Багш эмч нар олон болохоор тэдний цалинг танахад эрх баригчдад овоо юм унадаг. 10-20 мянган шахааны хувалзуудаа эрх баригчид цөөлөхгүй гэж гүрийгээд, багш нар төр засгийн данхар бүтцэд булаалгасан цалингийнхаа хэсгийг автал ажил хаяна гэж чангараад хүүхэд хичээлгүй удлаа. Багш нар маань бараг бүгд эхчүүд. Эзэгтэй нар ямагт болох бүтэх талаас ханддаг, тэвчээртэй даруу зөөлөн сэлгэлтэн. Зөөлөн эхчүүдээ хүртэл холгодог цэвдэгүүд эх орныг минь жанжилжээ. 30 тэрбумыг гаргахад ажил хаялт зогсох янзтай. Эрх баригчдын гарын салаагаар үрэгдэж буй мөнгийг тоолбол цочирдом тоо гарна. Наад зах нь мөнгө байхгүй гэж буй Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 5-6 жилийн өмнө утаагүй түлш үйлдвэрлэнэ гэж аваад хулхидсан 20 тэрбумыг Аморе компаниар төлүүлбэл муусайн багш нарт ихмөнгө. 20 тэрбумын тендерийг Ч.Хүрэлбаатар Аморе компанид авч өгсөн агаад Увсын энэ компаний нууц ноён нь түүнийг гэх шивнээ явдаг. Багш нар энэ 20 тэрбумыг нэхээч. Хормой ч шахмал түлш өгөөгүй атлаа 20 тэрбум жил тутам хорогдоод одоо бүр 17-18 тэрбум болж замхрах тийшээ хандав.

Дэлхийн өнөөгийн жишгээр төрийн нэг түшмэлд 126 үйлчлүүлэгч оногддог бол манай нэг хурган дарга дөнгөж 18 ардад үйлчилнэ. 126:18=7. Гадаадын нэг түшмэлийн амжуулдаг ажлыг Монголын долоон дарга оромддог. Ажил хөөцөлдөгч гадаадад нэг түшмэлтэй уулзаад хэрэг нь бүтдэг бол Монголд долоон хувалз царайчилна. Нэг хүний нормыг шахааны долоон хувалзад хувааж хөнгөлдгийг болиулж, нэг хүний ажлыг нэг хүн хариуцвал зургаан хувалзны цалин хэмнэгдэх нь. Ганц алба хаагчийн үүргийг долуулаа дамжилдаг бүх хувалзнуудын нэгийг үлдээгээд зургааг хасвал улсын хэмжээнд аймаар олон хувалзны тоо гарах бөгөөд тэдний бүх зардлыг багш эмч нарынхаа хүрдэггүй цалинд нэмэрлэе. 

Гэвч хар мянган шахааны хувалз томчуудын “хувийн өмч” учраас Монголын үрс хичээлгүй хохирох тэдэнд юу ч биш. Тэгэхээр хүүхдүүдийг хичээлгүй хохироож буй буруутан нь багш нар биш тэд. Нэг түшмэлийн үүргийг долоон хувалзанд нялзаасан атлаа 30 сурагчийн нормтой багш 60 гаруй сурагчид хичээл заадгаас сурлагын чанарт нөлөөлнө. Буруутан нь багш уу, эсвэл хоёр багшийн хийх ажлыг нэг багшид давхар үүрүүлсэн эрх баригчид уу? Эмчийн өдөрт үзэх хүний тоо манайд гадаадын жишгээс 3-4 дахин олон. Багш эмч нарын армийн цалинг танаж олон мянган хувалз хий тэжээдэг эрхмүүд хэн бэ? Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, 76 гишүүн, сайдууд, товчдоо хоёр гол намын удирдлага! Орлогч сайдууд, төрийн нарийн гээд доошоо эрэмбээрээ бүгд дор бүрнээ өрсөлдөн татаасуудаа шахдаг тул “Чи шахаагаа хас” гэж биесээ шаардах нүүргүй. Тэгээд чаддаг нь багш эмч нарыг зөөлчилж цалингаас нь хумсална. Томчуудын тансаглалд зарцуулдаг хэдэн зуун сая, тэрбумыг мөн л багш эмч нарын цалинг нэмэх мөнгөнөөс шомбоддог.

