Инээдмийн баярыг хавар тэмдэглэдэгт их учир бий


1. Тарган тавтай хаваржиж байна уу, та? Бид энэ дугаараараа хүн төрөлхтөний олонхын гол проблем болсон таргалалтын асуудлыг хөндөж байгаа юм.

-    Зуд болж байхад таргалалтын асуудал хөндчихөөд яаж тавтай байлгах гэсэн улс вэ, та нар чинь?


2. Та сүүлийн үед ямар томоохон бүтээл дээр ажиллаж байна даа?

-    Том юм хийх зав гарахгүй байна. Пүрэв гаригт миний бичсэн өгүүлэл сонинд гардаг. Харин баасан, бямба, ням, даваа, мягмар, лхагва гаригуудад тэрийгээ бичдэг юм.


3. Монголд ойрд болж өнгөрсөн инээдтэй явдлуудаас нэрлээч?

-    Чи ямар инээдтэй юм асуудаг хүү вэ?


4. Инээдмийн өдөртэй анх яаж танилцсан бэ?

-    Ёстой сайхан танилцсан. Ярих юм биш.


5. Инээдмийн баярыг хавар тэмдэглэдэгт ямар нэгэн учир байна уу?

-    Учир байна, байна. Гэхдээ тэрийг ярих цаг нь бас л биш. Цагийг нь болохоор би уг асуудлыг олон түмэнд дэлгэнэ.


6. Амьдралыг биднээс өөр өнцгөөс харах хэцүү байдаг уу?

-    Өөр өнцөг л харагдаад байдгаас өөр бэрхшээл байхгүй.


7. Инээдтэй, тэнэг хоёрын хооронд хэр зай байдаг юм бол?

-    0,99999999999 микрометр зай байдаг.


8. Хошин зохиолчдоос танд хамгийн их таалагддаг хүн хэн бэ?

-    Эмэгтэй шог зохиолч байдаггүй юм даа.


9. Өнгөрснөө бид их шүүмжилдэг л дээ. Ирээдүйг шүүмжлээч гэвэл юу хэлэх вэ?

-    “Ёстой дэмий ирээдүй байна” гэвэл болох уу?


10. Хүн яагаад үхдэг юм бол?

-    Хүн их төлөв нас барахаараа л үхдэг юм билээ.


11. Инээдмийн баяраар нэгнээ хуураад байдаг. Хошин шогийн мэдрэмж муутай улсын арга уу?

-    Үгүй ээ. Үндэсний хам шинж. Монгол зурхайд “тангарагаас няцахад сайн өдөр” тусгайлан заалттай байгаа, хараарай.  Нарийн ярих юм бол бид календарийг ганцхан зорилгоор хардаг. Хэдэн хэдэнд хүн хууралгүй амарч өнжих учиртайг мэдэх гэж.


12. Эмэгтэйчүүд яагаад эрчүүдэд таалагддаг юм бол?

-    Хүн өөрт байхгүй юмаа л эрдэг гэж мэргэд сургажээ. Чамд байдаг юу тэдэнд алга байна? Сэтгэ. Сэтгэ... Би уул нь сахал гэж бодож байсан, гэтэл чи... /инээв/


13. Гижигдүүлж инээх, хошин яриа сонсож инээх, хүн шоолж инээх гуравт ямар ялгаа байдаг вэ?

-    Дуудлага, бичлэгийн ялгаа байна.


14. Тэнэгийн хязгаар хаана хүрдэг бол?

-    Шалихгүй дээ, ухааны хязгаараас ганцхан мм-ийн цаана очдог юм.


15. Амьдрал бол алиа хошин явдал юм гэсэн үгийг юугаар нотлох вэ?

-    Бидний төрснөөр нотлогдоно.


16. Таны инээд юунд хамгийн их хүрдэг вэ?

-    Инээд хүргэсэн юм харахаараа л инээгээд байдаг юм, золиг чинь.


17. Баабар, Болдхуяг та гурав онигооны ном гаргаж байсан. Хамгийн сүүлд ямар онигоо зохиосон бэ?

-    Би амьдралдаа нэг ч онигоо зохиож яриагүй. Бусдын бүтээсэн онигоог л ярьж өгсөөр ирсэн.


18. Хүн шоолох нүгэл гэж ярьдаг даа. Та хэргээр нүгэл хурааж байгаа хүн үү?

-    Эс инээдтэйд инээвэл эс өгснийг авсны нэгэн адил нүгэл мөн. Харин инээдтэйд инээх нь өгснийг авсны адил хэвийн явдал.


19. Хошин шогийн мэдрэмж гэж яг юуг хэлдэг юм бэ?

-    Хошин шогийн мэдрэмжийн хамгийн сонин илрэл бол түүнийг огт ойлгохгүй байх явдал.


20. Хүмүүс таны амнаас байнга уран хошин үг хүлээж байдаг нь хэцүү санагдах үе бий юу?

-    Үгүй. Харин хүмүүс надаас юу ч хүлээхээ байчихвал хэцүү.


21. Хүмүүс танаас юм хүссээр байна гэдэгт итгэлтэй байна уу?

-    Итгэлтэй байна. “Бичээд байгаасай” гэж хүсэхээ больдог юмаа гэхэд “болиод өгөөсэй” гэж хүсэгчид үлдэнэ шүү дээ.