Монгол Улсад орчин цагийн Дипломат алба байгуулагдсаны 100 жилийн  ойг энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж, мөн ойд зориулсан номын хур буулгаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан өнөөгийн ГХЯ маань яг 100 жилийн өмнө ийм байсан юм байна шүү гэдгийг товч, тодорхой өгүүлсэн зохиогчийн нийтлэлийг толилуулав – baabar.mn
Бидний монголчууд бол олон улсын харилцаа, дипломатын түүхэнд өөрийн ул мөрийг гүн үлдээсэн Азийн эртний сурвалжит ард түмэн мөн бөгөөд манай өвөг дээдэс өнө эрт цагаас инагш төрсөн нутаг усаа эзэгнэн,  төр улсаа байгуулан гадаад бодлогоо бие даан явуулж туурга тусгаар байдлаа хамгаалан бататгаж ирэхдээ дипломатын өвөрмөц арга хэлбэрийг буй болгож, хатуу мөрдөж ирсэн түүхтэй билээ. Монголчуудын өвөг, анхны төрт улс Хүннү гүрэн нүүдэлчдийн тусгаар тогтнол, иргэншлийг хамгаалах их хэргийг үүсгэн сэдэж байх цаг дор гадаад бодлого, дипломат ажиллагаанд онцгой ач холбогдол  өгч, хэдийгээр зэрэг дэвийн хувьд хялбар зохион байгуулалттай боловч төрийн хэмжээнд журамлагдсан гадаад харилцааны албыг ажиллуулж байжээ.  Чингис хааны нэгдсэн улс, эзэнт гүрний үед «Төрийн хэрэг эрхлэх газар» зэрэг байгууллагыг үүсгэн байгуулж гадаад дахинтай харилцах асуудлыг «төрийн алтан аргамж» хэмээн онцгойлон үзэж шийтгэн эрхлүүлж байжээ. Монголын Юань гүрний үед «Нууц бичгийн яам» гэдэгт хааны бие ба ордонд шадар цэрэг суулгах, их цэрэг хөдөлгөх, гадагш дайтах, элч довтолгох, бусад олон улс лугаа харилцан найрамдах зэрэг гадаад харилцааны нарийн хэргийг удирдан явуулж байсан нь төрийн байгууллага, яамдын анхны хэлбэрүүд байсан ажэ.

Харин гадаад харилцааны төв байгууллага нь орчин цагийн зохион байгуулалтын хэлбэрийг олсон нь ХХ зууны эхэн үеэс улбаатай. 1911 оны эцсээр монголчууд бидний үндэсний эрх чөлөөний тэмцэл ялалтад хүрсэн нь Чин улсын олон жилийн ноёрхлыг Гадаад Монголд эцэс болгож, Монголын тусгаар тогтнолыг Богд Хаант улсын хэлбэрээр сэргээн тунхаглах нөхцлийг бүрдүүлсэн юм.

Олноо өргөгдсөн Хаант Монгол улс байгуудагдсан даруйд Богд гэгээн төр засгийн хэргийг эрхлэн явуулахаар орчин цагийн зохион байгуулалт бүхий 5 яам байгуулсаны нэг нь Гадаад Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэгч Яам (ГХЯ) байв.

Монгол улсын түүхнээ гадаад бодлого,  дипломат ажиллагааг эрхлэн шийтгэгч ГХЯ байгуулагдан Богд Хаант Монгол улсаас гадаад дахинтай харилцах асуудлыг журамлан явуулах болсноор орчин цагийн дипломат албаны үндэс суурь тавигджээ.

Монгол улс сэргээн байгуулагдсаны дараа Богд гэгээн анхны зарлигийг дуулган, хишиг хүртээгчдийн хамгийн эхэнд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг хошуучлагч, чин ван Мижиддоржийн Ханддоржийг «Тулгар төр байгуулах тухай хэрэгт онц хүчин зүтгэж явсан»-ыг онцлон тэмдэглээд «...үе улиран эрдэнэ дайчин цол, ханы ямба давхар пүнлүү, шар хүрэм, улбар шар жолоо, нэгэн үед ногоон жууз шагнаж, Шадар сайд, Бүгд захирах сайд, Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны Тэргүүн сайдын тушаалд тохоон талбигтун» гэжээ. Чин вангийн Богд хаанд айлтган мэдүүлсэнээр нь мөн яамны дэд сайдад Баргын манлай баатар бэйл Дамдинсүрэн, Халхын зайран лам, Хүрээний да лам, нягт билэгт, гүн Равдан нар зарлигаар томилогдсон нь  Монголын түүхнээ анхны Гадаад харилцааны сайд ба дэд сайдууд бөлгөө.
 
