“Трафигура”-тай түншлэх өрсөлдөөнд “хаалга өшиглөн” орж ирж буй нефтийн салбарын “шинэ од" хэнийх вэ
“Трафигура”-тай түншлэх өрсөлдөөнд хаалга өшиглөн орж ирж буй нефтийн салбарын “шинэ од" хэнийх вэ
Сүүлийн саруудад “Трафигура” -тай холбоотой сэдэв өдөр алгасалгүй хэвлэл, сошиал орчинд тархаж, Монголын талын хамтрагчдыг нь залилан хийсэн, мөнгө шамшигдуулсан, асар их төлбөрт орсон гэх мэдээлэл нөмөрлөө. Уг нь бизнесийн хоёр түншлэгчийн өгөө аваа нь төрийн мөнгө, төсвийн асуудалтай огтхон ч хамааралгүй байтал монголчууд яагаад сандраад тэр яригдаад байгаа өр төлбөрт нь санаа зовоод байгаа нь гайхаш төрүүлэв.
Яагаад гэвэл монголчуудыг дотооддоо эвдрэлцэж, “тамын тогоо”-ндоо зодолдох нь гадныханд ашиглагдах учраас тэр.
Удаа дараалан гарсан мэдээллүүдийг шүүж үзвэл гадаад хэвлэлээс эх сурвалж авч, утга авцалдаа муу орчуулга үндэслэн манай “их мэдэгчид” өөрсдийн дур дураар дүгнэлт хийж, “Трафигура монголия” оффисийг “ноцтой гэмт хэрэг” үйлдсэнийг “илрүүлж” тогтоон яллах ээлжит тоглоомдоо орооцолдоод байгаа бололтой юм.
Хэвлэл мэдээллийнхэн сенсаацийг шүүрэн авч мэдээллийн хурдаар “өрсөлдөж”, хэрэв мэдэхгүй сэдэв таарвал “копи пасте” ч хамаагүй хийх нь бий. Тэдний дунд үүгээрээ ашиг хонжоо олдог нь ч цөөнгүй. Ингээд Трафигура -г хэвлэлийнхний явуургүй олзонд өртөв үү гэтэл арай өөр үнэр ханхлаад явчихлаа. Эх сурвалжийн мэдээлснээр Монголын талын "шинэ хамтрагчид" Трафигура-г онилж зодоод эхэлчихсэнийг манай хэд төдийлэн мэдээгүй яваа бололтой юм. Одоо үүнд анхаарах нь илүү сонихролтой бөгөөд чухал байх гэж бодож байна.
Барилгын материалын худалдааны бизнес эрхэлдэг компани нэг л өдөр нефтийн салбарт гэнэт цойлон гарч ирсэнийг “шинэхэн “од” гэж нэрлэж болно биз дээ. “Трафигура”- тай түншлэхээр гэнэт мэндэлсэн тэр шинэ од нь "Эпсилон петронерко” гэдэг компани аж.
Нефтийн салбарт үйлдвэрлэл явуулах, бизнес эрхлэх туршлага байхгүй ч бүх төрлийн шатахууны жижиглэн, бөөний худалдаа эрхлэх, импортлох тусгай зөвшөөрлүүдийг авахдаа хуульд заасны дагуу өөрийн нэг ч колонк, агуулах байхгүй байж 2023 оны 6 дугаар сарын 27-нэнг л өдөр таван жилийн хугацаатайгаар бөөндөж авч энэ оны 4 дүгээр сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр нефтийн компани болж хувирах нь тэр. Тэр ч байтугай тус компани тусгай зөвшөөрөл олгохын тулд шалгуурын босгыг намсгаж, “агуулах, колонкийг түрээсэлсэн байж болох”өөрчлөлт оруулахад хүргэсэн байж болзошгүй давхцал харагдаж байна.
Одоо тус компани нефть бүтээгдэхүүний үйлдвэргүй мөртлөө үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг ”хууль бус” аргаар авахаар хөөцөлдөөд эхэлсэн сурагтай. Цоо шинээр төрж буй нефтийн салбарын "гигант" болох нигууртай "Эпсилон петронерко”-г Трафигурад “шахаж” байгаа гол лоббичин нь Дашдоржийн Бадруун.
