Эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж байж л ядуурлыг арилгах, иргэдээ аз жаргалтай амьдруулах зорилгоо хэрэгжүүлнэ. Улсуудын өрсөлдөх чадварын индексийг эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц, засаглалын үр ашиг гэх дөрвөн үндсэн хүчин зүйлээр тооцож эрэмбэлдэг юм байна.
Одоо халамжийн бодлогоос хөдөлмөр эрхлэлтийн бодлогод шилжих тухай, нийгэм эдийн засгийн хөгжлийн суурь нөхцөлийн чухал ач холбогдолтой асуудлын тухай ярьж байгаа. Энэ зөв чухал бодлого амжилттай хэрэгжих эсэх нь Монгол Улсын эдийн засгийн тамир тэнхээг өсгөх, ажлын байрыг өргөтгөж иргэдийнхээ хөдөлмөрийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэхээс хамаарах болно.
Манай улсын гадаад харилцаа өргөжиж байна. Харилцаж байгаа гадаадынхан өөрийнхөө ашиг сонирхолоор бидэнтэй харилцах бөгөөд манайхан Монгол Улсынхаа ашиг сонирхолыг хангаж харилцах мэргэжлийн өндөр ур чадвартай, сэтгэлтэй байх ёстой.
Монгол Улсыг нийгэм эдийн засгийг хөгжүүлэх цэгцтэй бодлого төлөвлөгөөтэй болгох зорилгоор Улсын Их Хурал энэ оны 5 дугаар сард хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилж гаргалаа. Энэ бол засаглалын үр ашгийг дээшлүүлж өрсөлдөх чадвараа дээшлүүлхэд чиглэсэг чухал ажил юм.
Ардчилсан хувьсгалаас хойших гучин жилд Монгол Улс хөгжсөн, шинэчлэгдсэн. Гэвч бүх ард түмэн аз жаргалтай сэтгэл хангалуун амьдардаг боллоо гэж хэлэх хараахан болоогүй. Эдийн засгийн тамир тэнхээ нь иргэдийнхээ гуравны нэгийн амьдралын ядуурлыг арилгахад хүрэлцдэггүй, гадаад дотоодод төлөх өр ихтэй, хөгжлөөр хоцрогдсон улсын нэг байна.
Манай улсад 1990 оноос хойш байгуулагдсан засгийн газрууд тогтвортой ажиллаагүй, эдийн засаг нийгмийн хөгжлийн хурд удаан, ядуурлыг арилгах зорилт хэрэгжээгүй нь зах зээлийн эдийн засгийн нөхцөлд засаг төрийн зохицуулалт хэрэггүй гэж байсан буруу онолын хор уршсаар Засгийн газар хөгжлийн урд хугацааны хөтөлбөр, дунд хугацааны төлөвлөгөөтэй ажиллахгүй байгаатай шууд холбоотой.