“Хоёр багш, хоёр эмчийн ачааг нэг багш нэг эмч давхар үүрч явахад ОУВС тэдний цалинг бүү нэм” гэж онцлоогүй. Харин авилгажсан хүнд суртлын нүсэр аппаратын орон тоог 30 хувиар бууруул гэснийг эрх баригчид нуудаг. Багш эмч нар мөнгөнд шуналтайдаа бус наад захын хэрэглээнд хүрдэггүй цалингаа нэмүүлэх мөнгөө шахааны хувалзуудад алдсандаа суулт хийсэн. Энэ зовлонгоо сайн ойлгуулаагүйгээс ажил хаялтыг буруутгах хүн гарч байна. Монголд эрх барьсан аль ч төр засаг борчуудынхаа татварыг нэмэхээс, арын хаалганы авилгажсан хүнд суртлын нүсэр аппаратаа цомотгож зүрхэлдэггүй. Яагаад гэвэл тэнд өөрсдийнх нь шахааны хувалзууд үүрэлдэг. Гагцхүү үүнээс болж багш эмч нарын цалинг нэмээгүйгээ нууж, элдэв хомсдол хоосрол тоочно. Багш эмч нарын цалинг нэмэх ёстой мөнгийг шүдтэй тулмуудынхаа ам руу юүлдгийг нийтээр үл тэвчдэг хүчирхэг иргэд болох сон. Илүү орон тоонд бордуулж буй эвэр тууртны шахааг цомхотгоод зардлыг багш эмч нарт тараахыг хүлцэнгүй хүлээгээд нас гүйцэхгүй. Тиймээс ажил хаясан биз чааваас. “Хямралд төр бүсээ чангалахаас ард түмэн чангалахгүй” гэх бодлоготой нь хамт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын багийг “ухамсрын шанаа” У.Хүрэлсүх, “хуйрнан шуугигч” Т.Аюурсайхан Л.Оюун-Эрдэнэ нар огцруулсан. Шинэ засаг бодлогын бурууг засаж буй нь энэ гээд төрийн бүсийг сулруулж түмний бүсийг чангалав. Гишүүд дахин сонгогдохын тулд тойрогтоо гарын бэл хийхээр 30-40 тэрбумыг батлуулжээ. Давхар дээл биш давхар ачаа үүрсэн багш эмч нарын цалинд түй ч үгүй.

Гуравхан сая хүнтэй Монгол олон зуун сая хүн амтай аварга гүрнүүдтэй яамдынхаа тоогоор зиндаархаж, бяцхан төсвөө олон орон тоотой данхар бүтцэд хайр гамгүй цацдаг. Ц.Цогзолмаа сайдын хариуцдаг салбарыг 100-200 сая хүнтэй гүрний адил чиглэлийн яамны сайдын хариуцсан салбартай жишээд үз. Манай сайдын ачаа ажил хаягч багш эмч нараас нуумаар жоохон нь илэрнэ. Салбарын нь хэмжээ өчүүхэн атал манай яамдууд орлогч сайдын тоогоор тэрбум гаруй хүнтэй Хятад Энэтхэгтэй ижилсэнэ. Зургаан ямаанд жаран ухна мэт сул орон тооноос шалтгаалж багш эмч нарын цалин хөлсийг нэмж чадахгүй байгаагаа нууж, эдийн засаг хямарсныг ухамсаргүй багш нар ойлгохгүй олон шавь нараа хохироолоо гэж шахааны хувалзуудаараа мэдэгдэл хийлгэж сүржигнэв. Сарын 18-аас 28 саяын цалинтай төрийн өмчит компаниудын захиралууд, сард 15 саяар бордуулсан тэдний тойрон хүрээлэгч хасар басрууд, сарын 30 мянган долларын цалинтай титэм үг тэрлэгч Н.Багабанди, 4000 долларын цалинтай ная дөхсөн УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл нарыг ивээдэг өгөөмөр төр засаг маань багш нараа ажил хаясан ялд унагаж ажлаас хөөхөд цаана нь нөөц багш нар бэлэн хүлээж буй гэх сүрдүүлгийг Ц.Цогзолмаа сайдаараа дамжуулан заналхийв. Ц.Цогзолмаа сайд ч айдас хүрэм догшин салхиллаа. Тэр бээр Сүхбаатар дүүргийн засаг дарга байхдаа мөнгө идсэн хэргээр олон сар шалгуулж, эцэстээ мөнгө завшсан нь тогтоогдож, шоронд орох байтал нийслэлийн орлогч даргаар дэвшсэн. Мөнгө идээгүй бол дүүргийн засаг даргаас сонгуульт хугацаанаасаа өмнө хусууламгүй, мөнгө идсэн бол хотын орлогч боломгүй. Ийм л ялагдашгүй хатагтай даа. Өдгөө гишүүн-сайдын давхар титмээр сүр далайлган “А” үсэг заалгасан сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн багш нараа чичлэн захиргаадаж, коммунист зангаргаа гайхуулав.

