Урлагийн менежмент
Синдикат ярилцлагын шинэ жилийн тусгай дугаарын хүндтэй зочноор МУГЖ, дуучин, продюсер, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Хүннү рок урсгалыг үндэслэгч, Чингис хааны одонт Хү хамтлагийг үүсгэн байгуулсан Б.Дашдондог уригдлаа. Урлагийн удирдлага, дэлхийн дэвжээ, Монгол бахархал, үндэстний ижилслийн талаар хөөрөлдсөн бидний ярилцлагыг видео болон текст форматаар хүлээн авч үзэн, уншина уу!
В.Ганзориг: Манай урилгыг хүлээн авч ярилцлага өгч буй танд баярлалаа. Олон асуулт байна. Гэхдээ эхний асуултаар дэлхийн рокийн үүсэл хөгжил, одоогийн нөхцөл байдал, ирээдүйн хандлагын талаар хөндмөөр байна.
Б.Дашдондог: Рок хөгжмийг Англи, Америкаас үүсэлтэй гээд янз бүрээр ярьдаг. Ямартаа ч энэ хоёр улс рок хөгжмийн суурийг тавьсан дэлхийн соёлын төвүүд. Битлз хамтлаг рок биш мэт боловч рок урсгалын үндсийг анхлан тавьсан. Америк талаас Элвис Пресли байна. Одоог хүртэл рок урсгалыг тодорхойлдог хоёр том гүрэн Англи, Америк хэвээр байгаа. 1960-аад оноос Монголд рок, поп урлаг хөгжиж эхэлсэн. Энэ утгаар бид гадны урлаг, соёлоос хоцроогүй төдийгүй эрт шүүрч авч чадсан ард түмэн. Бид олон жил боловсорч, сурч ирсэн гэж өнөөдрийг дүгнэн хэлмээр байна. “50, 60 жил гэдэг бол хувьсал, өөрчлөлтийн хувьд богино хугацаа” гэж Жанцанноров гуай хэлсэн. Гэхдээ бидний хувьд энэ хугацаа нэг бүтэн үе. Нэг үе суралцсан бид одоо дэлхийд буцааж өөрсдийн урлаг, соёлоо гарган танилцуулах цаг болсон. Элтон Жоны дууг би сонсч өссөн. Дэлхийд алдартай энэ эрхэм “Би залуу байх үедээ дэлхийн рокыг нэг шат ахиулсан. Энэ цаг үед Хү хамтлаг дэлхийн рок хөгжмийн хөгжлийг дахин нэг шат ахиулж чадлаа” гэж хэлж Хү хамтлагийг үнэлсэн. Дэлхийн рокийг тодорхойлдог хүн ингэж хэлсэн нь бидэнд маш их хүч өгсөн.
Монголд байгаа рок сонирхогч зарим залуус Хүг рок хамтлаг биш гэж ярьдаг. Хүн болгонд янз бүр сонсогдож байгаа байх. Хү хамтлаг гурваас ерэн нас хүртэлх хүмүүсийг өөрийн фенээ болгож чадаж байгаа. Ямар ч насны, хөгжмийн аль ч чиглэл, урсгалыг сонирхдог хүмүүс өөрсдийн өнцгөөр дүгнэлт өгч буй нь сонирхолтой байдаг. Бид хүн болгонд Хүннү рок урсгалыг тулгаагүй. Хүлээж авч буй хүн өөрийнхөөрөө ойлгох ёстой. Миний бодлоор Хүннү рок урсгал байх ёстой. Яагаад гэвэл Хү өөрийн гэсэн хэмнэл, хөг, тоглох арга барил, дуулах хэв маягтай хамтлаг. Ийм урсгал, чиглэлийг шинээр гаргаж буйн цаана надад том зорилго бий. Хү хамтлаг ингэж явж байгаад 10, 20, 30 жилийн дараа хөгшрөөд тарна. Тэр үед ард нь Хүннү рок урсгал үлдэх ёстой юм. Хоёрт, энэ урсгалыг би яагаад хүлээн зөвшөөрүүлэх гээд байгаа вэ гэвэл үүний цаана улс орны хувьд соёл, уламжлал, эдийн засгийн маш том үр өгөөж байгаа.
Хүннү рок урсгал хүчээ авбал дэлхийн олон орноос энэ урсгалаар тоглодог хамтлагууд төрнө гэсэн үг. Тэр юу гэсэн үг вэ гэвэл эдгээр хамтлагууд морин хуур заавал тоглож сурах ёстой болно. Цаашилбал, монгол хэлийг маань сурна. Дээр нь хархираа, шахаа, хөөмийг Монголд ирж суралцана. Морин хуур зэрэг хөгжмийн зэмсгүүдээ энд ирж хийлгэх болно. Үүний цаана эдийн засгийн том бодлого явах учиртай. Гадны олон хамтлаг хархираа, хөөмийгөөр тоглоод эхэлбэл энэ нь дэлхийд Монголыг шууд сурталчилна. Энэ талаас нь харвал Хүннү рок урсгал маш өргөн хүрээнд бидэнд үр өгөөж өгөхөөс гадна олон зуун жил дэлхийн бусад рок урсгалуудтай хамт дуудагдан явах боломжтой болно. Хүннү рокийн цаана Монгол гэдэг нэр байнга байна гэсэн үг.
