Сонгууль ойртлоо. Сонгуулийг морины уралдан маягаар төсөөлдөг болоод олон жил өнгөрчээ. Морьд эргэлээ ч гэх шиг. Сонгууль бол халуурал юм. Энд эрүүл ухаан шиг хэрэггүй юм байхгүй. Нэг тал нь ханатал нь амлаж, нөгөө тал тултал нь нэхнэ. Хөндлөнгийн судлагаагаар 2000 оны сонгуулийн нийт амалгааны өртөг 7 тэрбум орчим доллароор хэмжигдэж байлаа. Атомын цахилгаан станц нижгээдээс гадна усан цахилгаан станц арав орчим амлагдаж байв. Сонгуульд нийтдээ 7-8 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Эндээс үзэхэд зарцуулалт амлалт хоёрын зөрөө америк доллар, монгол төгрөгийн зөрүүгээр хэмжигддэг бололтой. Өөрөөр хэлбэл дэвшигчид мянга дахин худлаа ярьдаг юм уу даа. 2004 онд сонгуульд ойролцоогоор 20 орчим тэрбум төгрөг зарцуулсан бол энэ жил дор хаяхад 50 тэрбум хүрэх биз дээ. Ингэхээр амалгаа ийм америк долларт хүрэх болов уу.

    Сонгуулийн өмнө сунгаа явагдана. Сунгааны үеэр тодрох гэсэн нэг нь алиалах гэж алийгаа алдана даа. Бүх юмыг эсэргүүцэнэ, бүх юмыг харлуулна, бүх юмыг угаадас жорлонтой хольж хутгана. Ард түмнээ өрөвдөнө, уйлна, гиншинэ, тархиа шаана, буруутныг илрүүлнэ, нүүр нүдгүй цамнана. Гүтгэлэг, сайрхал, хардлага замаа алдана. Энэ нь мэдээллийн хэрэгслэлд нөлөөлж иргэд өдөр шөнө өглөө оройгүй тас хар ертөнцийн тухай  сонсож үзэж уншиж байх тавиланд зоогдоно. Социализмын гоёчилсон суртал нэвтрүүлгээс шууд л сарааз моёор гэгчээр харлуулж муучилдаг өвчтэй болчихсон хэрэг. Интэрнэт харж буй гадаадад буй монголчууд эх орон нь аль хэдийнээ сөнөчихсөн гэсэн ойлголт авмаар. Иргэд дорхноо асуудалд татагдан орж болж байгаа болгон нь огт болохгүй бүтэхгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг аж. Ингээд л нийт улс даяараа байгаа орчноо зүхэж гарна даа. Нүглийн гол бай нь Төр, төрийг төлөөлж буй төлөөлөгчид болж таараа. Ганцхан дүгнэлт – эднийг хуйгаар нь бүгдийг нь солих. Сонгуулиар солиноо. Дахиад л мөнөөх зүхээн эхлэж дөрвөн жил үргэлжлэнэ.

