Монголын эдийн засгийн өнөөгийн дампуурлын суурь шалтгаан бол үнийг зах зээл биш засгийн газар тогтоож буй хэзээ ч, хаана ч үр дүнд хүргээгүй мунхаг, популист үйл ажиллагаа юм. Зах зээлийн эдийн засгийн агуулгыг ойлгоогүй, мэдлэггүй эсвэл хар амиа бодсон хэдхэн улс төрчдийн гайгаар, үнэ өөрчлөгдөхгүй гэсэн хуурамч хүлээлт иргэдэд бий болов. Улмаар барааны хомсдол үүсч, улс төрчдийн нэр хүнд цойлж, улс орон харин уруудах болов.

Засгийн газар шатахууны хилийн үнэ өндөр байхад онцгой татвараа багасгаж, буурахаар нь өсгөх замаар 2008 оноос үнийг харьцангуй бага өөрчлөлттэй зохицуулж ирсэн. Харин 2017 оноос гадаад, дотоод өрөндөө баригдаад, төсвийн орлогынхоо дөрөвний нэгийг зээлийнхээ зөвхөн хүүд өгөхөд хүрсэн учир гаднаас тусламж, хандив гуйж, ОУВС-аас хөнгөлөлттэй зээл дахиад авав.

Тэгэхдээ ОУВС-ийн шаардлага нэрээр Засгийн газар олон төрлийн татвар нэмсний нэг нь шатахууны онцгой татвар байв. Шатахууны импортын үнэ өсөлттэй байсан ч, онцгой татвараа 2017 оны 7, 11-р саруудад хоёр удаа нэмсэн нь шатахуун түгээгч компаниудыг алдагдалд оруулж, эцэст нь үнээ нэмэхэд хүргээд байна. Эс нэмбэл шатахууны хомсдол нүүрлэх гэж байна.

Хязгаарласан үнэ хомсдол, дампуурал авчирдаг

Үнийг төр засаг, аль нэг байгууллагын тушаалаар тогтоох оролдлого эцсийн дүндээ тухайн барааг хомсдоход л хүргэдэг. Учир нь аливаа барааны эрэлт, нийлүүлэлт маш олон хүчин зүйлээс хамааран үргэлж өөрчлөгдөж, тэр өөрчлөлтийг зөвхөн чөлөөт үнэ л зөв зохицуулж зах зээлийн хэвийн ажиллагааг хангадаг. Энэ бол тухайн бараа ховордохоор үнэ нэмэгдэж, элбэг болохоор үнэ буурдаг зах зээлийн алтан дүрэм. Энэ дүрмийг зөрчвөл удалгүй хомсдол, дараа нь дампуурал ирдэг.

Үнэ гэдэг мэдээллээр дамжуулан үйлдвэрлэгч, нийлүүлэгч болон хэрэглэгч нар хэрэглээ, бизнесээ зохицуулсны үр дүнд эрэлт, нийлүүлэлт харилцан тэнцвэртэй байж, эдийн засаг бүхэлдээ хэвийн өрнөдөг. Гэхдээ энэ тэнцвэр их багаар алдагдах бүрт үнэ өөрчлөгдөн буцааж тэнцүүлдэг. Харин төр засаг үнийг хүчээр тогтоосноор тэнцвэр тодорхой хугацааны дараа огцом алдагдаж хомсдол, хямралд шууд ордог.

Энэ бүхнийг монголын төрөөс цахилгаан эрчим хүч, түлш гэх өргөн хэрэглээний олон барааны үнийг зохицуулахыг оролдож, хөгжлийг чөдөрлөж буйгаас харж болно. Жишээ нь түлш шатахууны үнийг яаж бүрдүүлж буйг харъя. Монгол улс экспортоор олсон валютынхаа тавны нэгээр эргүүлээд түлш шатахуун импортлож, шатаадаг эдийн засагтай орон. Манай шатахууны хангамж Орос улсаас бүрэн хамаардаг. Хойд хилээр шатахууныг Оросын нэг компани Сингапурын зах зээлийн үнээр нийлүүлдэг.

