Иргэдийн яриа элдэв хачиргүйгээр ийм байв
Ерөнхийлөгчөө харсан хөдөөний иргэд уур хүрмээр, санаа авмаар, заримдаа наргиантай, янз бүрийн араншингаар санал бодлоо хэлэх юм.
Ерөнхийлөгчөө харсан хөдөөний иргэд уур хүрмээр, санаа авмаар, заримдаа наргиантай, янз бүрийн араншингаар санал бодлоо хэлэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийтдээ долоон аймагт 16 удаа иргэдтэй уулзалт хийсэн.
Завсраар нь орон нутгийн удирдлагууд хүлээн авсан гээд бодохоор зургаан хоногт цай уухаас өөр сул цаг бараг байхгүй байлаа.
Очсон газар бүртээ уулзалтыг нээж, заримдаа товчхон, заримдаа дэлгэрэнгүй хэлж байсан түүний гол үзэл санааг нь тоймловол “…Найман сарын өмнө намайг Ерөнхийлөгчөөр сонгосон сонголтод тань юуны өмнө баярласнаа чин сэтгэлээсээ илэрхийлье. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн ялгарах гол онцлог бол хууль, шударга ёсыг сахиулахын төлөө байх болно. Нэр дэвшээд явж байсан үеийн хэлсэн үг, үзэл санаа өөрчлөгдөөгүй. Гэхдээ авлигын сүлжээ, хуулийн шударга бус байдлыг Элбэгдорж гарч ирээд алга урвуулахын чинээ амархан өөрчилнө гэж байхгүй. Ёс суртахуунгүй явдал энэ орныг аалзны тор мэт хэрсэн байгааг олон түмэн ба авлигачид өөрсдөө ч мэдэж байгаа. Харамсалтай нь тэд өөрсдөө саналаараа зайгаа тавьдаггүй юм бол тэднийг өөрчлөх өөр хуулийн заалт үгүй. Ерөнхийлөгч ба ард түмэн тантай цаашид хамтарч ажиллах боломж алгаа гээд байхад зөвхөн албан тушаал дээрээ тогтохоос өөрийг боддоггүй, хийдэггүй хүмүүс олон байна. Шударга ёсны төлөө тэмцэхийн тулд ихээхэн эр зориг шаардагддаг. Тэгээд өөрөө мөнгө хөрөнгөний асуудалтай бол энэ тухай яриад ч хэрэггүй. Төрийн тэргүүн хувь хүнийхээ хувьд зөв сэтгэлтэй байвал үйлс бүтнэ гэж үздэг. Орон нутаг дахь засаг захиргааны бүтэц, эрх мэдэл энэ байдлаараа хол явахгүй нь улам ойлгомжтой болж байна. Хаа сайгүй зудын гамшиг болж байхад аймаг сумын Засаг дарга, Иргэдийн хуралд өөрөө шийдэх хөрөнгө мөнгө юу ч байхгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ. Санаачилгаараа намар өвс хадлан бэлдэх гэх мэт аливаа ашиг орлого хийвэл дээрээс шууд хурааж авах хуультай. Харин юу ч хийхгүй сууж байгаад малаа үхүүлбэл зардлыг нь гаргаад өгч болно. Ийм урвуу тогтолцооноос болж хөдөө орон нутаг хөгжихгүй байна. Эрх мэдэлгүй нутгийн удирдлага, банкны кассын нярав хоёрт ялгаа алга.
Төсвөөс хуваарилсан тэрбум төгрөгийг аймаг хуралдаад өөрсдөө задаргаагаа хийдэг, аймгаас сумын хурал өөрт оногдсоноо яахаа шийддэг эрх мэдлийг олгох нь чухал. Гэхдээ хэдэн дарга нарт хандаж байгаа юм биш. Эрх мэдлийг бүр цааш нь иргэдэд олгох ёстой. Татварт орж ирсэн энэ мөнгөөр юу хийхээ шийдэцгээе гэж зарлалаа. Зарын дагуу ирэхэд нээлттэй байг. Санаагаа хэлэг. Та нарт хэлсэн, шийдсэн, алдаа гарсан бол дахиад ярьцгаая гэх зэргээр дараа нь ямар нэг хэл амгүй асуудал шийдэгдэнэ. Засаг захиргааны нэгжийг томсгох тал дээр бол хүн амын төвлөрлөө дагаж сумдыг хөгжүүлбэл илүү үр дүнтэй. Тухайлбал 5000-аас дээш хүн амтай бол төдөн жилийн сургууль байна. Ийм статустай эмнэлэг ажиллана гэх мэтээр малын тоо бус хүнээ бодсон бодлого явуулбал хөдөөд амьдрах орчин хөгжинө. Нэгдэл дагаж сум, сум бараадаж нэгдэл үүссэн. Одоогийн зах зээлжсэн хувилбар нь бол сум хоршоо, сум хувьцаат компанийн зохион байгуулалтад орох нь зүйтэй. Хуучин тогтолцооноос ялгаатай нь иргэдийн хувийн өмчин дээр тулгуурлаж байгаа болохоор ийм замыг сонгоход шударга зарчим үйлчилнэ гэж бодож байна.
