Угаасаа бид чинь сайхан цавчилцсаар дэлхийн талыг эзэлсэн, одоо бол сэлмээр биш арай өөр цавчаа хийж амьдрах болж дээ. Микро болон макро түвшний цавчаа. Ээж нь том хүүдээ мянган төгрөг өгөөд нэг сандал авчир гээд дэлгүүр явуулжээ. Том хүү сэргэлэн юм болохоороо гурван зуун төгрөгийг нь өөртөө аваад долоон зуун төгрөгний хэврэг хужаа сандал гэртээ авчирч тавьна.

Хэсэг хугацааны дараа ээж нь телевизор аваад ир гээд хоёр мянган төгрөг өгч дэлгүүр явуулна. Хүү дундаас нь таван зуун төгрөгийг нь цавчаад хоёр мянгын үнэтэй чанартай телевизор биш жирилзэж гардаг тааруухан зурагт гэртээ авчирч тавьна.  

Дараа нь ээж нь “Дүү нартаа жимсний шүүс авчирч өг” гээд гурван мянган төгрөг өгч дэлгүүр явуулна. Том хүү хэлэнд зууралдаж нил будаг амтагдсан муухай сироп найруулж дүү нартаа өгөөд өөрөө гурван зууг нь цавчина. Гэх мэтээр том хүү ээжийнхээ зовж олсон мөнгийг цавчаад л байна цавчаад л байна.

Том хүү цавчсан мөнгөөрөө өөртөө гоё нарны шил худалдаж авна, бас шинэ савхин хослол оригнал пүүз авч өмсөнө. Харин дүү нар нь өлсгөлөн хэвээрэй, гэрт нь эвдэрхий зурагт, хөл нь хугархай сандал, ямар ч тав тухгүй атмосфер.

Ахын дээрэнгүй аашинд тэсээгүй дүү нарын зарим нь гадуур тэнэмэлтэнэ. Охин дүү нар нь өөр айлын “Том хүү” –г царайчлана.

Ээж нь үе үехэн хэнийг дэлгүүр явуулахаа шийдэж ядна. Дүү нар мянга зүтгээд мянга найраад ээж тэдний үгийг нэг их тоохгүй. Харин том хүү мөнгөтэй учраас ээжид чихэр шоколад авч өгөөд торго дурдан тэргүүтнээр сэтгэлийг нь хуурна.

Ээж хэнийг дэлгүүр явуулах уу? Мэдээж том хүүг л дахиад явуулна.

Дүү нар ахын өөдөөс мянга тэмцээд нэмэргүйг ойлгоно. Ахын өөдөөс гар далайснаас хип хоп нарны шилийг нь нэг өдөр гуйж зүүе гэсэн бодолд автана.

Жирилзсэн зурагтныхаа жинхэнэ үнийг мэдсэн арай зоригтой нэг дүү нь Том хүүд шударга байхыг учирлаж ядна. Үүний хариуд том хүү зарим дүү нартаа нэг нэг чупа чупс авч өгөөд, харин өөдөөс нь “цор цор” гэсэн нөгөө дүүдээ юу ч өгөхгүй өлсгөнө. Дараа нь хулхи сандалных нь хөл хугарахад Том хүү нөгөө “цор цор” –ыг “чи сандал эвдэлсэн” гэж бусад дүү нарын өмнө гүтгэнэ. “Хэрвээ та нар энэ цор цорыг сандал эвдэлсэн хэмээн ээжид итгүүлбэл би та нарт нэг нэг саравчтай малгай авч өгнө” гэж гарт нь бөмбөлздөг хэсэг дүү нараа авилгадана. Орой ээж ажлаасаа ядарч ирэхэд сууж хөлөө амраах сандалных нь хөл хугарсаныг үзээд их гомдоно, энэ үед том хүүгээс саравчтай малгай авсан хэсэг хүүхдүүд нь “Цор Цор таны сандалыг эвдэлсэн” гэж шаагилдана. Ээж “цор цор” –т их уурлаж хамгийн буруу хүмүүжилтэй хүүхэд нь “цор цор” юм байна даа гэж итгэнэ. Том хүүгийн башир арга нэг иймэрхүү.