Богд Жавзундамба хутагтын зарлиг болгосноор төрийн сайдууд улсын эзэн хааны өмнө тангараг өргөх журмыг тогтоожээ. Энэ бол гадаад олон улсуудын Хаант Засгийн ёсонд байдаг тогтсон журам бөгөөд тухайн улсын төрийн ёслолын ёс жаягийг харуулах  чухал арга хэмжээ байв.  

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Гадаад хэргийн тэргүүн сайд, чин ван М.Ханддорж хоёр дэд сайдын хамтаар улсын эзэн хаанд бараалхан өргөсөн тангарагтаа: «Түмэн наст наран гэрэлт Богд хааны шашин төрийн тул олноор сэтгэлийг нэгтгэж, улсын сүрийг бадруулан шашныг сахиулан даатгал айлтгаж, тангараг сахилга тогтоох учир, бидний олон монголчууд урьд Чин улсын үед зальхай түшмэдийн хүнд дарлагдал зовлон зүдгүүрийг олсон нь туйлд хүрсний тул бид бүгдээр чин үнэнхүү сэтгэлээр Богд гэгээнээ Монголын хаанд өргөмжлөн цөм ашид амгалан жаргалангийн туйлд хүрч буй. Үүнд мэхийж хичээнгүйлэн хянаваас дотоодод болбоос тус тусын үнэн шударгыг илэрхийлэн, гадаадад болбоос, бусдын хорлон хөнөөгч арга маягт үл хөдлөх төмөр чулуу мэт болж аюулт дайснаас аянга цахилгаан мэт буцалтгүй, улсын сүрийг бадруулан хаан эзний өмнөөс шашин төрийн тул зүтгэхэд хялбарыг эрэхгүй, бэрхээс зайлахгүй, эдүгээгийн байгуулсан төрийн тул энэхүү батлан тогтоосон тангараг сахилгыг нүдний цөцгий, зүрхний  тольт мэт хичээнгүйлэн хайрлана» гэжээ.

Түүнчлэн тус яам төрийн бусад яамны нэгэн адил өөртөө шүтэх «Улаан Жамсран» хэмээх бурхныг тахиж байсан байх бөгөөд сайхь бурхан нь гадны түрэмгийллийг хязгаарлан зогсоох, төрийн тусгаар тогтнолыг бататгаж, амар амгаланг сахиулах утгыг илэрхийлдэг байжээ.     

Өвлийн дунд сарын 25-нд Богд хааны буулгасан “Олон яамд шинэ тамга нээн явуулах” зарлигаар ГХЯ нь 10 лан мөнгө оролцсон, дөрвөлжин тийш 3 ямх, 4 пүн, «Дөрвөн үзүүр чандмань» бариул бүхий тамга хэрэглэх болжээ. Эл тамгыг Сэцэн хан аймгийн дархан засаг тэргүүн тайж Барайшир тэргүүтэй дархчуул урласан байна.

Гадаад хэргийн Тэргүүн сайд М. Ханддоржоос ГХЯ-ны үүрэг, бүтэц зохион байгуулалтыг боловсруулан түүний эрх зүйн үндсийг бүрдүүлэх чиглэлээр ажлаа эхэлжээ. Түүний санаа бодол «Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг»-т тодорхой тусгагдсан байна.

ГХЯ нь 1912 оны байдлаар бүтэц, зохион байгуулалтын хувьд Өмнөд, Умард, Төв гэсэн гурван хэлтсээс бүрдэх ба  Өмнөд хэлтэс нь голчлон Дундад Иргэн Улстай харилцах болон (мөн Түвд) Монголд оршин сууж байсан тэдний харьяат нарын асуудлыг хариуцах; Умард хэлтэс нь Хаант Оростой харилцах болон орос иргэдийн (мөн Европ) хэргийг эрхлэх; Төв хэлтэс нь гадаад олон улстай байгуулсан гэрээ,  хэлэлцээр зэрэг чухал баримт бичгүүдийг хадгалах хийгээд бусад яамдтай харилцаж, гадаад харилцааны асуудлыг зохицуулах үүрэг гүйцэтгэх болсон байна.

