Зургаан сая ам.долларын зөрүү 10 сая ам.долларын авлигын сэжүүр мөн үү?
Зургаан сая ам.долларын зөрүү 10 сая ам.долларын авлигын сэжүүр мөн үү?
У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэгэн сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон гэх мэдээ “амьд” байгаагийн лав зургаан сая ам.доллар нь Эрчим хүчний яамнаас олдох бололтой.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханаас БНХАУ-ын “China Energy”-д явуулсан бичгийг та харж байна.
2019 оны тавдугаар сарын 24-ний энэхүү албан бичигт “2019 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн Танай тендрийг “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендрээр хүлээн зөвшөөрснийг үүгээр мэдэгдье”, “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын таваас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэсний дагуу гэрээний хэлэлцээр хийж гэрээ байгуулна уу” гэсэн байгаа биз.
Гэтэл яг энэ З.Мэндсайхан даргаас 2019 оны зургадугаар сарын 19-ний өдөр “TBEA” компанид “Танай тендрийг “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендрээр хүлээн зөвшөөрснийг үүгээр мэдэгдье” гэсэн бичиг илгээжээ.
“TBEA” компанид явуулсан уг албан бичигт “Тендерт оролцогч танай компаниас Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамнаас 2019 оны зургадугаар сарын 7-ны өдрийн 6-1/3778 тоот албан бичгээр тендрийн шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн. Иймд Тендрийн үнэлгээний хорооны 2019 оны зургадугаар сарын 14-нийхуралдааны дүгнэлтийг үндэслэн “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендрээр хүлээн зөвшөөрөх болсноо мэдэгджээ.
Үнийн дүнгийн хувьд “China Energy” 74.002.007 сая ам.доллар, “TBEA” 79.488.266 сая ам.долларыг санал болгож, зургаан сая орчим ам.доллараар өндөр үнэтэй “TBEO” Сангийн яаманд “яаралтай гомдож” чадсан учраас тендер ийнхүү хоёр дахь ялагчтай болжээ.
Энэ завхралын эхлэлийг Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тавьсан гэж эх сурвалжууд нотолж байна. Мөн Тендрийн шалгаруулалттай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх тусгай эрхээ урвуулан ашигласан хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг буруутгаж, улмаар уг зөрүүтэй бичгийг өрсөлдөгч хоёр компани руу ээлж дараалан илгээсэн Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Тендрийн үнэлгээний хороонд томилогдсон ажилласан Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Д.Өлзийсайхан, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Сандуйжав нарыг тендер будилаантууллаа гэж үзэж байгаа аж.
Харин Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Тендер надад хамаагүй” гээд үлдэх үү. Аль эсвэл салбарт нь тендрийн будилаан гарсны улмаас хариуцлага хүлээх үү? Яагаад У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэгэн сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон гэх мэдээлэл анх гарсан цагаас түүнтэй нэр холбогдох болов гэдгийн сэжүүр эндээс гарч мэдэх юм.
Эрчим хүчний салбартай холбоотой томоохон төслүүд болох Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон цахилгаан станц байгуулах төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай Монгол Улсын “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК болон БНХАУ-ын SINOSTEEL ХК хоорондын гэрээний гүйцэтгэл бэрхшээлтэй тулгарсан гэх мэдээлэл байна. Мөн “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Баатарын Амармэнд ажлаа өгч, тус төсөл дээр ажиллаж буй хүмүүс цалингаа авч чадахгүй байна. Хөгжлийн банкны барьцаанд байгаа энэ төслийн ТЭЗҮ-д дурдсан нөөц эрсдэлтэй, хайгуул хийх явцад гарсан усны асуудал зэрэг саад бэрхшээл ихэсч байгаа аж.
Түүнчлэн “Шивээ-Овоогийн нүүрсний уурхай дээр барих станцыг 250 МВт-ын гурван блок станцыг ИБУИНВУ-ын IM Power Plc-ийн хамтрагч банкууд бүхэлд нь санхүүжүүлнэ. Засгийн газраас санхүүжилт авахгүй. Техникийн болон санхүүгийн асуудал шийдэгдсэн. Эрчим хүчний яамнаас ТЭЗҮ, БОНХЯ-аас байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг баталсан. Диспетчерийн үндэсний төвөөс сүлжээнд холбох зөвшөөрлийг авсан” гээд зарлачихсан.
Төсөл хэрэгжвэл сайн. Барууны том орноос 1.2 тэрбум ам.долларын төслийн хөрөнгө оруулалт аваад ирэхэд хэн дургүй байхав. Энэ бүхэн Эрчим хүчний яамнаас хамааралтай.
Харин салбарын яам тендер будилаантуулдгаараа хөрөнгө оруулагчдадаа “алдаршаад” байвал цаашид яаж хөрөнгө оруулалт татах вэ, одоогоор тендерт баяртай, гомдолтой байгаа нэг улсын хоёр компанийн асуудлыг хэрхэх вэ? Энэ талаар Ерөнхий сайд ч, УИХ ч, хамгийн гол нь Авлигатай тэмцэх газар анхааралдаа авах шаардлагатай байна.