Дүү нар ахыг цавчаа хийдэг гэдгийг мэдэж байгаа ч үүнд нь удалгүй эвлэрч эхэлнэ. Дүү нар жирилздэггүй зурагт үзэх хувьгүй учраас гуйн байж хөршийндөө дуртай хүүхэлдэйн киногоо хааяа нэг харна.

Дүү нар гэрээ тохижуулахаас илүүтэйгээр өөрсдөө ямар нэг гоё хувцас өмсөж гадуур тэнэхийг эрмэлзэх болно, тэд том ах шигээ цавчаа хийдэг болохыг хүснэ.

Хэрвээ чи орчин тойрны том дарга байсан бол яах вэ гэж асуувал бидний толгойд хамгийн түрүүнд ямар бодол зурсхийж орж ирэх бол. Хаммер унаж хауст амьдрах талаар төсөөлөл санаанд буухаас биш орчин тойрны хөгжлийн талаархи бодол нэг их хүчтэй орж ирэхгүй л болов уу даа.

Хүн болгон л боломжтой бүхнээ цавчихыг эрмэлздэг болж. Хамгийн энгийн жижигхээн жишээ нь гэвэл баар болон паабны зөөгч барменуудын хийдэг цавчаа. Баар ажиллуулаа гэж бодоход барменаар нь юмуу ЗБ –ээр нь итгэлтэй хүнээ л томилохгүй бол баарны орлогоос нь ч цавчина, үйлчлүүлэгчээ ч цавчина.

Нэг жижигхэн бааранд өдөрт дунджаар гучин шил архи зарагддаг байтал нэг цавчаачин бармен ажилладаг болсоноос хойш өдөрт арав хүрэхгүй шил архи зарагддаг болчихож гэнэ. Зальтай бармен өөрөө гаднаас архи оруулж ирээд баарныхаа үнээр зарж сурсан байж л дээ. Бас болоогүй үүндээ ЗБ –ээ уруу татсан гэж байгаа. За тэгээд зөвхөн архи гэлтгүй цэвэр усыг хүртэл гаднаас оруулж зараад  байхаар тэр цавчаачин бармены орлого өдөртөө зуун мянгаас буухгүй. Барменаас гадна хэдэн муу зөөгч нар нь хүртэл үйлчлүүлэгчдийн тооцоон дээр мөнгө нэмж цавчина, өөрөө цавчаа хийдэг тул ЗБ –нь тэд нарыг боль гэж хэлж чадахгүй, үүнээс нь болоод тэр баарны нэр хүнд унаж үйлчлүүлэгчээ бага багаар алдаж эхлэв.

Хоёр сарын дараа гэхэд бармен хүүхэн шинэ Марк – 2 унаж ЗБ – хүүхэн нь савхи  нэхийгээр гангараад харин баар түрээсэлсэн хөөрхий залуу түрээсээ төлж дийлэхгүй баахан өрөнд орж удалгүй тэр баар нь хаагдсан гэдэг.

Бармен хүүхнийг тийм цавчаа хийсэн гэдгийг бүгд мэдэж байгаа ч хэн ч нотолж буруутгаж чадахгүй.

Хэрвээ баар түрээсэлдэг залуу маань өөрөө барменаар нь ч юмуу ЗБ –ээр нь ажилласан бол хэзээ ч тийм цавчаанууд гарахгүй, орлогоо алдахгүй, баар нь хаагдахгүй үлдэх байлаа.

Баар гэдэг чухал биш л дээ, асуудалын гол нь ганцхан бармен цавчаа хийж эхэлсэнээрээ тэр бизнесийг сүйрэх үндсэн тогтолцоог нь бүрдүүлж бүхнийг нураах эхлэлийг тавьж өгсөн хэрэг.

Нэг жижигхэн бизнес нэг жижигхэн цавчаачин этгээдээс болж сүйрдийн байжээ. Харин нэг жижигхэн улс хэдэн “жижигхэн” цавчаачин этгээдээс болж...

Цавчаа хийсэн этгээдийн завшсан хэдэн зоос магадгүй тийм ч их хор хөнөөлтэй санагдахгүй байж болох, харин түүний бүрэлдүүлж үүсгэн бий болгож буй тогтолцоо нь л үнэхээрийн хортой бөгөөд бүхнийг зовоодог.