В.Ганзориг: Хү хамтлагийн түүх, зорилго, амжилтыг сонсохоор дан ганц таны хийх ажлаас цар хүрээ нь хэдийнэ даваад явсан нь анзаарагдаж байна. Тухайлбал, үндэстний ижилсэл, төрийн бодлого, урлагийн экспорт, бүтээлч салбарын хөгжил гээд бүгд хоорондоо харилцан шүтэлцээтэй ажиллаж шаардлагатай болж байна. Үүнтэй уялдан урлагийн менежемент, урлагийн энтерпрайз гэдэг ойлголт гарах болов уу. Яг одоо таны өмнө тулгарч буй хамгийн том асуудал юу байна вэ?
Б.Дашдондог: Монголчууд л болсон хойно өөрсдөө бүх юмаа хийх гэж аргалж явсаар байгаад өнөөдрийг хүрчээ. Том зургаараа эдийн засаг, хөгжлийн бодлогоо манай улс энэ салбарт гаргасан байх ёстой. Дан ганц уул уурхайгаар мөнгө олж улсаа хөгжүүлээд, бүгдээрээ сайхан амьдарна гэвэл маш том эндүүрэл. Аливаа улсын гол зүйл нь хэл, соёл нь байдаг. Соёл байж гэмээнэ тэр улс бусад гүрнээс ялгарч, бусад улсад байхгүй зүйлийг тухайн улс дэлхийд тараан түгээх замаар өөрийгөө таниулж, улмаар эдийн засгаа хөгжүүлэх боломжтой болдог. Монголд ийм бодлого байдаггүй. Бид хоорондоо хамтарч ажиллахгүй, дан дангаараа юмаа хийгээд хийгээд хол явахгүй гэдэг нь улам бүр тодорхой болсоор байна. Бусад улсыг харахаар тэд урлагаа хамгийн эхэнд тавьдаг. Улмаар урлаг нь тухайн улсыг дэлхийн эдийн засгийн нүүр царай нь болгон хувиргаж чаддаг.
Хү хамтлаг дэлхийд гараад ирлээ. Концепцоо бид өөрсдөө боловсруулж, гадна том энтертайнмент компанитай хамтран маркетинг, менежментээ хийгээд явж байна. Бид эндээс суралцаж байна. Дэлхийн том хамтлагуудын клип YouTube дээр 500 сая, нэг тэрбум хандалттай явдаг. Одоогоор Хү жилийн дотор хамгийн ихдээ 20 гаруй сая хүний хандалт аваад байна. Энэ хандалтыг унагахгүй, цааш нь яаж улам хүчтэй болгон урт удаан хугацаанд барих вэ гэдэг бодлогыг бид хамтдаа хийж эхлэх хэрэгтэй.
Бид ижил төстэй бүтээгдэхүүнийг дэлхийн дэвжээнд зэрэг гаргахаас илүү нэгэнт гараад ирсэн брэндээ тордон, дээд хэмжээнд нь тултал зохион байгуулалттай ажиллах ёстой. Үүний ард улс өөрийн эдийн засаг, импорт, экспорт, аялал жуулчлалын бодлогоо хугацаатай төлөвлөн гаргах хэрэгтэй байна. Ингэж байж юм сайн болно. Хү хамтлагийг сошиал орчинд буюу дэлхий даяар улам өндөр хэмжээнд түгээн, олон зуун сая хүнд хүргэх тал дээр л төр дэмжин ажиллаасай гэж боддог. Өөрөөр хэлбэл, өнөө маргаашийг харсан тусламж дэмжлэг гэхээс илүү бодлогын хүрээнд хамтран ажиллаасай гэж хүсч байна.
В.Ганзориг: 2020 он гараад Монгол Улсын оролцох дэлхийн хэд хэдэн томоохон арга хэмжээ болно. Эдгээр ажил дээр та бүхэнтэй хамтран ажиллах талаар төр, засгийн хүрээнд ярилцсан болов уу?
Б.Дашдондог: Одоогоор ярьсан зүйл алга. Яагаад гэвэл манайтай гэрээ байгуулсан энтертайнмент компаниас заавал зөвшөөрөл авах ёстой. Хү хамтлагийн продюсер нь би хэдий ч надад захиран зарцуулах эрх байхгүй. Миний үүрэг бол дуугаа зохион, хамтлагаа хариуцахын сацуу уран бүтээлийн бодлогоо бүрэн хэмжээнд авч явдаг. Эхний ээлжинд Монголчууд бидний дэлхийд анхлан гаргаж ирсэн хүчин зүйлсийг уран бүтээлээрээ дамжуулан түгээж байна. Монголчууд хууль цааз, төрт ёс, пасспорт буюу гэрэгэ, өртөө, улаа буюу холбоо шуудангийн схемийг дэлхийд анхлан таниулж байв. Гэтэл гадны улсууд Монголчуудыг алуурчин байсан гэж ярихад бид энд дуугүй л суудаг байлаа. Бид энэ түүхийн ойлголтыг зөвөөр өөрчлөх, түүх, соёлоо дэлхийд таниулах ажлаас эхэлж байгаа.