    Үнэндээ нэр тодрохыг хүсэгч ирээдүйн дивтаатууд болон тэдний тойрогт хамрагдсан мэдээллийн хэрэгслүүдийн яриад байгаачлан бүх юм уруудаж харлаад байгаа юм байхгүй л дээ. Хорвоо урагшилж байгаа болохоор Монгол орон урагшилсаар л байна. Социализмын төгсгөлөөр Улаанбаатарт нийтдээ 3 мянган автомашин хөдөлж байсны ердөө нэг зуу нь хувийнх байлаа. Одоо Улаанбаатар 100 гаруй мянган автомашинтай болжээ. Монгол өрхөд 4.2 хүн ноогддогоор нь бодоход нийслэлийн 450 мянган иргэн хувийн автомашинтай гэсэн үг. Монголд нэг сая хоёр зуун мянган гар утас ашиглалтанд байна. Статистик монгол хүн өдөрт 2600 ккалори хоол идэж байгаагийн дотор жилээр бодоход зуун кг мах ноогдож буй нь дэлхийн хамгийн сайн үзүүлэлтийн нэг. Хорин жилийн өмнө борлогдож буй гурилын 60 хувь нь 2-р гурил байсан бол одоо 5 хувь болсон ба дээд гурилын борлуулалт 50 хувийг эзэлж байна. 1990 онд манай дундаж цалин 5 доллар байсан бол өнгөрсөн жил анх удаа олон жилийн мөрөөдөл болсон 300 доллар дундаж үзүүлэлт боллоо. Хөдөлмөрийн доод орлогыг төрөөс яг 100 доллароор тогтоов. Социализмын төгсгөлөөр 16 мянган оюутантай байсан бол одоо чанар муу ч гэлээ 160 мянган залуус дээд сургуульд сурч байна. Дундаж наслалт 3-5 жилээр сунаж, ой хүртлэх хүүхдийн эндэгдэл хэд дахин буурчээ. Хэдийгээр нийгэмд баян ядуугийн зааг асар их болж тэгш бус хуваарлалт ноёрхож байгаа боловч статистик дундаж монгол хүний амьдрал чимх сөөмөөр дээшилсээр л байна. Бид гарсан гараагаа таг мартаж өөрсдийгөө юун түрүүн Хойд Америк, Япон, Европтой зүйрлэнэ.

    Аль ч баян нийгэмд палианы гадна гарчихсан хүмүүс байдаг. Нью-Йоркт орон байргүй хүмүүс тэсгим хүйтэнд гудамжинд цаасан хайрцагт унтаж буй нь тийм ч ховор үзэгдэл биш. Яаж ч тордоод засал авдаггүй нэг хэсэг. Ийм зовлон бэрхшээл хаана ч бий. Үүнийгээ томруулдаг шилээр харуулан бүгдээрээ ингэж яваа юм шиг суртчилсаар байтал гадаадын иргэд монголчуудыг аймшгийн кинонд гардаг шиг зөвхөн траншейнд л хог түүн амьдардаг мэтээр ойлголт авчээ. Үнэндээ манайд болгоё бүтээе гэсэн нэгэнд зах зээл өврөө дэлгэж ажилтай ч амьдралтай ч болгож байгаа.  Зар мэдээгээр  гурван ажлын местэнд хүн хайхад хоёр нь хоосон үлдэж байна.

    Манай төр ч бүр яадгаа алдчихсан юм алга. Тэгээд ч Төр гэдэг бол нийтийн үнэгүй гуанз биш, иргэдээс цуглуулсан мөнгөөр зохицуулалт менежмэнт гүйцэтгэдэг үйлчилгээний газар. Ард түмнээс сонгогдсон гишүүдийн дотор сайн нь ч бий, муу нь ч бий. Хөл бөмбөгийн шигшээ баг гэдэг шиг шигшмэл улс төрчдийн баг бүрдүүлэх ямар ч бололцоогүй. Хаана ч ингэж чаддаггүй юм. Нээлттэй ардчилсан нийгэмд төрийн эрх баригчдын төвшин тухайн ард түмний дундаж тусгал нь л байдаг. Ямар л ард түмэн байна, тийм л төр бий болно. Ард түмний элч болоход тухайн хүний мэдлэг боловсрол, санаа бодол гэдэг нь олон хүчин зүйлийн зөвхөн нэг л тал нь. Олон нийттэй харилцах чадвар, царай зүс, цэвэр тохиолдол гээд олон хүчин зүйлийн нийлбэр билээ. Сонгуулийн өдрийн цаг агаар хүртэл нөлөөлнө шүү дээ. Ингэхээр нэг сонгуулиар л бүрэлдэхүүнийг эрс сайжруулна гэж ёстой байхгүй. Энэ зун сонгууль болж аль л өнгөтэй өөдтэй гэж бодсоноо гаргаж ирнэ, намраас бөөн харуусал хараал зүхэл дахин эхлэнэ. Юу үнэн, энэ л үнэн.