Төрийн удирдлагууд өөр өөрт оногдсон үндсэн үүргээ биелүүлэхийн төлөө ажиллахад дунд нь яалт ч үгүй нэгэн асуудал орхигддог. Энэ бол үндэсний хэл, соёл, зан уламжлалын тухай юм. Монгол Улсын орших тусгаар тогтнолтой энэ сэдэв холбогддог. Бидний багад эцэг эх, ах дүүсээрээ гэртээ зуухаа тойроод хамтдаа бүхнийг ярьж, тэндээс бүгдийг ойлгож мэдэрч өсдөг байлаа. Орчин үеийн суурин газрынхан багаасаа тус тусын өрөөнд орж эцэг эх, нутаг нугаасаа улам холдсоор байна. Сүүлдээ бид Монголын гэх онцлогоо гадаад оронд алдах дээрээ туллаа. Манай уламжлал зан заншил нь олон мянган жилийн явцад шигшигдэж, амьдралд батлагдаж ирсэн орхиж болохгүй мартаж гээшгүй хүмүүжил төлөвшил юм. Ингэж болдоггүй юм, ингэвэл нүгэл, ийм учиртай юм гэх сургаал шингэсэн зан заншил, ёс суртахуунаас илүү нийгэмд нөлөөл-дөг иргэний ба эрүүгийн хууль байдаггүй. Энэ талаар Ерөнхийлөгчийн зарлиг удахгүй гаргана. Үүнд би төрийн тэргүүний хувьд онцгойлон ач холбогдол өгч байгаа.
Дараа нь заавал хэлэх ёстой нэг сэдэв бол байгаль орчны асуудал байна. Ойролцоогоор хүн төрөлхтөн 2000 орчим жил дэлхий хэмээх энэ морийг эмээллэж унаад цогилоо. Тэнхлэгтээ өдөртөө багтан бүтэн эргэж, нарыг жилийн дотор тойрч хурдлуулдаг дэлхий маань өнөөдрийг хүртэл биднийгээ жаргааж явж. Одоо байгаль цаг уурын эргэлтгүй таагүй байдлын өмнө манай орон, ялангуяа нүүдлийн мал аж ахуй хамгийн ихээр нэрвэгдэх аюул нүүрлэлээ. Үүнд анхаарлаа хандуулж хүн бүр дасан зохицох бэлтгэлтэй байхыг сануулж байна. Байгаль эх бидэнтэй ямар ч гэрээ хийхгүй, хоёр намын дарга очоод хэлэлцэж, бусад нь жагсаал цуглаан хийгээд нэмэргүй. Хүүхдийг, хөгшдийг, байгалийг баярлуулж хэвшсэн уламжлалтай орон билээ. Байгалиа хайрлаж баярлуулсан эерэг энерги дүүрэн байвал монгол түмний минь заяа хазайхгүй биз ээ. Би шүтлэгтэй хүн. Муу юм бүү болоосой гэж боддог. Ер нь ирж яваа цагаа, эхэлж байгаа нийгмээ харааж бус ерөөж угтаж байгаач ээ…” Яг ингэж хэлээгүй ч ийм ойлголтыг тэрээр уулзсан газар болгондоо орон нутгийн онцлогийг харгалзан янз бүрээр илэрхийлж явсан юм.
Уулзалтын дараа асуулт хариултууд амаар, бичгээр тасралтгүй хөвөрч өгнө. Тэр талаар тоймлоё.
