Миний роман, тууж, өгүүллэгээс өнгөрөгч нийгэмд биеэ хэрхэн авч явсан минь төсөөлөгдөнө буй зээ.
Гашуун сухайтын төмөр замаа Хятадын замтай уулзуулахгүй гэж хорь гаруй км зөрүүлж, холбохгүй гэж суурь бүтцийнхээ төгсгөлийг 8-9 давхар байшин шиг өндөрлөх зэргээр 10 гаруй жил “бүтээлчээр” гацаасан ч эцэстээ хоосорч холбохоос аргагүйд шаагдахад орос тушаал биелүүлэгч чухал хүмүүс Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр замаас ээлжит булталтаараа зайлсхийж, Таван толгой-Зүүнбаянгийн төмөр замыг 2022 оны 07-р сарын 20-нд дуусгахаар гөжүүдлэв.
Өдгөө Зөвлөлтийн тусламж байтугай нөгөө агуу Зөвлөлт минь алга. Харин Хятад дэлхийн хоёр дахь эдийн засаг болжээ. Энэ өөрчлөлтөд далдуур хорсдог Цэдэнбалтан Монголоор дүүрэн. Тэдний уураа гаргаж, өшөөгөө авч дөнгөдөг-гарын дорх дайсан нь ардчилал гэж ангалзсан анхны хэд.
“Хөршөө хөгжүүлдэггүй” гээд Оросоос Польш Чех Словак Унгар Румын Болгар болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтын гурав зай барьж, Гүрж Украйн Молдав зугтааж буйг бид харж байна. Худал гэх арга алга. Зулрагчдыг муйхраар буруутгахын наана ултай тунгаах илүүдэхгүй биз. Тэсвэрлэшгүй дарамт байгаа ч юм билүү. Жишээ нь манай хөгжлийг хөтлөх мега төслүүд-цахилгаан станцууд, төмөр замыг 10-20 жил гацаасан шиг.
Анчдын сүрэг зэрлэг үхэртэй тулалдлаа. Зэрлэг үхэртэй өвгө дээдэс маань хүч сорих гэсэн бус гэдэс нь маш их өлсчээ. Цусаа үзэж улангассан үхэр чулуунаас ондоо зэвсэггүй анчдын олонхийг хүнд бэртээснээр барахгүй хэд гурвыг бүр тонилгож орхив. Гэлээ ч гэсэн анчид үхрээ эд бад хийж авчээ.
Таван толгойн нүүрсээ төмөр замаар бүү тээвэрлэ гээд орос олигархиуд шивнэснийг Х.Баттулга мэтийн манай хүрэн бөөртүүд төрийн нууц гээд хав дардаг. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гэж томорч буй нь ийм учиртай. Архивт үлдэх баримтгүй орос ахын нууц аман тушаалыг задруулах зориггүйдээ “өргөн нарийн цариг” гэж маанаг монголчууд талцан маргаж буйгаар дотоод гадаадад ойлгуулж, ард түмнийхээ нүүрийг хулчгар Төр засаг нь хөөддөг гээд ойлгочих.