Түүхэн үеүдэд бусад улсууд бүгд ариун цагаан байсан юм уу гэвэл бас үгүй шүү дээ. Зарим нь харгис, хэрцгий алуурчид байсан. Бидний өвөг дээдэс дэлхийн бүх шашныг хүлээн зөвшөөрч чадсан агуу хаад байжээ. Эрх мэдэлтэй эсвэл баян хаадын үр удам л заавалхаан, ноён болох ёсгүй гэдэг хуулийг анх санаачилсан улс бол Монголчууд. Энэ бүхнийг л дэлхийд харуулах гээд бид зүтгэж байна.
Эрмитаж гээд ярихаар голлох үзмэрүүд Монголынх байдаг. Оркестр гээд ярьвал 500 хүний бүрэлдэхүүнтэй дэлхийн анхны симфони оркестор Хубилай хааны дэргэд байсан. Энэ бүхний анхдагч нь атлаа өнөөдөр Монголчууд бид яагаад бие биенийхээ бөгсийг ухаад, тамын тогооны үлгэрээр амьдрах ёстой юм бэ? Ажил, уран бүтээл хийгээд гараад ирэхээр л манай залуучууд руу маань дайрч доромжлон элдвээр муулах юм. Хү хамтлаг амжилттай явах нь нийт Монголчуудад ашигтай зүйл шүү дээ гэдгийг би хэлмээр санагддаг. Харин та бүхэнд эндээс юуг нь шүүрч авах вэ гэдгээ л бодох ёстой. Ядаж жуулчид ирэхэд нь бэлэн бай л даа!
В.Ганзориг: Өвөг дээдсийн баялаг түүх, ёс уламжлалыг дэлхийд түгээхээс гадна мэргэжлийн бөгөөд дэлхийн том энтертайнмент компанитай ажиллаж буй нь та бүхний амжилтын нэг хэсэг байх гэж хувьдаа хардаг. Дэлхийн дэвжээнд гарахын тулд заавал ийм компанитай хамтран ажиллаж, маркетинг, борлуулалтын бүх эрхээ өгөхөөс өөр аргагүй болж байна уу?
Б.Дашдондог: Мэдээж тэр компаниуд салбартаа арвин туршлагатайгаас гадна олон оронд өөрийн салбар сүлжээгээ байгуулан, зах зээлээ атгасан, яаж маркетинг, менежмент хийхээ гаргууд мэддэг, мэргэжлийн баг нь хэзээд бэлэн байдаг. Би Хү хамтлагийг дөнгөж гаргаад, эхний хоёр клипээ цацаж байхдаа шөнөдөө сууж гадны хүмүүсийн мессежэнд хариу бичдэг байсан. Тэгэхэд Турк, Орос, Англи, Америкаас холбогдоод урих, янз бүрийн фестивальд дууддаг байсан. Тэр үед би үнэхээр яах учраа олохгүй, юу гэж хариулахаа ч мэддэггүй байв. Тухайлбал, ямар үнээр тоглох, зардлаа хаанаас, яаж босгох гэх мэт. Бидэнд ийм туршлага огт байгаагүй. Гэтэл энэ бүх юмыг мэддэг хүмүүстэй нь хамтран ажиллах нь хамаагүй амар юм. Тийм зүйлд зарцуулдаг цагаа бид харин цэвэр уран бүтээлдээ зарцуулж, өөр зүйлд санаа зовох цагтай болдог юм билээ.
Ийм мэргэжлийн компаниуд махны машин шиг ажилладаг. Дараагийн уран бүтээлээ өг, гарга гээд биднээс шаардаад эхэлсэн. Хоёр дахь цомгийн дуунууд бэлэн болж байна уу гээд биднийг шахаад эхэлсэн. Хүмүүс биднийг бүх эрхээ гадныханд өглөө гэж ойлгоод байх шиг байна. Үгүй! Оюуны өмчийн бүх эрх маань Хү хамтлаг дээрээ Монголд болон дэлхийд хамгаалагдаад баталгаажсан байгаа. Тэд зөвхөн манай уран бүтээлийг борлуулах ажлыг л хийж байгаа юм шүү. Энэ бүх учрыг бүрэн ойлгоогүй байж яаран битгий дүгнэлт гаргаарай гэж би зарим хүмүүст хэлмээр байна. Ийм зүйл маш хортой байдаг. Мэргэжлийн компани зөвхөн маркетинг, менежментийн хүрээнд биднийг дэлхийд борлуулаад тэндээсээ ашгаа хүртэх гэрээтэй.
В.Ганзориг: Энэ компанитай анх яаж холбогдсон бэ? Өөр сонголт байсан уу?
Б.Дашдондог: Сонголт зөндөө байсан. Би тэр олон компанийн аль нь сайн, мууг мэдэхгүй байсан. Eleven Seven Music компанийг ч би мэддэггүй байсан. Энэ компани энтертайнмент, Label-ийн чиглэлээр хоёр ч удаа Грэммийн шагнал авсан, дэлхийн олон том хамтлагуудыг продюсерлэн, маркетинг хийн гаргаж ирсэн том компани. Надад аз таарсан. Брэндон Фрайзен гээд сая бид нартай цуг Чингис хааны одон хүртсэн манай менежер Хү хамтлагийн дууг Америкаас олж сонсоод өөрөө бидэнтэй анх холбогдсон. Урлагийн менежмент, энтертайнмент бизнесийн арвин туршлагатай энэ хүн өөрийгөө бидэнд санал болгосон. Хү хамтлаг цаашаа ямар замналаар явах ёстойг хэлж, биднийг ирээдүйд алдаа гаргахаас сэргийлж чадсан.