ГХЯ-ны бүрэлдэхүүнд:
v    айлтгаж тавих тэргүүн сайд нэг;
v    дэд сайд хоёр;
v    эрхэлсэн түшмэл нэг;
v    дэс түшмэл хоёр;
v    гадаад яамнаас эрхэлж тохоох эх бичиг зохиогч түшмэл зургаа;
v    жинхэнэ бичээч арав;
v    орос үсэг орчуулагч түшмэл нэг, бичээч нэг;  хэлмэрч нэг;
v    орос, хятад үсэг орчуулагч түшмэл нэг; бичээч нэг, хэлмэрч нэг;
v    яамны сав хэрэглэлийг эрхэлж сахих нярав нэг;
v    хаалганы дарга нэг;
v    зарлага дөрөв;
v    хаалга сахигч дөрөв;
v    галч дөрвөн орон тоотой байгуулагтун  хэмээн нийт 42 орон тоотой байхаар «Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг»-т  заан тогтоожээ.

1918-1919 онд Японы «Мицуй Буссан» пүүсийн төлөөлөгчөөр Нийслэл Хүрээнд сууж байсан Ошима Киёшигийн илтгэх бичгээс үзвэл Тэргүүн сайд нь 240 лан, дэд сайд нь 180 лан, эрхэлсэн түшмэл нь 150 лан, дэс түшмэл нь 120 лан, эх бичиг зохиогч түшмэл нь 90 лан, үсэг орчуулагч түшмэл нь 60 лан, нярав нь 60 лан, их бичээч нь 45 лан, бага бичээч нь 15 лан, хэлмэрч нь 15 лан, хаалга сахигч нь 9 лангийн цалин пүнлүү тус тус авдаг байжээ.

Шинэ тутам байгуулагдсан ГХЯ-нд төрийн хэрэгт үнэнч, тухайн үедээ мэдлэг боловсрол сайтай, хятад, манж, түвд зэрэг хэл бичиг эзэмшсэн, мөн япон хэл бичиг гадарладаг хүмүүсээс сонгон авч ажиллуулж байсан байна. Харин орос хэлтэй хүн тун ховор байсныг харгалзан Хүрээн дэх Оросын консулын тусламжтайгаар яамныхаа дэргэд монгол, орос хэл бичгийн сургууль байгуулан ажиллуулжээ.

Гадаад яамнаа соёлын асуудал эрхэлсэн туслах түшмэлээр Буриадаас уригдан ирсэн Ж.Цэвээн 1912 оны эхээр «...ард албатын мунхаг харанхуйг эрдмийн зул бадруулж гийгүүлсүгэй» хэмээн хүсэл зоригоо илтгэн ГХЯ-ны Тэргүүн сайд Чин ван Ханддоржид өргөсөн бичигтээ: «Гадаад олон хүчирхэг улсын хамаг чадал нь гагцхүү элдэв ухааны эрдэм дор нэвтрэлцэн дээд, доод эрдэм ялгалгүй цөм бага наснаас эхлэн хэрээр адаг, дунд, их гурван сургууль ... дор явж зүйл бүрийн ухааныг өөр өөрийн төрөлх хэл дээр судалснаар энэ мэт хүчирхэг болжээ... Бүгдээр нийт тусгай олон тооны эрдэм дор нэвтрэлцэхийг ямагт шамдан хичээвээс зохимой. Үлгэрийг гадаад улсаас авч Монгол байдал дор тааруулж тогтоовоос зохимой»   гэжээ.

Хэл бичгийн сургуулийн дүрмийн хоёрдугаар бүлгийн 7 дугаар зүйлийн хоёрт заавал үзэх хичээлийн тоонд орос, хятад хэл бичгээс гадна «...Ин (англи),  Фа (франц) зэрэг улсын бичиг үсэг, үг хэлийг ... гол болговоос зохистой» гэжээ. Хятад газар болон Оросын Эрхүү хотод багшилж байсан Англи улсын иргэн Уйдин гэгчийг  ГХЯ багшаар урин ирүүлж ажиллуулсан бөгөөд тэрбээр багшлах үйлсэд үнэнхүү зүтгэл гаргасны учир Богд гэгээний Засгийн газраас тусгайлан шагнаж байжээ. Тус сургуулийн захиралаар ГХЯ-ны дэд сайд, нягт билэгт, гүн, Да лам Равдан хавсран ажиллаж байв.  

1912–1913 онд энэ сургуульд хожим Ардын Засгийн гадаад харилцааны өндөр албанд зүтгэж байсан Ц.Дамбадорж, Н.Жадамбаа, Г.Гүрсэд, С.Гиваабалжир, Х.Чойбалсан, түүхч Ч.Бат-Очир нар сурч байв. Тэд 1913-1918 онд Иркутск, Тройцковсавскийн гимназид үргэлжлэн суралцаж орос, герман, франц хэл бичигт гэгээрсэн ба  сайн суралцаж төгссөн 10 оюутны тоонд багтаж Автономит Засгийн газраас шагнагдаж байв. Энэ нь Монгол улсын  ГХЯ-наас гадаад оронд өөрийн мэргэжилтнээ бэлтгэж эхэлсэн анхны тохиолдол (ер нь Монгол улсаас) байлаа.