Улс оршихын үндэс бол эрүүл, боловсролтой залгамж үеэ бойжуулах. Орон бүр үүнд хамгийн их хөрөнгө зардаг. Ажил хаяж адлагдсан багш эмч нар Монголын ирээдүйн боловсрол, эрүүл мэндийн төлөө буянлаг ариун үйлсэд зүтгэж яваа, арван жилийн сургуулиасаа гол төлөв онц сурлагаараа шалгарч багш эмч болсон сэхээтнүүд. Ерөнхийлөгч асан Н.Багабанди шиг аравдугаар анги төгсөхдөө сурлагаараа хөргөгчийн ТМС-д хуваарилагдсан хоцрогч биш. Өвчин анагааж амь аврагчид. Багш зөвхөн бяцхан үрсээ хүмүүжүүлээд зогсохгүй эрх баригчдыг гэгээрүүлэх үүрэгтэй. Тиймээс хугацаагүй ажил хаялтаа ялалтаар дуусгаж, цадиггүй эрх баригчдыг хүмүүжүүл. Та нарын ялалт журамлаг ёсны эхлэл болог. Шуналын бузарт хордсон, дураар дургигч, эзэрхэг олигархиудыг үнэнд бууж өгтөл ажлаа хая. Ялалтаар дуусгахгүй аваас эхлэхийн хэрэг юу билээ. Эх оронч цээжээ дэлддэг эрх баригчид хувалзуудаа хусаж, тэдний зардлыг багш нарт өгч олон мянган сурагчийг хичээлтэй болгох нь уу яах нь уу шалгая. Эрхэм багш нар минь төр засгийн харанхуй гавалд гэгээ тусгаж, цэвдэг тархийг гэсгээхэд доромжлогдсон хүн ам-шавь нараа хөтөл. Ирээдүйн эрх баригчдын гэгээрэл багш та нарын атганд байгаа шүү. Өнөөгийн мунхаг тэнэг эрх баригчид багш таны ангид эвдэрсэн сурагчид. Багш та жаран сурагч эвдэлгүй, гучийг хөгжүүлэхийн төлөөх ажил хаялтаа бүү зогсоо. Багш эмч нар цалингаа нэмүүлэхээр “ТӨСВӨӨС БАЙХГҮЙ МӨНГӨ НЭХЭЭГҮЙ БУЛААГДСАН МӨНГӨӨ НЭХЭЖ” буйг даяараа ухаарч дэмж. Илүү орон тоо гаргаж шахсан шүдтэй тулмуудаа хуу цомхотгож, тэднийг нүгэлгүй орлогоор амьдрах бизнест хөлсийг нь дуслуулаг. Хувалзууд хуруугаа хөдөлгөж, өөрийн оюуны чадвараар баяжвал эх орон ашиглах ёстой нэг нөөцөө хөгжил болгож буй нь тэр. Энэ бол ажил хаялтын бас нэг үр дүн. Мэдээж та нар сүрдүүлэгт шантарч зорилгодоо хүрэхгүй няцна. Няцах нь ч зөв. Шантрахгүй тэмцвэл хоолгүй, цаашилбал амь насанд цөвтэй. Гол хоёр нам муу улсын гарт орсныг мэдэж ав. Гэхдээ ийм хэмжээнд тэмцсэн багш нарын эр зориг шударга ёс тогтоход нэг алхам. Багш нар бол гэгээрэлд хөтлөгчид. Бага гэлтгүй ийм л тэмцлээр хүн ам чангарна. Хүчирхэг иргэд багшаас угшилтай. Ухаалаг хүчирхэг иргэд ямар ч башир дарангуйлалд элэг бариулахгүй. Өвөө нь багш эмч нартаа амжилт хүсээд урмын үгээ дуусгая.

2018