    Одоо л нэг хамаг сайн шудрага хүнээ сонгоно гэж хий мөрөөдөж байхаар өөр юманд анхаарлаа хандуулбал дээр мэт. Манай нийгэмд авилга хээл хахууль замаа алдаж, нийгмийн шудрага зарчмыг аймшигтайгаар алдагдуулж байна. Чухам  энэ л үндэсний сүйрэл, улс орны мөхлийг дуудах хар хүч юм. Хамаг юмаа бид авилгад л тавьж тууна. Авилгыг муу хүмүүс гэхээсээ муу механизм төрүүлээд байгаа юм. Энэ нь гол нь хяналтгүй төрөөс үүдэлтэй. Монголын улс төрийн намуудыг баруун зүүн ч гэх шиг, ардчилсан ардчилаагүй ч гэх шиг сураг ажигаар хувааж байхаар биендээ хяналт тавьдаг механизм талаас нь ойлговол асуудал нэлээд ойлгомжтой болно.

Монголын шинэ үеийн түүхэн дахь хамгийн сайн парламент яг одоо оршин тогтнож байна. Биендээ хяналт тавих бүрэн нөхцөл нь бүрдсэн. Хянаж байгаа нь энэ гээд ажил явуулахгүй, нэгнээ байн байн дэгээдэж унагаж буй нь сул тал боловч улс орныг авилгачид цөлмөж хоослохоос хамгаалсан сайн механизм. Хамгийн муу парламент 2000-2004 онд байсан. Тэр үед хүний адгууд нь бөөгнөрсөн гэсэн үг ерөөсөө биш. Төр хяналтгүй болчихсон юм. Чухам ийм хяналтгүй нөхцөлд хүн бүрийн дотор байдаг өөдгүй ариншингууд илрэн ичих эмээх юмгүй болсон билээ. Одоо дуулдаж буй болохгүй бүтэхгүй болгон тэр үед тохиосон, эсвэл тэр үед бүрэлдсэн юм. Хяналтгүй явсны гай үргэлжилсээр. Хяналтгүй үе мөрөөрөө хөгжиж байсан гольдорлыг эвдсэн төдийгүй олиггүй механизм тогтоож орхисон. Ингэхээр хамгийн чухал зүйл бол сайн хүмүүсийг олж сонгоход биш, сөргөлдөж буй улс төрийн намуудын тэнцвэрийн балаансыг барихад оршино. Ийм л учраас таны үзэн ядаад жигшиж огиод байгаа одоогийн парламентийг харин ч хамгийн боломжит сайн төр гээд байгаа хэрэг.     

     Манай нийгэмд шүүмжилмээр юм асар их бий. Шүүмжлэх ч хэрэгтэй, ингэж байж л засарлыг олно. Гэхдээ шүүмжилсний зоргоор тэр дороо бүх юм сайн болчино гэж үгүй. Ялангуяа сонгуулийн үеэр гарах дэгсдүүлэл нь шүүмжлэл гэхээсээ ихэнхдээ солиорол байдаг. Алдаатай оноотой ч эх орон маань урагшилж л байна. Мянгын дугуйгаар 200 милийн хурдтай давхих бололцоогүй, хэрэв тэгэж чаддаг юм гэмээнэ энэ нь осолтой, амь насанд ч халгаатай. Бид мотороо солих тухай, жолооны ур чадвараа сайжруулах тухай,  замаа цардах тухай эхэлж бодоцгооё. Одоохондоо унасан унааныхаа хар тэнхээгээр л урагшаа хурдалж байна шүү дээ. Шүүмжлэгчид бүхнийг харлуулж тал тал тийшээ огиж л байна. Тэгээд юуг өөрчлөх гээд байгаа юм бэ? Чадах юм уу? 200 милийн хурдтай давхих гэвэл Бэнц хэрэгтэй.

2008-1-28