-Цас зуд хүндэрсэн энэ үед л нөгөө амлаад байсан сая таван зуугаа эхний ээлжинд малчдад өгчих арга юу байна? (Говь-Алтай)
-Би эхийнхээ тэтгэврийн мөнгөөр амьдардаг. Нөгөө мөнгөө өг гэж байна. Өгөөч чи? Би ядарч байна. Мөнгөө авьяа аа ий ий (цурхиртал уйлав. Хөвсгөл. Тариалан сум)
-Вайя ээркэм Ерөнкийлөгч, таныг бид ик чударга күн гээд сонгосон… Маш их баярлаж байгаа. Та бол… (Товчхон ярьж санал бодлоо хэлнэ үү)… Би арван таван күкэдтэй, амьдрал ядуу. Нэг сая бас дээр нь 1.5 сая бүгд 2.5 саяыг үржих нь 17… (Болио боль. Түрүүн энэ тухай ярьчихсан ш тээ. Ховд. Булган сум)
-Яг одоо 2.5 саяа өг. Яасан их худлаа ярьдаг юм. Энэ заалнаас мөнгөө авч байж гарганаа. Би чамаас мөнгөө авч байж л гарна даа хө. Тэмцэцгээе. Хувьсгал хийх цаг нь болжээ. Ура нөхдөө? (Еэ базарваань хум пад. Эрдэнэт хот)
Ерөнхийлөгч: -Хоёр гол нам сонгуульд оролцохдоо амласан мөнгөө та бүхэн авахыг хүсэх тутам хурдан өгүүлэхийг би зорьдог. Нэгэнт амласан юм чинь өгөх л болно. Амлалтаа хэрэгжүүлэх хугацаа байхгүй биш юм шүү. Хугацаа алдвал ард түмэн өөр сонголт хийх тул үүнээс мултрах арга байхгүй. Харин дараа нь яах вэ? Сонгууль болгонд бэлэн мөнгө амладаг энэ явдлыг үүгээр таслан зогсоох нь зүйтэй. Алт, зэс, нүүрс, одоо уран, газрын тос гээд ар араасаа нээгдсээр байгаа уул уурхайн их баялгийн хувийг иргэд хүртэх ёстой. Хэрэв та бүхэн санаж байгаа бол “Эрдэнийн хувь” өгнө гэж хэлж байсан даа. Эрдэнийн хувь буюу хувьцаа шударгаар тараагдвал уул уурхайгаас орж ирэх баялгийн жинхэнэ эзэн нь ард түмэн болох юм. Тэгэхээр энэ бол тийм үндэслэлгүй ч юм биш.
Бэлэн мөнгө түгээх дээр би өөр байр суурьтай явдаг. Сая Засгийн газар далан мянгыг цагаан сарын өмнө тараасан. Тэр мөнгө Монголд тогтсон юм уу. Хотод хоёр хоноод л Эрээнээс зөөсөн бэлгийн алчуурын төлбөрт өөр тийшээ урссан байх. Ингэхийн оронд мөнгөний эрхийг нь нээгээд банкиндаа байсан бол дээр. Тэр мөнгийг хэрхэн зарцуулах эрхийг тодотгож өгнө. Та энэ мөнгийг зөвхөн оюутны төлбөрт, эмнэлгийн үйлчилгээнд, орон сууц, цахилгаан гэх мэтэд зарцуулахаар бол бэлнээр бус дансаар гуйвуулна гэсэн бол наалдацтай. Тэгэхгүй болохоор дагаад юмны үнэ өсчихлөө. Өгсөн, авсан хоёртоо ямар ашиг байна.
Манайхан ардчилсан чиглэлийн Ерөнхийлөгч гараад ирэхээр хамаагүй ярих юм даа. Хуучин цагт “Төв хороо, товчооны гишүүд” ирсэн бол ярих бүү хэл айгаад суудлаасаа хөдөлж чадахгүй алга ташсаар гаргах байх. Юуны өмнө ардчилсан сонголт хийж байгаадаа баярлах ёстой юм шүү. Хүмүүс янз бүрээр л хэлж байна. Их ч бухимдаж байгаа бололтой. Гэхдээ энэ бол нийгэм эрүүл байгаагийн шинж. Үүнд би гомдоогүй шүү. Ялангуяа манай Эрдэнэт бол халууны шил шиг оргилуун хүмүүстэй. Надаас биш хүн бол хаврын энэ тарчиг цагаар бус найр хавтгайрсан найман сард ирээд буцчих л байсан. Сая нэг нөхөр өвөлжингөө цэвэрлээгүй цасаа Ерөнхийлөгч ирэхээр цэвэрлээд байх даа яадаг юм гэж Засаг даргаа шүүмжилж байна. За яахав дээ. Цасаа цэвэрлэчихсэн, сайхан л санагдаж байна ш тэй. (Хүмүүсийн уур гарч инээлдэцгээв).
