Яг нэг жилийн өмнөх тэр хар өдөр. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр 19:00 цагийн орчимд амиа алдсан итгэж ядам аймшигт мэдээ нөмрөв. Талийгаач хуралдааны танхимаас гараад Төрийн ордны хоёр давхарт явж байхдаа МАН-ын нэр бүхий гишүүдтэй уулзсан байдаг. Ингээд удалгүй учир битүүлэг байдлаар амь насаа алдсан байдалтай олдсон. Дээрх хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгаж байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар “Г.Батхүү бусдын гарт амь насаа алдсан байж болзошгүй” хэмээн таамаглал дэвшүүлэн мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа гэдэг хариу өгсөөр яг нэг жил өнгөрчээ...

Монголын төрд төдийгүй Монголын ардчиллын түүхэнд тэр хэн байсан бэ гэдгийг айхтар улстөржилгүйгээр эргэцүүлж үзэв. Дэд бүтцийн сайд “хошой” асан, УИХ-ын Дэд дарга, УИХ-ын гишүүний албан тушаалыг тус тус хашиж байсан, хурдан морины уяач, хувийн бизнес эрхлэгч, шилдэг татвар төлөгч, ТББ байгуулах хоббитон гэхчлэн олон хаяг шошгоор түмэнд танигдсан Г.Батхүү чухам Ардчилсан намынхны хувьд хэн байв?


Одоогоос дөрвөн жил орчмын өмнө, 2016 оны арванхоёрдугаар сард билээ. Тухайн үед АН-ынхан намын даргаа сонгох гэж буй бужигнаж байв. Ардчилсан намын даргын сунгаанд 250 сая төгрөг тушаасан нь тунаж үлдэх ч билүү урьд хожид дуулдаагүй зүй бус дүрэм журмууд гишүүдээ залхааж байлаа. Дэр нь намынхаа үүрүүдийн үгийг сонсох, мэдрэхийг ч хүсэхгүй байгаа нь илт харагдаж байв. Тухайн үед Намын даргын сунгаанд нэр нь хааяа тод, хааяа бүдэг дуулдаж байсан нь Г.Батхүү Ардчилсан намын даргаар сонгогдох хүсэлтэй байна уу, үгүй юу гэдгийг мэдэх аргагүй болгож байв. Гэтэл тэрбээр Намын дарга болохын тулд фракциудтай хэлэлцэх биш, хэнд ч үл анзаарагдахаар орхигдсон дугаар үүрийн гишүүний дуу хоолойг хэрхэн Их хуралд хүргэх вэ, яаж хуралд нь оролцуулах вэ гэдэгт анхаарч нэрээ мартах шахан гүйж явсан юм. Харин эцэст нь намын даргад өрсөлдсөнгүй. Тэгэхээр Намын Их хуралд намын үүрүүдийн төлөөллийг ахиухан оролцуулах нь л түүний зорилго байсан хэрэг үү. Тийм бол энэ чинь харин АН-ыг аврах, өнөөх яриад байдаг “цэвэрших”, “дотоод ардчилалттай болгох” гэдэг ажлынх нь эхлэл биш үү гэх яриа үүсэв.Намынхаа Их хурлыг зурагтаар л харж байснаас биш, “Би дуугарах ёстой, оролцох эрхтэй” гэж дуугарч зүрхэлдэггүй ч 20 гаруй жил сэтгэл зүрхээрээ ардчилалд дурлаж, гүн гүнзгий шумбаад орчихсон дугаар үүрийн гишүүнийг Намын дарга нь хайрлаж байсангүй. Хуралдаа ч урьж байсангүй. Зөвхөн сонгуульд ашигласаар ирсэн юм. Энэ л Ардчилсан намын алдаа байв.

Энэ алдаагаа засч дүрмээ өөрчлөх болмогц нэр дэвшигчийн өнгө өөрчлөгдөж байна. Зохион байгуулалттай, хавчлага барьцаатай болоод явчихав. Үүнээс нь болж нам дотор нь “Онцгой байдал” үүсч мэдэхийг эрхбиш мэдэрч “Эвтэйхэн өрсөлдөөрэй” гэж Намын дарга нь хагаралаа зарлаж тэнэгтлээ.