Улмаар бид АНУ-д The Hu Music Incorporate гэдэг компаниа байгуулсан. Энэ компани маань америк, монгол менежерүүд, хуульч, санхүүгийн ажилтантай. Манай компанийн хуульч, санхүүчид Холливүүдийн одуудын санхүү, хуулийн асуудлын эрсдлийг нь хариуцаж ажиллаж, баталгаатай гэрээг нь хийж байсан туршлагатай хүмүүс. Энэ баг, энэ компани цаашаа ямар энтертайнмент компанитай ажиллах ёстойг сонгож өгсөн. Магадгүй зарим хүмүүс санаа зовж байгаа байх. Айх хэрэггүй. Бидний эрх ашгийг хамгаалаад АНУ-д компани маань ажиллаж байгаа шүү.
В.Ганзориг: К-Поп дэлхийд гараад ирлээ. Үүгээр дамжуулан солонгос хоол, соёл, кино, хувцас, загвар, гоо сайхны бүтээгдэхүүнээ цогцоор нь төртэйгээ хамтран дэлхийд зарж чадаж байна. BTS цомгийнхоо борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг болжээ. Монгол хүн бүр Хү хамтлагийг энэ төвшинд хүрээсэй гэж мөрөөдөж байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ өндөрлөгт хүрэхийн тулд та бүхэн, танай АНУ дахь компани чадлаараа ажиллаж байгааг сонслоо. Харин Монгол талаас шаардлагатай байгаа ажлууд юу байгаа бол?
Б.Дашдондог: Надад мэдэгдэж байгаагаар энэ бүхнийг том зургаар нь ойлгож буй хүмүүс их л хомс байна. Гэхдээ хүн болгон дотроо энэ бүхнийг харж л байгаа байх. Нэг юм гараад ирэхээр Монголчууд ялаа шиг шавдаг. Шим шүүсийг нь сороод хүчгүй болгон, үнийг нь хямдруулж, юу ч биш болгон газарт унагаасны дараа бүгд хаяад явдаг. Ийм битгий байгаасай гэж хүсч байна. Хү хамтлаг гарч ирснээс хойш тийм юмны нээлтэн дээр дуулаад өгөөч, ийм юмны үгийг хэлээд өгөөч, хурим дээр ирээд дуулаад өгөөч, хэдээр дуулдаг юм, 500 мянган төгрөг байвал болох уу гэх мэтчилэн юм яриад маш олон дуудлага, захиалга ирдэг. Гэтэл энэ хамтлаг ямар зүйл дундуур, юу хийж, яаж унаж, босч явж буйг ойлгодоггүй. Би дээрх зүйлд Хү хамтлагийг ашиглахыг хүсэхгүй. Угаасаа одоо бололцоогүй болсон. Яагаад гэвэл тэнд Label компани манай хамтлагийг борлуулах ажлыг дангаараа хариуцдаг. Иймээс би энд хамтлагаа зарах ямар ч шаардлагагүй болсон.
Аливаа зүйлийг гараад ирэхэд нь улам тордох ёстой. Намайг ганцаараа ажилладаг байхад Bandcamp гээд сошиалаар дуу зардаг компани надад хандан танай хоёр дууг бид заръя гэдэг хүсэлт тавьсан. Хоёр дуугаа өгөөд ажиллаж үзсэн. Нэг дуугаа 99 центээр үнэлээд оруулсан. Маш их хүн татаж авсан. Тэгэхэд хүмүүс нэг дууг 5, 10, 50, 100 ам.доллараар худалдан авч байсан. Тэр хүмүүсийн сэтгэгдлүүдийг орой бүр би уншдаг байсан. Тэгэхэд тэнд “энэ хамтлагийг битгий тараасай гэж хүсч байна, Хү хамтлаг дахиад олон шинэ уран бүтээл хийхийг хүсч байна” гэж бичдэг байв. Үүний төлөө тэд 99 цент биш 50, 100 ам.доллараар нэг дууг маань худалдан авдаг байсан. Энэ зөрүү мөнгө та бүхний дараагийн уран бүтээлд зориулагдаж буй хандив шүү гэж бичсэн байсан. Энэ бол том соёл. Манайд энэ соёл суугаагүй.
Тамын тогооны үлгэр Монголд аймшигтай байна. Бид үүнээс яагаад салж чадахгүй байна вэ? Манайхны толгой дандаа буруу тийшээ ажилладаг. Тамын тогооны үлгэрээ хийгээд өөрт нь мөнгө ордог юм бол тэрийгээ хийгээсэй л гэж хэлмээр байна. Өөрт нь мөнгө, орлого орохгүй байхад яагаад бие биенээ ингэж муулж, доош нь хийж байдгийг ойлгодоггүй? Хү хамтлаг гарахын зэрэгцээ адилхан маш олон хамтлагийг зэрэг гарган, дэлхийд таниулан баллах ёстой гээд яриад байна. Энэ бол ёстой худлаа шүү. Ийм зүйл өмнө нь хоёр ч удаа давтагдаж гарсан байдаг. Ингэж болдоггүй юм байна, дэмий зүйл гэдэг нь батлагдсан. Би өөрөө энэ тогоонд 36 жил чанагдаж, энэ бүхнийг өдөр бүр шинжиж суудаг.
