ЯДУУРЛЫН ЭДИЙН ЗАСАГ 2019 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН НОБЕЛИЙН ШАГНАЛТ
Ядуурлын эдийн засаг бол ядуусын эдийн засгийн амьдралыг ойлгох замаар бий болох асар баян эдийн засгийн тухай ном. Энэ ном ядуус юунд хүрч чадах ба тэдэнд яагаад дэмжлэг хэрэгтэйг бид ухаарахад туслах янз бүрийн онолын тухай юм. Номын бүлэг бүрт саадтай цэгүүдийг таних, хэрхэн даван туулах аргуудыг тайлбарласан. Бид гэр бүлийн амьдралын гол асуултуудаар номоо эхлүүлсэн: тэд юу худалдан авдаг, хүүхдээ сургуульд явуулахын тулд юу хийдэг, тэдний болон хүүхэд, эцэг эхийн эрүүл мэнд, хэдэн хүүхэдтэй байхыг хүсдэг гэх мэт. Дараа нь, зах зээл ба инстүүцүүд ядуусын хувьд хэрхэн ажилладаг: Тэд өөрсдөд нь тулгарах эрсдлийн эсрэг зээл авч, хадгаламж үүсгэж, даатгуулж чадах уу? Засгийн газар тэдний төлөө юу хийдэг, ямар үед амжилтгүй болдог вэ? Номын туршид ийм асуултууд дахин дахин тавигдаж байгаа. Ядуусын хувьд амьдралаа сайжруулах арга зам байгаа эсэх, ямар зүйлс үүнийг хийхэд саад болж байна вэ? Эхлэх өртөг зардал өндөр байна уу, эхэлсний дараа үргэлжлүүлэхэд хэцүү юу? Юу өртгийг өсгөдөг вэ?
Эстэр зургаан настай байхдаа Тэрэза эхийн тухай зурагт номыг уншаад Калкута гэдэг хотод нэг хүнд арван ам тохой газар ногдохоор шигүү суудгийг олж мэдсэн юм. Тэрээр хотыг аварга шатрын хөлөг хэмээн төсөөлж, хааш хаашаа гурван тохой газар нэг хүн-хүү байрлуулаад хэрхэн шахцалдахыг дотроо дүрслэн харжээ. Үүнийг яах ёстойг гайхан бодсон байна.
Тэрээр 24 настай МТДС-ийн оюутан байхдаа анх Калкутад ирсэн юм. Хот руу хөдөлсөн таксины салхивчаар харж явахдаа сэтгэл дундуур байгаагаа бүдэгхэн мэдрэв. Хаашаа ч харсан хоосон орон зай, мод, зүлэг, явган хүний эзгүй зам үзэгдэнэ. Зурагт номоос харагдсан нөгөө төсөөлөл хаа байна вэ? Бүх хүмүүс хаашаа явчихав?
Абижит зургаан насандаа ядуус хаана амьдардгийг мэддэг байв. Тэд Калкута дахь тэдний байшингийн арын ноорхой оромжуудад хоног төөрүүлдэг. Тэдний хүүхдүүд тоглох цаг ихтэй агаад ямар ч спортоор түүнийг урдаа гишгүүлэхгүй. Тэдэнтэй шарик тоглохоор очиход шарикууд нь дандаа нөгөө хүүхдүүдийн уранхай шортны халаасанд үлдэнэ. Абижитын шар хөдөлнө.