Намынхаа “эсийн түвшинд” хүрч ажиллаж чаддаг, 1989 оноос өмнө хэн байснаа мэддэг, хүнийг хүн гэж хардаг, харьцдаг тийм л даргыг АН хүсэн хүлээж ирсэн. Гэтэл Намын даргын шалгуур, намын дотоод ардчилал, дүрэм сэлт гээд Ардчилсан намын амин чухал шийдвэрийг гаргахад л оролцдог “том хүмүүс” үеийн үед намын дарга болсоор, түүнийгээ хувийн эрх ашигтаа, цаашилбал Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо ашигласаар ирсэн. Үүнтэй хамт дугаар хорооны, дугаар үүрийн АН-ын гишүүн “ашиглагддаг”. Энэ л Ардчилсан намд байх ёсгүй бичигдээгүй хууль, биелэгдсэн түүх байсаар ирэв.

Ер нь өнгөрсөн 20 гаруй жилд АН-ын лидерүүдийн ноён нуруу эрх мэдлийн өмнө очоод хугардагийг олонтаа нотоллоо. Харин одоо энэ “хугараагүй ноён нуруу”-нд эрх мэдэл өгөөд харвал ямар бол гэж хүлээж байтал 250 сая төгрөгийн “босго”-нд бүдрээд өнөөх ноён нуруу нь хугарчихав.

Г.Батхүү агсанд 250 сая төгрөг олдоогүй гэвэл хүн итгэхгүй. Харин нэг тийм тавилттай жүжигт зарцуулахад бол бас ч гэж зовж олсон мөнгө байж таарна.

Ардчилсан намын VI Их хурлын индрээс “хариуцлага тооцох” гэдэг үг хамгийн хүчтэйгээр, хамгийн олон удаа цуурайтсан. Намын жирийн гишүүдийн дэмжлэгээр гарч ирсэн УИХ-ын гишүүд Н.Алтанхуягийн Засгийн газрыг түлхэн унагаахад оролцсон уу, үгүй юу гэдгээр 2012-2016 оны УИХ-ын гишүүдийг толгой дараалан шүүх нь холгүй байлаа. Хариуцлагын тухай бүлэг заалтыг дүрмээс хасахаар дээрээс оруулж ирснийг заалаараа шуугилдаж байгаад буцаан нэмүүлж байсныг нь харахад Ардчилсан намынхны хурал үнэхээр ардчилалтай болсон. Ийм ч учраас АН-ынхны лидерээ сонгох эхний даваа нь “Засаг огцроход аль талд байсан бэ” гэдгээр шүүх даваа  байх бололтой.

Г.Батхүү агсаны улс төрийн замналыг эргэн дурсваас Засгаа огцруулах гэж гарын үсэг зурж байгаагүй, огцруулна гэсэн кноп дарж үзээгүй, бас хурал тасалж ирцээр боож Засгаа хүчгүйдүүлээгүй. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр кноп андуурч дардаг асуудалтай ч холбогдоогүй. Яг л олонхийнхоо багийн шийдвэрт үнэнч байж засгаа авч үлдэх гэж тэмцэж суусан хариуцлагатай гишүүдийн нэг.

2016 оны сонгуулийн ялагдалд Ардчиллынхны хэн нь буруутайг хайгаад хөл, толгой нь олдохоо больж ирсэн тэр үед тухайн үеийн АН-ын дарга З.Энхболд “Шонхор” фракцийнх бөгөөд чухамхүү энэ фракцийн болон З.Энхболдын ойр хүрээллийнхний хаалганы ард тооцоолсон тооцоо, бодсон бодлогоор 2016 оны нэр дэвшилт, тойрог хуваарилалт, хуулийн өөрчлөлтүүд явагдсан гэдгийг АН-ын гишүүд сайн мэднэ.

Сонгуулийн дараа намын даргын эсрэг олон “дайсан”, тэр ч байтугай “зүй бус нэгдэлүүд”-ийг бий болгож эвлэрэхээргүй хүмүүс эвлэлдэн тэмцэж байв. З.Энхболдын өгсөн таван суманд нум хэрэгтэй байв. Эсвэл нум хэрэглэхгүйгээр жад шиг шидээд байх уу. Гэтэл “нум” гэж бодож явсан бүхэн нь жад мэт болсон байлаа.

Харин намын даргаас сум аваагүй, сунгаанд оролцоогүй Г.Батхүүгийн хувьд АН-ын удирдлагад ажиллаж байсангүй. Үүгээрээ бүр Л.Гантөмөрөөс ч дор эрх мэдэлтэй, нам түүнийг зүгээр л АТМ мэтээр ашиглаж байсан дүр зураг харагддаг. Цаадах нь ч үүнийгээ ёс мэт үзэж намдаа элссэнээс хойш Намын дарга, Дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийслэлийн АН-ын даргын албыг огт хашиж байгаагүй юм. Нэг ёсондоо  АН-ын удирдлагын арын фронтод явж ирсэн, одоо “галын фронт”-д цоо шинэ хүн болж орж ирэхээр нэр дэвших нь үү гэтэл дахиад ухрах нь тэр. 

