Оросууд андуурч бөмбөгдсөнийг нүдээр үзэж, өөрсдөө шархдаж, арай чүү амь мултарсан манай дарга цэргүүд өршөөлгүй харгис тэр цагт айгаад үнэнийг хэлж зориглоогүй нь аргагүйдэл юм биз. Харин ЗХУ, БНМАУ цагаатгасан орлогч жанжныхаа эмгэнэлт хувь заяаг бүр ардчиллын үед ч тоож дурсах хүн Монголоос гараагүй нь гашуун. Ямар ч гэмгүй атлаа хэлмэгдсэн хүүдээ гашууддаггүй ард түмэн ажээ бид.
Бидэнд хил залгаа ашигтай өөр түнш заяасангүй. Хаяа дэрлэсэн ганц аварга захад чулуу шороогоо чадлаараа шахаж, ахиу зоос олж, дэд бүтцээ түргэн байгуулах гэсэн намайг ойлгооч. Шинжлэх ухаан нүүрсийг маань үнс болгочих гээд биднийг яаруулж байна. Хөгжлөөс хоцорсон бидэнд хурд маш чухал болов. Хятад улс манууст маш ашигтай хөрш. Орос Монгол хоёрт наймаалцах бараа хомс юм чинь худалдаагаа яаж тэлэх билээ. Нүүрсээ солилцох уу. Хоёул чулуу шороогоо зарах гэж өрсөлдөж буй. Авдаг ойрын ганц хэрэглэгч нь Хятад. Хятадаа булаацалдаад төмөр зам тавиулсангүй.
Хэт олон сонгогчдын төлөөлөл-ачаа нь хүнддэж зүдэрсэн гишүүнээ би гамнадаггүй төгцөг аж. Ер нь эрхэм гишүүн, сонгогч намайг юугаар гялайлгах үүрэгтэй юм бэ? Намайг төрд 30 жил хэрхэн төлөөлснийг санадаггүй шүү зөнөг чинь. Гишүүнээсээ хоол эм гуйх учиргүйг сонгогч би мэднэ. Тэтгэврийг маань миний төлөөлөл өөрөөсөө хайрлаагүй, татвар төлөгчдийн мөнгөнөөс ч хумслаагүй, би насан турш суутгуулсан шимтгэлээсээ цувуулан хүртдэг.
“Ажнай”-гаар туг тахиад төр засагт үүрлэсэн хулгайчдаа авч үлдвэл юун хуулийн засаглал, юун ардчилал, юун чөлөөт зах зээл-Монгол баларна. Бадамжунайн хулгайтай урьд нь эвлэршгүй тэмцэгч Ц.Нямдорж цахимаар тодров. Тэр ийм моментыг овжин ашиглаж рейтингээ өсгөдөг хуульч. Би ийм занд дургүй.