Ядуурал байгаа цагт ядуусыг тогтсон хэвд багтаан бодох хандлага бидний дунд хэдийнээс байсаар ирсэн. Нийгмийн онол хийгээд ном зохиолд ядуусыг залхуу ба ажилсаг, хулгайч ба нэр төртэй, уур хилэнтэй буюу номхон, сул дорой буюу өөртөө итгэлтэй гэх мэтээр эсрэг тэсрэг дүрсэлдэг. Ядуусын талаар ийм үзэлд суурилсан бодлого нь бас л хялбаршуулсан томьёоллоос бүрддэгт гайхаад байх зүйлгүй. “Ядууст зориулсан чөлөөт зах зээл”, “Хүний эрхийг бодитой болгоё”, “Эн тэргүүнд мөргөлдөөнийг шийд”, “Нэн ядууст илүү мөнгө өг”, “Гадаадын тусламж хөгжлийг чөдөрлөнө” гэх мэт. Үзэл санаанууд үнэний чухал элемент агуулдаг авч өөрийн найдвар, эргэлзээ, итгэл, хүсэл, төөрөгдлөө тээж явдаг ядуу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг багтаах орон зай дутагдалтай. Хэрвээ ядуу хүн гарч ирвэл голдуу хөгжилтэй шоглол эсвэл эмгэнэлт зохиолын дүр мэт нэг бол гайхан бишрэх эсвэл өрөвдөж, өргөмжлөх ёстой болно. Гэхдээ мэдлэгийн эх сурвалж, юу бодож, хүсэж байгааг сонсож, зөвлөх ёстой хүмүүс гэж үздэггүй.
Ядуурлын эдийн засгийг ядуу эдийн засагтай хольж андуурах нь маш элбэг. Учир нь ядуус маш жаахан зүйл эзэмшдэг тул тэдний эдийн засгийн оршихуйд сонирхолтой зүйл үгүй гэж таадаг. Харамсалтай нь энэ эндүүрэл дэлхийн ядуурлын эсрэг тэмцлийг маш хортойгоор бусниулж байна. Энгийн асуудалд энгийн шийдэл хэрэгтэй гэдэг. Ядуурлын эсрэг бодлогын талбар агшин зуурын ид шидийн хэлтэрхийгээр дүүрсэн боловч ямар ч ид шидгүй гэдэг нь нотлогдсон. Ахиж дэвшихийн тулд бид ядуусыг зурагт номын дүр мэтээр хардаг зуршлаа хаяж, тэдний амьдралыг бүхий л бэрхшээл хийгээд баялаг дунд нь бодитойгоор ойлгоход цаг гаргах ёстой. Сүүлийн 15 жилийн турш бид зөвхөн үүнийг л хийлээ.
Бид эрдэмтэн учир олонх эрдэмтдийн адилаар онолыг томьёолж, баримтыг хардаг. Гэвч бидний хийж буй ажлын онцлогийн улмаас бид газар дээр нь ТББ-ын идэвхтнүүд, засаг захиргааны түшмэд, эрүүл мэндийн ажилтнууд болон бичил зээл олгогчидтой хамтран ажиллахад он жилүүдийг дамжин олон сарыг зарцуулдаг юм. Ийнхүү бид ядуус амьдардаг бөглүү тосгодод очиж асуулт асуун өгөгдлийг судалдаг. Зүгээр л очсоны төлөө биднийг олонх тохиолдолд зочин мэтээр хүлээн авдаг. Утгагүй мэт санагдавч бидний асуултад тэвчээртэй хариулж, өөрсдийн түүхээ хуваалцаж байв.
Оффистоо буцаж ирээд түүхүүдийг санан өгөгдөлд шинжилгээ хийхдээ бид гайхах мэгдэхийг хослуулан ядуусын амьдралын тухайд хөгжлийн мэргэжлийн эдийн засагчид болон бодлого боловсруулагчдын (өрнөдийн буюу өрнөдөд дадлагажсан) ашиглаж ирсэн хялбаршуулсан загварт үзсэн дуулснаа тохируулах гэж оролддог байлаа. Олонх тохиолдолд баримт нотолгооны жин нь уламжлалт онолуудыг дахин цэгнэх буюу орхиход хүргэсэн юм.
Гэвч бид уг онолууд яагаад тохирохгүй хийгээд ертөнцийг сайн тайлбарлахын тулд тэдгээрийг хэрхэн тааруулах вэ гэдгийг нарийн ойлгохоос өмнө өөрчлөх гэж оролдоогүй. Энэ ном харилцан солилцооноос үүссэн: ядуу хүмүүс амьдралаа хэрхэн авч явдаг түүхийг уялдуулан холбох манай оролдлогыг харуулна.