Энэ ухралтыг “Нэг алхам ухарч хоёр алхам урагшлах” тактик гэж харж болох юм уу гэтэл тийм биш ч байв. Бизнесмэн хүн бол өгөөш болгоныг  үмхээд байдаггүй арай өөрөөр хардаг бололтой. Үүнийгээ ч улс төрд ашиглаж ямар гээчийн хор гүйгээд байгааг хараад АН-ын даргын сунгаа гэгч  “тендерт” оролцоогүй нь ч болж гэж хожим бодож билээ.

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоор УИХ-ын зарим гишүүд “МоАН” санаачилга ТББ-ыг байгуулсны нэг нь Г.Батхүү агсан. Монголынхоо ардчиллаар гоёх гэж үүнийг байгуулсан гэж гайхуулан тайлбарладаг байв. Дэлхийн бусад олон орны ардчиллаас Монголын өөрийн нутаг дээрээ, өөрсдийн хүчээр босгосон ардчиллын 10 үнэт зүйлийг тэд томьёолж гаргаад дотоод, гадаадад сурталчилж, АН-ын гишүүддээ үнэт зүйлийг нь сануулж, төлөвшүүлэх ажил хийдэг.  Гуравхан сая хүн амтай, эрх барьдаг хоёр том намтай, үүний нэг нь болох өөрийнх нь харьяалагддаг намын фракци дэндүү “олдож” хагаралд хүрч эвлэрэл хүссэн, олоон жилийн дараа арайхийн засгийн эрх барихдаа сөрөг хүчний оролцоогүйгээр Засгийн газраа татан унагасан энэ байдлаас тэрбээр ичсэндээ эвдрэлцүүлэх биш эвлэлдүүлэх санаачилгын байгууллагыг үүсгэсэн байдаг.

Энэ бол Г.Батхүү агсны үнэт зүйлийн тусгал болох ажлын эхлэл байсан юм. Түүний бас нэг үнэт зүйл нь улсынхаа хамгийн анхан шатны нэгжийг хөгжүүлэх мөрөөдөл бодлогууд. Баг сумдын холбоо, АН-ын үүрийн дарга нарын холбоо гэх мэт анхан шатны нэгжтэй холбоотой байгууллага түүний нэртэй байнга холбоотой. Анхан шатны амьдралыг мэддэг хүний хувьд АН-ын даргын сунгаанд яг л тэднийг хүчирхэгжүүлэхийн төлөө оролцож байгаа нэр дэвшигч. Анхан шатны нэгжүүдээ бүтнээр нь бүрнээр нь байлгах уу, эсхүл сум аймгийг цөөлөх үү гэдэг маргаан бараг л Үндсэн хуулийн маргаан юм. Энэ маргаанд Г.Батхүүг агсны баримталдаг байр суурь үргэлж анхан шатны нэгжүүдээс “аргамжаатай” үлдсэн юмсан. Тэднийгээ сонсохгүйгээр, тэдний байр суурийг төлөөлөхгүйгээр шийдвэр гаргах удирдагч бол улсаа “эмтлэх” аюултай гэж тэрбээр үздэг байсан нь түүний тэргүүлж байсан олон ТББ-уудын үйл ажиллагаанаас байнга харагддаг.

Ардчиллын үнэт зүйлийг залгамжилж авч явдаг. Хэн нэгэн агуу удирдагчийн үгээр тэр явдаггүй юм шүү гэж тэр захиж билээ.Хэн нэгний аманд багтаж, хурууны үзүүрээр хөдлөхгүй болтлоо сууриа олж чадсан хүн л ингэж захидаг юмсанж. Тиймээс ч ямар чсонгуулийн өмнө нэр дэвших эсэхээ толгой даан шийдэж хэлж чаддаг байв. Харин толгойгоо даахгүй ацан шалаанд ороод байгаа “рахиттай лидерүүд”-ээс хэн нь ч түүн шиг байж чадсангүй. Ардчилсан намын даргын сунгаанаас “Толин хул”-аа аялсаар буцсан түүний мөр тасалдах ёсгүй...