Хү хамтлагийн араас ойрын хэдэн жилд шинэ хамтлаг шинээр гарч ирэхийг би лав хүсэхгүй байна. Яагаад гэвэл энэ хортой. Учир нь байгаа зүйлийнхээ хүчийг сулруулж, шууд унагаадаг. Хойноос нь шинээр гарч ирж буй хамтлагууд өмнөхөө нэр алдар, мөнгө олоод байна гэж хардаг. Уг нь өмнөх хамтлагийнхаа утга учир, зорилго, цаашилбал яаж эднээс илүү хүчтэй уран бүтээл хийх вэ гэдгийг тунгааж бодох ёстой. Үүнд хугацаа хэрэгтэй байдаг. Иймээс битгий яар, мөнгө бүү хар, богино хугацаанд нэр алдартай болно гэж бүү мөрөөд! Учир нь энэ бүхэн худлаа байдаг. Үүний оронд түүхээ улам сайн судал, Хү хамтлагаас өөр содон зүйл бодож олох хэрэгтэй. Үүнд маш олон жилийн хөдөлмөр орно.
В.Ганзориг: Урлагт өрсөлдөөн байх ёстой гэж зарим хүмүүс маргах байх. Яагаад Хүтэй адилхан хамтлаг гарч ирж болохгүй гэж?
Б.Дашдондог: Гарч ирэхийг нь би үгүйсгээгүй шүү. Харин тэд хөг, бодлого, уран бүтээл, өнгө төрхөөрөө Хү хамтлагийг давах ёстой гэдгийг л хэлээд байгаа юм. Тийм байхыг л хүсч байна. Ард нь хог бүү тариарай гэсэн үг. Хог тарих юм байвал бүү хий, тэрэнд битгий мөнгө гарздаарай. Бизнесийнхэн ч үүнийг харж байгаа. Солонгосын К-Поп дэлхийд гарсан. Харин одоо тэд ардын урлагаа дэлхийд гаргахаар ажиллаад эхэлжээ. Төрөөс нь ийм тендер зарласан. Өөрөөр хэлбэл, хэн ч тэдний ардын урлагаар юм хийгээд очоод санхүүжилт авч болно. Би үүнийг маш зөв гэж харсан. Янз бүрийн хүмүүсээр юм хийлгэж мөнгийг нь өгч аваад олон нийтэд нээлттэй тавьчих хэрэгтэй. Эндээс олны анхаарлыг татаж чадсан хэсгийг улс нь шүүрч аваад үндсэн төсвөө зарцуулж, урлагийн хөрөнгө оруулалт хийдэг. Эргээд түүнийгээ задлаад дэлхийд гаргаж ирдэг юм билээ. Монгол ч гэсэн ийм болох хэрэгтэй. Хү хамтлагийн хувьд өөрсдийн хүчээр дэлхийд гарсан. Нэгэнт гарчихсан юм чинь манайд одоо хөрөнгө оруулалт хийвэл алдахгүй гэдэг санаа юм.
В.Ганзориг: Танай залуусын хуваарийг харахаар асар ачаалалтай тоглож байна. Сая АНУ-ын аялал тоглолт дууслаа. 2020 онд Европ, Австрали тивээр аялан тоглолтууд эхлэнэ. Ядарч байна уу? Энэ олон гадаад тоглолтын дараа хэзээ Монголдоо бүтэн хэмжээний тоглолт хийхээр байна вэ? Ер нь Хү хамтлагийн ирэх таван жилийн төлөвлөгөө юу вэ?
Б.Дашдондог: Label компаниас бүх ажлыг жилийн өмнөөс төлөвлөдөг. Ирэх жил хаана очих, юун дээр тоглох, ямар фестивальд орох, хэзээ бие даасан тоглолт хийхийг жилээр нь төлөвлөсөн байгаа. Хүмүүс ярьж байж магадгүй. Залуучуудыг амрах завгүй ажиллуулж байна, Дашдондог өөрөө л мөнгө хийгээд байна гэх мэтээр. Манайханд ийм сонин сэтгэхүй байдаг. Ард түмэн маань дэлхийн одуудыг үнэтэй хауст амьдарч, ганган машин унаж, гоё хувцас өмссөнөөр нь хардаг. Гэхдээ тэр бүхэн тухайн хүнд яаж олдсон гэдгийг нь хэзээ ч олж хардаггүй. Энэ бүхнийг аймаар зовж байж олдог. Махны машин гэж үүнийг хэлээд байгаа юм. Энд 60 тоглолт, тэнд 23 тоглолт гээд л явдаг. Бид одоо он гаргаад 23 тоглолт гээд нэг жил ямар ч завгүй алга болно. Үүнийг хүмүүс юу гэж харах бол? Хүүхэд зовоож байна гэж бодох уу?
Хүн амьдарна гэдэг чинь ингэж хөдөлмөрлөж байж л амьдардаг юм байна. Үүний хажууд би өмнө нь зүгээр л амарч байсан юм билээ. Би уг нь өөрийгөө ажиллаж байсан гэж боддог байв. Өдөр шөнөгүй студид суугаад дуугаа бичээд, өөрөө хааяа дуулаад, хажуугаар нь шавь нартайгаа ажиллаж дуугаа зааж өгөөд их л завгүй ажиллаад байна гэж боддог байсан. Тэгтэл миний ингэж ажилласан нь тэдний хажууд юу ч биш байсан юм билээ. Монголчууд бид нар ажиллаж сурах хэрэгтэй байна. Ингэж байж бид гадны том одууд шиг тансаг хэмжээнд амьдарна. Ийм учраас бид ажиллах л хэрэгтэй.