-Хөшөөтийн уурхайг стратегийн орд болгооч ээ. Олигархиуд гадаадын хөрөнгийн бирж дээр зарж асар их мөнгө босгож байна. Сумын төв, босоо тэнхлэгтэй огт хамаагүй хар зам тавьж, Монголын баялгийг гадагш дураараа урсгаж байна. Засаг даргаасаа эхлээд бөөн хуйвалдаан, лицензний наймаа явагдаж байна. (Ховд хот)
Ерөнхийлөгч: -Наадахаа та нар орон нутагтаа тойрч суугаад сайхан ярилцаад шийдчихэж болдоггүй юм уу. Нэг иймэрхүү юм урьд нь сонссон. Эв нэгдлийг сахих үүрэгтэй Ерөнхийлөгч аль нэг талд нь ороод үймүүлээд байвал үймүүлээд л байна. Одоо ч гэсэн “Нээрэн тийм байна” гэвэл олон хүнийг алга ташуулна. Хэрэв үнэхээр л болж бүтэхгүй байгаа юм бол больчихгүй юу. Гадны ч юм уу өөр хүнээр ашиглуулахгүй гээд өөрсдөө хүрзээ барьж очоод ухах боломж юу байдаг юм. Илэн далангүй сайн ярилц. Оюутолгойг олон талаас нь ярьсаар байгаад л шийдэлд хүрсэн. Сүржин нэр устай байгуулагдсан хөдөлгөөн холбоодын тэмцэл худлаа байдаг тал бий шүү. Баабарын хэлдгээр цаана нь өчүүхэн эрх ашиг явж байдаг. Тийм л юм битгий байгаасай билээ. Дэлхий нийтийн хандлага бол ойрын ирээдүйд нүүрснээс татгалзлаа. Одоо өмнийн говиор дүүрэн нүүрс зөөдөг шороон зам бий болж, байгаль сүйтгэж байна. Хар зам тавьсан бол яамай даа.
-Тайширын УЦС-ыг бариад тогтой болно гэсэн худлаа болов. Даланг нь усаар дүүргэсний дараа Завхан гол хэвийн урсана гэдэг. Тэгсэн чинь тэр даланг ёроолд нь цоорхой гаргаад барьсан ноцтой явдлыг олж мэдлээ. Одоо яах вэ? (Завхан. Улиастай хот)
-Энэ асуултад Сангийн дэд сайд Т.Очирхүү хариулахдаа: -Үнэхээр тийм бол гадаадаас мэргэжлийн хүн авчирч шалгахаас. Уг нь энэ жил цас их унаж байгаа болохоор шар усны үерээр далан дүүрээд тог гарах, Завхан гол хэвэндээ урсах учиртай юм л даа.
-Хот маань хөлдчихлөө. Одоо гэхэд л энэ заал хүйтэн байна. Тэгэхээр би арван зүйлийн өргөх бичиг бэлдсэн. Үүнийгээ өгч байна. Та үстэй дээлтэй яваа болохоор мэдэх ч үгүй байх шив дээ. (Говь-Алтай. Алтай хот)
Ерөнхийлөгч: -Энэ талаар аймгийн удирдлагуудтай ярьж байгаад гарч ирлээ. Аймгийн төвийг эхнээс нь усгүй газар байгуулсны гор гарч байна. Эргэн тойрон дахь усны нөөц үндсэндээ дуусч байгаа гэнэ. Худгууд ширгэсэн байна. Цаашид аймгийн төвийг нүүлгэх үү, эсвэл тэртээх Завхан голоос ус татах уу гэдэг хоёр замыг сонгох нь. Аль аль нь асар өндөр зардал гарна. Үүнийг яаралтай ярихгүй бол болохгүй нь.
-Зуданд малаа алдсан малчдыг төрөөс хэрхэн харж үзэх вэ? Зарим малчны мал нь банкны барьцаанд яваа болохоор амьд үхсэн ялгаагүй гэх юм. (Увс. Улаангом хот).