2018 оны 1-р сарын байдлаар А-92 бензиний хил дээрх үнэ нэг кг нь 1630 төгрөг, дээр нь татварт 512 төгрөг [гаалийн татварт 5 хувь буюу 81 төг, замын сангийн албан татварт 25 төг, онцгой албан татвар 210, НӨАТ 195 төг] буюу 30 хувь, төмөр замын тээвэрт 16 төгрөг төлж, нийт өртөг нь 2158 төгрөг болдог ажээ. Энэ нь литрээр бол 1662 төгрөг бөгөөд түүнийг нь 1620 төгрөгөөр борлуулж байна. Гэтэл үйл ажиллагааны ямар ч зардал ороогүй байхад 42 төгрөгийн алдагдалтай байна. Энэ тохиолдолд компаниуд эсвэл борлуулалтаа зогсооно, эсвэл дампуурна. Аль ч тохиолдолд, үнэ тогтоосон түшмэдээс хэн нь ч хариуцлага хүлээхгүй, хэрэглэгчид л харин хохирно.

Шатахуун импортлогч компаниуд энэхүү “зохицуулсан” үнээр гурван сар явж, төр онцгой татвараа бууруулахыг хүлээсэн ч тусыг эс олсон учир үнээ нэмэхээс өөр сонголтгүй болжээ. “Үнийн Зөвлөл” гэгч гаж зуршилтай газар асуудлыг яаж шийдэхээ мэдэхээ байжээ. Засгийн газар нь татвараа нэмж, ашгаа авчихаад, бүх бурууг компаниудад тохож “нэр хүндээ” хамгаалж эхэлжээ. Монгол улсад бензин, түлшний хомсдол нүүрлэж эхэллээ. Үнэ тогтворжуулах Монголбанкны ээлжит үлгэр ийнхүү жаргав.

Шатахуун тасалдвал нийслэлд машин багасч, морь олшрох бөгөөд дугаарын хязгаарлалт хийх боломжгүй учир замын түгжрэл багасч, агаарын бохирдол буурах байх даа.

Чөлөөт үнэ сонголт, хөгжил авчирдаг

Морио унахаасаа өмнө бүгдээрээ ер нь үнийг төр зохицуулахгүй бол яадаг, юу болохыг, яагаад үнийг төр засаг биш иргэд өөрсдөө тогтоох нь ашигтай болохыг ярилцъя.

Хэрэв үнийг төр зохицуулдаггүй байсан бол “Үнийн зөвлөл” гэгч төр засаг, компани, үйлдвэрчний төлөөлөл хамтарсан хуурамч жүжиг тавих шаардлагагүй юм. Энэ гурав дотор хэрэглэгчийн төлөөлөл байхгүй учир зах зээлийн хүч чадал алга. Харин чөлөөт зах зээл дээр хэрэглэгчид аль хямдаас нь өөрөө сонгоно. Манай шатахуун нийлүүлэгчид гадаад үнэд нөлөөлж чадахгүй учир жижиглэнгийн үнээ болон үйл ажиллагааны зардлаа бууруулахын төлөө өрсөлдөх болно. Энэ чөлөөт өрсөлдөөн л үнийг бууруулдаг. Хэрэв шатахуун түгээгч компаниуд үгсэн хуйвалдаж, үнээ ижил түвшинд барих юм бол тэр компанийг өндөр дүнгээр торгох, бүр зөвшөөрлийг нь хурааж авах хүртэл шийтгэж болно. Гэхдээ хууль журмын дагуу.

Чөлөөт үнэ бол хэрэгцээг зохистой болгож, шинэ хэрэглээг урамшуулдаг чадвартай.Бензиний үнэ өсөхөөр хэрэглэгчид машинаа бага хэрэглэж, нийтийн тээвэр ашиглахыг эрмэлзэх учраас нийтийн тээврийг сайжруулах, чиглэлийг нь олшруулж, хуваарийг нь зохистой болгохыг шаардаж эхэлнэ. Машины тоо цөөрч, замын түгжрэл багасч, агаарын бохирдол буурна.

Түлшээр халаадаг байр саваа нар салхины эрчим хүчийг ашиглах, байшингийн дээврээ нарны зайн хураагууртай болгох, яваандаа цахилгаан машинтай болохыг зорино. Гэх мэтээр хэрэглээний бүтэц өөрчлөгдөж шатахууны хэрэгцээ багассанаар үнэ буурахаас өөр сонголтгүй болдог. Энэ бол хэрэглэгч үнэ тогтоож байгаа хэрэг юм.

Засаг үнэ хязгаарлахаа зогсоож, онцгой татвараа цуцлах аваас шатахууны үнэ 30 хувиар буурах юм.

2018.01.17