Хацарны гадаргуу жаварт хайрагдан хамар луу нүүрсхүчлийн хий урсаж уушиг хордуулдаг, миний Улаанбаатарын өвөл дууслаа. Хогондоо дарагдсан замын түгжрээн дундах уцаартай жолооч нарын бухимдал хилэн, хийсэж буй цаас, гялгар уутан овоо, хүний бас нохойны шээс болон зам дээрхи шүлсэн толбонууд.

Гудамны мухарт мянгын архи тойруулан зогсоо зорилгогүй хүн хогнууд, Монголын төлөө бас тэдний төлөө шаналахгүй гэсэн дээ арван зуун мянган сая тонн алт зэс нүүрсээрээ гайхуулж сэтгэлээ түр тайтгаруулах болж байна уу. Наян жилийн түүхтэй ах намаараа бахархан суухуу. Арлаас ирсэн Асашёорүгаа бодон сэтгэлээ жаахан ч гэсэн хөөргөх үү.

Бид юугаараа бахархах ёстой юм бэ, толгойныхоо үснээс ганц ширхэгийг цайтал нь жаахан эргэцүүлж үздийм билүү.

Спорт, тэр дундаа Олимпын аваргууд. Цөөхөндөө цөөхөн, бид хэдүүлэхнээ мөртлөө мундагтаа дэлхийн аварга, олимпын аварга болсон тийм ээ. Гэтэл яанаа, сая Оогоо Агаа нарыг WORLD CUP 2010 –аас мулталдаг Словень чинь ердөө хоёрхон сая хүнтэй юмаа. Бас тэр нөхдүүд Бээжингийн олимпоос алт мөнгө хүрэл нийлээд 5 медаль авчихаж. Шинэ Зеланд, 4 сая хүнтэй, манайхаас жаахан л олон. Гэтэл тэд нар Бээжин 2008 –аас гурван алттайгаа нийлээд нийт есөн дугаргий зүйлийг хусчиж. Онцын ялгаа алга дөө.

Газрын баялаг. За даа энэ ч тийм их бахархаж хөөрмөөр эд биш л дээ. Өвөрмонголын шороон доор манай алдарт хоёр толгойг хэд нийлүүлсэн ”гого” эрднэсүүд булаастай даа аягүй бол. Улиг болтол ярисан хэвлэл мэдээллийн гол дүрийг таануус өөрсдөө мэдэж л байгаа биз.  

Онгон дагшин байгаль минь үнэхээр гайхалтай. Ямар ч хүний гар хүрээгүй цэвэр ариухан “оригналь” газар шороог шүтэхгүй байхын аргагүй. Гэхдээ л зургаахан хувь нь мод бургастай, тал хээрийн хавсарга нь нүүрний арьсыг “хашраадаг” бидний нутгийг үзэх гэж ирдэг шонхор хамартнууд Казакуудын цөлд жуулчлагчдаас лав цөөхөн дөө. Төв Азийн энгэрт хэсэгхэн газрыг эзлэн суудаг маниуст бурхан хамгийн гоё нутгийг шилж зааж өгөөгүй дэг.

Бидний найман зуун жилийн түүх болон тусгаар улс үндэстэн гэсэн ойлголтыг яс цусандаа шингээсэн тэр их сэтгэлгээний боловсрол, үзэл баримтлал маань угтаа дэлхийн ихэнхи ардуудаас ялгарах томоохон бахархал байж болох. Угтаа бол эртний Грекүүд одооны Грекүүд биш. Эртний Египетчүүд хаачсаныг бүү мэд лавтайяа одооны Египтийн иргэд нь зүгээр л араб Мухамедууд. Дэлхийн ихэнхи улсуудаас хамаагүй баялаг түүхтэй төдийгүй найман зуун жилийн өмнө сэлэм эргүүлж явсан баатруудын үр хойчууд л одоо гудамжаар алхаж яваа шүү дээ. Эртний Монголчууд бол одоогийн Монголчууд, энэ бол үнэхээр том бахархал үнэхээр том онцлог. Ёоооооооё, гэтэл нөгөө муу хужаа нар чинь, бас ад үзэгдсэн Энэтхэгчүүд чинь биднээс хамаагүй баялаг түүхтэй, бүүр дэлхийн соёлын өлгий болох юмаа. Бас л гоцроод ялгарах ойлголт биш бололтой.  

Улс гүрэн байтугай Амозонкийн дурын нэг омог хүртэл урлагтай, спорттой, эдийн засагтай, соёл түүхтэй бид ч бас. Бүгдээрээ л ялгаатай.

Бүх зүйл хоосон чанартай бөгөөд зуурдынх хэмээн буддын гүн ухаанд сургасан шиг бидний хүчирхэг байсан тэдний дорой явсан өнгөрсөн түүх болон тэд баян бид ядуу байгаа одоо цаг үе, бас л хоосон чанар, энэ бол зуурдынх.

Хөлбөмбөгийн багийн жинхэнэ хөгжөөн дэмжигч нар багаа доод лигт унасан ч шүтсээр л байдаг, харин амжилттай яваа том багуудыг сонирхон шимтэгчид бол урсгалаар явагчид. Монгол маань ядаж бидэндээ нэгэн том хөлбөмбөгийн баг мэт шүтэгдэж чадах болов уу.

Монгол улс онцгой ч байж магад үгүй ч байж магад, Монголын алт зэс хамгаас ховор ч байж магад үгүй ч байж магад, Монголын залуус бусдаас сод төрдөг ч байж магад үгүй ч байж магад, Монголын хөөмийг хятадууд сурж ч магад үгүй ч байж магад, Монгол улс хөгжиж ч магад үгүй ч байж магад.

Урьд насандаа би Индиан хүн явсан байж магадгүй л дээ, гэхдээ одооны амьдрал нь Монгол. Дэлхийн хуурай газрын нэлээдхэн хэсгийг бид хэдүүлэхнээ эзлэн сууна, зөв байна. Олон өрөөтэй тухтай байшиндаа жинхэнэ хүмүүнлэг тогтолцоон дундаа барууныхан сайхан амьдардаг, чадаж байна. Бид аймшигтай амьдардаг, хоосон чанар, хохь чинь, хувь заяа минь.

Олон мянган ардууд аймшигтай тогтолцооноос салахыг хичээн айлын хоол барааддаг, буруутгахгүй ээ. Гадаад орны өнгө үзэмжийг таалан уярахдаа сэтгэлдээ нэгээхэн гунигийг тээдэг байх, айлын гэрт бодол тогтуун биш. Солонгосчуудын өндөр хөгжлийг хараад “очиж амьдрах юмсан, ямар атаархмаар юм бэ” гэж бодогднуу гэхээс биш сэтгэлд таалагдахгүй, харин ч заримдаа дэлбэлчихийг хүсдэг.

Бодоод бодоод юугаараа ч бахархах ёстой юм бээ бид чинь. Бахархалыг хайгаад эргэцүүлээд тооцоолоод үзэхэд гоцорч ялгарах ухагдахуун гарч ирэхгүйм байна л дөө. Бахархах ЁСТОЙ биш юм байна, бахархах эсэх нь СОНГОЛТ юм уу даа. Бид бүгдийн сонголт, Монголоороо бахархана уу байна уу өөрсдөө л мэд.

Өндөөөөөр уулын орой дээр гарахад нүдний харах хүрээнд 200 гаран километрийн чинад сүүмийн үзэгддэг гэлцэнэ. Тэр үедээ “энэ бол минийх“ хэмээн цээжин дотроо орилоод үз, нэг юм бодогдоно.

.....