Энэ асуултад ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал :- Нэг ухна, 24 ямаа, нэг хуц 34 хонь, саалийн гурван үнээ, уналганы хоёр морь буюу тэмээ бүгд 65 ширхэг малыг 3.7 саяд багтаан нэгэн малчин айлд олгох төсөв явж байгаа. Ойролцоогоор 2000 айлыг ингэж малжуулах хөрөнгийн эх үүсвэр хайж байна. Махны үйлдвэр барьж ямааны махыг Вьетнамд, хонио Арабад гаргаж зарна. Увсын Баруунтуруунд гурилын үйлдвэр барина.
-Хүн алсан алуурчинг цаазлалгүй төрөөс гучин жил тэжээх юм уу? Наадах чинь буруу. (Эрдэнэт хот)
-Манай аавыг алуурчин ШТС-д сууж байхад нь хөнөөсөн. Түүнийг цаазлаагүйд гомдолтой явдаг. (Ховд.Булган сум).
-Ах дүү нар маань үйлдвэрийн ослоор нас барсан. Хүү шоронд орчихлоо. Уучилж өгөөч. (Эрдэнэт хот)
Ерөнхийлөгч:- Энэ тухай би зөндөө ярьсан. Цагаан сарын өмнө зургаан сэтгүүлчтэй зурагтын өмнө уулзахдаа ч хэлж байсан. Цаазаар авахын эсрэг тал дээр тууштай зогсоно оо. Гучаад онд Монголын төр гучин хэдэн мянгаар нь цаазалж байлаа. Одоо болоо юм биш үү. Өнгө мөнгөний болсон одоо цагт цаазлагдаад байгааг харсан хэн байгаа юм бэ. Гучин жилийн ялыг дааж гардаг хүн гэж байхгүй. Гэмт хэрэгтэн цаазлагдахад өөр олон хэрэг гэрчгүй болон хаагддаг. Алуурчинг танилгүй өөр хүн цаазалчихсан байвал яах вэ.
Шүүхийн шат дамжлага дуусаад Ерөнхийлөгч дээр хоёр саналын хуудас ирдэг. Нэг нь цаазалсугай, нөгөө нь цаазын ялаас хэлтрүүлэх тухай. Би зөвхөн аль нэг дээр нь гарын үсгээ зурах ёстой. Таны өмнө ийм сонголт ирлээ гэж бод доо.
Онц ноцтой алуурчин байлаа гэхэд түүнийг зовоолгүй хөнөөж амрааж болохгүй. Насаараа амьдын тамд тарчилж яваг.
Хууль шүүхийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирч шоронд орсон хүн байвал аль болохоор шийдэж өгөхийн төлөө явна. Нэр усаа тодорхой гаргаад миний гарт нь гээд захидал бичээрэй. Гомдлын мөрөөр холбогдох газруудаас санал дүгнэлт авдаг их ажиллагаатай юм билээ. Түүнээс шоронд орсон болгоныг суллаад байвал Ерөнхийлөгчийг алдаа гаргахыг анаад байгаа хэсэг бас бий.
-Оюутны төлбөртэй холбоотой асуултууд нэг хэвэнд цутгасан мэт газар бүрт давтагдаж байв.
Ерөнхийлөгч:- Та бүхэн тийм юм л асуух болов уу гэдгийг би багцаалж байна. Та нар ч намайг ингэж хэлэх байх даа гэж гадарлаж суугаа. (инээлдэцгээв)
Олон айлыг эдийн засгаар сөхрүүлж байгаа хүндрэл бол оюутны төлбөр зардал юм. Ялангуяа хөдөөнөөс хот орж буй оюутнууд сургалтаас гадна өөр олон зардал дагалдаж өрх гэрийг туйлдуулж байна. Хүмүүс ядаж тал зардлыг төрөөс даагаад өгчихвөл их дэм болно гэдэгт бараг далан хувь нь тийм саналтай байна. Энэний төлөө ажил хийнэ ээ. Дараагийн хамгийн чухал нь оюутан төгсөөд хийх ажил юу вэ. Орон нутагт мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байна. Нарийн мэргэжлийн эмч багшаас өгсүүлээд. Ийм тохиолдолд захиалгат сургалтыг хийж зардлыг нь төрөөс бүр зуун хувь даадаг болмоор байна. Энд ерөөсөө болохгүй юм байхгүй...
Тэмдэглэсэн
Ж.ГАНГАА
hadaa
beggy
Zochin
muu huJAA
Burnash
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ashguie dee
ashguie dee
Зочин
zochin
Зочин
artga
Зочин
зочин
1
Зочин
Зочин
bla bla
dsfs
irgen
радикал
Зочин
Yo,
sanal
zochin
aa
зочин