Тэрбээр Трафигурагийн Сингапур дахь төвөөс шууд Монгол дах салбарын банк санхүү хариуцсан менежерээр өнгөрсөн 4 дүгээр сард томилогдсон нь дээрх компанийн тусгай зөвшөөрлүүдийн бүртгэлийн цаг хугацаатай тохирч буй нь анхаарал татна. Цаашилбал, Бадрууны аав Дашдорж нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан, мөн Д.Бадрууны үүсэл гарлыг сонирхоход “ХААН”, “Худалдаа хөгжлийн банкуудад ажиллаж байсан, “Трафигура Монголия” компанид нэр бүхий хуулийн фирм энэ бүхий л хугацаанд зөвлөгөө өгч байсан гэх мэдээллүүд олдох аж. Тэгэхээр энэ алдаа бас хуулийн зөвлөхүүдтэй салшгүй холбоотой байж болох хардлага төрүүлж байна.
“Эпсилон петронерко” болон Трафигурагийн шинэ “хамтралыг” Д.Бадаруун болон Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байгаад халагдсан Б.Мөнхжин нар гардан зохицуулдаг гэнэ. Түүнийг дэд сайдаар ажиллаж байх үедээ албан ажилдаа хайнга хандаж, Английн компанитай хувийн асуудлаараа уулзалт хийсэнд хариуцлага тооцох ёстой гэх шүүмжийг хэвлэлүүд бичиж байсан.
Нефть үйлдвэрлэлийн салбарт шинээр цойлон гарч буй “Эпсилон петронерко”хүссэн тусгай зөвшөөрөл , эрх лицензээ бөөндөж авах хэмжээний “баавартай” байгаа нь ил гарсан холбогч зохицуулагч хоёроосоо арай дээгүүр төвшний эзэнтэйг харагдуулж байна. Монголд нууц юм байдаггүй нь сайхан, тэр эзэн эсвэл эзэд хэзээ мөдгүй л “гэрэлд цохиулна”. Тэр цагт харин хэн батлагдаж нотлогдоогүй хэргээр бусдыг ялласан, хамтрагч компанийн орыг эзлэхээр улайрсан тодорхой болно.
Ийм төрлийн хэрэг Орос улсад олноор гардаг. Хууль цагдаа хэвлэлээр дамжуулан тухайн компани руу дайралт хийнэ. Олон нийтэд нэр хүндийг нь гутааж, бизнесийг нь унагаана. Энэ нь станинч аргаас улбаатай байж болох. Үүний дараа "аврагч" гарч ирж бизнесийг нь худалдан авна. “Трафигурагийн хэрэг” энэ удаад дээрх арга хэлбэрийг сайтар шингээсэн харагдана. Түншүүдэд нь байнга матаас явуулж, хоорондын маргаан үүсгэнэ. Энэ асуудлаа хэвлэлээр зохион байгуулалттай түгээж ямар муу хүмүүс болохыг сурталчилна. Амь алба, ор хөнжил бүгдийг нь "сөхнө". Үнэн худал хууль дүрэм хамаагүй гүтгэнэ. Учир нь энд хууль хүчнийхэн хамгаалах, хэвлэл мэдээлэлийхэн турхирах гутаах гээд өөр өөрийн үүрэгтэй оролцож буй том баг ажиллана. Үүний ард харин захиалагч дохиогоор хөдөлгөж сууна. Тэр нь хэн байх вэ гэхээр манайд бол төрөөс төрсөн тэрбумтан улстөрчид эсвэл өвчүүний мах чанах бизнесийг хүртэл хамдаг үндэсний тодотголтой ч өлөн арилаагүй хэдэн баячууд л байдаг даа.
“Муу юм модон улаатай” гэгчээр захиалагч томчуудын таавар ч эхнээсээ хөвөрч гурван үсэгт, тоон нэрт гэх нэрс дуулдаад эхэллээ. Юу болохыг харж л сууя. Гэснээс анхнаасаа ийм аргаар түнш болох гээд үзэж байгаа компаниудыг Трафигура нь харин яаж сонгох юм бол доо.