Хятадын бодлого цахилгаан шиг цахилдаггүй, дөл шиг бадардаггүй, ердөө л хүр хорхой шиг тор нэхсээр байгаад нэг л мэдэхэд дэлхийг бүрхэж мэднэ. Лос Анжелесын супер маркет, Венецийн зах, Оросын универмаг, Жакартын гудамж, дөрвөн зүг, найман зовхист хятад инжаан, сайван, шожоон мужааны хийц лангуу дүүрчээ.
Хэнд ч захирагдахгүй (эхний нэгдүгээр чин хүсэл нь!), бие тархиа огтоос зовоохгүй (хоёрдахь хүсэл нь!), хүний ланчиг дор дороо (гуравдахь хүсэл нь!) гэсэн монгол ухаан, монгол сэтгэхүй зах зээл, ардчилал эрх чөлөөтэйгээ холилдоод явж байгаа нь энэ биш үү? Эрх чөлөөгөө эдлээд 30 жил болсны эцэст харахад ийм л нийтлэг дүр зураг бууж байна. Эх орондоо ямар ч бүтээл байхгүй хувиа хичээсэн бэртэгчингүүд.
Корона гэх нүгэлт вирүс дэлхийг нөмрөөд манай улс бас давхар хэлмэгдээд явж байгаа энэ цаг мөчид эмч, эмнэлэг, сувилагч, эмийн сангийн талаар монголчууд нэгдсэн мэдлэг ойлголттой болж авсан байх. Бас онцгой байдлын алба, цагдаа, цэргээ ч ялгаж танихтайгаа болж авлаа. Хүн ардын тархинд суусан өнгөц мэдлэгийг нь би хэлж байна.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд Ж.Энхбаяртай хуучилснаа болон миний өөрийн байр суурийг дор буулгая.
Монголчууд “Таньдаггүй бурхнаасаа таньдаг чөтгөрөө дээдэлдэг” учраас явж явж энэ сонгуулиар УИХ-д олонхийг МАН, АН хоёр намынхан л бүрдүүлчих болов уу. Сонгогчдын ихэнхи нь ийм бодолтой байхыг үгүйсгэхгүй.