Бид ертөнцийн хамгийн үгээгүй хүмүүст анхаарсан. Дэлхийн ядуусын олонх амьдардаг 50 улсад ядуурлын дундаж шугам өдөрт, нэг хүнд Энэтхэгийн 16 рупигээр хэмжигддэг.2 Энэ шугамаас доогуур амьдардаг хүмүүсийн тухайн улсын Засгийн газар нь хүртэл ядууд тооцно. Одоогийн ханшаар 16 рупи нь АНУ-ын 36 центтэй тэнцэнэ. Гэвч олонх хөгжиж буй орнуудад үнэ доогуур учир тэд худалдаж авдаг зүйлээ АНУ-ын үнээр авбал 99 центээс илүү мөнгө зарцуулах хэрэгтэй. Ийнхүү та Майами буюу Модэсто амьдардаг бол өдрийн бүх хэрэгцээндээ 99 цент (байр орохгүй) зарцуулна гэж төсөөлөөд үз. Гэхдээ Энэтхэгт ч бас амаргүй, жишээ нь, ийм мөнгөөр 15 ширхэг жижиг гадил, эсвэл гурван жин доод чанарын будаа авч болно. Та үүгээр амьдарч чадах уу? Тэгвэл 2005 оны байдлаар дэлхий даяар 865 сая хүн (дэлхийн хүн амын 13 хувь) ингэж амьдардаг.
Хамгийн гайхалтай нь тийм ядуу хүмүүс бараг бүх талаар яг л бидэнтэй адил. Бидний адил хүсэл, сул талтай: ядуус хэн нэгнээс дутуу ухаантай бус, харин ч эсрэгээрээ. Тэд маш бага зүйлтэй учир сонголт хийхдээ ихээхэн болгоомжилдгийг бид олонтоо харсан. Тэд ердөө л амьд үлдэхийн тулд өндөр мэдрэмжтэй эдийн засагч байх ёстой. Бидний амьдрал дарс, ус хоёр шиг ялгаатай. Энэ нь бид баталгаатай мэтээр бодож, онц анхаардаггүй амьдралын олон зүйлд хамаарна.
Өдөрт 99 центээр амьдрах нь сонин, телевиз, ном гээд мөнгөөр авч болох зүйлээс бараг таслагдана гэсэн үг. Үүнээс гадна ертөнцийн бусад хэсэгт байх ёстой зүйл гэж үздэг, жишээ нь вакцин хийлгээд улаан бурхнаар өвчлөхөөс хүүхдээ сэргийлж болно гэх мэт. Энэ нь та нар шиг хүмүүст зориулагдсан инстүүцгүй ертөнцөд амьдарна гэсэн үг юм. Ядуусын олонх нь цалингүй учир тэндээс хураагддаг тэтгэврийн даатгалын тухай бодох ч юм биш. Энэ нь том үсгээр ч уншиж чадахгүй атал жижгээр бичсэн зүйлсийн талаар шийдвэр гаргахад хүрнэ гэсэн үг. Уншиж чадахгүй хүнд хэл халтирмаар нэртэй өвчнүүдийг багтаасан эрүүл мэндийн даатгал ямар хэрэгтэй юм бэ?
Эндээс харвал улс төрийн тогтолцооны талаар ойлголт нь хэрэгжээгүй үй олон амлалтаас цаашгүй үед сонгуульд санал өгөх, хадгалуулсан мөнгөний хэмжээ нь хадгалах зардлыг нөхдөггүй учир жаахан мөнгөө аюулгүй хадгалах газаргүй болдог гэх мэт олон жишээ дурдаж болно.
Энэ бүхэн гэр бүлийнхээ ирээдүйг хангахын тулд ядуус ихээхэн авьяас, чадвар, зориг гаргаж, хариуцлага үүрдгийг харуулж байна. Харин бидний олонхын үл тоодог өчүүхэн зардал, жижиг саад болон жижиг алдаанууд тэдний амьдралд том нөлөө үзүүлнэ.
