Дэлхий дээр байгаа бүх төмөр замын 60 хувийнх нь цариг (gauge, хос шугамын хамгийн ойрхон зай) 1435 мм буюу стандартынх. 1820-иод онд Англид, дараа нь АНУ болон бусад оронд тархжээ. Энэ царигаар урд хөршид 1876 оноос төмөр зам тавьсан. Харин Хаант Орост 1840 оноос 1525 мм-ийнхийг хэрэглэж, Зөвлөлт Холбоот улс түүнийг 1960 оноос  арай багасган, 1520 мм болгосон юм. Өнөөдөр энэ царигийг Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнд байсан бүх орнуудаас гадна Финлянд, Монгол улс хэрэглэдэг.

Хоёр царигийн зөрөө ердөө 85-хан мм боловч энэ бяцхан ялгаа Монгол улс, түүний улс төр, нийгэм,  эдийн засгийн ирээдүйн хөгжлийн төлөвийн томоохон зөрөөг өөртөө агуулж байна. Үүнийг та бид тун удалгүй мэдрэх болно. Өөрөөр хэлбэл та бид өнөөдөр энэхүү түүхэн сонголтыг хийх гэж байна. Одоо бидний өмнө гурван хувилбар байна

1520 

Манай улсыг хойноос урагш нэвтрэн гарч байгаа төмөр замын гол шугамыг УБТЗ буюу Орос Монголын засгийн газрын, адилхан хэмжээгээр хувь нийлүүлсэн нийгэмлэг эзэмшдэг.Хамгийн чухал дэд бүтцээ өөр орны засгийн газартай хамтарч эзэмшдэг цөөхөн орны нэг нь Монгол. Жаран жилийн турш төмөр замын тээврийн үнэ өсөж, тээвэр, даатгалын хатуу нөхцөлөөр явж ирсэн учир энэ бол Монголын бизнесийн зардалд хамгийн том байр эзэлдэг, монополь үйлчилгээ. Үйл ажиллагааны ойлгомжтой, ил тод байдлын тайлан хэзээ ч гаргаж байгаагүй. Аудитын хяналтыг Оросын Засгийн газар зөвшөөрдөггүй.

Оросын талын бодлого бүрэн давамгайлсаар өдий хүрсэн байхад гурван сарын өмнө шинэ Ерөнхийлөгч маань  “1520 мм-ийн царигаар”  төмөр замын дэд бүтцийг хамтарч хөгжүүлнэ гэж тунхагласан билээ. “Дэд бүтцийн хөгжил” нэртэй  хамтарсан бас нэг компанийг Ерөнхий сайд С.Баяр байгуулсан бөгөөд түүний 50 хувийг Оросын төмөр зам, 25 хувийг Монголын төмөр зам, 25 хувийг “Эрдэнэс MGL” компани эзэмшинэ гэсэн үг. Монголын төмөр замд байгаа оросуудын нөлөөг бодитоор тооцвол энэхүү шинэ компанийн ихэнхи хувийг de-facto Орос эзэмшинэ гэсэн үг.

Оросын царигаар төмөр замаа цаашид үргэлжлүүлэн тавих энэ хувилбарын давуу тал нь гэвэл бид Сайншанд, Даланзадгадыг хурдан холбоно. Энэ нь олборлоод гаргах биш, боловсруулаад гаргах хувилбарыг эхлүүлж байна. Энэ тохиолдолд харин Тавантолгойн төсөл хойшлогдоно. Эхийн ээлжинд нүүрсээ шууд гаргаж байж орлоготой болоод түүгээрээ боловсруулах үйлдвэр, цахилгаан станц барих дараалал өөрчлөгдөж, эхний хөрөнгө оруулалт асар их байхыг шаардана.

Сул тал нь гэвэл ахиад л Орос Монголын засгийн газрын менежментээс бүх амьдарал хамаарна. Дэлхий дээр ямар ч засгийн газар,  ялангуяа энэ хоёр хэзээ ч хамгийн сайн менэжер байгаагүй. Монголын бизнесийн хувьд тээврийн зардал өндөр хэвээрээ үлдэнэ. Хятадтай Замын-Үүдээс өөр газраар холбогдохгүй гэсэн үг. Хятадын төмөр замтай холбох буюу Эрээнд өөр дугуйн дээр шилжүүлэх ажлын бүтээмжээс нийт өрсөлдөх чадвар хамаарна гэсэн үг.

1435

Энэ царигаар төмөр зам барих тусгай зөвшөөрлийг Монголын “Энэржи Ресурс” компани Засгийн газраас аваад зураг төслөө хийлгэж, бариад эхэлчихсэн. Уг нь бол дэд бүтцийг хувийн компаниар хийлгэхдээ тендер зарладаг учиртай. Түүнчлэн оролцогч компани нь хэрэглэгч компани биш байх ёстой.  Манай засгийн газар үүнийг “мэддэггүй”, мэдэн будилж, иргэдээ басамжлан тохуурхдаг.

Хятадын хилээс нааш тавих 260 км энэ зам дуусмагц одоо ачааны тэргээр зөөж байгааг түүхий нүүрсийг  илүү бүтээмжтэй тээх болно. Замдаа Оюутолгой болон бусад ордоор дайран гарч, Хятад руу эхний ээлжинд нүүрсээ түүхийгээр нь зөөнө. Энэ замыг тавьчихсан тохиолдолд нүүрс болон бусад ашигт малтмалыг Сайншанд руу зөөгөөд, дараа нь боловсрүүлах сонирхол бага болно. Энэ хувилбар бол олборлоод гаргах, дараа нь чадвал боловсруулах хувилбар.

2

Орос Хятадын төмөр замыг хоёуланг нь авах хувилбар. Даланзадгад болон Сайншандын замыг эсвэл стандартын, эсвэл хосолсон буюу дөрвөн шугамтай (Финлянд-Шведийг холбосон зам) хийвэл хоёр хөрштэйгээ өөр өөрийх нь төмөр замаар шууд холбогдоно.

Тэр хоёрыг холбох буюу дамжуулан шилжүүлэх байгууламжийг  Сайншандад байгуулахад үнэ цэнэ Монголын талд бий болно. Үйлчилгээний хөлсийг авна. Сайншандаас энэ царигийн төмөр замыг яваандаа урагшаа тавих боломжтой, шаардлагатай..

Мөн далайд дугуй солихгүй далайд хүрэх, Казачстан руу гарах бодит хоёр сонголт Монголд бий болно. Манай улсын хойд талын төмөр зам орос царигтай, урд тал нь Хятад царигтай болж, дараачийн холбогч цэгийг хэзээ нэгэн цагт баруун талдаа барина гэсэн үг. Харин дээр хэлсэн гэрээний дагуу Сайншанд ба Чойрыг Оросын царигаар, эсвэл хосолсон царигаар холбоно.

Жижиг орон геополитикийн том бодлогыг холбож, чухал үүрэг гүйцэтгэх үүлэн чөлөөний нар шиг богинохон боломж энэ байж болох юм.

Энэ гурван хувилбарын аль нэгийг сонгох түүхэн шаардлагын тухай хэлэлцүүлгийг иргэдийнхээ дунд өрнүүлэх зорилгоор үүнийг бичив. Үндсэн хууль шигээ хэлэлцэж байгаад шийдэхгүй бол тодорхой бодлогогүй, нууж байгаад л  сонин бэлэг барьдаг хүмүүс энэ төрийн ажил албыг  залгуулж байгаа билээ.

2009-12-09