В.Ганзориг: Ийм айхтар ачаалалтай хуваарь жилээр гардаг юм бол манай залуус өвчин тусах ч эрхгүй байх нь байна шүү дээ?
Б.Дашдондог: Яг үүн дээр л маш их санаа зовдог. Хамтлагийг ирэхээр хэвлэл, мэдээллийнхэн ихээр ирж ярилцлага авахыг хүсдэг. Би нэг ч яриа өгүүлэхгүй байгаа. Учир нь тэр залуус хэвлэлд яриа өгөхийн тулд ямар хэмжээний цагийг амралтаасаа хумслах вэ гэдгийг тооцох ёстой. Надад бүрэн бүтэн, эрүүл мэнд сайтай уран бүтээлчид маань он гарахад бэлэн байж байх ёстой. Үүний тулд залуусаа амрааж сувилалд явуулах, тэнхрүүлэх зэрэг ажлуудыг хийх болдог.
В.Ганзориг: Сүүлд та залуусаа зэмлэсэн үү? Залуусын хувьд амжилтандаа бардах, вакуумд орох эрсдэл гарах гээд байдаг. Тийм зүйл анзаарагдсан уу, эсвэл гайгүй юу?
Б.Дашдондог: Хаан, том жанжныг алдаг ганц зүйл бол магтаал гээд өвгөдийн хэлсэн үг байдаг. Үүнийг манай залуус үзчихсэн, мэдэж байгаа. Магтаалд л битгий бялуураарай, тэр чинь л хамгийн аюултай шүү гэж би залуусдаа дандаа хэлдэг. Ингэж чадахгүй бол та нар хэн ч биш болно. Хүн анх хэн байсан, юунаас, яаж эхэлснээ хэзээ ч мартах учиргүй. Тэр анхны цэг дээр байснаа үргэлж бодож бай! Ингэж чадвал хүн тэгш, зөв замтай, даруу явдаг.
В.Ганзориг: Баруунд Celebrity Management буюу оддын удирдлага гэсэн ойлголт байдаг. Уран бүтээлээс нь гадна хувь хүмүүсийн түүхийг ашиглан олны анхаарлын төвд байнга байлгаж чаддаг. АНУ-д байгаа компани иймэрхүү зүйлс дээр ажиллаж л байгаа байх даа?
Б.Дашдондог: Мэдээж ажиллаж байгаа. HU’s in the kitchen гээд цуврал контент яваад эхэлсэн. Хүмүүс үүнд маш дуртай байгаа. Учир нь монголчуудын хоолны соёл, монгол хоолны талаар гадныхан суралцахыг их хүсч байна. Энэ контентын хандалт, лайкийн тоо нэлээд өндөр явж байгаа. Үүнээс гадна Америкийн энтертайментийн нэг том компани Хүгийн талаар баримтат кино хийгээд эхэлсэн явж байна. Энэ бол түүх. Энэ түүх хэдийнэ эхэлсэн.
В.Ганзориг: Хү хамтлагийн мерчендайзингийн талаар асуух ёстой. Миний гадна, дотны олон найзууд Хүгийн цамц, малгай авахыг хүсдэг. Энэ эрхийг бас нөгөө компани авчихсан уу? Монголд байгаа хүмүүс Хүгийн бүтээгдэхүүнийг хаанаас, яаж авах боломжтой вэ?
Б.Дашдондог: Саяхныг хүртэл бид маркетинг, менежментийн компанийнхаа санал болгосон мерчендайзингийн жижиг компанитай ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, тэр үед бид хамтлагийнхаа нэрийн бараа, бүтээгдэхүүнийг дэлхий даяар зараагүй, зөвхөн тоглолт хийсэн хот, улсдаа л зарж байсан. Америкийн аялан тоглолтоо дуусгаад бид дэлхий даяар мерчандайз хийдэг компанитай хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн. Энэ компани Хүгийн бараа, бүтээгдэхүүнийг дэлхий даяар борлуулах ажлыг хариуцан хийж эхэлсэн. Мерчентайзинг яах аргагүй энтертайнмент салбарын хамгийн чухал хэсэг нь байдаг. Энэ компани бараа, бүтээгдэхүүний талаар өөрсдийн дизайн, саналаа авч ирээд танилцуулсан. Гэхдээ бид илүү Монгол үндэсний хэв маяг, ёс заншил бүхий дизайныг санал болгоно гэдгээ хэлсэн. Бидэнд ийм бүрэн эрх нь байгаа. Иймээс үндэсний хэв шинжээ хадгалсан, орчин үеийн модернаци хийсэн загварууд гарах болно.