1911-1915 оны хооронд ГХЯ-ны Тэргүүн сайдаар чин ван Ханддорж, 1915-1919 онд хичээнгүй сайд гүн Цэрэндорж, 1911-1912 онд дэд сайдаар Манлайбаатар бэйл Дамдинсүрэн, 1913-1915 онд Жирмийн чуулганы ерөөлт ван Раашминжүүр, улсад туслагч гүн баргын Цэнд, 1915-1919 онд дэд сайдаар Далайчойнхор чин ван Цэдэнсодном, ачит ван Гончигдамба, эрхэлсэн түшмэлээр жүн ван Сангимятав, дэс түшмэлээр Нийрэнгуа, Санжмятав, үсэг орчуулагч түшмэлээр Цэдэвсүрэн нар ажиллаж байжээ. 1912 оны зун Ховдыг чөлөөлөхөөр бэйл Дамдинсүрэнг дайлаар явмагц нь ГХЯ-ны дэд сайдаар эрхэлсэн түшмэл, хичээнгүй гүн Цэрэндорж, мөн оны сүүлээр чин ван Ханддоржийг Санкт-Петербургт одоход ГХЯ-ны хамаарсан сайдаар (тэргүүн сайдын үүрэг гүйцэтгэгч) нягт билэгт гүн да лам Равдан ажиллаж 1913 оны 1 дүгээр сарын Монгол-Түвдийн найрамдалын гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Нягт билэгт гүн да лам Равдан 1911 оноос 1914 оны дунд хүртэл ГХЯ-ны дэд сайдаар ажиллаж байжээ.

Энэ үеийн дипломат албаны эн тэргүүний зорилт нь хоёр хөрш болон их гүрнүүдээр тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, Өвөр чуулганыг Халхад нэгтгэн үндэсний нэгдмэл улс байгуулах явдал байсан нь  тодорхой билээ.

1912 оны 11 дүгээр сарын 18-нд Монгол Улсын ГХЯ-наас ноот бичиг үйлдэж Их Фа (Франц), Ин (Англи), Дэ (Герман), Мэй (АНУ), Билиш (Бельги), Бин (Япон), Дан Ма (Дани), Хэ Лан (Голланд), Ау (Австри) зэрэг 9  гүрний ГХЯ-нд хандахдаа  Харбинд суугаа тэдгээр орны консулуудад нь Хөлөн буйрын сайдаар дамжуулан өгчээ. Уг ноот бичигт дурдагдсан улсын Засгийн газруудтай  дипломат төлөөлөгчид солилцож Орос-Монголын хэлэлцээр лугаа «харилцан гэрээ байгуулж, худалдаа нэвтрүүлж, улсын найрамдлыг зузаатгамуу» гэсэн  саналыг дэвшүүлсэн байна.

Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын гадаад харилцаа, дипломатын түүхэнд 1912 оны 10 дугаар сарын 21-нд байгуулсан «Орос-Монголын найрамдлын гэрээ бичиг», 1913 он 10 дугаар сарын 23-нд байгуулсан «Гадаад Монголын автономыг илтгэн гаргах бичиг» хэмээх Орос-Хятадын Бээжингийн Тунхаг, ГХЯ-ны тэргүүн сайд чин ван Ханддорж, ерөнхий сайд сайн ноён хан Намнансүрэн нарын 1912, 1913 оны Петрбургт, да лам Цэрэнчимэдийн Хайлаарт хийсэн айлчлал, түүний үр дүн, 1915 оны Хиагтын Гурван улсын гэрээ нь гүн ул мөр үлдээсэн юм. Эдгээр он жилүүд нь нарийн түвэгтэй хүнд бэрх үеүд байлаа. Гэсэн хэдий ч Монгол улсын дипломат алба өөрийн улсын тусгаар тогтнолыг хөрш улсууд болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх, Өвөр Монголыг Халхад нэгтгэхийн төлөө чадлынхаа хэрээр тэмцэж байжээ. Ялангуяа Хиагтын гурван улсын гэрээ үүнд онцгой байрыг эзэлнэ. Бүтэн 8 сар гаруй хугацаанд 60 гаруй удаа хуралдан удтал маргалдан тэмцэлдсэний эцэст Монголын тусгаар тогтнол хязгаарлагдсан ч гурван талын хэлэлцээнд оролцсоноор Монгол улс олон улсын харилцааны эрх зүйн субъект байх чадвар бүхий этгээд болохоо харуулжээ.