бичиж байсан. Тэр санаагаа орхиогүй. Хэнтий яагаад супер аймаг байж болохгүй юм бэ? Бас л нийслэлчүүдийг атаархаж үхтэл нь хөгжүүл л дээ. Яагаад болохгүй гэж?
Тэгээд нийслэлдээ халамжийн бодлогоо шал өөр болгоё. Хийсэн бүтээсэн, эх орноо хөгжүүлсэн, монгол хүнээ хөгжүүлсэн, оюун тархиа дайчилсан, нийгмийг урагш ахиулахад хувь нэмрээ оруулсан, ядаж зөв амьдарсан (сахилга бат–үлгэр жишээ) хэмээн өндөр босго, шалгуур тавьчихъя. Босго давж чадахгүй нь гомдог. Нутгаа бараадтал нь гомдоочих!
Утаа-Түгжрэл-Эрчим хүч, сургууль цэцэрлэг, эмнэлэг сувилал чинь шийдэгдчих юм биш үү? Эцсийн эцэст нийслэлээрээ дүүрэн уушигны эмнэлэгтэй болох гээгүй бол шүү дээ!