Хуурны хувьд бид хоорондоо ярилцаад энэ хуур хамтлагт ганц л байх ёстой гэж үзсэн. Энэ хуур Хималайн нуруунаас эхлүүлээд Африк хүртэл дэлхийн бүх өнцөгт хүрэх ёстой. Олон жилийн дараа Хүгийн музей байгуулагдах үед энэ хуур тусгай жаазанд хүндлэгдэн, дэлхийн тэдэн орныг туулсан, ийм үүх түүхтэй хуур гэж зарлагдана. Манай залуус энэ хуурийг олон тоогоор, хүн болгон бариад явахыг хүсэхгүй байгаа.
В.Ганзориг: Шинэ жил дөхөөд манай урлагийнхны хувьд завгүй мөч ирсэн байна. Зарим хүмүүс хэдхэн дуу дуулаад тэдэн сая төгрөг нэхлээ, энэ мөнгөө ажилчиддаа урамшуулал болгоод тараасан нь дээр гэх мэтээр сошиал медиа дээр мэтгэлцэж байна. Монголчуудын урлагийн үнэлэмжийн талаар таниас асуумаар байна.
Б.Дашдондог: Уран бүтээл, маркетинг, менежмент, оюуны өмчийн хамгаалалтаар дангасан мэргэжлийн агентлаг компаниуд бий болж, салбараа хөгжүүлэх хэрэгтэй байна. Үүнийг Label компани гэж хэлээд байгаа юм. Монголд ийм компаниуд төрөх ёстой. Нэг уран бүтээлчтэй хамтран уран бүтээлийг нь оюуны өмч болон хуулийн хүрээнд хамгаалах, хадгалах, уран бүтээл ба зах зээлийн судалгаа, шинэ уран бүтээлийн хандлага, маркетинг, борлуулалтын ажлыг мэргэжлийн төвшинд төлөвлөн гаргах хэрэгтэй. Уран бүтээлч хүн үүнийг ганцаараа хийж чадахгүй. Уран бүтээлч хүн уран бүтээлээ л хийж, цаг нар, гаргасан хуваарийн дагуу нэвтрүүлэгт орж, олон нийтийн өмнө ил гарч, дуудсан үед тайзан дээр гарахад бэлэн байх ёстой. Ингэж байж урлагийн хөгжил хурдасна.
Хувь хүн өөрөө бүх юмандаа яваад байхаар өөрийгөө үнэгүй болгодог. Жишээ нь, нэг компанийн захирал эсвэл менежертэй нь уулзаад би дуулах гэсэн юм гээд үнээ тохироод л, аягүй бол бартер хийгээд явдаг болхи аргаар манайхан явдаг. Мэргэжлийн биш сайн дурын уран сайханч маягаар бид ажилладаг. Хоёрт, урлагийн үнэ цэнийг булшилж буй хүмүүс салбартаа хог тарьдаг хүмүүс байдаг. Тухайлбал, шинэ жилийг мөнгө олдог арга хэрэгсэл болгосон хэсэг бүлэг хүмүүс байна. Тэд сайн дуулдаг уран бүтээлчидтэй хэзээ ч ажилладаггүй. Гэхдээ шинэ жил бүрээр холбогдож үнийн санал авдаг. Бидний хэлсэн үнэ дээр хаа хамаагүй өндөр үнэ нэмээд цаашаагаа зарладаг. Харилцагч нь ямар үнэтэй юм бэ гэхээр нь харин тийм ээ, гэхдээ Дашка ахын “Охин” гэдэг дууг энэ залуу 100 мянгаар дуулдаг. Энэ залууг авчих гээд явдаг. Энэ бол хог. Тэр хүмүүс бол хог таригчид. Ийм хүмүүс урлагийн үнэ цэнийг унагаж, энтертайнмент бизнесийг үгүй болгож байдаг.
Дээр би УИХ-ын нэг гишүүнтэй уулзаад яг үүнийг ярихад “Энэ чинь өрсөлдөөн шүү дээ. Зах зээлийн нийгэм учраас хийх л ёстой байлгүй дээ” гэж байсан. Бусад будаа, гурил зэрэг элдэв шадав юман дээрээ тийм байж болно, гэхдээ урлаг тийм байж болохгүй ээ. Урлаг тусгайлсан бодлогоор явах ёстой. Тайзан дээр гардаг хүн 3000 эсвэл 10000 хүн цуглуулж, тэдний өмнө үг хэлэх хэмжээний соёлтой, боловсролтой байх ёстой. Түүнээс биш хоёр дуу дуулчихаад тооны машин дээр би тэдийг олж байна гэж боддог хүн тайзан дээр гарч болохгүй. Энэ бол аюултай зүйл. Энэ хүмүүс ард түмнийг жалганд аваачиж хогтой хутгадаг. Бадар-Ууган ах болон манай дээр үеийн урлагийн томчууд, эрдэмтэн, судлаачдын үед манай урлагийн салбар зөв тал руугаа явж байсан. Тэд мэдлэгтэй, боловсролтой, харилцааны маш өндөр соёлтой, бие биенээ муулдаггүй тийм гоё орчин байсан.