Ядуурлаас зугтах амаргүй ч боломжийг мэдрүүлэх, сайтар онилсон жижиг тусламж (багахан мэдээлэл, үл ялиг түлхэц) заримдаа санаанд том үр дүнд хүргэнэ. Нөгөө талаар, буруу хүлээлт үүсгэх, хэрэгтэй үед итгэлгүй байх, өчүүхэн мэт бэрхшээл сүйрэлд хүргэх нь бий. Зөв хөшүүргийг дарвал томоохон өөрчлөлт хийх боломжтой авч тэр хөшүүрэг хаана байгааг мэдэхэд хэцүү. Юуны өмнө, асуудал бүрийг ганц хөшүүргээр шийдэх боломжгүй нь ойлгомжтой.
Ядуурлын эдийн засаг бол ядуусын эдийн засгийн амьдралыг ойлгох замаар бий болох асар баян эдийн засгийн тухай ном. Энэ ном ядуус юунд хүрч чадах ба тэдэнд яагаад дэмжлэг хэрэгтэйг бид ухаарахад туслах янз бүрийн онолын тухай юм. Номын бүлэг бүрт саадтай цэгүүдийг таних, хэрхэн даван туулах аргуудыг тайлбарласан. Бид гэр бүлийн амьдралын гол асуултуудаар номоо эхлүүлсэн: тэд юу худалдан авдаг, хүүхдээ сургуульд явуулахын тулд юу хийдэг, тэдний болон хүүхэд, эцэг эхийн эрүүл мэнд, хэдэн хүүхэдтэй байхыг хүсдэг гэх мэт. Дараа нь, зах зээл ба инстүүцүүд ядуусын хувьд хэрхэн ажилладаг: Тэд өөрсдөд нь тулгарах эрсдлийн эсрэг зээл авч, хадгаламж үүсгэж, даатгуулж чадах уу? Засгийн газар тэдний төлөө юу хийдэг, ямар үед амжилтгүй болдог вэ? Номын туршид ийм асуултууд дахин дахин тавигдаж байгаа. Ядуусын хувьд амьдралаа сайжруулах арга зам байгаа эсэх, ямар зүйлс үүнийг хийхэд саад болж байна вэ? Эхлэх өртөг зардал өндөр байна уу, эхэлсний дараа үргэлжлүүлэхэд хэцүү юу? Юу өртгийг өсгөдөг вэ? Хүмүүс олгосон давуу талын ач холбогдлыг ойлгодог уу? Үгүй бол үүнийг ухаарахад юу нь хэцүү вэ?
Ядуурлын эдийн засаг бол эцсийн эцэст дэлхийн ядууралтай тэмцэхийн тулд ядуус амьдрал, сонголтынхоо талаар бидэнд хүүрнэж буй өгүүлэмж юм. Жишээ нь, бичил санхүүжилт заримынх нь боддогоор ид шид биш ч гэсэн яагаад тустай, ядуус яагаад эрүүл мэндэд тустай гэхээс илүү хортой эмчилгээ авдаг, яагаад тэд эрүүл мэндийн даатгалыг хүсдэггүй зэргийг ойлгоход тусална. Энд түүнчлэн өчигдөр шидэт аврал гэж үзэж байсан зүйл өнөөдөр яагаад бүтэлгүй санаа болсныг харуулна. Мөн энэ номд итгэл найдвар хаа байгааг өгүүлнэ: яагаад бэлгэдлийн чанартай татаас бэлгэдлийн бус үр дүнд хүрсэн, зах зээлийн даатгалыг хэрхэн сайжруулах, боловсролд бага зүйл яагаад их болдог, яагаад сайн ажил өсөлтөд чухал гэх мэт. Юун өмнө, яагаад найдвар ба мэдлэг амин чухал, сорилт давшгүй мэт санагдавч яагаад оролдлогоо үргэлжлүүлэх ёстойг тодруулж өгнө. Амжилт харагддаг шигээ үргэлж хол байдаг юм биш.