Одоо бол Соёл урлагийн их сургуульд сурдаг, хальт мульт хоёр дуу хийсэн хүүхэд тооны машин дээр тоо бодоод концертоо хийдэг болсон. Ингэхдээ Дулмаа ирээд хоёр дуу дуулаад өгөөрэй, Гончигоо хоёр дуу дуулаарай, Балжаа ирээд гурван дуу дуулаад, хөгшин нь өөрөө хоёр дуу дуулаад болгочихно гэдгээ концерт гэж яриад явдаг. Ингэж ард түмнээс мөнгө олдог, урлагийг зэвсэг болгосон хүмүүс байна. Нийтийн дуу дуулдаг мэргэжлийн дуучид дотор сайн уран бүтээлтэй олон хүн байгаа. Тэд одоо үнэгүй болоод тэдний доод талынхан дууг нь энд тэнд дуулан хогийг нь хутган явдаг болчихлоо. Ингэж болохгүй! Энэ бол хүний оюуны өмчийг хулгайлж буй хэрэг шүү дээ. Оюуны өмчийн байгууллага энэ тал дээр маш нухацтай ажиллах хэрэгтэй байна.
В.Ганзориг: National Identity буюу Үндэстний ижилсэл гээд ойлголт бий. Энэ тал дээр манайхан одоо хүртэл тогтсон ойлголтгүй яваад байх шиг санагддаг. Та энэ тал дээр болон Монгол хүний үнэ цэнийн талаар юу гэж боддог вэ?
Б.Дашдондог: Толгойноос минь давсан асуулт байна. Хувь хүний хувьд би давилуун зантай хүн биш. Би юмыг зөв талаас нь тунгаан бодохыг хичээдэг. Юмыг аль болох сайн байгаасай, сайхан явчихаасай гэж бодож явдаг. Жаахан амжилтад хүрээд хамраа сөхөх нь маш хортой зүйл. Монголчуудыгаа харахаад бүгд их ухаантай, хүн болгонд мэдэхгүй юм байхгүй, цэцэрхсэн, хүн бүр улс төр мэддэг, нөхцөлгүй ухаантай хүмүүс харагддаг. Бас завтай байдаг юм шиг байгаа юм. Хүн бүр урдах ажлаа сайн хийвэл болчих юм шиг санагддаг. Ингэж чадвал аяндаа бүх зүйл зөв тийшээгээ эргэчихдэг юм билээ. Энэ ажлаас өмнө би ч бас фэйсбүүк ухаад, улс төр судлаад л, ганц хоёр сэтгэгдэл бичээд явж л байсан. Одоо надад тийм зав алга. Завгүй болохоор өмнө хийдэг байсан зүйлс сонин биш болчихдог юм байна. Одоо улам л сонин биш болж байна. Харин хийж байгаа ажил маань улам сайхан, улам сонирхолтой болсоор байна. Тэгэхээр хүн бүр өөрийнхөө хийх ёстой ажлаа дор бүрнээ төгс хийх хэрэгтэй. Ингэж чадвал бүх юм сайхан болно.
В.Ганзориг: Нэвтрүүлгийн сүүлийн хормыг танд үлдээмээр байна. Учир нь таны хэлдгээр тамын тогооны үлгэр, залуус руу ирж буй дайралт зэргээс болж та нэлээд стресстэй байх шиг санагдлаа.
Б.Дашдондог: Энэ бол зөвхөн сошиал орчингийн зүйл. Хүн сошиал медиагийн аккаунт нээхдээ регистерийн дугаар зэрэг хувийн мэдээллээ заавал оруулдаг болох гээд нэг хуулийн төсөл яваад байсан. Энэ хуулийн санаа зөв санагддаг. Янз бүрийн зураг, нэрний араас хүнийг муулах, сайлах зүйл байхгүй болно. Фэйсбүүк дээрх нэр, нүүргүй аккаунтууд тамын тогооны үлгэрийг дэврээж буй хамгийн том зэвсэг. Жинхэнэ нэр, хаягаар орвол худлаа дуугардаг, юм будлиантуулдаг хүмүүсийн тоо багасч, юм хийдэг хүмүүсийн тоо ихэснэ шүү. Залуучуудыг сошиал медиа дээр соёлтой байхыг л хүсч байна даа.
Би нэлээд депресстэй байгаа мэт ярьсан бололтой. Хоёр, гурван удаа залуусын зохион байгуулсан лекц дээр очиж ярилцсан. Тэндээс маш гоё энерги авсан. Хүсэл мөрөөдөл, ажил бүтээлээр оргилсон маш олон залуус байна. Үндэс угсаа, Монгол гэдэг нэрээ өндөрт өргөн авч явах сонирхолтой залуусын тоо ч их байна. Бидний дэлхий дээр ялгарах ганц зүйл бол хэл, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн өв, соёл юм шүү. Өөр ялгарах юм байхгүй. Биднийг ийм энгийн хувцастай явж байвал гадныхан Хятад, Солонгос, эсвэл Япон байна гэж харна. Өмсч буй хувцас, эдэлж буй хэрэглэл, бичиж буй үсгээрээ бид дэлхийд ялгарч чадна. Ялгарч чадаж байвал бид хүний анхаарлыг татах болно.
В.Ганзориг: Маш үнэтэй цагаа манай нэвтрүүлэгт зориулж, манай нэвтрүүлгийн шинэ жилийн дугаарын хүндтэй зочноор оролцсон танд баярлалаа! Хү хамтлаг, дэлхийн дэвжээнд гарч буй таны уран бүтээл, урлагийн бизнесттань өндрөөс өндөр амжилт хүсье!
Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь видео форматаар үзэхийг хүсвэл та доорх холбоос дээр дарна уу.
ИХТЭГШ
зочин
P.Algaa(ajaa taij).
Зочин